Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 624

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

            Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 2-17 тотод оршин суух, 1989 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОО89053008, Булдгаа овогтой Гансүхийн Ууганчимэгийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 3-2 тоотод оршин суух, 1989 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ89041839, Барга овогтой Сүхбаатарын Гомбожавд холбогдох,   

         Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, хүүхдүүдэд тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг буюу гэрлэсний дараа машин худалдаж авахад болон 2 өрөө орон сууц худалдаж авахад оруулсан нийт 8.000.000 төгрөг гаргуулах, мөн Хас банк дахь 2 хүүхдийн нэр дээрх хадгаламж 2.965.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ууганчимэг, хариуцагч С.Гомбожав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

            Нэхэмжлэгч Г.Ууганчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2010 оны 6 дугаар сард С.Гомбожавтай гэр бүл болж, 2010 оны 7 дугаар сарын 18-ны өдөр охин Г.Сондор, 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр охин Г.Болор нарыг төрүүлсэн. Том охин маань одоо 7 настай, Цогцолбор 1 дүгээр сургуулийн 2 дугаар ангид, бага охин Г.Болор 3 настай, цэцэрлэгт хүмүүждэг. Бид хоёр гэр бүл болсны дараа 3-4 жилийн хугацаанд бусдын адил аз жаргалтай сайн сайхан амьдарч байсан. Гэтэл нөхөр С.Гомбожав нь 2015 оноос хойш гэр бүлээс гадуур харьцаа үүсгэснээс хойш бидний хооронд үл ойлголцол гарч, түүний ааш зан өөрчлөгдөн, уурласан үедээ намайг зодож цохидог болсон. Сүүлдээ гэр орондоо ирэх нь багасч, юу болоод байгаа талаар асуухад ажил ихтэй завгүй байна гэж хэлдэг болсон. Тухайн үед би банкны ажлын ачаалал их учир завгүй байгаа байх гэж бодож, түүнийг уучилж ойлгохыг хичээн, үр хүүхдээ асран халамжилж, орон гэрээ айлын дайтай авч явж байсан боловч, сүүлдээ нөхрийн маань ааш зан хувирч, хэрүүл маргаан ихсэж, бид ойлголцохоо больсон тул би 2 охиноо аваад өөрийн аавынд ирсэн. Энэ үеэс хойш бид хоёр тусдаа амьдраад 2 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд нөхөр маань надаас уучлалт гуйж, үр хүүхдээ бодож, хамтын амьдарлаа үргэлжлүүлэх талаар санаачилга гаргах байх гэж хүлээсэн боловч бидэн дээр ирээгүй. Би эвлэрэхээс гээд гэртээ 2 удаа буцаж очсон боловч өөрчлөлт гараагүй. Харин ч тусдаа амьдарч байгаа хэрнээ над руу янз бүрийн дарамталсан өнгө аястай мессэж бичиж, сэтгэл санааны дарамт учруулж байсан. Цаашид бид ойлголцож, хамт амьдрах ямар ч боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, охин Г.Сондор, Г.Болор нарыг миний асрамжид үлдээж, эцэг С.Гомбожаваас хуульд заасан хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Гэрлэсний дараа бид Улаангом сумын 55 айлын орон сууцанд 2 өрөө байр худалдан авсан бөгөөд байрны урьдчилгаанд би 4.000.000 төгрөгийн цалингийн зээл авч өгсөн, мөн миний цалингийн зээл авч 4.000.000 төгрөгөөр “Ниссан санни” маркийн суудлын автомашин худалдаж авсан бөгөөд уг машиныг одоо нөхөр С.Гомбожав унаж эзэмшидэг. Бидний ипотекийн зээлээр худалдаж авсан орон сууцанд С.Гомбожав амьдарч байгаа юм. Иймд С.Гомбожаваас байрны урьдчилгаанд өгсөн 4.000.000 төгрөг, машин авахад зарцуулсан 4.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөг гаргуулж өгнө үү. Бид хамтран амьдрах хугацаанд Хас банкинд хүүхдүүдийнхээ нэр дээр 18 нас хүртэл нь хугацаатай хадгаламж нээсэн. Уг хадгаламжид мөнгө нэмж хийхээс гадна 2 хүүхдэд сар бүр төрөөс олгогддог 20.000 төгрөг нэмэгдэж ордог байсан ба хүүхдийн хадгаламжийн дансанд нийт 2.965.000 төгрөг байсан. Хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр нь С.Гомбожав гарын үсэг зурсан байгаа юм. Гэтэл 2017 оны 7 дугаар сард төрөөс олгодог хүүхдийн мөнгө орж ирсэн бөгөөд уг мөнгийг хадгаламжид хийхээр Хас банкинд очиж хадгаламжийн дансаа шалгуулахад нөхөр С.Гомбожав хадгаламжийн дансан дахь мөнгийг нь аваад, дансыг нь хаачихсан. Миний хоёр  хүүхэд хадгаламжийн данс ч үгүй болсон байна. Энэ талаар С.Гомбожаваас асуухад өөр банкинд хийсэн гэснээс өөр тодорхой юм хэлээгүй. Иймд С.Гомбожаваас 2 охины хадгаламжийн мөнгө 2.965.000 төгрөг гаргуулж өгнө үү. Миний бие гэрлэлтийн маргаанаа шийдвэрлүүлэхээр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон юм. Иймд энэхүү маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэжээ.

           Хариуцагч С.Гомбожав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Өөр ямар нэгэн маргаан байхгүй” гэв.

           Нэхэмжлэгч Г.Ууганчимэг, хариуцагч С.Гомбожав нарын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: “Гансүх овогтой Ууганчимэг миний бие Сүхбаатар овогтой Гомбожаваас нэхэмжилсэн 8.000.000 төгрөг /үүнд дундын өмч болох автомашин авахад өгсөн 4.000.000 төгрөг/ шүүхээс гадуур хоорондоо зөвшилцөн төлөх, мөн 2 охины нэр дээрх Хас банкинд хадгалуулсан байсан 2.965.000 төгрөгийг 12 сарын дотор хүүтэй нь /банкны хадгаламжийн хүүгээр бодох/ хүүхдийн дансанд буцаан хийх болно. Харин хүүхдийн тэтгэлэгийг шүүхээр тогтоолгоно” гэжээ.

             Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

              Нэхэмжлэгч Г.Ууганчимэг нь хариуцагч С.Гомбожавт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, хүүхдүүдэд тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг буюу гэрлэсний дараа машин худалдаж авахад болон 2 өрөө орон сууц худалдаж авахад оруулсан нийт 8.000.000 төгрөг гаргуулах, мөн Хас банк дахь 2 хүүхдийн нэр дээрх хадгаламж 2.965.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.   

          Гэрлэгчид 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

          Нэхэмжлэгч, хариуцагч нар 2010 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гэр бүл болж, тэдний дундаас 2010 оны 7 дугаар сарын 18-ны өдөр охин Барга овогтой Гомбожавын Сондор, 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр охин Барга овогтой Гомбожавын Болор нар төрсөн болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн  лавлагаа болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.   

           Гэвч тэд 2015 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, дахин эвлэрэн хэлэлцэх боломжгүй гэх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Г.Ууганчимэг, С.Гомбожав нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.

           Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүүхдүүдийн нас, эцэг, эхийн халамж, охин Г.Сондорын санал зэргийг харгалзан охин Г.Сондор, Г.Болор нарыг эх Г.Ууганчимэгийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

            Мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Г.Сондор, Г.Болор нарыг тус бүр 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.Гомбожаваар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

             Түүнчлэн талууд шүүх хуралдааны үеэр “хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг буюу гэрлэсний дараа машин худалдаж авахад болон 2 өрөө орон сууц худалдаж авахад оруулсан нийт 8.000.000 төгрөг гаргуулах, мөн Хас банк дахь 2 хүүхдийн нэр дээрх хадгаламж 2.965.000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрлийн гэрээ байгуулсан ба энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, 132 дугаар зүйлийн 132.1-т заасантай нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул тухайн гэрээг баталгаажуулах нь зүйтэй байна.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Г.Ууганчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317.152 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Гомбожаваас гэрлэлт цуцлуулах тухай болон хүүхдүүдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлд ногдох 70.200 төгрөг, хүүхдүүдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлд ногдох 56.562 төгрөг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон хүүхдүүдийн хадгамжийн мөнгө зэрэгт ногдох тэмдэгтийн хураамж 190.390 төгрөгийн 50 хувь буюу 95.195 төгрөг, нийт 221.957 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ууганчимэгт олгох нь зүйтэй.

         Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдүүдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, тэдэнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдав.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Г.У, С.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

         2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Г.Сондор, 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Барга овогтой Гомбожавын Болор нарыг эх Г.Ууганчимэгийн асрамжид үлдээсүгэй.

           3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Г.Сондор, Г.Болор нарыг тус бүр 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.Гомбожаваар тэжээн тэтгүүлсүгэй.

            4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, 132 дугаар зүйлийн 132.1-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын харилцан тохиролцож байгуулсан “Гансүх овогтой Ууганчимэг миний бие Сүхбаатар овогтой Гомбожаваас нэхэмжилсэн 8.000.000 төгрөг /үүнд дундын өмч болох автомашин авахад өгсөн 4.000.000 төгрөг/ шүүхээс гадуур хоорондоо зөвшилцөн төлөх, мөн 2 охины нэр дээрх Хас банкинд хадгалуулсан байсан 2.965.000 төгрөгийг 12 сарын дотор хүүтэй нь /банкны хадгаламжийн хүүгээр бодох/ хүүхдийн дансанд буцаан хийх болно. Харин хүүхдийн тэтгэлэгийг шүүхээр тогтоолгоно” гэсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулсугай.

             5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдүүдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, тэдэнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдсугай.

              6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Г.Ууганчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317.152 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Г 221.957 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.У олгосугай.    

             7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5-д зааснаар хэрэв хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд С.Гомбожавын нэр дээрх Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 55 айлын орон сууцны 45 тоотод байрлах, 57 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-1520004247 дугаартай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах, мөн тухайн орон байранд нэвтрэх, төлбөр төлөгчийн бие, орон байр, газар, бусад эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх, албадан барьцаалах, хураах зэрэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгосугай. 

            8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг Ерөнхий шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.  

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ГЭРЭЛТУЯА