Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2017/02848

 

 

  

 

 

  

 

2017 оны 11 сарын 13 өдөр          Дугаар 181/ШШ2017/02848            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “П М Ф” ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Ш овогт Т Т /РД: /-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг, гарсан зардалд 7,979,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, нарийн бичгийн даргаар Б.Жаргалсүрэн нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Иргэн Т.Т нь “П М Ф” ХХК-аас 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр “Toyota Land Cruiser Prado” маркийн суудлын зориулалттай, 00-10 УБЕ улсын дугаартай, RZJ950027853 арлын дугаартай, 1999 онд үйлдвэрлэсэн 2007 онд орж ирсэн мөнгөлөг саарал өнгийн автомашинаа барьцаалж, 16072501 тоот зээлийн гэрээгээр 5,000,000 төгрөгийг 30 хоногийн 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай буюу 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийн хүү болон үндсэн зээл төлөөгүй. 2016 оны 8 дугаар сарын 25-аас 2017 оны 5 дугаар сарын 25-ныг хүртэл сар бүр хүүгийн 300,000 төгрөгийг төлсөн гэж үзэж байгаа. Төлбөрөөс нь тооцоход үндсэн зээлээс 80,000 төгрөгийн л хасалт хийсэн. Манай компани зээлийн хүү болон зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээлийн хүү болон хасалт хийхгүй одоо болтол явж байна.

Гэрээний 2.6-аар гэрээний хугацаа дуусахад зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд энэхүү хугацаа нь цаашид зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үйлчилнэ гэж тохирсон тул гэрээ сунгагдсан гэж үзэж байна.

Иймд үндсэн зээл 4,920,000 төгрөг, хүү 738,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 29-өөс 10 дугаар сарын 03-ныг хүртэлх хугацааны алданги 2,121,750 төгрөгийг, мөн зээл барагдуулахтай холбоотой үйл ажиллагаанд зарцуулагдсан 200,000 төгрөгийн хамт нийт 7,979,750 төгрөгийг хариуцагч Т.Таас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгчийн шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбарт:

“П М Ф” ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр автомашин барьцаалан 16072501 тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлээ бүрэн төлж барагдуулаагүй нь үнэн. Гэхдээ гэрээ сунгагдаагүй тул нэхэмжлэгч нь гэрээ ёсоор 1 capын л хүү болох 300,000 төгрөгийг үндсэн зээлийн хамт шаардах ёстой.

Хариуцагчийн тухайд зээлийн төлбөрт нэхэмжлэгч компанийн захирал Д.Отгонбаатарын Хаан банк дахь төгрөгийн 5029748527 дугаарын дансаар 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 488,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 350,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 900,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 09-ны өдөр 250,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 800,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 29-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 200,000 төгрөг төлсөн. Мөн 2017 оны 9 дүгээр сард 300,000 төгрөгийг өөрийн эгч Х.Цээр дамжуулан бэлнээр төлсөн бөгөөд нийт 4,188,000 төгрөгийг төлсөн.

Тэгэхээр гэрээний дагуу төлөх 5,300,000 төгрөгөөс дээрх төгрөгийг хасаж тооцвол одоо 1,112,000 төгрөг үлдэж байна. Үүнийгээ төлөхийг зөвшөөрнө, харин нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “П М Ф” ХХК нь хариуцагч Т.Таас үндсэн зээл 4,920,000 төгрөг, хүү 738,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 29-өөс 10 дугаар сарын 03-ныг хүртэлх хугацааны алданги 2,121,750 төгрөг, үйл ажиллагааны зардал 200,000 төгрөг буюу нийт 7,979,750 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 1,112,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий “П М Ф” ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Т.Ттай 16072501 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулж, 5,000,000 төгрөгийг, 30 хоногийн 6 хувийн хүүтэй, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаагаар зээлсэн байна.

 

Зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 16072501-01 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг байгуулж, Т.Тын өмчлөлийн арлын RZJ950027853 дугаар бүхий 00-10 УБЕ улсын дугаартай “Toyota Land Cruiser Prado” маркийн авто машины өмчлөх эрхийг “П М Ф” ХХК-д шилжүүлж, ашиглах эрхийг Т.Тд үлдээхээр тохиролцжээ.

 

Дээрх зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг талууд бичгээр үйлдэж, гарын үсэг зурсан байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 235 дугаар зүйлийн 235.5-д заасан хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч байгууллага нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй хуулийн этгээд тул түүнээс олгосон зээл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний зохицуулалтад хамаарна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд хэрэв талууд гэрээгээр хүү тогтоосон бол тогтоосон хугацааны тохирсон хүү нь буцаан өгөх үүрэгт мөн хамаарна.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн 5,000,000 төгрөгийн зээлийг хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн нь талуудын тайлбараар тогтоогдсон тул хариуцагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

Хариуцагчийн хувьд зээлийн гэрээгээр шилжүүлэн авсан 5,000,000 төгрөгийг, 31 хоногийн хүү 310,000 төгрөгийн хамт 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр буцаан төлөх үүргийг хүлээсэн боловч гэрээний хугацаа дуусахад энэ үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдож байна.

 

Зохигчид зээлийн гэрээний хугацааг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр буюу 31 хоног байхаар тохирсон байх ба гэрээний хугацааг сунгаагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар 31 хоногийн хүү шаардах эрхтэй. Харин талууд гэрээ /зээлийн гэрээний 3.1.4.б, 3.2.1.б/-ээр зээлийн гэрээний хугацаа дуусахад төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн төлбөрөөс төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн хоногийн 0,5 хувийн алданги тооцож төлөх үүргийг зээлдэгч буюу хариуцагч хүлээхээр тохирсон байх тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч хэтэрсэн хугацааны алданги шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 2.6-д “зээлдэгч нь гэрээний хугацаа дуусахад зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд энэхүү хугацаа нь цаашид зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үйлчилнэ” гэж заасныг гэрээ сунгагдсан гэж үзэх үндэслэл болно гэж тайлбарласан.

 

Зээлийн гэрээг бичгээр хийсэн тохиолдолд хэлэлцэн тохиролцсон хүүг, тухайн гэрээний хугацаагаар шаардах эрх зээлдүүлэгчид үүсэх бөгөөд хэрэв гэрээний хугацаа дуусвал талууд дахин бичгээр хийх хэлцлийн шаардлагыг хангах буюу гэрээний хугацааг сунгаж байгаа хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцлийг хийж, гарын үсэг зурснаар тухайн хэлцэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 42 дугаар зүйлийн 42.2, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар хүчин төгөлдөр болох учиртай.

 

Тиймээс гэрээний сунгасан хугацааны хүү шаардах зээлдүүлэгчийн эрх нь хугацаа сунгасан талаар дахин гэрээ хийсэн тохиолдолд үүснэ.

 

Манай тохиолдолд гэрээний хугацааг талууд сунгасан талаарх баримтыг дахин үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд гэрээний 2.6 дахь заалт нь гэрээний хугацааг сунгах агуулгатай бус харин үүрэг дуусгавар болоогүй гэж үзэх үндэслэлийн талаарх тохиролцоо байх тул шүүх энэ заалтаар гэрээний хугацааг сунгасан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч нь үндсэн зээл 5,000,000 төгрөг, 31 хоногийн хүү 310,000 төгрөг буюу нийт 5,310,000 төгрөгийг, хугацаа хэтрүүлснээс үүссэн хариуцлага болох 2017 оны 6 дугаар сарын 29-өөс 10 дугаар сарын 03-ныг хүртэлх хугацааны алдангийн хамт хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь зээл, түүний хүүд нийт 5,310,000 төлөх үүрэгтэйгээс 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 488,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 350,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 900,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 250,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 800,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 29-ны өдөр 400,000 төгрөг буюу нийт 3,688,000 төгрөг төлсөн нь Т.Тын Хаан банк дахь 5920070113 тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогджээ.

 

Мөн 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 200,000 төгрөгийг төлсөн нь дээрх дансны хуулгаар тогтоогдсон. Харин 2017 оны 9 дүгээр сард эгч Х.Цээр дамжуулан 300,000 төгрөг төлсөн гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдсонгүй.

 

Тиймээс шүүх баримтаар нотлогдсон хариуцагчийн төлсөн төлбөрүүдийг нэхэмжлэгчийн алданги шаардсан хугацаанд тооцвол 2017 оны 6 дугаар сарын 29-ний байдлаарх үлдэгдэл 1,622,000 төгрөг /5,310,000-3,688,000/ дээр 66 хоног /2017.06.29-2017.09.03/-ийн алданги 535,260 төгрөг /(1,622,000х0,5%)х66хон/-ийг нэмэхэд 2,157,260 төгрөг, үүнээс 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 200,000 төгрөгийг хасвал 1,957,260 төгрөг гарах бөгөөд үүн дээр 30 хоног /2017.09.03-2017.10.03/-ийн алданги 293,589 төгрөг /(1,957,260х0,5%)х30хон/-ийг нэмж тооцоход хариуцагч нийт 2,250,849 төгрөгийг одоо төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нь үйл ажиллагааны зардалд 200,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан боловч чухам ямар ажиллагаанд энэ хэмжээний зардал гаргаснаа тайлбарлаагүй, 200,000 төгрөгийн зардлын талаарх баримтыг шүүхэд гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй үндэслэлээр энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасанд нийцнэ.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Т.Таас 2,250,849 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “П М Ф” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,728,901 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Зохигчид үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээтэй холбоотой аливаа шаардлагыг шүүхэд гаргаагүй тул шүүх энэ гэрээтэй холбоотой асуудлыг хянан хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй байсныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан Т.Таас 2,250,849 төгрөгийг гаргуулж “П М Ф” ХХК-д олгож, “П М Ф” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,728,901 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 50,964 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш зохигчид 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                          Ө.УЯНГА