Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1887

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

2020          10           29                                        2020/ШЦТ/1887

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

Улсын яллагч Ц.Г

Нарийн бичгийн дарга И.С,

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж.Б холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Ж.Б ....

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ булаг” хүнсний дэлгүүрийн үүдэнд иргэн Г.У маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1],

 

Шүүгдэгч Ж.Б яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би тухайн үед согтуу байсан болохоор яг юу болсон талаар сайн санахгүй байна. Би архи уухаараа гаднаасаа бол эрүүл харагддаг боловч дотроо өөрөө тасарсан байдаг хүн. Гэхдээ би Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ булаг” гэх нэртэй дэлгүүрийн гадна надад зодуулсан гэх залуутай муудалцаж маргалдаж зодолдсон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа..” гэх мэдүүлэг[2],

 

Хохирогч Г.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаарх хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ булаг” нэртэй хүнсний дэлгүүрийн үүдэнд байж байхад согтуу залуу манай эхнэр Бадамхандыг мөрлөсөн, тэгээд манай эхнэрт “уучлаарай пизда минь” гэсэн тэгэхээр нь би “чи эмэгтэй хүнд юм гээд байгаа юм бэ” гэхэд согтуу залуу намайг ирж заамдаж авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд заамдаад авахад тэр залуу намайг дагуулж эргүүлээд шатны нөгөө талд байсан машинд намайг шахаж байгаад  гараа зангидаж байгаад миний ам руу 3 удаа цохисон. Тэгээд манай эхнэр салгасан салсны дараа амнаас цус гараад байхаар нь харахад үүдэнд хоёр шүд хугараад доод шүдний голын 4 шүд хөдөлсөн байсан” гэх мэдүүлэг[3],

 

Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 9 сарын 25-ны өдрийн орой 21-22 цагийн хооронд дэлгүүр дээр байж байхад манай дэлгүүрийн үйлчлэгч Бадамханд нь цэвэрлэгээ үйлчилгээ хийж байхад нөхөр Уламбаяр нь гадна талбай шүүрдээд байж байсан. Яг тэр үед Бажу гэж дууддаг нөхөр дэлгүүр лүү шагайгаад намайг хараад шууд буцаад гарсан. Тэгээд байж байтал гадаа чимээ гарахаар нь гараад харахад Бажу нь Уламбаяр ахыг зодож байсан” гэх мэдүүлэг[4],

 

Гэрч О.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тус өдөр гэрийнхээ тагтан дээр гарч ирээд тамхи татах гээд байж байхад нэг залуу гарч ирээд гадаа тамхи татаад сууж байсан хүнийг заамдаж татаж босгож ирээд машин руу түлхсэн. Машин руу түлхэж зогсож байгаад нүүр лүү 2-3 удаа цохиж харагдсан.” гэх мэдүүлэг[5],

 

Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ажил дээрээ 12 цаг гэж очоод орой тарах гээд цэвэрлэгээгээ хийж байсан ба манай нөхөр Уламбаяр манай ажил дээр 21 цаг өнгөрч байхад ганцаараа ирсэн ба намайг хүлээгээд шалан дээр сууж байсан. Би угаадсаа асгах гээд явж байхад нэг үл тахин том биетэй залуу намайг мөрлөхөөр нь “би яагаад байгаа юм бэ” гэхэд “уучлаарай” гээд өнгөрсөн ч миний ардаас хараагаад байх шиг байсан. Тэгээд би ороод гараад ирэхэд манай нөхрийн ам хамар цус болчихсон байхаар нь би “яасан юм бэ” гэхэд нөгөө үл таних залуу манай нөхрийг зодсон байсан.” гэх мэдүүлэг[6],

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 11086 дугаартай:

“1.Г.У дээд уруулд шарх, дээд үүдэн хоёр шүдний мултрал тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт[7],

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа[8],

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,[9]

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10]

Таслан шийдвэрлэх тогтоол болон шийтгэх тогтоолын хуулбарууд[11] зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

 Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэбулаг хүнсний дэлгүүрийн үүдэнд иргэн Г.У-тай маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Шүүгдэгч Ж.Б яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэбулаг” гэх нэртэй дэлгүүрийн гадна надад зодуулсан гэх залуутай муудалцаж маргалдаж зодолдсон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа..” гэх[12],

 Хохирогч Г.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “миний ам руу 3 удаа цохисон. Тэгээд манай эхнэр салгасан, салсны дараа амнаас цус гараад байхаар нь харахад үүдэнд хоёр шүд хугараад доод шүдний голын 4 шүд хөдөлсөн байсан” гэх[13],

Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Бажу нь Уламбаяр ахыг зодож байсан” гэх[14],

Гэрч О.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Машин руу түлхэж зогсож байгаад нүүр лүү 2-3 удаа цохиж харагдсан.” гэх[15],

Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “манай нөхрийн ам хамар цус болчихсон байхаар нь “би яасан юм бэ” гэхэд нөгөө үл таних залуу манай нөхрийг зодсон байсан.” гэх мэдүүлгүүд[16], Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 11086 дугаартай дүгнэлт[17]зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Ж.Б нь хохирогч Г.У эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Г.У Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 11086 дугаартай дүгнэлтээр “дээд уруулд шарх, дээд үүдэн хоёр шүдний мултрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ж.Б нь хохирогч Г.Уламбаярын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Ж.Б үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ж.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчид хохирол төлбөрийг барагдуулсан, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Ж.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Г.У нь “гомдол санал байхгүй байхгүй тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү”[18] гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Ж.Б уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Шүүх шүүгдэгч Ж.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Ж.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.Б “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ж.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                        М.ТҮМЭННАСТ        

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 33 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 6 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 8 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 10 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 12 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 22 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас

[9] Хавтаст хэргийн 36 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 39 дүгээр хуудас

[11] Хавтаст хэргийн 42-49 дүгээр хуудас

[12] Хавтаст хэргийн 33 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 6 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 8 дугаар хуудас

[15] Хавтаст хэргийн 10 дугаар хуудас

[16] Хавтаст хэргийн 12 дугаар хуудас

[17] Хавтаст хэргийн 22 дугаар хуудас

[18] Хавтаст хэргийн 92 дугаар хуудас