Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/537

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн

улсын яллагч С.Эрдэнэбаяр

шүүгдэгч Д.Т

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905015720632 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 2 дугаар сарын 2-нд Сэлэнгэ аймагт төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7; эцэг, эх, эхнэр 3 хүүхдийн хамт ...... дүүргийн ........ дугаар хороо, ............ тоотод оршин суух, ялгүй, ......... дугаарын регистртэй, Б овогт Дийн Т

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Д.Т 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордны хажууд баригдаж буй барилга дээр хохирогч Л.Быг пилта хагалсан байна гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Хүн зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул дахин мэдүүлэхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх учир холбогдолыг ойлгосон. Хохирогчид 1.6 сая төгрөг өгсөн байгаа. Хэргийн талаар маргахгүй тул би өмгөөлөгч авахгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Лийн Б "... 2019 оны 4 дүгээр сарын 1-ний оройн 17 цагийн үед Үйлдвэрчний эвлэлийн хажуугийн барилга дээр ажлаа хийгээд байж байхад, нэг эрэгтэй ирээд чи энийг хагалсан уу гэж асуухаар нь би хагалаагүй гэж хэлсэн. Чи энд ажилладаг, чамаас өөр хэн хагалдаг юм гэхээр нь юу яриад байгаа юм бэ, би хагалаагүй гээд маргалдсан. Гэтэл хажуунаас Т ирээд гараараа нүүрэн тус газарт нэг удаа цохьсон. Ингээд зогсож байтал хажуунаас Ттай хамт ажилладаг гэх хүмүүс ирээд маргалдаад хэрэлдээд байсан. Гэтэл Ттай дахиж маргалдаад зодолдсон. Энэ үед зүүн өвдөг гэмтсэн байсан. Ингээд хажууд байсан хүмүүс ирж бид хоёрыг салгасан. Зодоон дууссаны дараа ажил тараад ажлын газрын хүнд хэлсэн. Нэрийг нь санахгүй байна, зодуулсан талаараа хэлэхэд намайг цагдаад өргөдөл өг гэхээр нь ажил тараад цагдаагийн хэлтэс дээр очиж өргөдөл өгсөн” /хх-н 17- 18/ гэж,

яллагдагч Дийн Т "... 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 16 цагийн үед Баруун 4-н замын уулзварын баруун урд талын барилга дээр ажлаа хийж байсан. 2 давхарт пилта нааж байхад Б пилта хагалаад байхаар нь наасан пилта хагалчихлаа шүү дээ гэж хэлсэн чинь би хагалсан юм уу пизда минь гээд маргалдсан. Ингээд Бтай би барилцаж аваад нүүр рүү нь гараараа цохьсон. Ингээд зодоон болох үед хүмүүс ирээд салгасан. Зодоон болоогүй, тус тусынхаа ажлыг хийсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа цагдаагаас залгаад өргөдөл өгсөн байна гэж хэлсэн” гэж тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн хохирогчийн гэмтэлтэй холбоотойгоор "... Л.Бын биед тархи доргилт, баруун зүүн шанаа, зулай, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн, хацар эрүүнд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэрээр нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн /хх-н 28/ 4173 тоот дүгнэлтийг

2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 558 дугаартай шинжээчийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр “...Урд гаргасан №4173 тоот дугаартай дүгнэлтэнд өөрчлөлт орж байна. Л.Бын биед зүүн өвдөгний үеийн зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний үеийн зайд үений хүүдийн хажуу болон тойгны ар дээд хэсгийн их хэмжээний шингэн, өвдөгний урд чагтан холбоосын суналт хэсэгчилсэн урагдал, гадна тал саран жийргэвчийн урагдал, тархи доргилт, баруун чамархай, хацар эрүүнд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтлүүд учирсан ба дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн өвдөгний гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Тухайлбал мохоо зүйлээр цохих үед үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Л.Бын биед учирсан зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний үеийн зайд үений хүүдийн хажуу болон тойгны ар дээд хэсгийн их хэмжээний шингэн, өвдөгний урд чагтан холбоосын суналт хэсэгчилсэн урагдал, гадна тал саран шийргэвчийн урагдал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмлийн хүндэвтэр зэрэгт, тархи доргилт, баруун зүүн шанаа, зулай, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зулгаралт цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэсэн дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 19- 22/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Д.Тг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Д.Тд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Д.Т бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Л.Б "... миний бие 5 дугаар сарын 30-ны өдөр эмчилгээний төлбөр сая төгрөг авсан. Одоо гомдол санал байхгүй тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү, би шүүх хуралд оролцохгүй” гэжээ. /хх-н 76/

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Т цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

Шүүгдэгч Д.Т шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Б овогт Дийн Тг "хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Тг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Д.Тд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
  4. Д.Т цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Б гомдолгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Тд урьд авсан "хувийн баталгаа гаргах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ

 

О.ЖАНЧИВНЯМБУУ