| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00623/и |
| Дугаар | 623 |
| Огноо | 2017-09-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 623
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр баг, 1-6 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЗ66090832, Тугтан овогтой Сүхбаатарын Магсарын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга А.Тамираа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Магсар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1982 оны 1 дүгээр сараас 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд хоньчноор ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж, 1987 оны 8 дугаар сард халагдаж ирээд, тус нэгдэлд хоньчноор 1992 оныг дуустал хугацаанд ажилласан. Тэгээд нэгдэл тарж малаа хувьчилж аваад гарсан юм. Иймд тэтгэвэрт гарах хугацаа болж байгаа тул бичиг баримтаа цэгцлэхэд миний нэгдэлд ажиллаж байсан бичиг баримт, хөдөлмөрийн дэвтрийн бичилт баталгаажуулах шаардлагатай болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд, 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацаанд малчнаар ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү. ... Миний бие шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ар гэрийн гачигдлаар өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Магсар нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод “Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн Хужирт бригадад ажиллаж байсан Сүхбаатар овогтой Магсарын 1982 оны 1 дүгээр сараас 1984 оны 6 дугаар сарыг дуустал, 1987 оны 9 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалин”-г түүвэрлэн ирүүлсэн байна.
Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргын 1982 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, мөн 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тус тус Сүхбаатар овогтой Магсарт олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагдсан байх ба уг дэвтэрт түүний 1982 оны 1 дүгээр сараас 1984 оны 6 дугаар сарыг дуустал, 1987 оны 9 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж авч байсан цалингийн бичилттэй байгаа нь Увс аймгийн Архивын тасгийн тодорхойлолттой тохирч байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Н.Пансаа, Е.Цэвэлмаа нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Н.Пансаа: “Миний бие Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн Хужирт бригадад 1967 оноос 1992 оныг дуустал хугацаанд мал малласан. С.Магсарыг бага наснаас нь таньж мэднэ. С.Магсарын аав Сүхбаатар, ээж нь Дуламсүрэн гэх хүмүүс байсан. Манайхан Наранбулаг сумын Хужирт бригадад айл саахалт байж, нэгдлийн мал малладаг байсан учраас мэднэ. С.Магсар нь 1982 оноос эхлэн 1992 оныг дуустал хугацаанд мал малласан. 1984 оноос 1987 оны хооронд цэргийн алба хааж ирээд үргэжлүүлэн нэгдэл тарах хүртэл мал маллаж байсан. Тухайн үед Пионер нэгдлийн даргаар н.Орших, н.Доржсүрэн гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Е.Цэвэлмаа: “С.Магсар нь Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1982 оноос эхлэн мал маллаж байгаад 1984 оны дундуур цэрэгт татагдан яваад 1987 онд цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ үргэлжлүүлэн нэгдэл тарах хүртэл буюу 1992 оныг дуустал хугацаанд мал маллаж байсан. С.Магсарын аав Сүхбаатар гэх айлтай манайхан нэг бригадад, хошоо холбоо байсан болохоор сайн мэднэ. Одоо ч нэгнийхээ гэрээр орж гаралцдаг айлууд байгаа. Миний бие 1971 оноос 1992 оны дуустал хугацаанд Пионер нэгдэлд мал маллаж байсан. Тухайн үед Пионер нэгдлийн даргаар н.Орших, н.Доржсүрэн гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагджээ.
Түүнчлэн нэхэмжлэгч С.Магсарын 1984 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд хугацаат цэргийн алба хаасан тухай түүний 562735 тоот “Цэргийн батлах” хэрэгт авагдсан байна.
Иймд хэрэгт авагдсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч С.Магсарын 1982 оны 1 дүгээр сараас 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Магсарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тугтан овогтой Сүхбаатарын Магсарын 1982 оны 1 дүгээр сараас 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч С.Магсарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА