Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/934

 

 

 

 

 

 

 

 

 

2019           11           11                                        2019/ШЦТ/934

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Ч.А-,

шүүгдэгч С.О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас  А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 Гүн овогт Сэрээтэрийн О-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905040131144 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, ... ХХК-д техникч ажилтай, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн ...  дугаар хороо ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,  А-

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ... ХХК-д техникч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Гүн овогт Сэрээтэрийн О-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ч.А-, С.О- нар нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашид” зочид буудалд амрах явцдаа маргалдан харилцан зодолдож, С.О- нь Ч.А-гийн биед халдан зодож, түүний биед зовхинд цус хуралт, уруулд язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Ч.А- нь С.О-ийн биед халдан чихний хэсгийг хазаж түүний биед зүүн чихний дэлбэнгийн ¾ хэсгийн тасрал, бугалганд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Ч.А- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор Ч.А- мэдүүлэхдээ: “Тухайн үед бид хоёр ажлаа тарчихаад караокед хоёр цаг дуулсан. Караокеноос гараад буудал орж нэг шил архи уусан. Хэсэг хугацааны дараа би орилоод байхаар нь болиоч гээд хэлээд Нарангэрэл гэх охиныг миний орон дээр унтчих гэсэн. Тэгээд О-ийг унтчихсан юм байх гэсэн чинь босож ирээд уурлаад байсан. Тэгээд маргалдсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор  С.О- мэдүүлэхдээ: “Би тухайн үед согтуу байсан тул өөрөө маргааныг түрүүлж үүсгэсэн байх. Үйл явдлыг сайн санахгүй байна” гэв.

 

Шүүхээс хэргийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч С.О- нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашид” зочид буудалд хохирогч Ч.А-гийн биед халдан зодож, түүний биед зовхинд цус хуралт, уруулд язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Ч.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн “2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хамт ажилладаг О- намайг өнөөдөр орой хамт гадуур гаръя гээд байсан. Тэгэхээр нь орой ажил тараад хамт гарсан. Тухайн үед Нараа гэх эмэгтэйг 10 дугаар хорооллоос аваад Модны хоёрын голын зам дагуу байрлах Paris нэртэй караокед ороод нэг шил архи аваад О-, Нараа нар хувааж уусан.

... Тэгээд унтацгаасан. Нэг сэрсэн чинь Нараа гэх эмэгтэй аймар орилоод байхаар нь би өөрийнхөө орон дээр унт гэж хэвтүүлээд би өөрөө О-ийн хажуугаар ороод хэвтэх гэтэл намайг хэвтүүлээгүй. Тэгэхээр нь босоод Нараа гэх хүүхний хажуугаар нь ороод хэвтэж байсан чинь О- босож ирээд чи бос пизда минь гээд нуруу руу хатгасан. Тэгэхээр нь би босоогүй. Хөнжлөө толгой дээгүүрээ давуулаад л хэвтэж байтал О- миний хөнжлийг хуу татаад босоод ир гэсэн. Тэгэхээр нь би босоод урд нь зогссон чинь намайг нэг удаа нүүр лүү цохиж аваад дараа нь дээрээс дараад орон дээр дараад хэвтчихсэн. Дээрээс тохойгоороо хүзүүн дээр дараад амьсгал боогдуулсан. Тэгэхээр нь би босох гээд зүүн чихнээс нь хазсан чинь О- шууд дээшээ босох үед чихнээс нь цус гараад байсан. Бид хоёр шууд Гэмтлийн эмнэлэг явсан. Тухайн үед Нараа гэх эмэгтэй зочид буудалд үлдсэн. ... Би эрүүл байсан. Шалтгааныг нь сайн мэдэхгүй байна. Би Нараа гэх хүүхний хажуугаар нь ороод  хэвтчихсэн байсан. Тэрнээс болсон байх гэж бодож байна. Би цохиогүй. Харин миний дээрээс дараад хоолойн дээр тохойгоороо дарж амьсгал боогдуулаад байхаар нь чихнээс нь хазсан өөр цохиж зодоогүй. Гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/

“ ... Би эмчилгээ хийлгээгүй. Эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 100-101 дүгээр хуудас/

Гэрч Л.Нарангэрэлийн “... Paris караокед ороод нэг шил архийг О-тэй хувааж уусан. А- нь машин барина гээд уугаагүй. Тэгээд би согтоод юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг сэрсэн чинь би гэрийн гадаа таксигаар ирчихсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25-27 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12349 дугаартай:

“1. Ч.А-н биед зовхинд цус хуралт, уруулд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 30 дугаар хуудас/

С.О-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Би Ч.А-гийн биед халдаж гэмтэл учруулсан асуудлаа зөвшөөрч байна. Би Ч.А-гийн эмчилгээний зардлыг барагдуулаагүй. Хүлээн зөвшөөрч байна. Миний буруу.” гэсэн мэдүүлэг /хэргийн 60-64 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч С.О-ийг хохирогч Ч.А-г унтаж байхад нь татаж босгоод нүүрэн тус газар нь цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй тул түүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.А-д холбогдох хэргийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

Прокуророос Ч.А-г “С.О-тэй харилцан зодолдож С.О-ийн биед халдан чихний хэсгийг хазаж түүний биед зүүн чихний дэлбэнгийн ¾ хэсгийн тасрал, бугалганд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлджээ.

Хохирогч С.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би тухайн үед согтуу байсан тул өөрөө маргааныг түрүүлж үүсгэсэн байх” гэсэн мэдүүлэг.

Хохирогч Ч.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн “... Нэг сэрсэн чинь Нараа гэх эмэгтэй аймар орилоод байхаар нь би өөрийнхөө орон дээр унт гэж хэвтүүлээд би өөрөө О-ийн хажуугаар ороод хэвтэх гэтэл намайг хэвтүүлээгүй. Тэгэхээр нь босоод Нараа гэх хүүхний хажуугаар нь ороод хэвтэж байсан чинь О- босож ирээд чи бос пизда минь гээд нуруу руу хатгасан. Тэгэхээр нь би босоогүй. Хөнжлөө толгой дээгүүрээ давуулаад л хэвтэж байтал О- миний хөнжлийг хуу татаад босоод ир гэсэн. Тэгэхээр нь би босоод урд нь зогссон чинь намайг нэг удаа нүүр лүү цохиж аваад дараа нь дээрээс дараад орон дээр дараад хэвтчихсэн. Дээрээс тохойгоороо хүзүүн дээр дараад амьсгал боогдуулсан. Тэгэхээр нь би босох гээд зүүн чихнээс нь хазсан чинь О- шууд дээшээ босох үед чихнээс нь цус гараад байсан. Бид хоёр шууд Гэмтлийн эмнэлэг явсан. Тухайн үед Нараа гэх эмэгтэй зочид буудалд үлдсэн. ... Би эрүүл байсан. Шалтгааныг нь сайн мэдэхдгүй байна. Би  Нараа гэх хүүхний хажуугаар нь ороод  хэвтчихсэн байсан. Тэрнээс болсон байх гэж бодож байна. Би цохиогүй харин миний дээрээс дараад хоолойн дээр тохойгоороо дарж амьсгал боогдуулаад байхаар нь чихнээс нь хазсан өөр цохиж зодоогүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/

 

С.О-ийн хохирогчоор өгсөн “2019 оны 10 дугаар сарын 04-ний орой ажлаа тараад л хамт ажилладаг А-гийн хамтаар Нараа гэх танил эмэгтэйг Модны хоёрын зам дагуу байрлах Paris нэртэй караокед ороод архи уусан. Тэгээд караокеноос гараад зочид буудалд орсон. Караокеноос хэд гэж  гарснаа мэдэхгүй байна. Нилээн согтуу байсан. Тэгээд зочид буудалд орохдоо архи авч орсон. Тэгээд буудалд ороод авсан архиа Нараа бид хоёр хувааж уусан. А- 1-2 удаа удаа уусан байх. Тэгээд юу болсоныг мэдэхгүй. Нэг мэдсэн чинь би А-тай барилцаад авчихсан байсан. Тэгээд нэг мэдсэн чинь миний чихнээс цус гарч байсан. Тэгээд А- бид хоёр Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Миний согтолт их байсан.

... Би А-г цохисон гэсэн. Би өөрөө санахгүй байна. Нүд нь хөхөрсөн байсан. А- намайг булчин болон чихнээс хазсан байсан. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15 дугаар хуудас/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд С.О-, Ч.А- нар нь зочид буудалд байж байхад С.О- нь согтуугаар Ч.А-гийн биед нь халдаж нүүрэн тус газар нь цохиж улмаар орон дээр унагааж гарын тохой хэсгээрээ хоолой дээр нь дарж амьсгалыг нь боогдуулсан ба энэ үйлдлийн эсрэг Ч.А- нь түүний чихийг хазаж гэмтэл учруулсан үйл баримт тогтооджээ.

Хохирогч С.О-ийн “ ... Нэг мэдсэн чинь би А-тай барилцаад авчихсан байсан. Тэгээд нэг мэдсэн чинь миний чихнээс цус гарч байсан... “ гэсэн мэдүүлэгт Ч.А-гийн гэм буруутай үйлдлийн талаар ямарч тодорхой нөхцөл байдлыг мэдүүлээгүй байна.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээс дүгнэж үзвэл С.О- нь эхэлж илэрхий хүч хэрэглэсэн довтолгоо хийж Ч.А-гийн бие халдсан бөгөөд түүний үйлдэл нь Ч.А-гийн эрүүл мэнд болон хууль ёсны эрх, ашиг сонирхолд хор хохирол учрах, эсхүл хор хохирол учруулах бодитой  шууд аюул тулгарах нөхцөл байдал бий болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ ...эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж  мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл нийгэмд аюултай халдлага бодитой эхэлсэн, эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь хэн бүхэнд тодорхой байгаа үед хамгаалалт хийх эрх үүсэх бөгөөд бодитой хүч хэрэглэсэн шинжтэй шууд заналхийлэл нь аргагүй хамгаалалт хийх хууль зүйн үндэслэл юм.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.А-гийн хохирогч С.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учуулсан үйлдлийг аргагүй хамгаалалт гэж дүгнэж түүнд холбогдох хэргийг  гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал бий болсон тул хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч С.О-, Ч.А- нарын үйлдлийг “харилцан зодолдож” гэж дүгнэсэн боловч энэ талаар ямар ч үйл явдал, нотлох баримт хэрэгт тогтоогдоогүй бөгөөд харин хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар С.О- нь довтолж Ч.А- нь хамгаалсан үйлдэл хийсэн байна гэж дүгнэв.

Түүнчлэн прокурор Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолдоо “Ч.А-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар үндэслэл бүхий нотлох баримтын талаар дурдаагүй”, яллах дүгнэлтэндээ Ч.А-гийн хохирогчоор өгсөн “ ... О- босож ирээд чи бос пизда минь гээд нуруу руу хатгасан. Тэгэхээр нь би босоогүй. Хөнжлөө толгой дээгүүрээ давуулаад л хэвтэж байтал О- миний хөнжлийг хуу татаад босоод ир гэсэн. Тэгэхээр нь би босоод урд нь зогссон чинь намайг нэг удаа нүүр лүү цохиж аваад дараа нь дээрээс дараад орон дээр дараад хэвтчихсэн. Дээрээс тохойгоороо хүзүүн дээр дараад амьсгал боогдуулсан” гэсэн мэдүүлгийг нотлох баримтаар дурдсан байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.О- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын санА- танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч С.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох, ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор С.О-, Ч.А- нар мэдүүлэхдээ “бид хоорондоо эвлэрсэн” гэсэн тул шүүгдэгч С.О-ээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, С.О-, Ч.А- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  А-д холбогдох  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Гүн овогт Сэрээтэрийн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.О-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  С.О- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ч.А-, С.О- нар цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.А-, С.О-  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ