Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 154/2022/00010

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Алтантуяа

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгч Н.Молиго-очир нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гэгээнтэн овогт Нарантогтохын Молиго-Очирт холбогдох эрүүгийн 2237000000007 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Үенч сумын дулааны станцад галч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг Ховд аймгийн Үенч сумын Хөх Үзүүр багт оршин суух, РД:ПК94040114, Гэгээнтэн овогт Нарантогтохын   Молиго-Очир,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Н.Молиго-Очир нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Үенч сумын Хөх-Үзүүр багийн нутаг дэвсгэрт орших эмнэлгийн хажууд байрлах Э.Батхишигийн эзэмшлийн үсчний байранд бусадтай архидан согтуурах явцдаа Б.Золжаргалтай маргалдаж улмаар нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Молиго-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн. Одоо хэлэх зүйл байхгүй” гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Н.Молиго-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Б.Золжаргал унтаж байхад Алагаа гэх ах босож харьж амар гэж хэлээд босгоход тэр хоёр хоорондоо маргалдаж Б.Золжаргал үсчний байрны цонх хагалж гараас нь цус гарч Очироо Алагаа хоёр гадагш авч гарсан. Би байраа цэвэрлээд гарах гэхэд Золжаргал урдаас орж ирээд надаас гутлынхаа улыг нэхээд байхаар нь байхгүй байна гэж хэлсэн чинь надтай маргалдаж бид хоёр заамдалцаж авахад Очироо, Алагаа, Лхагва гурав салгасан.Гараад над руу дайраад байхаар  хоёр гараас нь барьж аваад нүүр лүү нь мөргөж унагаагаад хоорондоо ноцолдож байхад Золжаргалын эхнэр, Алагаа, Лхагва ах нар салгаж авсан.Бид хоёр тохиролцож хоорондоо гомдол саналгүй болсон....” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би гэртээ байж байтал эхнэр орой ээлжинд гарна гэхээр орой 16 цагт эхнэр Батцэцэгийг ажилд нь хүргэж өгчхөөд тэндээс гараад найз Очкогийнд очоод ярьж сууж байгаад орой 18 цагийн үед Очкотой цуг гараад иртэл манай ажлын шинэ жил хийнэ гэхээр Очкогоос би орж болох юм уу гэж асуусан чинь болно гэсэн. Тэгээд ажлын хүмүүс цуглаад эмнэлгийн хажуу талын үсчний байранд наймуулаа орсон. Тэнд тухайн ажилладаг хүмүүсийн эхнэрүүд нь нэмэгдэж ирээд 6 шил 0.75 литрийн архи уугаад согтсон байналээ. Миний хамар мурийсан, нүд болон хамар хоёрын холбоос яс цууралттай гэж эмч хэлсэн. Би Булган сум ороод эмнэлэгт зураг авхуулж ирсэн тэрнээс өөр ямар нэгэн зардал гаргаагүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, миний гаргасан гомдлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг,

Гэрч О.Очбадралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр манай гэрт Б.Золжаргал ирээд бид хоёр юм  яриад сууж байтал над руу Давааням ах залгаад манай байгууллага өнөө орой шинэ жил тэмдэглэнэ гэж байна гэхээр нь би Б.Золжаргалд намайг сумын төв дөхүүлээд өгөөч гэж хэлээд хүргүүлээд Б.Золжаргал бид нартай хамт шинэ жилд ороод хоол, цай ууж идээд би нилээн архи уугаад муудсан байсан. Нэг мэдэхэд Молиго-Очир, Золжаргал нар хоорондоо ноцолдоод нэг нэгнийхээ дээр гарсан хоёулаа цээж нүцгэн байсан тэгэхээр нь би Молиго-Очирыг татаж холдуулаад Батцэцэг Золжаргалыг татаж босгосон...” гэх мэдүүлэг,

  Хохирогч Б.Золжаргалын биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Энэбишийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 84 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Б.Золжаргалын биед зовхинд цус хуралт, хөмсөг, хамар шанаа, нуруу, сүвээний хэсгүүдэд зулгаралтууд, уруулын талст язарсан, баруун гарын 3, 4, 5-р хуруунуудын 2-р үеэр шархтай, зүүн нүдний ухархайн хананы хугарал зэрэг гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд  үүссэн байх боломжтой.

3. Б.Золжаргалын биед үүссэн дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2015 оны “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл

- хохирол төлсөн баримт

-ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлэж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Н.Молиго-Очир нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Үенч сумын Хөх Үзүүр багийн нутаг дэвсгэрт орших эмнэлгийн хажууд байрлах Э.Батхишигийн эзэмшлийн үсчний байранд бусадтай архидан согтуурах явцдаа Б.Золжаргалтай маргалдаж улмаар нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийн бодит байдал тогтоогдсон, түүний үйлдсэн гэмт үйлдэл нь хохирогч Б.Золжаргалын мэдүүлэг, зодоон болох үед хажууд нь байсан гэрч О.Очбадралын мэдүүлэг болон Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 84 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Н.Молиго-Очирын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Молиго-Очир нь хохирогч Б.Золжаргалыг зодож, түүний эрүүл мэндэд “зовхинд цус хуралт, хөмсөг хамар, шанаа, нуруу сүвээний хэсгүүдэд зулгаралтууд, уруулын салст язарсан, баруун гарын 3, 4, 5 дугаар хуруунуудын 2 дугаар үеэр шархтай, зүүн нүдний ухархайн хананы хугарал” гэмтэл учруулсан ба уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 84 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Н.Молиго-Очир нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсэн хэр нь тэрээр хохирогч Б.Золжаргалын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно.

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Н.Молиго-Очирын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.

Хохирогч Б.Золжаргал нь хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн, баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Н.Молиго-Очир нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч Н.Молиго-Очирт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Молиго-Очир нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 06 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр танилцуулсан байна. Шүүгдэгч Н.Молиго-Очир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдууллаа.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Молиго-Очир нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Н.Молиго-Очирт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гэгээнтэн овогт Нарантогтохын Молиго-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Молиго-Очирыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Молиго-Очирт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Молиго-Очир нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч Н.Молиго-Очирт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6. Шүүгдэгч Н.Молиго-Очир нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Молиго-Очирт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.БАДРАХГЭРЭЛ