Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2017/02103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М-Д ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ХХК холбогдох,

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 223,660,580 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ц.Дамба нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М-Д ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани Э ХХК-тай байгуулсан 15/16 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулсан. 15/16 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу зээлээр авсан барааны төлбөрийг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор компанийн дансанд шилжүүлэх эсхүл бэлнээр төлж барагдуулах байсан боловч өнөөдрийн байдлаар төлж барагдуулаагүй байна. Иймд 15/16 тоот гэрээний 3.3, 5,1-д заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 155.773.900 төгрөг түүний хугацаа хэтрүүлсэн алданги Иргэний хуулийн 232.4-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас давсан тул 50 хувьд хүргэж зогсооход 77.886.950 төгрөг болж байна. Иймд бидний гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 155.773.900 төгрөг, алданги 77.886.950 төгрөг, нийт 233.660.850 төгрөгийг Э ХХК-аас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Э ХХК шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: М-Д ХХК нь Э ХХК-д холбогдуулан талуудын харилцан тохиролцож байгуулсан 15/16 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 155.773.900 төгрөг, алданги 77.886.950 төгрөгийн хамт нийт 233.660.850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна. Э ХХК нь М-Д ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 15/16 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г харилцан тохиролцож байгуулсан. Энэхүү гэрээний дагуу Э ХХК нь М-Д ХХК-аас нийт 251.773.900 төгрөгийн үнэ бүхий газрын тосны бүтээгдэхүүн худалдан авснаас нийт 106.000.000 төгрөгийг төлсөн. Хамгийн сүүлд 2017 оны 8 дугаар сарын 15-нд 10.000.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөр 145.773.900 төгрөг байна. М-Д ХХК нь бидэнтэй алданги авахгүй байхаар тохиролцсон бөгөөд бид М-Д ХХК-тай үндсэн төлбөрийн үлдэгдэл дүнгээр тооцоо нийлж, акт үйлдэж байсан болно. Иймд бид нэхэмжлэгчийн нэхэмжилж буй алданги төлбөр гэх 77.886.950 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Харин гэрээний үлдэгдэл төлбөр болох 145.773.900 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчтэй эвлэрэн тохиролцож хуваарь гарган хэсэгчлэн болон бартераар төлөх хүсэлтэй байна гэв.

Зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М-Д ХХК нь хариуцагч Э ХХК-аас зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 155,773,900 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 77,886,950, нийт 233,660,850 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 10,000,000 төгрөг төлснийг нэхэмжлэгч алдангийн 77,886,950 төгрөгөөс хасаж 66,886,950 төгрөг болгон нийт 223,660,850 төгрөг шаардаж байна.

Талууд 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр худалдагч газрын тосны бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот дахь агуулахаас тухай бүр харилцан тохиролцсон үнээр худалдах, худалдан авагч бүтээгдэхүүний үнийг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-10-13 дахь тал/

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байна. 

Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул талуудын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр тул хэн аль нь гэрээг биелүүлэх үүрэгтэй ба үүргийн биелэлтийг үүргээ зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

Талууд худалдсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, чанар, бүтээгдэхүүн худалдан авсан огноо, төлбөр төлсөн огноо, төлсөн үнийн дүн болон 2017 оны 2 дугаар сарын 17-ны байдлаарх үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 10,000,000 төгрөгийг алдангийн үнийн дүнгээс хасаж тооцсоныг хариуцагч үндсэн төлбөрөөс хасаж тооцно хамаан маргажээ.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д “Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. . .” гэж заасан. Хариуцагч 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр М-Д ХХК-ийн Хаан банк дахь 5028077704 тоот дансанд Э ХХК шатахууны төлбөр” гэж 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн /хх-35 дахь тал/-ээс дүгнэхэд үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч үндсэн төлбөрийг гүйцэтгэхээр сонгосон гэж үзнэ. Иймээс гэрээний үндсэн төлбөр болох 155,773,900 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг хасаж тооцно.

Хариуцагч нь нэхэмжлэгч талыг алдангийн тооцооллын талаарх баримтыг гаргаж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан хэргийн оролцогчийн үүргээ биелүүлээгүй, түүнчлэн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр үндсэн төлбөрийн үлдэгдэл дүнгээр тооцоо нийлж, акт үйлдсэн тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.7-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тодорхойлж, гэрээнд анз төлөхөөр заасан бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхтэй байхаар хуульчилжээ.

Талуудын хооронд байгуулагдсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.3-т “Худалдан авагч нь гэрээний хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцсон алдангийг худалдагчид төлнө”, 5.1-д “Худалдан авагч нь барааны төлбөрийг гэрээний 3.2-т заасан хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хожимдуулсан хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувийн алданги төлнө. Энэхүү алданги үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж заасан байгаа нь хуулийн дээрх заалтын дагуу худалдагч буюу нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч алдангийг гүйцэтгээгүй үүрэг болох 155,773,900 төгрөгийн үнийн дүнгээс хариуцагчийн сүүлийн төлбөр хийсэн өдөр болох 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан өдөр болох 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд тооцоход үндсэн төлбөрөөс хэтэрсэн тул түүний 50 хувиар тооцоход 77,886,950 төгрөг болно гэж тайлбарласан нь хууль зөрчөөгүй, үндэслэлтэй байна. Хариуцагч төлбөр төлсөн огноо, үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй тул алдангийн тооцооллын үндэс болж байгаа үйл баримт нотлогдсон гэж үзнэ.  

Гэрээний 8.2-т заасан журмын дагуу гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, алданги төлөхтэй холбоотой заалтыг хассанаас бусад тохиолдолд үүрэг гүйцэтгэгч энэхүү үүргээс чөлөөлөгдөхгүй. Өөрөөр хэлбэл, талуудын хийсэн тооцоо нийлсэн акт нь үүрэг гүйцэтгүүлэгчийн алданги шаардах эрхийг хязгаарлахгүй.  

Дээрх дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гэрээний үндсэн төлбөрт шаардсан 155,773,900 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 10,000,000 төгрөгийг хасаж тооцон гарсан үнийн дүн болох 145,773,900 төгрөг дээр уг үнийн дүнгийн 50 хувиар тооцон гарсан алдангийн үнийн дүн болох 72,886,950 төгрөгийг нэмэн, нийт 218,660,850 төгрөгийг хариуцагч Э ХХК-аас гаргуулан, нэхэмжлэгч М-Д ХХК-д олгон шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасантай холбоотой 218,660,850 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан Э ХХК-аас гэрээний төлбөрт 145,773,900 төгрөг, алдангид 72,886,950 төгрөг, нийт 218,660,850 төгрөгийг гаргуулан М-Д ХХК-д олгож, үлдэх 5,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,326,255 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,251,254 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.НЯМСҮРЭН