Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 212/МА2017/00109

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 452 дугаар шийдвэртэй, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б корпораци” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Т, хариуцагч байгууллагын төлөөлөгч У нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 25000000 /хорин таван сая/ төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э" ХХК нь "Б корпораци" ХХК-тай 2015 оны 8 сарын 15-ны "Хамтран ажиллах гэрээ"-г харилцан тохиролцож байгуулсан. Талууд гэрээний дагуу "Булган гол дахь ордны төсөл"-д хамтран ажиллахаар тохиролцож "Э" ХХК нь гэрээт ажлыг гүйцэтгэхтэй холбоотой техник, тоног төхөөрөмж, хүнд машин механизмыг бэлэн байдалд байлгах, тэдгээрийг ажиллуулах оператор механикийн мэргэшсэн чадварлаг багийг бүрдүүлэх, төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой санхүүжилтийг гаргах, "Б корпораци" ХХК нь төсөл хэрэгжүүлэх газрын тусгай зөвшөөрлийн холбогдох бүхий л бичиг баримтыг бүрдүүлэх, энэхүү ажлыг удирдан зохион байгуулах үүргийг тус тус хүлээсэн. Улмаар "Э" ХХК нь "Хамтран ажиллах гэрээ"-ний 2 дугаар зүйлд заасан дагуу гэрээний урьдчилгаа төлбөр болгон нийт 25000000 /Хорин таван сая/ төгрөгийг 2015 оны 8 сарын 20-ны өдөр "Б корпораци" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц-ийн Хаан банк дахь дансанд шилжүүлсэн. Гэвч бид энэхүү талбайд хамтран ажиллаж төсөл, гэрээг хэрэгжүүлэх боломжгүй болсон тул энэ тухайгаа 2016 оны 01 сарын 21-ний өдөр 3/06 тоот албан бичгээр урьдчилгаа төлбөрийг буцаан шилжүүлэх тухай мэдэгдсэн. Манай компанийн санхүүгийн болон хуулийн ажилчид энэхүү төлбөрийг барагдуулах талаар удаа дараа "Б корпораци" ХХК-тай холбогдон шаардаж, албан бичиг илгээж байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Иймд "Б корпораци" ХХК-аас 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр "Хамтран ажиллах гэрээ"-ний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 25000000 /Хорин таван сая/ төгрөгийг гаргуулж "Э" ХХК-ийг хохиролгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарт: “2015 оны 6 дугаар сард Улаанбаатар хотын "БББМ" ХХК бидэнд хамтран ажиллах сонирхлыг хэлж ярилцан тохиролцож, тэд манай компанийн тусгай зөвшөөрөл бүхий Булган сум дахь алтны шороон ордод ажил явуулахаар болсон ба гэрээнд гарын үсэг зурахаар бэлтгэж байх үед Улаанбаатар хотын "Э" ХХК-ийн хүмүүс биднийг олж мөн адилхан хамтран ажиллах санал дэвшүүлсэн юм. Тэдний санал нь урьд ярилцаж буй компанийн саналаас илүү ашигтай мөн удаан хугацаагаар ажиллах найдвар төрүүлсэн билээ. Хамгийн гол нь "Э" ХХК нь мэргэжлийн геологичтой, машин техник нь өндөр бүтээмжтэй, хөрөнгө оруулагчийн буруугаас болж учирсан хохирлыг хариуцна, мөн хайгуулын талбайд мөнгө хаяж ажиллана гэсэн тул бид хамтран ажиллахыг зөвшөөрч мөн оны 8 дугаар сарын 15-нд гэрээ байгуулсан юм. Тэд 8,9 саруудад ажил явуулж, алт олборлож биднийг удахгүй мөнгөтэй болгоно гэсний дагуу өөртөө ноогдох хувиас суутган тооцуулахаар урьдчилгаа өгч туслахыг хүссэн тул тэд 75 сая төгрөг өгөхөөр тохирч, урьдчилан 25 сая төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг ойрын хугацаанд өгөхөөр болсон боловч хүлээлгэсээр байгаад өгөөгүй бөгөөд ажил хийлгүй тэр жилийн алт олборлох хугацаа дууссан. Бид тус компанид ажил явуулаагүй шалтгаанаа тодорхой бичиж ирүүлж, дараа жил хэдийд ажлаа эхлэхийг шаардсан ба тэд утсаар "Бид дараа жил эрт ажиллана" гэснээс өөр юм хэлээгүй. Манай тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад 1953-56 онд ЗХУ-ын геологичдын хийсэн эрлийн ажлын таамаг нөөц нь шороон ордод 9 тн, үндсэн ордод 9664 кг алттай гэж тогтоосон. Хэрвээ тэд 8 дугаар сард ирж ажил явуулсан бол хамгийн багадаа /өдөртөө 300 гр алт авна гэж тооцоход/ 10 кг алт авах ба бид үүнээс 2.5-3 кг алт авч тухайн үеийн ханшаар 200-240.0 сая төгрөг олох байлаа.

Уг нь тэд өөрсдийн үүргийн тухай гэрээнд заахдаа: Хийгдэх бүх ажлын санхүүжүүлнэ, орчин үеийн өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмж ашиглана,  өндөр түвшний хайгуулын ажлыг бүх талбайд хийнэ, хариуцлагатай, түргэн шуурхай байж, өөрсдийн зүгээс учирсан хохирлыг бүрэн хариуцна гэж бичсэн.

Эдгээр үүргийг тэд биелүүлээгүйгээр үл барам ажил хийх гэсэн гуравдагч этгээдийг элдвээр муулж, тэдний ажлыг хааж, үүнээс болж бид хийсэн ажилгүй, олсон мөнгөгүй хохирсныг юугаар тайлбарлах вэ? гэдгийг асуусан юм. Тэд”бид ажиллах боломжгүй болсон, мөнгийг буцааж өг” гэснээс өөр зүйл яриагүй. Бид “Та нар хуурамч гэрээ хийж, биднийг болон өрсөлдөгч компаниа /БББМ ХХК/ ажилгүй болгож алдагдалд оруулсан. Гэрээ ёсоор бид хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Харин танайх үүргээ 100% биелүүлээгүй. Гэрээний дагуу ажил хийж олборлосон алтнаас бидний олох мөнгийг яаж төлж өгөхөө тодорхой бичиж ирүүлээрэй” гэсэн. Тэд энэ шаардлагад хариу өгөөгүй ба бусдыг хуурч, бие сэтгэлийн болон эдийн засгийн дарамтад оруулж хохироосноо жам ёсны зүйл гэж боддог юм шиг байна. Ийнхүү хуурамч гэрээ байгуулж, өрсөлдөгчөө хууль бус замаар замаасаа зайлуулснаас гадна ямар ч харилцаа байгаагүй, мөрөөрөө явсан манай компанийг хохироож байгаад харамсаж байна. Иймд өөрөө гуйж царайчилж гэрээ байгуулчхаад ямар ч ажил хийгээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй "Э" ХХК-иас хохирлоо барагдуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргах болно. Харин амласан 75 сая төгрөгөөс бидэнд өгсөн 25 сая төгрөгийг буцаах боломжгүй.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 452 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар “Б корпораци” ХХК-иас 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний урьдчилгаа төлбөр болгон шилжүүлсэн 25000000 /хорин таван сая/ төгрөгийг гаргуулан “Э” ХХК-нд олгож  шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Манай “Б корпораци” ХХК нь “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа бөгөөд тус хэргийг “Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх”-д хянан хэлэлцээд 2017 оны 6 сарын 29-ны өдрийн 452 тоот шийдвэрээр “Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж” нэхэмжлэгчид 25.000.000 төгрөгийг гаргуулан өгөхөөр шийдвэрлэсэн. 

Шүүхийн шийдвэрийг 2017 оны 8 сарын 07-ны өдөр бичгээр гардаж авсан бөгөөд гэрээ болон Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1. “А” тал гэрээнээс татгалзах эрхгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Гэрээний 6 дугаар зүйлд зааснаар “Э” ХХК нь гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэх боломжгүй гэдгээ хариуцагч талд 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 3/06, 2017 оны 01 сарын 30-ны өдрийн 2/10 дугаартай 2017 оны 4 сарын 07-ны өдрийн 1/26 дугаартай мэдэгдлүүдийг тус тус хүргүүлж байсан байна. Мөн Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар гэрээний нэг тал болох “Э” ХХК гэрээнээс татгалзаж байгаагаа нөгөө талдаа мэдэгдсэн байна гэж үзлээ” гэж дурджээ. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлээр гэрээг дуусгавар болгох нөхцөлийг талууд харилцан тохиролцсон бол, холбогдох эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалсан эсвэл хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй болсон бол, аль нэг тал нь гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэх боломжгүй эсвэл гэрээний заалтыг ноцтой зөрчсөний улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй эсвэл гэрээнд заасан үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулах зорилгод хүрэх боломжгүй болсон бол нөгөө тал нь түүнийг арилгуулах нэмэлт хугацаа тогтооно, заасан хугацаанд зөрчлийг арилгаагүй бол нэг тал дангаар гэрээг цуцалж учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж заажээ. Гэрээнд заасан дээрх нөхцөл бий болоогүй бөгөөд дээрх үндэслэлийн аль нэгээс өөр үндэслэлээр “Э” ХХК гэрээнээс татгалзах, цуцлах эрхгүй. 

2. “Э” ХХК гэрээг зөрчсөн.  

“Б корпораци” ХХК өөр компанитай гэрээ байгуулахаар тохиролцож байх үед “Э” XXК гэрээ байгуулах санал тавьж улмаар гэрээ байгуулсан. Гэрээгээр үйл ажиллагааг 2017 оны 8 сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх, түүнтэй холбогдох санхүүжилт хийж тоног төхөөрөмжийг нийлүүлэх, ажиллах хүчийг илгээх зэрэг арга хэмжээ авах үүрэгтэй /гэрээний 2.1-д зааснаар/ байсан боловч тус үүргээ үндэслэлгүйгээр биелүүлээгүй. 

“Э” ХХК-г үүргээ биелүүлж үйл ажиллагаагаа эхлэх талаар манай компанийн зүгээс удаа дараа шаардаж байсан боловч 2016 оны хавар үйл ажиллагаагаа эхлэнэ” гэсэн тайлбарыг амаар өгсөн бөгөөд түүнд нь итгэж хүлээж байсаар 2015 оныг дуусган улмаар 2016 оны 1 сард үйл ажиллагаагаа хавар хэзээ эхлэх талаар асууж тодруулахад өмнөөс нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон урьдчилан өгсөн төлбөрийг шилжүүлж буцаан шилжүүлж өг” гэсэн аман шаардлага тавьж улмаар албан бичиг ирсэн.

“Э” ХХК талуудын хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-г дараах байдлаар буюу гэрээгээр 75 сая төгрөг шилжүүлэх ёстой байсан ч бүрэн шилжүүлээгүй, хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагааг 2015 оны 8 сарын 15-наас эхлүүлэх ёстой боловч өнөөдрийг хүртэл ганц төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй.

Гэрээний 4.2 болон 4.3-д зааснаар гэрээг нэг тал зөрчсөн бол зөрчөөгүй тал нь дангаар цуцлах эрх эдлэхээр заасан тул “Э” ХХК гэрээний үүргээ зөрчсөн тул “Б корпораци” ХХК гэрээг дангаар цуцлан учирсан хохирлоо шаардах эрхтэй. “Б корпораци” ХХК гэрээнд заасан тус эрхээ хэрэгжүүлээгүй байхад үүргийн зөрчил бүхий тал дангаараа гэрээг цуцалж өөрийн үүргийг гүйцэтгэх баталгаа болгон шилжүүлэн өгсөн мөнгийг нэхэмжлэх эрхгүй. “Э” ХХК-ийн урьдчилан шилжүүлэн өгсөн 25.000.000 гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа Гэрээний 2.2-д “А тал Б талд урьдчилан 75 сая төгрөг өгөх ба металл хуваарилах үед цувуулан суутгаж авч байх болно” гэж заасан.

А тал дээрх үүргээс 25.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Гэрээнд заасан дээрх урьдчилан төлсөн төлбөр нь А талын гэрээний 2.1-д заасан үүргээ биелүүлэх баталгаа болох бөгеөд А тал тус үүргээ биелүүлж үйл ажиллагаа явуулж улмаар үр дүн гарсан нөхцөлд буюу “металл хуваарилах үед цувуулан суутган авах”-аар талууд тохирсон. Өөрөөр хэлбэл дээрх урьдчилгаа төлбөр нь зөвхөн металл хуваарилах үед А талд буцан шилжих боломж нөхцөлтэйгээр гэрээг байгуулсан. Энэ нь Иргэний хуулийн 189.1-д заасан “гэрээний нөхцөлийг чөлөөтэй тодорхойлох” заалттай нийцэх бөгөөд агуулгын хувьд Иргэний хуулийн 233-д заасан “дэнчин”-тэй тохирох бөгөөд мөн хуулийн 233 дугаар зүйлийн 233.3 “Дэнчин тавьсан этгээд үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээхээр байвал дэнчинг дэнчин авсан этгээдэд үлдээнэ” гэж заасны дагуу 25.000.000 төгрөг “Б корпораци” ХХК-д үлдэх ёстой.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 452 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь “Б корпораци” ХХК-д холбогдуулан 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 25000000 төгрөгийг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл дараах үйл баримтууд тогтоогдсон байна. “Э” ХХК нь “Б корпораци” ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж “Б корпорац”-ийн “Булган гол дахь ордны төсөл”-ийн 6245А болон 13904А ашиглалтын лиценз бүхий талбайд олборлолтын 12590Х, 13898Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахаар, гэрээний эхний жилд 13904А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газруудад олборлолт явуулахаар болжээ.

“Э” ХХК нь гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэх боломжгүй гэдгээ “Б корпораци” ХХК-д 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 3/06 дугаар, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2/10 дугаар, 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1/26 дугаартай мэдэгдлүүдийг хүргүүлж, гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талдаа мэдэгдэж, тодорхой зорилгыг хэрэгжүүлэхээр үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй бөгөөд нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай талаас үнэлэх журмыг зөрчсөн байна.  

Талуудын хороонд ”2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д заасан Хамтран ажиллах гэрээ” байгуулж, уг гэрээг 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, талуудын эрх үүргийг тохиролцсон байна.

Хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 3/06 дугаар, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2/10 дугаар, 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1/26 дугаартай мэдэгдлүүдийг хариуцагч “Б корпораци” ХХК-д хүргүүлсэн талаар нэхэмжлэгч тал нотлох баримтаар нотолж чадаагүй.

Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.2.-д “Хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг гэрээнд заасан тохиолдолд, гагцхүү зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаанаас өмнө гэрээнээс гарч болно” гэж заасан ба талуудын хороонд байгуулсан хамтран ажиллах гэрээний доод талын хугацаа 3 жил байхаар тохиролцсон, гэрээний хугацаа дуусаагүй байхад “Э” ХХК нь хугацаанаас өмнө гэрээнээс татгалзах зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэрээний Б тал болох “Б корпораци” ХХК нь гэрээний А тал болох “Э” ХХК-ийн гэрээгээр тохиролцсон олборлолтын үйл ажиллагаа явуулахад Б талаас гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй байхад Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ. 

Иймд, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр  нэхэмжлэгч “Э” ХХК нь “Б корпораци” ХХК-д холбогдуулан 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 25000000 төгрөгийг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна гэж дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагчид буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 452 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.2.-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хариуцагч “Б корпораци” ХХК-д холбогдуулан гаргасан 25.000.000 /хорин таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагчид буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК 

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

Д.КӨБЕШ