Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         Хэргийн индекс: 156/2016/0090/Э 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн “А” танхимд  нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга                     А.Цэрэндулам,   
Улсын яллагч                   Я.Сансар, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч              Д.Оюунцэцэг, Д.Ганхуяг, 
Шүүгдэгч                                            Г.Гандаваа, Э.Мөнх-Оргил, Г.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан

     Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гансүхийн Гандаваа, Энхцэцэгийн Мөнх-Оргил, Гантөмөрын Бат-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 201623000132 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 
 
Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, ах, эгч нарын хамт Хэнтий аймгийн Норовлин сумын 4-р баг Дарцаг гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй гэх Түрхэнэгхаруул овгийн Гантөмөрийн Бат-Эрдэнэ /РД: СП96041417/
 Монгол улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, ах нарын хамт Хэнтий аймгийн Норовлин сумын 2-р баг Буянт гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй гэх Сартуул овгийн Гансүхийн Гандаваа /РД: СП95010217/ 
Монгол улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 18 настай,  эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, ах, эгч нарын хамт Хэнтий аймгийн Норовлин сумын 4-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй гэх Боржигон овгийн Энхцэцэгийн Мөнх-Оргил /РД:СП 98010914/ 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, Г.Гандаваа, Э.Мөнх-оргил нар нь бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын төвд байх Мөнхийн давалгаа 

М
ХХК-ний хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж гар утас 3 ширхэг, юнителийн, ЖИ мобайлын нэгж хулгайлж Ж.Энхбатад 748000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, Г.Гандаваа, Э.Мөнх-оргил нар нь бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын төвд байх Мөнхийн давалгаа ХХК-ний хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж гар утас, нэгж зэргийг хулгайлж Ж.Энхбатад 748000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  
Хохирогч Ж.Энхбатын мөрдөн байцаалтанд өгсөн “...Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө манай дэлгүүрийн урд талын 2 цонхны баруун талын цонхны шилийг хагалж ороод юнителийн 58000 төгрөгний нэгж, Жи мобайлын 90000 төгрөгний нэгж бэлэн  300000-аад төгрөг, катерфиллар,цериа гүүдпад маркийн 3 ширхэг гар утас тус тус хулгайд алдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 19-20 хуудас/
Гэрч Д.Уранчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн “.... тэгээд 2016 оны 04 сарын 28ний өглөө дэлгүүртээ орж ирэхэд дэлгүүрийн урд талын 2 цонхны баруун талын цонхны шил хагарсан хамгаалалтын сарнар төмөр болон хар иштэй, жижиг сүх, цагаан өнгийн алмаазын хамт шалан дээр хэвтэж байсан ба дэлгүүрийн гадаа хагарсан цонхны доод талд 2 хүний гутлын мөр байсан тэгээд би цагдаад мэдэгдсэн дэлгүүрийн бараагаа шалгаад үзэхэд юнителийн 58000 төгрөгний нэгж, Жи мобайлын 90000 төгрөгний нэгж, мөн бэлэн мөнгө 300000-аад мянган төгрөг, катерфиллар, цериа, гүүдпад маркийн 3 ширхэг гар утас тус тус хулгайд алдсан...” гэсэн мэдүүлэг
Гэрч Б.Мөнхсайханы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/
Гэрч М.Мөнхгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/
Шүүгдэгч Э.Мөнх-Оргилын сэжигтнээр өгсөн: “.... би 2016.04.28-ны өдөр Бат-эрдэнэ, Гандаваа нарын хамт Энхбат ахын хүнсний дэлгүүр лүү очоод би дэлгүүрийн урд талын 2 цонхны баруун талын цонхны шилийг алмаазаар зүсээд шилийг нь Г.Бат-Эрдэнээр хага цохиулаад Г.Гандаваа, Г.Бат-эрдэнэ нарыг дэлгүүрийн гадаа үлдээгээд би ороод дэлгүүрийн лангуун доор жижиг цаасан хайрцаганд байсан юнителий болон жи мобайлын нэгжийн картуудыг авч гарч ирсэн.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/
Шүүгдэгч Э.Мөнх-Оргилын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/
Шүүгдэгч Бат-Эрдэнийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас/
Шүүгдэгч Г.Гандаваагийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 61,63-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүгдэгч  Г.Бат-Эрдэнэ, Г.Гандаваа, Э.Мөнх-оргил нарын бүлэглэн, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг нь хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна. 

Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Энхбатад 748000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирлоо барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарын хувьд ногдох эд хөрөнгийн байдлыг харгалзан тэдэнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй байна.
Шүүгдэгч нарын анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдал болон тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл 
байдлыг харгалзан оногдвол зохих хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон      

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Гансүхийн Гандаваа, Энхцэцэгийн Мөнх-Оргил, Гантөмөрын Бат-Эрдэнэ нарыг бүлэглэн бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд хөрөнгийг нь хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гансүхийн Гандаваа, Гантөмөрын Бат-Эрдэнэ нарын эд хөрөнгийг хураахгүйгээр 02 /хоёр/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Энхцэцэгийн Мөнх-Оргилын эд хөрөнгийг хураахгүйгээр 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

    3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гансүхийн Гандаваа, , Гантөмөрын Бат-Эрдэнэ нарт оногдуулсан 2 /хоёр/ жил, Энхцэцэгийн Мөнх-Оргилд оногдуулсан 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хорих ялуудыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон буюу энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Күүлпад, Кериа маркийн гар утсуудыг хурааж төрийн өмчлөлд шилжүүлсүгэй. 

5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Гансүхийн Гандаваа, Гантөмөрын Бат-Эрдэнэ нарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж 02 /хоёр/ жилийн хугацаагаар шүүгдэгч Энхцэцэгийн Мөнх-Оргилд оногдуулсан 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хорих ялыг тэнсэж 03 /гурав/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар хянан харгалзах хугацаанд тэнсэгдсэн ялтан Гансүхийн Гандаваа, Энхцэцэгийн Мөнх-Оргил, Гантөмөрын Бат-Эрдэнэ нарт хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг дурдсугай.  

    8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

    9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Гансүхийн Гандаваа, Энхцэцэгийн Мөнх-Оргил, Гантөмөрын Бат-Эрдэнэ нарт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНЗОРИГ