| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0164/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/000 |
| Огноо | 2021-06-30 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/000
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа, Нарийн бичгийн дарга:Р.Цогдэлгэр,
Шүүгдэгч: Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нямдоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000171 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт ******* *******, / Рөгистрийн дугаар: ******* /,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.******* нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 01 дүгээр сарын 01- ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянбулаг 1 дүгээр багт байрлах гэртээ “Aagii Altai гэх нэртэй өөрийн фейсбүүк хаягаас цахим орчинд нэвтрэн хүмүүс рүү ширээний код явуулан улмаар тус кодыг авсан хүмүүсийг, гар утасны “Рокег” /покер/ гэх аппликэйшн рүүгээ нэвтрүүлж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж 758.000 төгрөгийн ашиг олсон гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд: 1. Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2021 оны 04 дүгээр сарын 16-аас 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл яг нэг сарын хугацаанд мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Би өөрөө ганц нэг хүнийх дээр тоглодог байж байгаад өөрөө ингээд тоглуулбал мөнгө олох юм байна гэж бодоод гэртээ хийх зүйлгүй байхаар хүмүүсийг цахимаар мөрийтэй тоглоом тоглуулъя гээд тоглуулж эхэлсэн. Тухайн үед би гэртээ эхнэр, 3 жаахан хүүхэдтэйгээ хамт байдаг байсан. Манай эхнэр бол өөрөө тоглуулж байгаагүй, тоглож ч байгаагүй. Би нэг тоглолт дээр дунджаар 40.000, 60.000 төгрөгийн ашиг 2 орлого олдог байсан. Сарын хугацаанд нийт 758.000 төгрөгийн ашиг олсон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Би 2021 оны 04 дүгээр сарын 16-аас 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл яг нэг сарын хугацаанд мөрийтэй тоглоом зохион байгуулсан..... гэх мэдүүлэг / хх-ийн 132- 134/ 2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: Би улсууд тоглуулаад байхаар нь болдог юм байх гэж бодож тоглуулсан, буруугаа ойлгож гэмшиж байна гэв. 3. Шинжээч Л.Наранцэцэгийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 140 дугаартай Б.*******ын дансны хуулганд магадалгаа хийсэн: .. Б.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд “Хаан банк”-ны 5226027816 тоот дансны хуулгаар цахим мөрийтэй тоглоом зохион байгуулснаар давхардсан тоогоор 177 хүнээс 4.440.000 /дөрвөн сая дөрвөн зуун дөчин мянган/ төгрөгийн орлого олж, давхардсан тоогоор 36 хүнд 3.664.000 /гурван сая зургаан зуун жаран дөрвөн мянган/ төгрөгийг хожил буцааж олгосон бөгөөд банкны гүйлгээний хураамжид 18.000 /арван найман мянган/ төгрөгийг төлсөн байна.Хуулиар хориглосон цахим мөрийтэй тоглоомыг 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дуустал хугацаанд зохион байгуулсан бөгөөд зөвхөн тоглоом тоглуулахад нийт 4.440.000 төгрөгийн орлого дансаар орж 3.682.000 төгрөгийн зарлага дансаар гарсан байна.Иргэн Б.******* нь уг тоглоомыг зохион байгуулснаар 758.000 /долоон зуун тавин найман мянган/ төгрөгийн цэвэр ашиг олсон байна...” гэх дүгнэлт.... / ххийн 124-125 / Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 10-13/, Б.*******ын Хаан банк”-ны5226027816 дугаартай дансны “Депозит дэлгэрэнгүй” хуулга /хх-21-35/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч Б.******* нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 01 дүгээр сарын 01- ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянбулаг 1 дүгээр багт байрлах гэртээ “Аagii Аltai’” гэх нэртэй өөрийн фейсбүүк хаягаас цахим орчинд нэвтрэн хүмүүс рүү ширээний код явуулан улмаар тус кодыг авсан хүмүүсийг, гар утасны “Рокегг” /покер/ гэх аппликэйшн рүүгээ нэвтрүүлж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж 758.000 төгрөгийн орлого олсон гэмт хэргийг үйлдсэн үйл баримт болсон нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 140 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ЛЖ маркийн гар утсыг хураан авсан тэмдэглэл, тогтоол зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч Б.*******ыг мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. 3 Шүүх шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв. Шүүгдэгч Б.******* нь мөрийтэй тоглоом зохион байгуулж 758.000 төгрөгийн орлого олсон тул уг орлогыг шүүгдэгч Б.*******оос гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгшийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. Хэрэгт шүүгдэгч Б.*******ын угаалгын машин битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг угаалгын машиныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.*******т буцаан олгож шийдвэрлэв. Хэрэгт эд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэхэд буюу мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашигласан шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн “ЛЖ” маркийн хар өнгийн гар утсыг хураан авч худалдан борлуулж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянга / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх 4 хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянга / 450.000 / төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
6. Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3.4-т зааснаар шүүгдэгч Б.*******оос гэмт хэрэг үйлдэхдээ олсон орлого 758.000 төгрөгийг гаргуулж, улсын орлогод шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн угаалгын машиныг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг угаалгын машиныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Б.*******т буцаан олгосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн “ЛЖ” маркийн гар утсыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж, орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 10-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ