Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
Хэргийн индекс | 130/2017/00284/И |
Дугаар | 212/МА2017/00110 |
Огноо | 2017-09-28 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 212/МА2017/00110
Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 450 дугаар шийдвэртэй, Б-ийн нэхэмжлэлтэй, Б аймаг дахь К банкны салбарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Халамжийн тэтгэврийн 2016 оны 11, 12, 2017 оны 1 ,2, 3, 4, 5, 6 дугаар сарын мөнгө 1728000 төгрөгийг гаргуулах, 2017 оны 5 дугаар сараас эхлэн тэтгэмжийн мөнгийг хууль бусаар барьцаалахгүй байхыг даалгах тухай.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: “Миний бие К банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 2014 оны 10 дугаар сарын үед 2,4 хувийн хүүтэй 10 сая төгрөгийн зээл авч төлсөөр байгаад Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 493 тоот шийдвэрийн дагуу 352 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж эд хөрөнгө болох хашаа байшингаа эзэмшил газраас хураалгаж шүүхийн шийдвэрт заасан бүх хохирлыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба бүрэн барагдуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 37 тоот шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарч дууссан.
Гэтэл К банкны салбар Б миний 2016 оны 7-10 дугаар саруудын тэтгэмжийн мөнгө нийт 864000 төгрөг ба хүү Е бид хоёрын иргэн бүрт олгосон 1072 ширхэг хувьцааны мөнгө болох 405426 төгрөгийг өгөхгүй болохоор миний бие сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан ба 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 769 дүгээр шийдвэрийн дагуу 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 84 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж дуусгавар болсон. Одоо 2016 оны 11, 12 дугаар саруудын ба 2017 оны 1-4 дүгээр саруудын халамжийн мөнгө болох 1296000 төгрөгийг өгөхгүй намайг хохироож байна.
К банкны салбар нь халамжийн тэтгэмжийн мөнгө болох 1296000 төгрөгийг хуул бусаар барьцаалж, миний эрхийг хоёр дахь удаагаа ноцтой зөрчиж байгаа тул Б миний 2016 оны 11, 12, 2017 оны 1, 2, 3, 4 дүгээр саруудын халамжийн тэтгэмж 1296000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ирэх саруудад буюу 2017 оны 5 дугаар сараас эхлэн тэтгэмжийн мөнгийг хууль бусаар барьцаалахгүй байхыг хатуу даалгаж өгнө үү.
Мөн 2017 оны 5, 6 дугаар саруудын халамжийн мөнгө болох 432000 төгрөгийг нэмж нийт 1728000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна.” гэжээ.
Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарт: “Зээлдэгч Б нь манай банкнаас 2014 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 10,0 сая төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2,4%-ийн хүүтэй гэр бүл ахуйн хэрэглээний нөхцөлөөр авсан байдаг. Гэвч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, байнга шахаж шаардаж зээл төлүүлж байгаад зээл муу ангилалд шилжсэн тул Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 493 тоот шийдвэрээр банкийг хохиролгүй болгох шийдвэр гарсан.
Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжин шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж, барьцаа хөрөнгийг 2 удаагийн дуудлага худалдаагаар худалдаалах зар явуулсан боловч зарагдахгүй байсан тул барьцаа хөрөнгийг банкны Өмчлөх бус үл хөдлөх хөрөнгийн дансанд шилжүүлэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 37 тоот тогтоолоор хөрөнгийг банканд хүлээлгэж өгсөн. Манай банкны 8,6 сая төгрөгийн зээлийн төлбөрт шилжүүлж өгсөн хөрөнгө болох хашаа байшин, газар нь одоог хүртэл зарагдахгүй бид гэрээт телевизийн сувгуудаар хөрөнгийг худалдаалах зар явуулж байгаа. Банкны Өмчлөх бус үл хөдлөх хөрөнгийн дансанд 8,6 сая төгрөг Б-ын нэр дээр бүртгэлтэй байна. Зээл хүү зогссон одоо ямар нэгэн хүү нэмэгдэхгүй байгаа тул та байшин, газраа буцаан авч тэтгэмжийн мөнгийг байшингийн үнэд шилжүүлж байвал 3 жилийн дотор таны өр төлбөр бүрэн төлөгдөж хашаа байшин, газраа өөрийн нэр дээр шилжүүлэн авах боломжтой байгаа тухай зээлдэгч Бад банкны зүгээс санал тавьж байгаа боловч хүлээн зөвшөөрөхгүй банкны итгэлийг алдаж тусалж дэмжиж байсан харилцагч банканд хохирол учруулж байна. Иймд зээлдэгчийн манай банк дахь зээл нь бүрэн хаагдаагүй байгаа тул зээлдэгч Б-ын тахир дутуугийн группийн мөнгийг гаргаж өгөх боломжгүй байгаа ба цаашид ч бид барьцаа хөрөнгө худалдан борлуулагдаж банкны өмнө хүлээсэн өр төлбөрийн тооцоо дуусах хүртэл гаргаж өгөх боломжгүй болно.” гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 450 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан К банкны Баян-Өлгий салбараас 1728000 төгрөгийг гаргуулан Б-д олгож, нэхэмжлэгчийн тэтгэмжийн мөнгийг хууль бусаар барьцаалахгүй байхыг даалгаж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Б-ын тэтгэмжийн мөнгө нь манай банкны тэтгэврийн харилцах дансанд сар бүр аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 216 мянган төгрөг шилжиж ирдэг. Бид Б-ын банкны өмчлөлд хураан авсан хашаа байшинг худалдаалж чадахгүй, эцсийн тооцоо дуусгавар болоогүй, банкны ӨБҮХ-ийн дансанд нийтдээ 8,6 сая төгрөг Б-ын нэр дээр бүртгэлтэй байгаа тул гаргаж өгөх боломжгүй байна. Банкны зүгээс одоо ямар нэгэн хүү нэмэхгүй тул та Өлгий сумын 4 дүгээр багт буй хашаа байшингаа буцаан авч сар бүр авч буй тэтгэмжийн мөнгийг байшингийн үнэд шилжүүлж байвал 3 жилийн дотор төлж дуусгаж хашаа байшингаа өөрийн өмчлөлд шилжүүлэн авах боломжтой байгаа тухай саналаа хэлж байгаа боловч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Б-ын К банкны Баян-Өлгий салбараас нэхэмжилж буй тэтгэмжийн мөнгийг гаргуулах хүсэлт нь үндэслэлгүй, харин ч банкны үзүүлсэн дэмжлэгийг ойлгохгүй, банкны ажилтнуудын үзүүлсэн тус дэмийг мэдэхгүй, их хэмжээний банканд өр зээлийн тооцоотой байгаа гэдгийг ухаарахгүй нэхэмжлэл гаргасан байдаг тул сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.
Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “Миний бие К банкнаас зээл авч, барьцаанд нь 4 өрөө модон байшин, хашааг тавьсан. Авсан зээлээ өөрийн боломжоороо төлж байгаад шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас миний хашаа байшинг хураан авч шүүхийн ажиллагаа дуусгавар болсон. Тухайн үед 2.000.000 төгрөг бэлнээр өгье, үлдсэнийг нь хувааж төлье, байшинг минь битгий хураагаач, биднийг битгий нүүлгээч гэхэд биднийг нүү, хашаа байшингаа султга гэсээр биднийг хөөж гаргасан.
Очих газар, орон гэргүй болж, зовж зүдэрч, сэтгэл санааны хямралаас болж сэтгэцийн өвчтэй болж 2016 оны 7 дугаар сараас тахир дутуугийн группт гарсан. Намайг группт гарсан тэр цагаас хойш миний халамжийг өгөхгүй чирэгдэл гаргаж байна.
Би К банкнаас зээл авахад төлж чадахгүй бол хашаа байшингаа өгнө гэж гэрээ хийсэн болохоос биш 3 жилийн дараа өвчтэй болон группт гарч, группийн мөнгөө өгнө гэж гэрээ хийгээгүй. Энэ группийн мөнгийг хашаа байшин барихад барилгын материал зээлээр өгч тусалсан хүмүүст хурдхан зээлээ төлж сэтгэлээ амраамаар байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч нотлох баримтыг үнэлэхдээ алдаа гаргасан байх тул шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч Б нь хариуцагч К банкны Баян-Өлгий салбарт холбогдуулан 2016 оны 11, 12 дугаар сар, 2017 оны 1-6 дугаар сар хүртэлх халамжийн мөнгө болох 1728000 төгрөг гаргуулах, 2017 оны 5 дугаар сараас эхлэн тэтгэмжийн мөнгийг хууль бусаар барьцаалахгүй байхыг даалгаж өгөх тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч Б нь тус банкнаас 2014 онд авсан зээлийн төлбөр болох 8.6 сая төгрөгийн зээлийн төлбөрт шилжүүлж өгсөн хөрөнгө болох хашаа байшин, газар нь одоо хүртэл зарагдаагүй байгаа бөгөөд зээл бүрэн хаагдаагүй байгаа тул тахир дутуугийн группийн мөнгийг гаргаж өгөх боломжгүй байгаа ба цаашид барьцаа хөрөнгө худалдан борлуулагдаж банкны өмнө хүлээсэн өр төлбөрийн тооцоо дуусах хүртэл гаргаж өгөх боломжгүй гэж эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч К банкны Баян-Өлгий салбар нь нэхэмжлэгч Б-ын тахир дутуугийн группийн мөнгийг олгохгүй байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Хэрэгт авагдсан баримтуудаар Б нь К банкны Баян-Өлгий салбараас 2014 онд 10 сая төгрөгийн зээл авч, үүнээс 8.1 сая төгрөгийн үлдэгдэлтэй байсныг шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүхээс 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 493 дугаартай шийдвэр гарч, гүйцэтгэх хуудас бичигдэж, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаартай тогтоолоор эд хөрөнгөөр төлсөн гэсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссанд тооцсон байхад хариуцагч талаас зээлийн төлбөрийг төлөхөөр халамжийн тэтгэмжийг барьцаалсан бусад хөрөнгөөр төлөх талаар тохиролцсон нотлох баримт байхгүй байхад группийн мөнгийг олгохгүй байгаа нь үндэслэлгүй ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн Нийгмийн халамжийн сангаас авах 2016 оны 11, 12 дугаар саруудын , 2017 оны 1-6 дугаар сар хүртэлх тэтгэмжийн мөнгө болох 1728000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2017 оны 5 дугаар сараас эхлэн тэтгэмжийн мөнгийг хууль бусаар барьцаалахгүй байхыг даалгаж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг Б-ын нийгмийн халамжаас авах тэтгэмжийг барьцаалсан асуудал байхгүй бөгөөд харин К банкны Баян-Өлгий салбар нь дээрх мөнгийг өөртөө шилжүүлж авсан байх тул барьцаалахгүй байхыг даалгах боломжгүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалбал, хариуцагч К банкны Баян-Өлгий салбар нь удаа дараа нэхэмжлэгч Б-ын нийгмийн халамжийн сангаас авах тэтгэмжийн мөнгийг олгохгүй байгаа явдал нь хууль бус байх тул нэхэмжлэгчийн тэтгэмжийн мөнгийг хууль бусаар барьцаалахгүй байхыг даалгаж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтын нэхэмжлэгчийн тэтгэмжийн мөнгийг хууль бусаар барьцаалахгүй байхыг даалгаж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг цаашид нэхэмжлэгч Б-ын нийгмийн халамжийн сангаас олгогдох тэтгэмжийн мөнгийг хууль бусаар, үндэслэлгүйгээр барьцаалахгүй байхыг хариуцагч К банкны Баян-Өлгий салбарт үүрэг болгож өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42598 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 450 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “нэхэмжлэгчийн тэтгэмжийн мөнгийг хууль бусаар барьцаалахгүй байхыг даалгаж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “цаашид нэхэмжлэгч Б-ын нийгмийн халамжийн сангаас олгогдох тэтгэмжийн мөнгийг хууль бусаар, үндэслэлгүйгээр барьцаалахгүй байхыг хариуцагч К банкны Баян-Өлгий салбарт үүрэг болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42598 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Н.ТУЯА
Д.КӨБЕШ