Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 50

 

                                                         

 

 

 

 

 

 

 

                                       холбогдох эрүүгийн

                                                            хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Анхбаяр,

яллагдагч Л.Л- , түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2920 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Анхбаярын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 29 дугаартай прокурорын эсэргүүцлээр Л.Л-д холбогдох эрүүгийн 180606151334 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б  овгийн Л-ын Л , 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, ....................................... ............... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;

 

Л.Л-  нь 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 03 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ботаникийн хойд замд 88-07 УНИ улсын дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана”, Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралт, 25.7.2-д “тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1, 7.3, 7.14, 7.16.а, б, в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас жолооч Г.Ө- жолоодож явсан 90-19 УНК улсын дугаартай “Тоёота приус” загварын автомашинтай мөргөлдөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, автомашинд шууд 4,205,000 /нийт 5.140.000/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Л.Л- гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Л.Л- гийн өмгөөлөгч Х.Даваахүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-д “...нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн” талаар, 6.15-д зааснаар “хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” хүсэлтийг тус тус гаргасан бөгөөд шүүх хүсэлтүүдийг хүлээн авах үндэстэй байна. Иймд дараах мөрдөн шалгах ажиллагааг хийх нь зүйтэй байна.

1. Зам тээврийн гэмт хэрэг хэзээ, хаана гарсан талаар тодруулах ажиллагааг хийх. Хавтас хэргийн 8 дугаар талд, хэргийн газрын үзлэгийг тавхан минутад хийсэн байдаг. 03:30-03:35-д бөгөөд үзлэг Замын цагдаагийн зохицуулагч а/х Батбуян хийсэн байдаг. Замын хөдөлгөөний дүрмийн 1.4-д “Зохицуулагч гэж замын хөдөлгөөнийг зохицуулах, хяналт тавих эрх үүрэг бүхий этгээдийг хэлнэ” гэж заасан байдаг. Ослын улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1-д зааснаар мөрдөгч, хэрэг бүртгэгч үзлэгийг хийх ёстой. Үзлэгийг Замын цагдаагийн албаны бүрэлдэхүүн мөрдөгч, шинжээч, техникийн байцаагч бүрэлдэхүүнтэй хийж, тус тусын чиг үүргийн дагуу нотлох баримтыг бүрдүүлэх ёстой. /хууль ёсны ажиллагаа хийгдээгүй/. Схем зургийг техникийн шинжээч үйлддэг. Гэтэл зохицуулагч а/х Батбуян үйлдсэн /хх 11/ осол болсон зам орчны байдлыг бичээгүй гэх мэт гэжээ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1-д зааснаар мөрдөгч, хэрэг бүртгэгч үзлэгийг хийх ёстой байтал замын зохицуулагч хийсэн байх тул Л.Л-дхолбогдох замын тээврийн гэмт хэргийг хуульд заасан журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааг хийх. Хавтас хэргийн 12 дугаар хуудсанд байгаа фото зургийг криминалистикийн шинжээч үйлдэх ёстой. Гэтэл хэн үйлдсэн нь тодорхойгүй, гарын үсэггүй, осол шөнө болсон байхад өдөр авсан зураг авагдсан. Хавтас хэргийн 13 дугаар хуудсанд шөнө авсан зураг, жолооч нарын авсан зураг гэж байгаа боловч А цэг авсан нотлох баримтгүй гэх мэт эргэлзээтэй. Дээрх байдлаас үзэхэд хэргийн газрын үзлэг хууль бусаар хийгдсэн гэж үзэх үндэслэл бүрэн байна гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.2 дугаар зүйлийн 1-д “мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааг гэрэл зураг, эсхүл дуу, дүрсний бичлэгээр бэхжүүлнэ”, 28.2 дугаар зүйлийн 5-д “Дуу-дүрсний бичлэгт тухайн ажиллагааны зорилго, он, сар, өдөр, байршил, эхэлсэн, дууссан цаг минутыг тусгана” гэж тус тус хуульчилсан байх ба энэ дагуу фото зургийн ажиллагааг хийх.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд прокурор, мөрдөгч өөр шинжээчид даалгаж болно” гэсний дагуу хэрэг бүртгэгч, мөрдөгчийн ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй тул дахин техникийн шинжээч томилон дүгнэлтийг гаргуулах, хохирогч болон яллагдагч нараас дахин мэдүүлэг авах замаар хохирогчийн буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь зүйтэй. Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаах үндэстэй байна гэж дүгнээд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Л-ын Л-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806061510334 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Тээврийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Л.Л-дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдаж, Л.Л- гийн жолоочийн №26018 дугаартай үнэмлэх, 88-07 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн №0188452 дугаартай гэрчилгээг хэргийн хамт хүргүүлж, хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Анхбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагчийн өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасны дагуу анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтүүдийг тодорхой байх ёстой гэж урьдчилсан хэлэлцүүлгийн үндэслэлүүдийг бичүүлэхээр хойшилж, үүний дараа урьдчилсан хэлэлцүүлэг хийж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид өмгөөлөгчийн хүсэлтэд прокурор тайлбар хэлсэн нь бичигдээгүй. Энэ нь өөрөө мэтгэлцээний зарчим, урьдчилсан хэлэлцүүлэгт яригдсан ажиллагаануудын бичвэр хэсгийг хасаж гаргасан.

Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн зохицуулагч, эрх бүхий албан тушаалтан уг ослын дуудлага мэдээллийг хүлээн аваад Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйл, 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3, 23.5 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэргийн газрын үзлэг хийж, ажиллагаа явуулсан байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1.15-д “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжтэй бол эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, харьяаллын дагуу шилжүүлэх” гэж заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Улсын Ерөнхий прокурорын газраас харьяалал тогтоож, Тээврийн прокурорын газарт ирүүлсэн. Тухайн зөрчил шалгах ажиллагааны үед хийгдсэн нотлох баримтууд хууль ёсонд нийцсэн.

Шүүгчийн захирамжид заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасантай нийцэхгүй байна. Шүүх Замын хөдөлгөөний дүрмийн 1.4-д “Зохицуулагч гэж замын хөдөлгөөнийг зохицуулах, хяналт тавих эрх бүхий этгээдийг хэлнэ” гэж заасан. Ослын улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байхад... гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан эрх, үүргийн дагуу, эсхүл прокурорын даалгавраар энэ хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулна” гэжээ.

Гэтэл захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “мөрдөгч, хэрэг бүртгэгч үзлэгийг хийх ёстой байтал” гэж тус тус хууль дүрэмд, хуульчилсан, үгчлэн заагаагүй байхад дээрх зүйл, хэсгийг иш татсан нь учир дутагдалтай болжээ.

Хэрэгт авагдсан хэргийн газрыг тодруулсан гэрэл зургууд нь осол хэрэг гарсны дараа уг замын тэмдэг, тэмдэглэгээг харуулсан баримтууд авагджээ. Үүгээр жолооч Л.Л-  нь автомашин жолоодож явахдаа үргэлжилсэн шугам давж хөдөлгөөнд оролцсон, эргэх үйлдэл хийхийг хориглосон тэмдэглэгээг зөрчсөн нь харагдаж байна. Хэрэгт авагдсан 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн 594 дугаартай дүгнэлт зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан нотлох баримт гэж үзнэ.

Учир нь, хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь тодорхойгүй, бүрэн биш гэж үзэх боломжгүй байх бөгөөд өөрөөр хэлбэл эргэлзээтэй байдал үүсээгүй, дээрх нотлох баримтыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Мөн шинжээчийн дүгнэлтэд дурдсан яллагдагч Л.Л- гийн Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хэрэгт хавагдсан нотлох баримтын хүрээнд яллагдагч Л.Л- гийн буруутай үйлдлийг тогтоох боломжтой. Энэ хэрэгт хүндэвтэр хохирол учирсан хохирогч Г.Ө  нь ямар нэгэн гомдол гаргаагүй. Хэргийн улмаас бусдад учирсан эд хөрөнгийн хохирлын асуудалд яллагдагч Л.Лхагвсүрэнгийн үйлдлийг буруутгах нөхцөл байдал үүссэн.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байна. ...” гэв.

Яллагдагч Л.Л- гийн өмгөөлөгч Х.Даваахүү эсэргүүцэлд бичсэн тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Прокурорын эсэргүүцэлд хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийгээгүй. Зөвхөн нэг жишээгээр эсэргүүцэлд осол болсон газрыг Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутагт болсон гэж дурдсан байна. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 10-нд үйлдсэн 377 тоот яллах дүгнэлтэд “Тухайн зам тээврийн осол 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт болсон” гэж дурдсан. Гэтэл прокурорын эсэргүүцэлд “Л.Л-дхолбогдох тухайн хэрэг нь 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон” гэж зөрүүтэй оруулж ирж байгаа нь шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

Нотлох баримтуудыг прокурор Н.Анхбаяр өөрөө үйлдсэн, нотлох баримт эргэлзээтэй хууль ёсны болоогүйг нотолж байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд зөрүүтэй байна, энэ зөрүүтэй байдлыг шалгах шаардлагатай байгаа гэдгийг прокурор өөрөө зөрүүтэй 2 нотлох баримтаар оруулж ирж байна.

Мөн эрх бүхий албан тушаалтан хэргийн газрын үзлэг хийх ёстой байтал прокурорын эсэргүүцэлд 2018 оны 11 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний дүрмийг 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гарсан энэ хэрэгт баримтлахгүй.  

Хавтас хэргийн 1 дүгээр талд хэргийг үүсгэсэн, хэрэг бүртэглтийн тогтоол байдаг. Энэ нь хувилсан, хэн үйлдсэн нь тодорхойгүй, гараар Мөнгөншагай гэж бичсэн баримт нь нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй. Энэ тогтоолыг анх н.Сувданчимэг прокурор үйлдсэн боловч төгсгөл байхгүй. Хэргийн газрын үзлэгийг тэмдэглэл, схем зураг, фото зургийн үзүүлэлтийг үйлдсэн субъект нь замын зохицуулагч байдаг. Зохицуулагч нь замын хөдөлгөөнд хяналт тавьдаг этгээд болохоос хэргийн газрын үзлэг хийдэг этгээд биш. Мөн хохирогчийн буруутай үйлдэл байж болохуйц зүйл харагддаг. Яллах дүгнэлтэд хохирогч Г.Өсөхбаярын мэдүүлгийг дутуу оруулж ирсэн. Хохирогч Г.Өсөхбаяр “200 метрийн цаанаас автомашин эргэсэн, ...миний зүүн гар талаас хүн татсан, тэгээд би эсрэг урсгал руу орж, өөдөөс байрлалаа эзэлсэн явж байгаа автомашины баруун гар тал руу нь мөргөсөн” гэж мэдүүлэг өгч байхад яллах дүгнэлтэд тусгаагүй.

Иймд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2920 тоот шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. ...” гэв.

 

Яллагдагч Л.Л-  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Миний бие хөдөлгөөнөө үргэлжлүүлээд 2 дугаар эгнээнд орсон байхад баруунаас зүүн тийш явж байсан автомашин урсгал сөрж ирээд мөргөсөн. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3 дахь заалтад зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хавтас хэрэгт авагдсан баримтаар яллагдагч Л.Л- , хохирогч Г.Өсөхбаяр нар тус тус автомашинаа Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хууль сахиулахын их сургуулийн баруун Жаст шатахуун түгээх газар, ботаникийн хойд замд жолоодож явахад зам тээврийн осол болсон болох нь тодорхой байх тул гэмт хэрэг хэзээ, хаана гарсан талаар тодруулах ажиллагааг, цагдаагийн эрх бүхий алба хаагч, Замын цагдаагийн зохицуулагч а/х Батбуянгийн хийсэн хэргийн газрын үзлэг, хэмжилт, схем зургийг дахин хийх талаарх ажиллагааг тус тус хийхээр заасан захирамжийн холбогдох хэсэг үндэслэлгүй болжээ.

 

Иймд энэ талаар, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 Харин хойшлуулшгүй ажиллагаагаар хийгдсэн зохицуулагчийн схем зураг, хэмжилт зэрэгт үндэслэн тухайн үйл явдлын бодит байдлыг тогтоох зорилгоор хэргийн үйл баримтыг тогтоосон үзлэгийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Г.Өсөхбаяр, Л.Л-   нараас дахин мэдүүлэг авч, тухайн зам тээврийн осол болоход тээврийн хэрэгслийн жолооч Л.Л- , Г.Өсөхбаяр нарын хэн нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг хэрхэн зөрчсөн талаар шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул эрүүгийн 1806061510334 дугаартай хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, тус захирамжид бичсэн прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэрэг гарсан байдал”, 1.5-т заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэргийг бүрэн тогтоохын тулд Г.Өсөхбаярын мөрдөн байцаалтад өгч байсан “гараас татсанаас эсрэг урсгалд орсон” гэсэн утга бүхий мэдүүлгийг шалгах /хх 41, 17-18/ шаардлагатай байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2920 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Анхбаярын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ