Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2015/0195

 

А.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Шагдарсүрэн, нэхэмжлэгч А.Б-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-, гуравдагч этгээд П.Б-, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Н- нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 90 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, А.Б-ын нэхэмжлэлтэй, НЗДд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: НЗД нь 781 дүгээр захирамжийг гаргахдаа газар эзэмших эрх шилжүүлж байгаа компани нь 3 гишүүнтэй болох нь Си- ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмээр батлагдаж байхад үүнийг нягтлан шалгалгүйгээр зөвхөн 2 гишүүний бүрдүүлсэн баримтаар газар эзэмших эрхийн талбай байршилд өөрчлөлт оруулсан нь А.Б- миний газар эзэмших хууль ёсны эрх ашгийг зөрчсөн. Иймд, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 781 дүгээр захирамж, түүний хавсралтын П.Б-ид холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, П.Б-ийн нэр дээр байгаа 1351 м.кв газрын хамтран эзэмшигчээр А.Б-ыг тогтоосон шийдвэр гаргахыг НЗДд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Си- ХХК-ийн улсын бүртгэлд 2004 оны 01 дүгээр сарын 14-нд нэмэлт өөрчлөлт оруулж, компанийн гишүүнээр Г ХХК нь шинээр элсэж, 3 гишүүнтэй болж, компанийн Ерөнхий захирлаар Р.Быг томилсон, дараа нь 2007 оны 05 дугаар сарын 11-нд компанийн хувь нийлүүлэгчээс Г ХХК-ийг хасч, Р.Быг гишүүнээр элсүүлсэн мөн компанийн гүйцэтгэх захирлаар Б.Пунсалмааг томилсон өөрчлөлтийг бүртгэсэн байна. Эдгээр баримтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 781 тоот захирамжаар Си- ХХК-д 1648 м.кв газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар, иргэн П.Б-ид 1351 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Иргэн А.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд П.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Хувьцаа худалдах гэрээ бол Си- ХХК-ийн эд хөрөнгөө зохицуулсан гэрээ байсан. Техникийн зөвлөлийн хурал дээр газрын анхны гэрчилгээг аваад ир гэсэн. Газрын анхны гэрчилгээ надад Ш ХХК-ийн нэр дээр эх хувиараа байсан. Ш ХХК-ийг татан буулгахдаа хожим ийм зүйл болно гэж бодолгүй Си- ХХК-ийн нэр дээр гэрчилгээ түр авсан байсан. Би өөрийн анхны гэрчилгээг гаргаж өгч байж шинэ гэрчилгээг гаргуулсан. Си- ХХК-ийг байгуулахад би газартайгаа орсон. Си- ХХК-ийн 50 хувийн эзэмшигч нь А.Б- байсан болохоос газарт А.Б-ын өмч өчүүхэн ч байхгүй. Газрыг яаж авсан тухай А.Б- сайн мэдэж байгаа гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 90 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б-ын гаргасан Нийслэлийн Засаг даргын Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 781 дүгээр захирамж түүний хавсралтад газар эзэмших, ашиглах эрхийн талбай, байршил өөрчлөгдөж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтын 10 дахь хэсэгт заасан П.Б-ид холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, П.Б-ийн нэр дээр байгаа 1351 м2 талбай бүхий газрын хамтран эзэмшигчээр А.Б- миний биеийг тогтоох шийдвэр гаргахыг НЗДд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н- давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 90 дүгээр шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзнэ. Үүнд:

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн талаар: Анхан шатны шүүх НЗД нь газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 781 дүгээр захирамжийг гаргахдаа, газар эзэмших эрх шилжүүлж байгаа Си- ХХК нь 3 гишүүнтэй болох нь тус компанийн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний арын хуудсанд тэмдэглэгдэж бүртгэгдсэн баримт, мөн энэ нь компанийн дүрмээр давхар батлагдсан байхад, үүнийг нягталж шалгалгүйгээр, зөвхөн 2 гишүүний хооронд хийгдсэн гэрээ, хүсэлтийг үндэслэн газар эзэмших эрхийн талбай байршилд дараах өөрчлөлтийг оруулснаар тус компанийн үлдсэн нэг гишүүн болох А.Б-ын газар эзэмших хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн байсан. Тухайлбал: Си- ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А\11 дүгээр захирамжтай, газар эзэмших эрхийн 20\0028 тоот гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3000 м.кв газрыг дээрх захирамжаар хувааж Си- ХХК-ийн эзэмшилд 1648 м.кв газрыг үлдээн, үлдэх 1351 м.кв газрыг П.Б-ид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд тавигдсан шаардлагыг зөрчсөн юм.

Зүй нь Засаг дарга энэ хуульд зааснаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай шийдвэр гаргахдаа хүсэлт, түүнд хавсаргасан баримт нь шаардлага хангаагүй байвал энэ талаар хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдэн, хуулийн шаардлага хангуулан дахин хүсэлтээ өгөх эрхтэй болохыг заан мэдэгдэх үүрэгтэй байсан. Ийнхүү хуульд заасан энэ үүргээ НЗД зөрчсөн учраас нэхэмжлэгч А.Б- нь Засаг даргын хууль бус шийдвэрийг зөвтгүүлж, хөндөгдсөн эрхээ сэргээлгүүлэхээр шүүхэд хандсан. Гэтэл шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй нотлох баримтуудад ач холбогдол өгсөн байхаас гадна хэрэгт хамгийн их ач холбогдолтой нотлох баримт болох хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-д огт ач холбогдол өгч үнэлэлгүй, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэн А.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Үүнд: гуравдагч этгээдээр оролцсон П.Б-ийн аав А.А нь 1996 онд Ш ХХК-ийг байгуулан, 1998 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А\99 дүгээр Нийслэлийн Засаг даргын захирамжаар 0.3 га газрыг анх авсан байна. А.А нас барснаар 1999 онд газар эзэмших эрх нь Си- ХХК-д шилжсэн байна. А.Б- нь 2004 оны 1 дүгээр сард Г ХХК-ийн захирал Р.Б, Си- ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Б-, А.Б- гурав нь хоорондоо Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Си- ХХК-ийн эзэмшлийн эргэн тойрны газрын тодорхой хэсгийг Г ХХК-ийн захирал Р.Бт худалдан, үлдэх газрыг Си- ХХК-иас салган авсны дараа хамтран эзэмшихээр тохиролцсон гэрээ байгуулсан байх боловч тус газрыг эзэмшиж, ашиглах эрх нь анхнаасаа П.Б-ид үүссэн байсан. Энэ тал дээр нэхэмжлэгч маргадаггүй болохыг дурдах нь зүйтэй. Бодит нөхцөл байдлаас үзэхэд П.Б- нь 0,3 га газраас Си- ХХК-д 1648 м.кв газрыг худалдан, үлдэх 1351 м.кв газрыг өөрийн нэр дээр болгон авсныг НЗД газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг зөрчиж илт хууль бус акт гаргасан гэж үзэхээргүй байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдагдсан П.Б-ийн аав А.Алагаа гэж хүн хэзээ хэдийд нас барсан болон, анх Ш гэж компанийг үүсгэн байгуулсан талаарх баримт нь нэгдүгээрт шүүх хуралд нотлох баримтаар шинжлэгдэн судлагдаагүй, хоёрдугаарт талуудын хооронд байгуулагдсан гэрээнд Си- ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Б-, А.Б- нар компаниа санхүүгийн хүндрэлтэй байдлаас гаргах арга зам болгон, өөрийн компанийн эзэмшлийн Шатахуун түгээх станцыг эргэн тойрны газартай нь Г ХХК-д худалдан, үлдсэн зүүн талд байрлах хэсэг газраа П.Б-, А.Б- 2 нь хамтран эзэмшинэ гэж тодорхой заан гэрээ байгуулсан байхад үүнийг шүүх ямар баримтаар няцааж байгаа нь ойлгомжгүй.

Мөн анхнаасаа энэ газрын эзэмших эрх нь П.Б-ид байсан байна гэдэгт нэхэмжлэгч тал маргаагүй гэж дүгнэсэн нь бүр ч ойлгомжгүй байна. А.Б- нь газар эзэмших эрхтэй этгээд гэдэг нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон, дүрмээр батлагдаад байхад энэ хүнийг огт эрхгүй этгээд байна гэж ямар баримтаар үзсэн болох нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэгч А.Б- нь Си- ХХК-ийн хувьцаа эзэмшигч Р.Б, П.Б- нарын хооронд хийгдсэн байсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г Р.Б, П.Б- 2 нь дахин хийж, А.Б-ын нэрийг хасч өөрчилсөн гэрээг Нийслэлийн Газрын албанд өгсөн байсныг шүүхэд хандсаны дараа мэдсэн бөгөөд тэрээр тэдний энэ үйлдэлтэй холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, харин НЗД нь 3 гишүүнтэй компанийн 2 гишүүнээс гаргасан баримтыг үндэслэн захирамж гаргасан нь хууль бус байна хэмээн нэхэмжлэл гаргасан гэдгийг анхан шатны шүүх анхаарч шийдвэрлэх ёстой байсан.

А.Б- нь Р.Б болон П.Б- нарын гэрээг хуурамчаар үйлдэн эзэмших эрхийг нь хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан үйлдлийг тусад нь харьяаллын дагуу эрүүгийн журмаар шийдвэрлүүлэх бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй хэрэг юм. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг хуурамч гэрээтэй холбоотой маргаанаа эхлээд шийдүүлэх ёстой хэмээн шахаж шаардсан нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн болно. Ийнхүү анхан шатны хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу дүгнэж А.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 90 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс ... Си ХХК-ийг шатахуун түгээх станц, гадаад дотоод худалдаа эрхлэх чиглэлээр, тал талаасаа хөрөнгө оруулж байгуулсан. 2004 онд П.Б-, А.Б-, Г ХХК-ийн захирал Р.Б бид гурав ... Си- ХХК-ийн Шатахуун түгээх станц доороо гарааш бүхий 2 давхар барилга болон тус компанийн эзэмшлийн эргэн тойрны газрын талыг Г ХХК-д худалдахаар гэрээ байгуулсан байсан. Гэтэл 2011 онд П.Б-, Р.Б нар гэрээ хийж, гаргасан хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 781 тоот захирамж гаргахдаа тус компани 3 гишүүнтэй болохыг нягтлан шалгалгүйгээр зөвхөн 2 гишүүний бүрдүүлсэн баримтаар газар эзэмших эрхийн талбай байршилд өөрчлөлт оруулсан нь миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэжээ.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана, 38.2.1-д нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ гэж заасан.

Хуулийн дээрх заалтаас үзвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тохиолдолд нэг талаас газар эзэмшигч нөгөө талаас газар эзэмших эрхийг шилжүүлэн авагч гэсэн талууд байх төдийгүй тэдгээр талуудын аль аль нь хүсэлт гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай гэрээ-г хавсаргахаар байна.

Өөрөөр хэлбэл, газар эзэмшүүлэх хүсэлтийг хүлээн авсан тухайн шатны Засаг дарга нь газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай хүсэлт гаргагч болон газар эзэмших эрхийг шилжүүлэн авагч талууд, тэдгээрийн хооронд хийгдсэн газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ зэргийг шалгаж тодруулах үүрэгтэй байтал газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргагч талын эрх зүйн байдлыг тодруулаагүйн дээр талуудын хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг тодруулах үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэлгүйгээр хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг шилжүүлж шийдвэрлэсэн маргаан бүхий 781 дугаар захирамжийн Си- ХХК-д хамаарах хэсэг нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасантай нийцээгүй байна.

Хавтаст хэрэгт ... Шатахуун түгээх станцын зүүн талд байрлах газрын эзэмших эрхийг Си- ХХК-ийн эзэмшлээс салган авснаар хувьцаа эзэмших эрх дуусгавар болно... гэж заасан нэхэмжлэгч А.Б- болон Си- ХХК-ийн хувьцаа эзэмшигч Р.Б, П.Б- нарын хооронд байгуулсан гэх Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ[1]; мөн Си- ХХК-ийг төлөөлж Ерөнхий захирал П.Б-, Г ХХК-ийг төлөөлж Ерөнхий захирал Р.Б нарын байгуулсан гэх Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ тус тус авагджээ.

Гуравдагч этгээдээс нэхэмжлэгчийн зааж байгаа гэрээ[2]-г үгүйсгээгүй бөгөөд, ...Си- ХХК-ийн газар нь анх Ш ХХК-ийн эзэмшлийн газар байсан, би компанид энэ газартайгаа орсон учир газрын талыг зарж, үлдсэнийг өөрийн нэр дээр шилжүүлэх талаар хүсэлт гаргах эрхтэй гэж тайлбарлан, нэхэмжлэгчээсСи- ХХК-ийн эзэмшлийн 3000 м.кв газар нь анх Ш ХХК-ийн эзэмшил газар байсан гэдэгтэй маргаагүйн дээр нэгэнт Си- ХХК-ийн эзэмшилд шилжсэн тус газар эзэмших эрхийг дахин өөр этгээдэд шилжүүлэх тохиолдолд компанийн нэг гишүүн дангаараа бус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх байсан гэж маргажээ.

2007 оны 05 дугаар сарын 09-ний өдөр үүсгэн байгуулсан Сутай-Ихэр хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм[3]-ийн Нэгдүгээр зүйлийн 3-т Компанийн үүсгэн байгуулагчид, хувь нийлүүлэгч гэсэн хүснэгтийн 2-т Авирмэд Б-, Есдүгээр зүйлийн 1-д Компанийн удирдах буюу эрх барих дээд байгууллага нь хувь нийлүүлэгчдийн хурал болно, Наймдугаар зүйлийн 3-т Компанийн хувьцаа нэг бүр нь нэг саналын эрхтэй байх бөгөөд энгийн хэлбэртэй байна гэж заажээ.

Хавтаст хэрэгт Си- ХХК-ийн гишүүнээс нэхэмжлэгч А.Б- гарсан талаар баримт авагдаагүйн дээр гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг тус компанийн гишүүн хэвээр байгаа талаар дурджээ. Гэтэл компанийн дүрэмд заасан хувьцаа эзэмшигчдийн хурал хийгдээгүй, энэ талаар баримт байхгүй байхад гуравдагч этгээдтэй адил хэмжээний хувьцаа эзэмшигч болох нэхэмжлэгчийн оролцоогүйгээр компанийн нэг гишүүн өөр этгээдтэй хийсэн гэрээг үндэслэн компанийн нэр дээрх газар газар эзэмших эрхийг шилжүүлсэн хариуцагчийн шийдвэр хууль бус байна.

Шүүх ...хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ...0,3 га газрыг эзэмшиж, ашиглах эрх анх П.Б-ид үүссэн байна. ... П.Б- нь 0,3 га газраас Си- ХХК-ийн газрыг худалдан үлдэх 1351 м.кв газрыг өөрийн нэр дээр болгон авсныг НЗД Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн зөрчиж илт хууль бус акт гаргасан гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь анх П.Б- Ерөнхий захиралтай Ш ХХК-ийн нэр дээр 3000 м.кв газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/11 дүгээр захирамжаар Си- ХХК-д эзэмшүүлсэн байх тул уг газрыг дахин өөр этгээдэд шилжүүлэх тохиолдолд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар тухайн үед тус газрыг эзэмшиж байсан этгээд буюу энэ тохиолдолд Си- ХХК-ийн эрх бүхий этгээдийн албан ёсны хүсэлт, өөрөөр хэлбэл хүсэлт гаргагчид компанийн эзэмшил газрыг шилжүүлэх талаар гэрээ хийх эрх олгогдсон эсэх, компанийн дүрэмд заасны дагуу хийгдсэн гэрээ зэргийг хариуцагч төрийн захиргааны байгууллага тодруулах үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлсний үндсэн дээр газар эзэмших эрхийг шилжүүлэхээр байна.

Тодруулбал, Компанийн хөрөнгийг захиран зарцуулах тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх талаар тус компанийн дүрэмд заасан байхад зөвхөн компанийн гүйцэтгэх удирдлагаас газар эзэмших эрх шилжүүлэх талаар гаргасан хүсэлт болон 3,7 хувийн хувьцааг эзэмшигч нэг гишүүний өөр этгээдтэй хийсэн гэрээ зэргийг үндэслэн хуулийн этгээдийн эзэмшил газрыг хувааж эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн маргаан бүхий захирамжийг зөвтгөх үндэслэлгүйн дээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс...компанийн дүрэмд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд өмчлөх, ашиглах эрх нь хувьцаа эзэмшигч нарт тэгш олгогдож байгаа. Гэтэл нэг гишүүн гэрээ хийж, нэг гишүүнийхээ эрхийг зөрчсөн байдаг. Хэрвээ П.Б- А.Б-т газар өгөх ёсгүй гэж маргаж байгаа бол үүнийг иргэний журмаар шийдвэрлүүлэх ёстой... гэж,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд ...нэхэмжлэгч өөрийгөө Си- ХХК-ийн гишүүн байсаар байхад газар эзэмших эрхгүй болголоо гэж үзэж байгаа бол энэ нь компанийн гишүүнтэй холбоотой маргаан... гэж, гуравдагч этгээдээс ...Си- ХХК-ийг байгуулахад би газартайгаа орсон, Си- ХХК-ийн 50 хувийн эзэмшигч нь А.Б- байсан болохоос газарт түүний өмч өчүүхэн ч байхгүй... гэж тайлбарлан маргаснаас үзвэл талууд компанийн хувьцаа, хөрөнгийн талаар маргаантай, түүнчлэн нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс газар эзэмших эрх шилжүүлэх тухайд тус бүр өөр өөр гэрээг заан хүчин төгөлдөр гэж маргаж байх тул маргаан бүхий захирамжийн Си- ХХК-д холбогдох хэсгийг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, дахин шинээр акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 90 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б-ын гаргасан Нийслэлийн Засаг даргын Газар эзэмшүүлэх,ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 781 дугаар захирамж түүний хавсралтад Газар эзэмших, ашиглах эрхийн талбай, байршил өөрчлөгдөж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтын 10 дахь хэсэгт заасан П.Б-ид холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлсүгэй гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 23 дахь тал

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 23 дахь тал