Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 105

 

 

 

 

 

 

 

 

           

холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Энхбат,

хохирогч Б.Туяа, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан,

шүүгдэгч М.Г- , түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1003 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Туяагийн гаргасан давж заалдах гомдлоор М.Г- холбогдох 1808010760759 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн М-ын Г- , 19.. оны .. дугаар сарын ..-ны ...........тоотод оршин сууж байгаа, ял шийтгэлгүй, /ДЕ:................../;

 

М.Г-  нь 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орбит зах” зочид буудлын 5 тоот өрөөнд иргэн Б.Туяагийн нүүр рүү архины шил шидэж эрүүл мэндэд нь “баруун нүдний хараагүйдэл, торлогийн ховхрол, баруун лимбэ эвэрлэгийн зүсэгдсэн шарх, ирис шилэнцэрийн хавчуулагдал, баруун хөмсөг, баруун нүдний дээд, доод зовхи, хацрын зүсэгдсэн шарх, баруун нүдний эвэрлэг, баруун хацрын зүсэгдсэн шарх цус хуралт…” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч М.Г-  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Г-  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Г-  11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Г- оногдуулсан 11,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Г-  нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Б.Туяа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх М.Г- 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оноосонд гомдолтой байна. Г- ас болоод миний баруун нүд юм хардаггүй, хиймэл нүдтэй болсон. Миний бүхэл бүтэн нүдийг 11 сая төгрөгөөр торгох ялаар үнэлж байна гэж үзээд М.Г- оноосон торгох ялыг хэтэрхий хөнгөдсөн гэж гомдол гаргасан. ...” гэв.

 

Хохирогч Б.Туяагийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь, тухайн зүйл, хэсэгт заасан хамгийн хөнгөн ял оногдуулж, гэмт хэргийн улмаас учирсан үр дагаврыг харгалзан үзээгүй. Түүнчлэн, нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан үзээгүй шийдвэрлэсэн.

Б.Туяагийн биед учирсан гэмтэл буюу баруун талын нүд нь хараагүй болсон бөгөөд одоо зүүн нүд рүү нь нөлөөлж байгаа. Дахин сэргээх боломжгүй. Хохирогч Б.Туяа нь үр зулбасан, 2 хүүхэдтэй, нөхөр нь салсан, ар гэрийн байдал их хүнд байдалтай үр дагаврууд үүсч байгаа.

Шүүгдэгч М.Г-   бусдын нүд рүү архины шилээр цохиж байгаа нь аюултай үйлдэл. Энэ бүгдийг харгалзан үзэлгүй анхан шатны шүүх тухайн зүйл, хэсэгт заасан хамгийн хөнгөн ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэв.

 

Шүүгдэгч М.Г-  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд гэм буруутайд маргахгүй байгаа. ...” гэв.

 

Шүүгдэгч М.Г-  өмгөөлөгч Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн нөхцөл байдлын хувьд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлтэд хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд тохиолдлын шинжтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж тодорхой дүгнэсэн.

Миний үйлчлүүлэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөрдөн байцаалтын шатнаас төлж байсан, эмнэлгийн тусламж үзүүлсэн. Анхан шатны шүүхэд хохирогчийн эмчилгээний зардалд зарцуулагдсан шүүх хуралдаан хүртэлх хугацаанд 930,000 төгрөгийн эмчилгээний зардал баримтаар төлсөн, нийт 6,526,000 төгрөгийн хохирлыг баримтаар төлсөн. Миний үйлчлүүлэгч гэм буруугийн талд маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд “хохирогчид ийм гэмтэл учруулсандаа гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан үзэж, прокуророос торгох ялын саналыг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан. Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдалдаа хандаж байгаа хандлага, хувийн байдлыг анхан шатны шүүх харгалзан үзэж, торгох ял оногдуулсан.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Хохирол болон гэм буруугийн асуудлыг зөв тодорхойлсон. Прокурорын зүгээс шүүгдэгч М.Г-  үйлдлийг тохиолдлын шинжтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшсэн, хохирол төлбөрийг цаг хугацаанд нь төлж байсан, цаашид гарах зардлыг бүрэн дүүрэн төлнө гэсэн болон шүүгдэгч М.Г- хорих ял оногдуулахад хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг төлөх боломжгүй болох байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах санал гаргасан. Шүүх өмгөөлөгч болон прокурорын саналыг харгалзан шүүгдэгч М.Г- 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

М.Г-  нь 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орбит зах” зочид буудлын 5 тоот өрөөнд иргэн Б.Туяагийн нүүр рүү архины шил шидсэнээс эрүүл мэндэд нь “баруун нүдний хараагүйдэл, торлогийн ховхрол, баруун лимбэ эвэрлэгийн зүсэгдсэн шарх, ирис шилэнцэрийн хавчуулагдал, баруун хөмсөг, баруун нүдний дээд, доод зовхи, хацрын зүсэгдсэн шарх, баруун нүдний эвэрлэг, баруун хацрын зүсэгдсэн шарх цус хуралт …” бүхий хүнд  хохирол санаатай учруулсан болох нь:

 

хохирогч Б.Туяа “...намайг оролдоод байсан залуутай төстэй адилхан улаан өнгийн цамцтай байхаар нь нөгөө залуу гэж бодоод уурлаад одоо больчихож болохгүй юм уу гэж нөгөө залууг нэг удаа гараараа бие рүү нь түлхтэл архины шил бариад сууж байснаа босож ирсэн. ...Орон дээр суутал над руу архины шил нөгөө улаан цамцтай эрэгтэй шидсэн. Тэгээд толгойноос цус гараад нүд харанхуйлаад хүмүүсийн яриа холдоод би ухаан алдсан. ...” гэсэн мэдүүлэг /хх 12-13/,

 

хохирогчийн мэдүүлгийг нотлон мэдүүлсэн гэрч Ж.Жамбалсүрэнгийн “...Г-  орон дээрээс босохоор нь би барьж авах гэсэн чинь л миний мөрний хажуугаар Г-  шүүгээний хажууд тавьсан архины шилийг Туяа руу шидсэн, шил хагарах чимээ гараад би Г-ыг хойш нь түлхээд хаалгаар аваад гарсан. ...” /хх 117-118/, гэрч А.Баасандоржийн “...Намайг Улаанаатай юм яриад байж байхад архины шил хагарах шиг их чанга дуу гарахаар нь би харахад Жамбаагийн найз хүүхний нүүрнээс цус гоожоод байсан. /хх 18-19/, гэрч Д.Бүрнээбаярын “...Г-  Туяа руу шууд архины шил аваад шидсэн. Архины шил нь Туяагийн толгой дээр хагараад цус гараад Туяа доошоо болоод хэвтсэн. ...”  /хх 21-22/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 2883 дугаартай “...Б.Туяагийн биед баруун нүдний хараагүйдэл, торлогийн ховхрол, баруун лимбэ, эвэрлэгийн зүсэгдсэн шарх, ирис, шилэнцэрийн хавчууулагдал, баруун хөмсөг, баруун нүдний дээд, доод зовхи, хацрын зүсэгдсэн шарх, баруун нүдний эвэрлэг, баруун хацрын зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31-1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 65% нөлөөлнө. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 42-43/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 60-65/,

хохирогч Б.Туяагийн Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүх, мэс заслын тэмдэглэл, эмнэлгийн магадлагаа /хх 98-103/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч М.Г-  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

М.Г-  хохирогч Б.Туяагийн нүүр рүү архины шил шидэж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Б.Туяа нь “...М.Г- оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Анхан шатны шүүх “Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын торгох ял оногдуулах тухай гаргасан санал, тайлбар, хохирогчийн ялын талаарх тайлбарыг хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна. ...” гэсэн дүгнэлтийг хийж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох, хорих...” гэсэн ялын төрлөөс торгох ялыг сонгон М.Г- ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “....Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус заасан Эрүүгийн хуулийн зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Тодруулбал, шүүгдэгч М.Г-  гэм буруугаас хохирогч Б.Туяагийн баруун нүд нь хараагүй болж, улмаар баруун нүд буюу эрхтэнээсээ хагацаж, байнгын хөдөлмөрийн чадвар алдалт 65 хувь /хх 42-43/ болсон тул шүүгдэгч М.Г-  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд “Торгох ял” тохирсонгүй гэж үзэх үндэслэл болж байна. 

 

Түүнчлэн, шүүгдэгч М.Г-  үйлдсэн гэмт хэргээс хохирогчид учирсан хохирол, хор уршиг арилаагүй, цаашид эмчилгээ хийлгэх зайлшгүй нөхцөл байдал байгаа талаар гомдолдоо дурдсан нь үндэслэл бүхий байна.

 

Иймд хохирогч Б.Туяагийн давж заалдах гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар М.Г-  үйлдсэн хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр түүнд оногдуулсан ялыг хүндрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг, мөн зүйлд заасан хорих ялын хэмжээний дотор оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1003 дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Г-  11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Г-  3 жил 6 сар /гурван жил зургаан сар/-ын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г- оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

4. Шүүгдэгч М.Г-  нэн даруй хорьж, оногдуулсан хорих ялын хугацааг 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                 Д.ОЧМАНДАХ