Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2017/02193

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б ХХК-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 278,394,480 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай П ХХК болон Б ХХК-ийн хооронд 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 28/16 тоот нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Бид энэхүү гэрээнд заасан үүргийнхээ дагуу Б ХХК-ийн шаардлагатай шатахууныг цаг тухайд нь бүрэн нийлүүлсээр ирсэн. Уг гэрээний төлбөрийн нөхцөл нь “Худалдан авагч тал нь нэмэлт гэрээгээр тодорхойлсон сар бүрийн зээлийн худалдан авалтын төлбөрийн тооцоог дараа сарын 5-ны өдрийн дотор баталгаажуулж, төлбөрийг 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна” гэж заасан. Гэвч Б ХХК нь төлбөрөө 2016 оны 11 дүгээр сараас эхлэн хугацаандаа төлөхөө байж, өнөөдрийн байдлаар нийт 185,596,320 төгрөгийн үндсэн төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн ба бид удаа дараа төлбөр барагдуулах хүсэлт явуулсаар ирсэн. Мөн уг гэрээний 3.5-д “Худалдан авагч нь гэрээний нэмэлтээр тодорхойлогдсон төлбөрийг цаг хугацаанд төлөлгүй хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.15 хувьтай тэнцэх хэмжээний, 1 сараас илүү хугацаанд хожимдуулсан бол 0.3 хувийн алдангийг худалдагчид төлнө”, 4.5-д “Худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний 3.5-д заасан журмаар алдангийн хэмжээг тооцон авах эрхтэй” гэж заасан. Үүний дагуу төлбөр хийгдээгүй үнийн дүнгээс алданги тооцсоор ирсэн бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 31-ний байдлаар талууд тооцоо нийлэхэд үндсэн төлбөр 185,596,320 төгрөг, түүнээс тооцсон алдангитай нийлээд нийт 251,405,722 төгрөгийн өглөгтэй байсан. Үүнээс хойш тооцсон алданги нь мөн л төлбөр хийгээгүй тул 2017 оны 07 дугаар сарын 24-ний байдлаар нийт 185,596,320 төгрөгийн үндсэн төлбөр, төлбөрөө төлөөгүй хоног тутамд тооцсон алданги 127,038,243 төгрөг болсон байна. Иймд Б ХХК-аас 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар “Худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 185,596,320 төгрөг болон түүний алданги 92,798,160 төгрөг, нийт 278,394,480 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус компани П ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 28/16 тоот нефтийн бүтээгдэхүүн Худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Манай компанийн үйл ажиллагаа тодорхой шалтгаануудын улмаас эхлэхгүй зогсонги байдалтай байсан учраас 2016 оны 11 дүгээр сараас үндсэн төлбөрийг төлж барагдуулаагүй өнөөдрийг хүрсэн. Иймд П ХХК-аас 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 314 тоот нэхэмжлэхийн дагуу өр төлбөр болох 185,596,320 төгрөгийг 2017 онд төлбөрийн графикаар хэсэгчлэн төлбөр барагдуулахаар тус компанитай тохиролцох уулзалтууд хийгдэж байна. Иймд бидний энэхүү байдлыг харгалзан үзэж шүүх хурлыг хойшлуулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Б ХХК-аас зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 185,596,320 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 92,798,160 төгрөг, нийт 278,394,480 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч хуульд заасан хугацааны дотор хариу тайлбар өгөөгүй боловч түүний 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 17/29 тоот албан бичгээр шүүхэд гаргасан шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтэд “. . . П ХХК-аас 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 314 тоот нэхэмжлэхийн дагуу өр төлбөр болох 185,596,320 төгрөгийг 2017 онд төлбөрийн графикаар хэсэгчлэн төлбөр барагдуулахаар тус компанитай тохиролцох уулзалтууд хийгдэж байна.” гэснийг Б ХХК-ийн байр суурь гэж тооцно. Эндээс үзвэл, хариуцагч нь гэрээний үндсэн төлбөр болох 185,596,320 төгрөгийг хүлээн зөвшөөрөн, үлдэх хэсэг буюу алдангид 92,798,160 төгрөг гаргуулах шаардлагыг татгалзах эсэх талаар тайлбар өгөөгүй байна.  

Талууд 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр худалдагч нефтийн бүтээгдэхүүнийг харилцан тохиролцсон үнээр худалдах, худалдан авагч бүтээгдэхүүний үнийг худалдан авсан өдрөөс хойш дараа сарын 05-ны дотор тооцоог баталгаажуулан, төлбөрийг 10-ны дотор төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-6-10 дахь тал/

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байна. 

Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул талуудын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр тул хэн аль нь гэрээг биелүүлэх үүрэгтэй ба үүргийн биелэлтийг үүргээ зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

Талууд худалдсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, чанар, үлдэгдэл төлбөрийн үнийн дүнгийн талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь талуудын байгуулсан гэрээний хавсралт болох 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 4 тоот Нэмэлт гэрээгээр тохирсон бүтээгдэхүүнээс 185,596,320 төгрөгийн дизель түлшийг худалдан авч, уг төлбөрийг төлөөгүй гэх ба хариуцагч 185,596,320 төгрөгийн үнийн дүнг хүлээн зөвшөөрсөн байна. Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Хариуцагч нь гэрээнийн 3.1 болон Нэмэлт гэрээнд заасны дагуу 2016 оны 10 дугаар сард худалдан авсан бүтээгдэхүүний үнийг 11 дүгээр сарын 10-ны өдөрт багтаан төлөөгүй болох нь Б ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн “Хүсэлт гаргах тухай” 17/29 тоот албан бичигт “. . . 2016 оны 11 сараас үндсэн төлбөрийг төлж барагдуулаагүй өнөөдрийг хүрсэн. . . “ гэх тайлбар /хх-22 дахь тал/, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 4 тоот Нэмэлт гэрээ /хх-10 дахь тал/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-11 дэх тал/ гэх баримтуудаар нотлогдож байна. Эндээс хариуцагчийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.7-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тодорхойлж, гэрээнд анз төлөхөөр заасан бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхтэй байхаар хуульчилжээ.

Талуудын хооронд байгуулагдсан Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.5-д “Худалдан авагч нь гэрээний нэмэлтээр тодорхойлогдсон төлбөрийг хугацаанд төлөлгүй хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.15 хувьтай тэнцэх хэмжээний, 1 сараас илүү хугацаа хожимдуулсан бол 0.3 хувийн алдангийг худалдагчид төлнө” гэж заасан байна.

Нэхэмжлэгч алдангийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан өдөр болох 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгээгүй үүрэг болох 185,596,320 төгрөгийн үнийн дүнгээс эхний 30 хоногт 0,15 хувиар, 31 дэх хоногоос 0,3 хувиар тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс  хэтэрсэн тул түүний 50 хувиар тооцоход 92,798,160 төгрөг болно гэж тайлбарласан нь хууль зөрчөөгүй, үндэслэлтэй байна.

Хариуцагч үүрэг гүйцэтгэх хугацаа, үлдэгдэл төлбөрийн үнийн дүнг хүлээн зөвшөөрснийг дурдахын зэрэгцээ хариуцагч хэрэв алданги гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч буй бол тэрхүү татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэг буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.  

Дээрх дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б ХХК-аас гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 185,596,320 төгрөг, алдангид 92,798,160 төгрөг, нийт 278,394,480 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгон шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагч Б ХХК-ийн төлөөлөгч 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 13.30 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасныг ханган, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан Б ХХК-аас гэрээний төлбөрт 185,596,320 төгрөг, алдангид 92,798,160 төгрөг, нийт 278,394,480 төгрөгийг гаргуулан П ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,549,922 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,549,922 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.НЯМСҮРЭН