Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/155

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

Улсын яллагч Ц.Гэрэлчимэг,

Хохирогч А.*******,

Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлчимэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 152 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ийн *******д холбогдох эрүүгийн 2107000000215 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол улсын иргэн, ******* өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, “*******” ХХК-д оператор ажилтай, ам бүл 3, охин, хүүгийн хамт *******,******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, *******ийн ******* /РД:*******/

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” нэртэй амралтын газарт “охин О. зодлоо” гэх шалтгааны улмаас А.*******ийн толгой цээжин тус газарт цохиж өшиглөх зэргээр зодож улмаар зүүн дээд доод зовхи, баруун зүүн буга, бүсэлхий, баруун зүүн гуянд цус хуралт, зүүн чамархай, цээж, баруун зүүн бугалга, баруун шуу, баруун шилбэнд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Г.******* шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “Тэр өдөр шөнө 3, 4 цагийн үед манай охин залгаад уйлаад байхаар нь яасан бэ? тайвширч байгаад тайван хэлээдэх гэсэн чинь ээж би хүнд зодуулчихлаа гэхээр нь хэн юм гэсэн чинь манай цуг ажилладаг залуу намайг ирээд аваач гээд уйлаад байсан. Тэгэхээр нь би найзтайгаа байж байсан болохоор найзыгаа сэрээж аваад дуудлагын жолооч дуудаад гараад явж байх хооронд утасных нь цэнэг нь дууссан байсан. Тэгээд гар утаснаасаа байршлыг нь хайж байгаад Мэлхий хаднаас олж очсон. Тэгээд гүйж ирээд намайг тэврээд уйлаад яасан гэсэн чинь би ингэж үзээгүй намайг хүн дээрэлхээд байна гэхээр нь хаана байна гэсэн чинь нэг гэр лүү ороод баруун талд нь энэ залуу буруу хараад унтаж байхаар нь мөрнөөс нь татаж сайн байна уу гэж байгаад чи яахаараа хүний нялх нойтон хүүхэд харанхуй шөнө уйлуулж, яахаараа хүүхэд дээрэлхэж байдаг юм гээд энэ хүүхдийг орноос татаж ирээд цохичхоод гараад эд нарыг хариуцаж байсан залуу, хүүхэн  хоёрт хэлээд та нар хүний нялх нойтон хүүхэд авч явчхаад хүнд дээрэлхүүлж зодуулах байсан юм бол та нар яах гэж авч явдаг юм гэсэн чинь үгүй эгчээ бид нар мэдээгүй бүгд энд тэнд тарсан унтацгаасан гарч ирэхээр нь тэгж хэлчхээд яваад өгсөн.” гэв.

Хохирогч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Бид нар хамт олноороо Тэрэлжид амралтын газар очсон. Тэгээд бид хоол идэж байгаад хамгийн түрүүнд би унтсан байсан. Би унтаж байгаад шөнө 12 цагийн үед сэрээд юм идэх санаатай гэрээс гарчхаад буцаад орж ирэхэд миний унтаж байсан орон дээр гээд охин унтаж байхаар нь би сэрээгээд хуваарилсан гэр рүүгээ ор гэж хэлсэн. Тэр гэрт ганцаараа байгаагүй зөөгч гээд хүмүүс байсан. Тэгээд би янз бүрийн юм болчих вий гэж бодоод гэрээс гар хуваарилсан гэр рүүгээ яв гээд өчиж татаж босгоод гэрээс гаргаад буцаад ор руугаа хэвтэх гэж байсан чинь гадаа шуугилдаад байхаар нь би хаалга түлхсэн чинь онгойхгүй байхаар нь өшиглөөд онгойлгосон чинь хаалганы ар талд дух нь хавдсан байдалтай байсан” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Г.*******ийн өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 12-ны шөнө 02-оос 03 цагийн үед би Улаанбаатар хот Баянгол дүүрэг дэх гэртээ найз ыг хүлээнгээ бага зэрэг пиво уучихсан сууж байтал миний охин залгаад уйлсан байдалтай байхаар нь би сандраад яасан талаар нь асуутал хүнд зодуулчихлаа гээд уйлаад байхаар нь би охиноо Тэрэлжээс очиж авахаар найз ыг дагуулаад пиво уусан байсан учраас интернэтээс дуудлагын жолоочийн утас харж дуудлагын жолооч дуудаад Тэрэлж лүү автомашинаа бариулаад явсан. Тэгээд Налайхад охиныхоо байгаа амралтын газарт нь очоод эс чамайг зодсон хүн хаана байна гээд асуутал энд байгаа гээд нэг гэр лүү дагуулж ороод баруун орон дээр байгаа нэг залууг зааж өгөхөөр нь би тэр хүн рүү уурлаж миний хүүхдийг зоддог хэн бэ гээд тэр залууг үсдэж орноос нь буулгаж ирээд тэгээд нуруу, гэдэс рүү нь өшиглөөд, нүүр лүү нь хэд хэд цохиод хамраас нь цус гаргачихсан. Тэгээд л гараад явсан. Тэгээд манай охин цүнхээ аваадхъя гэхээр нь цүнхийг нь хайлцаад тэр хүмүүсийг хариуцаж явж байгаа гээд залуу, эмэгтэй хоёртой уулзаад “хүний нялх нойтон хүүхэд авж явчхаад хүнд зодууллаа” гэж уурлаад “тэр залууг чинь би зодчихсон шүү” гэж хэлчхээд л аваад явсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 40 дүгээр тал/

 

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор А.*******ийн өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 14 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хороо, Скайлайн амралтын газарт ирж амарсан...Тэгээд амралтын газар очоод хүмүүс ууж идээд амарцгааж байгаад би орой 20 цагийн үед уусан архинаас болоод хамгийн түрүүнд тасраад унтчихсан байсан. Тэгээд унтаж байгаад босож ирээд бме засаад юм идэх санаатай гараад ирэхэд манай эмэгтэй зөөгч миний орон дээр хэвтчихсэн нилээн согтуу байхаар нь би сэрээгээд хуваарилсан гэрлүүгээ орж унт гэтэл “би энд унтана” гээд зөрүүдлээд байхаар нь би гаръя гээд гэрээс гаргачхаад гэрийн хаалга хаасан. Тэгээд би орон дээрээ очоод хэвтэж байтал гадаа юу болоод байгаа нь мэдэгдэхгүй хүмүүс шуугилдаад байхаар нь би босоод юу болоод байгааг нь мэдэх гээд уурлаад гарахдаа гэрийн хаалга өшиглөтөл хаалга налчихсан байсан юм билээ. Тэгээд гараад харахад хүмүүс муудалцсан бололтой байхаар нь би буцаад гэртээ ороод гэрлээ унтраагаад орон дээрээ очоод унтчихсан. Тэгээд үүрээр 5 цагийн үед арай гэгээ ороогүй байхад хоёр эрэгтэй хүн, нэг эмэгтэй хүн намайг унтаж байхад миний нүүр лүү гэрэл тусгаад би сэрсэн. Тэгтэл нэг хүн учир зүггүй үсдээд орноос газар унагаад намайг цохиж зодсон. Тэр гурван хүн намайг зодож байгаад гараад явчихсан. Би хэсэг хугацаанд зодуулаад ухаан алдчихсан байсан юм...Намайг ямар учиртай хүмүүс зодсон талаар асуухад Мөнгөн-Эрдэнийн ээж, аав, ах гурав нь ирээд чамайг зодчихоод охиноо дагуулаад явчихлаа. орж ирээд чамайг зааж өгсөн гэж байсан...намайг эмэгтэй хүн орноос үсдээд унагаасныг мэдэж байна. Мөнгөн-Эрдэнийн ээж нь гэх хүн байсан юм болов уу гэж бодож байна. Тэгээд яаж зодсоныг мэдэхгүй. Дараа нь сэрэхэд зүүн нүд хөхөрсөн, зүүн шанаа хавдсан, зүүн хойд нуруу хэсэгт том хөхөрсөн, хоёр гар шалбарчихсан, баруун суганы доод хэсэгт том шалбарчихсан, хоёр гуя зулгарчихсан, намайг өшиглөж дэвссэн байдалтай болсон байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 5 дугаар тал/

 

3. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.ны өгсөн: “...тэгээд нэлээн оройхон ******* өөрийнхөө гэрт биш манай байрлаж байсан гэрт унтчихсан байхаар нь би сэрээгээд өөрийнх нь гэрлүү хүргэж өгтөл тэр гэрт гэх охин нэлээн согтуу байдалтай унтаж байсан чинь ******* г татаж босгоод “чи өөрийхөө гэрт очиж унт эрчүүдийн гэрт юугаа хийж байгаа юм” гээд загинах байдалтай хэлтэл нь уурлаад үглээд гэрээс гарсан. Гарахад нь би тэй хамт гэрээс гартал “Намайг хөөдөг энэ муу хэн бэ” гээд агсрах байдал гаргаад чанга чанга орилоод байхаар нь би тайвшруулах гээд байж байтал дотроос ******* хаалга өшиглөсөн, түлхсэн юмуу ямартай ч хаалга хүчтэй нээгдээд тэрэнд нь хаалганд духаа цохичихсон. Тэгээд цохигдоод хойшоо саваад улам дуу нь чангараад орилж чарлаад байсан. “пизда хэн болохоо харуулна, ээжийгээ дуудна” гэж орилж байсан. Тэгээд би г тайвшруулаад тэнд байсан ажилчдын хамтаар гэр лүү нь оруулж өгсөн. Тэгээд гэртээ ороод унтчихсан. Тэгээд өглөө сэрэхэд ******* аль хэдийн зодуулчихсан гийн ээж гэх хүнд зодуулчихлаа гэж байсан юм... хаалгаар цохиулаад миний духыг цохичихлоо ш дээ гэж байсан. Тухайн үедээ цус гарсан, хавдаж овойсон юм харагдаагүй. ******* өөрөөр тэй ямар нэгэн байдлаар маргаж муудаагүй, халдаагүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 10 дугаар тал/

 

4.  Мөрдөн байцаалтад гэрчээр Г.ын өгсөн: “...*******ийн байрласан гэрт яваад очиход уурласан байдалтай, намайг унтаж байхад сэрээж босголоо гээд ******* рүү уурлаж байхад нь орж ирсэн. Тухайн үед ******* “чи эмэгтэй хүүхэд байж эрэгтэйчүүдийн гэрт орж ирж унтлаа” гээд загинаад байсан. Тэгээд уурлаад өөдөөс нь хэрэлдээд байхаар нь бид нар болиулаад гэрийн гадаа гаргатал агсраад орилоод уурлаад байтал гэрийн хаалга хүчтэй нээгдэхэд гэрийн хаалганы урд байж таараад духаа хаалганд цохиулчихсан. Тэгээд уурлаж орилоод миний толгойг цохичихлоо гээд уйлаад савчаад байсан. Бид нар хажууд нь аргадаад *******ийг бид нар хүүхдийн толгой хаалгаар цохичихлоо гээд загинасан. Тэр үед г тайвшруулах хооронд ээж рүүгээ залгачихсан байсан. Би тэй гадаа тайвшруулаад сууж байтал ээжтэйгээ утсаар яриад “та гарсан юмуу, агаа хамт ирэх юмуу” гээд яриад байсан. Тэгээд надтай утсаар яриулаад би тэр хүмүүст яаж олж ирэх замыг зааж өгсөн. Тэгээд би тэй хамт гэрт ороод унтсан. Өглөө сэрэхэд явчихсан, *******ийг хүмүүс зодчихоод явчихсан байсан. ...гийн ээж над руу өөрөө залгаад яагаад хэл амаараа учраа олж болохгүй хүн зодож байгаа юм бэ гэхэд наадах чинь миний хүүхдийн толгой руу өшиглөсөн байна гэхээр нь тийм юм болоогүй хаалганд цохигдсон гэдгийг нь хэлсэн боловч үг сонсоогүй. Наадах чинь үхсэн байсан ч надад харамсаад байх зүйлгүй, та нар чаддаг юм бол цагдаагаараа яваарай гээд загнаад байсан юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 12 дугаар тал/

 

5.  Мөрдөн байцаалтад гэрчээр Г.гийн өгсөн: “... ээж гэх хүний хамтаар орж ирсэн. Тэр эмэгтэй нь “би ээж нь байна. Би тэр ******* гэх хүүхдийг чинь манай хүүхдэд хүрсэн байхаар нь цохисон. Тэр чинь үхсэн байсан ч надад хамаагүй, би харамсахгүй” гэж хэлээд гараад явсан. ...Явуулсны дараа *******ийн гэрт яваад ороход ******* шалан дээр зодуулчихсан, цус нөж болчихсон, ухаангүй байдалтай хэвтэж байхаар нь сэрээгээд орон дээр нь хэвтүүлсэн...*******ийн хувьд бол Мөнгөн-Эрдэнийн биед халдахааргүй хүүхэд, томоотой, шударга,  зарчимч хүүхэд байдаг юм. эрэгтэйчүүдийн гэрт унтлаа гэж гаргаснаас болж уурласан гэж байсан...Маргааш нь харахад *******ийн бүх бие нь хөх няц болчихсон, зулай нь ягаарчихсан байдалтай, нуруу нь хөхөрчихсөн байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 14 дүгээр тал/

 

6. Мөрдөн байцаалтад гэрчээр О.Мөнгөн-Эрдэнийн өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр миний ажиллаж байсан “Магма” лоунжийн хамт олноороо зугаалгаар Найлах дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжид байх амралтын газар очиж амарцгаасан. Амралтын газартаа очоод хамт олноороо идэж, ууцгаагаад амарсан. Тэгээд орой нь 01 цагийн үед би өөрийнхөө орсон гэрээс өөрт гэрт юм яриад сууж байгаад тэндээ ядраад унтчихсан, тэгээд унтаж байтал ******* намайг цамцнаас татаад, чихэн дээр босооч ээ сэрээч, би наана чинь унтана, наадах чинь миний ор, чи бос гээд биеэс өргөж татаж босгосон. ******* миний биенд хүрээд татаж босгохоор нь би нойр хүрээд байна, энд унтмаар байна өөр газар очиж унтаж болохгүй юу гээд хэлсэн, тэгээд намайг босчихсон хойно миний гарнаас татаж чангаагаад намайг гэрээс хөөж гаргаад хаалга цоожилсон, тэр гэр лүү орох гээд н бас нэг эгчтэй байж байгаад хаалгаа онгойлгоо гээд шаардлага таьсан чинь энхжил гадаа хүн байгаа гэдгийг мэдсээр байж хаалга өшиглөж онгойлгосон. Тэр хаалга миний духыг оночихсон. Тухайн үедээ би унаад толгой хавдсан. Тэгээд би уйлж байхад н *******ийг загинаад байхад ******* өөдөөс нь хэрэлдээд ерөөсөө тоогоогүй. Тэгээд би тэр хүнд гомдож 2-3 цаг уйлсан, цамцнаас чирж гаргахдаа миний эгэм ясны доод хэсэгт урчихсан байсан. Тэгээд би ээж *******ийг “намайг ирж аваач ээ би хүнд дээрэмдүүлчихлээ” гэж утасдаад дуудсан. Тэгээд манай ээж ******* өөрийнхөө авто машиныг дуудлагын жолоочоор бариулаад амралтын газарт 05 цаг өнгөрч байхад нэг танихгүй эрэгтэй найзынхаа хамтаар ирсэн...тэгээд ирээд надаар *******ийг заалгаад байгаа гэрлүү нь ээж бид хоёр орсон. Бид хоёрын араас найз нь гээд залуу орж ирсэн. Тэгээд манай ээж *******ийг унтаж байхад нь үснээс нь зулгаагаад “Хүний нандин охинд гар хүрдэг, би ч охиндоо ингэж гар хүрээгүй” гэж хэлээд үснээс нь чирээд орноос унагаад тэгээд ээж *******ийн нүүр лүү нь гараараа нэг цохиход ******* сэрээд нүүрээ дарахад нь дахиад ээж 2 удаа цохиод, хөлөөрөө гар луу нь нэг удаа, арагшаа нуруу руу нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд би ээжийг болиулаад гараад явсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 16-17 дугаар тал/

 

7. Мөрдөн байцаалтад гэрчээр А.ын өгсөн: “...******* бид хоёрыг уулзаж байтал *******ийн охин нь залгаад хүн татаж чангаасан гэж ээждээ хэлсэн. Ингээд бид хоёр явж охин авахаар болоод дуудлагын жолооч дуудаад Тэрэлж рүү явцгаасан. Тэрэлжид үүр цайхын өмнөхөн 4-5 цагийн орчимд очоод очиж авсан. Тэгэхэд уйлчихсан байдалтай байхаар нь ******* хэн цохиж зодсоныг нь асуутал нэг гэр лүү дагуулж ороод унтаж байсан хүнийг зааж өгсөн. ******* уурлаад хэд хэд цохих шиг болсон. Харанхуйд яаж цохиж зодож байгаа нь харагдаагүй. Би ч *******ийг одоо боль хэрэггүй гээд болиулаад гэрээс гарсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 21 дүгээр тал/

 

8. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/473 дугаар: “А.*******ийн биед зүүн дээд, доод зовхи, баруун, зүүн бугалга, баруун шуу, баруун шилбэнд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт

/хх-ийн 24 дүгээр тал/

 

9. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/486 дугаар: “О.Мөнгөн-Эрдэнийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 29 дүгээр тал/

 

            10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 41 дүгээр тал/

 

            11. Иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 52 дугаар тал/

           

            12. Г.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 53-63  дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн “...түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Хохирогч А.*******ийн зүгээс гавал тархины зураг авсан эмчилгээний 100.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Өөр баримт асуухад байхгүй гэсэн. Мөн мэдүүлгээр ажилгүй байсан хугацааны 20 хоногийн буюу өдрийн 50.000 төгрөгөөр бодоод 1.000.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн байдаг. Уг 1.000.000 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Яагаад гэхээр баримт байхгүй, шинжээчийн дүгнэлтээр ажил хөдөлмөр цаашаа үргэлжлүүлээд хийх боломжтой байсан гэж дүгнэж байна. Шүүгдэгчийн зүгээс баримтаар гаргаж өгсөн 100.000 төгрөгийг төлсөн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзаж үзээд түүний бусдад төлөх төлбөргүй болохыг дурдуулах саналтай байна. Эрүүгийн хариуцлагын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох саналтай байна. Хохирогч *******ийн хувьд цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэх иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал ирүүлээгүй. Шүүгдэгч Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Г.*******ийн  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” нэртэй амралтын газарт хохирогч А.*******ийг “охин О. зодлоо” гэх шалтгааны улмаас толгой цээжин тус газарт цохиж, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь биед зүүн дээд, доод зовхи, баруун, зүүн бугалга, баруун шуу, баруун шилбэнд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч  Г.*******ийн  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн: “...тэр залууг үсдэж орноос нь буулгаж ирээд тэгээд нуруу, гэдэс рүү нь өшиглөөд, нүүр лүү нь хэд хэд цохиод хамраас нь цус гаргачихсан. Тэгээд л гараад явсан...” гэх,

Хохирогч А.*******ийн  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “...Тэгээд үүрээр 5 цагийн үед арай гэгээ ороогүй байхад хоёр эрэгтэй хүн, нэг эмэгтэй хүн намайг унтаж байхад миний нүүр лүү гэрэл тусгаад би сэрсэн. Тэгтэл нэг хүн учир зүггүй үсдээд орноос газар унагаад намайг цохиж зодсон... Би хэсэг хугацаанд зодуулаад ухаан алдчихсан байсан юм” гэх,

Гэрч Б.ны “...Тэгээд өглөө сэрэхэд ******* аль хэдийн зодуулчихсан гийн ээж гэх хүнд зодуулчихлаа гэж байсан юм...” гэх,

Гэрч Г.ын  “...Өглөө сэрэхэд явчихсан, *******ийг хүмүүс зодчихоод явчихсан байсан...гийн ээж над руу өөрөө залгаад яагаад хэл амаараа учраа олж болохгүй хүн зодож байгаа юм бэ гэхэд наадах чинь миний хүүхдийн толгой руу өшиглөсөн байна гэхээр нь тийм юм болоогүй хаалганд цохигдсон гэдгийг нь хэлсэн боловч үг сонсоогүй. Наадах чинь үхсэн байсан ч надад харамсаад байх зүйлгүй,...” гэх,

Гэрч Г.гийн “...Тэр эмэгтэй нь “би ээж нь байна. Би тэр ******* гэх хүүхдийг чинь манай хүүхдэд хүрсэн байхаар нь цохисон. Тэр чинь үхсэн байсан ч надад хамаагүй, би харамсахгүй” гэж хэлээд гараад явсан. ...Явуулсны дараа *******ийн гэрт яваад ороход ******* шалан дээр зодуулчихсан, цус нөж болчихсон, ухаангүй байдалтай хэвтэж байхаар нь сэрээгээд орон дээр нь хэвтүүлсэн... Маргааш нь харахад *******ийн бүх бие нь хөх няц болчихсон, зулай нь ягаарчихсан байдалтай, нуруу нь хөхөрчихсөн байсан...” гэх,

Гэрч О.Мөнгөн-Эрдэнийн “...*******ийг унтаж байхад нь үснээс нь зулгаагаад “Хүний нандин охинд гар хүрдэг, би ч охиндоо ингэж гар хүрээгүй” гэж хэлээд үснээс нь чирээд орноос унагаад тэгээд ээж *******ийн нүүр лүү нь гараараа нэг цохиход ******* сэрээд нүүрээ дарахад нь дахиад ээж 2 удаа цохиод, хөлөөрөө гарлуу нь нэг удаа, арагшаа нуруу руу нь нэг удаа өшиглөсөн...” гэх,

Гэрч А.ын “...******* уурлаад хэд хэд цохих шиг болсон. Харанхуйд яаж цохиж зодож байгаа нь харагдаагүй....” гэх мэдүүлгүүд,

Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/473 дугаар: “А.*******ийн биед зүүн дээд, доод зовхи, баруун, зүүн бугалга, баруун шуу, баруун шилбэнд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.*******ийг бусдын бие махбодод халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Г.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.******* нь “...эмчилгээний зардалд 100.000 төгрөг авсан...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин ажилгүй байсан хугацааны орлого 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхэд эргэлзээтэй байх тул нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Харин Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн өмнөх хэсэгт “Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мөрдөгч цагдаагийн ахмад Б.Мөнх-Очир нь... ...шүүхэд шилжүүлэх санал гарган,...” гэж  бичжээ.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа холбогдох саналыг хавтаст хэргийн хамт 3 хоногийн дотор прокурорт шилжүүлнэ.” гэж хуульд заасан байна. Иймд дээрх зөрчлийг арилгаж дахин гаргахгүй байх нь зүйтэй.

 

Бусад асуудлаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Ганпүрэвийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д  450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.******* нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

  6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ