Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 212/МА2017/00111

 

“Т констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 497 дугаар шийдвэртэй, “Т констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Х” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Х.Б нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Замын БИТУМ худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас үүссэн алданги 67.816.000 төгрөг гаргуулах тухай.

 

 Нэхэмжлэлд: “Манай компани нь 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Х” ХХК-тай 13/32 тоот “Замын БИТУМ худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээний дагуу манай компанийн зүгээс гэрээний үүргээ гүйцэтгэж нийт 122 тн БИТУМ нийлүүлсэн. Гэвч “Х” ХХК нь худалдан авсан БИТУМ-ын төлбөрийг хугацаандаа төлөлгүй явсаар 97415 ам.долларын алданги хуримтлагдсан. Үүнийг 2 компани харилцан тохиролцож 28000 ам.доллар болгон бууруулж “Х” ХХК нь манай компанид 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө төлж барагдуулахаар тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл энэхүү төлбөрийг төлөөгүй байна. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги болох 67816000 төгрөгийг “Х” ХХК-иас гаргуулж өгнө үү.” гэжээ. 

 

Хариуцагчийн төлөөлөгчийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Миний бие 2014 оноос “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Ажиллах хугацаанд компанитай холбоотой гэрээ, хэлцэл, худалдах, худалдан авах ажиллагаатай холбоотой бүх үйл ажиллагааг гардан зохион байгуулж байсан. Т констракшн ХХК-тай байгуулсан гэрээг би хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Энэ гэрээг ерөнхий захирал хийгээгүй. Г гэдэг хүнтэй Э гэдэг хүн хийсэн байсан. Т констракшн ХХК нь Завхан аймагт ажиллаж байгаад гэрээ нь цуцлагдаж тэнд БИТУМ нь хаягдах нөхцөл үүссэний дараа би 1050 ам доллараар 122 тн БИТУМ-ыг авчээ гэж ойлгож төлбөр төлсөн. Шүүхэд нэхэмжлэл өгсний дараа сүүлд ийм гэрээ гаргаж ирж алдангийн асуудал яригдаж эхэлсэн учраас энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх Т констракшн ХХК-аас 122 тн БИТУМ-ыг Завхан аймгаас худалдаж авсан байдаг. Тухайн үед ОХУ-аас нийлүүлсэн зах зээлийн дундаж үнэ 860 мянган төгрөг байсан тухай Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас ирсэн лавлагаагаар тодруулж өгсөн. Нэг салбарт ажиллаж байгаагийн хувьд 1050 доллараар авсан. Манайх Хөгжлийн банкнаас санхүүжилттэй Мөрөн тариалан чиглэлийн авто замын барилгын ажилд эднийхээс 122 тн БИТУМ-ыг авч ашигласан. Монгол улсын эдийн засгийн байдлаас шалтгаалаад тухайн үед гүйцэтгэл орж ирэхгүй байсан. 2014 оны гүйцэтгэл 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр орж ирсэн. 1050 долларыг Хөгжлийн банкнаас орж ирэх хамгийн эхний төлбөрөөс гүйцэтгэнэ гэсэн ам тохиролцоо хийсэн гэсэн мэдээлэл надад ирсэн учраас үүгээр төлбөрийг төлөөд дуусгасан. Удсан учраас нийт алдангитай хамт 62 сая гаруй төгрөг төлөгдсөн гэж ойлгож байгаа.” гэв.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 497 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Х” ХХК-аас алданги 51627520 (тавин нэгэн сая зургаан зуун хорин долоон мянга таван зуун хорин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” констаркшн ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 16188480 (арван зургаан сая нэг зуун наян найман мянга дөрвөн зуун наян) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн давж заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 7 сарын 17-ны өдөр хуралдаж  497 тоот шийдвэр гаргасан. Шүүх хурлаар хариуцагч “Х” ХХК-аас алдангид 51,627,520 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т констракшн” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Хэргийн материалд гэрээний алданги болох 28000 ам.долларыг хэрхэн тооцсон нь тодорхой бус, харилцан 2 компанийн тооцооны ажилтан нарын нийлсэн тооцооны акт байхгүй, хэдий хугацаанаас ямар дүнгээс алданги тооцсон, төлбөр хэрхэн барагдсан талаар нотлох баримтгүй атал Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 28000 ам.доллар төлөгдөхөөр гаргасан нь буруу гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Иймд хүсэлтийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбарт: “Т констракшн ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Х ХХК-тай 13/32 тоот “Замын БИТУМ худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Т констракшн ХХК нь гэрээний дагуу 122 тн БИТУМ-ыг нийлүүлсэн бөгөөд харин Х ХХК нь гэрээний дагуу төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 24-нд нийт төлбөрөө төлж дуусгасан. Уг хугацаанд төлбөр төлөх хугацааг 1 жил 2 сарын хугацаагаар хожимдуулсан. Энэхүү хугацаанд гэрээний 3.3-д заасны дагуу алданги тооцож нийт 127,641,402 төгрөг болсон. Үүнийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр талууд харилцан тохиролцож 28000 ам.доллар болгон баталгаажуулсан. Гэрээний дагуу алдангийг нэхэмжлэгч нь 2015 оны 2 дугаар 10-ны өдрөөс эхлэн тооцсон болно. Алданги тооцсон дүн нь тухайн үед 92 008 ам.доллар байсан бөгөөд уг дүнгээс гэрээнд заасны дагуу тооцсон тул хууль болон гэрээнд нийцсэн дүн болно. 

 

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбарыг үндэслэн, нэгэнт хүлээн зөвшөөрсөн алдангийн дүн болох 28000 ам.долларыг төгрөгт шилжүүлэн шийдвэрлэсэн болно. Гэтэл хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан байх бөгөөд уг гомдол нь хууль зүйн ямар нэгэн үндэслэлгүй, нотлох баримтаар тогтоогдсон үндэслэл бүхий гомдол биш байна. Талуудын хооронд тооцоо нийлсэн баримтыг шүүхэд нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн. Алдангийг ямар хугацаанаас тооцсоноо шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа тодорхой дурдсан бөгөөд анхан шатны шүүх хэргийг нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан болно. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 497 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье.” гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг нягтлан шалгахгүйгээр маргааныг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргажээ. 

 

Нэхэмжлэгч “Т констракшн” ХХК-аас хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан Замын БИТУМ худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас үүссэн алдангид 28.000 ам.доллар буюу 67.816.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, талуудын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан 13/32 дугаар худалдах-худалдан авах гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын протокол зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан байна. 

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд мөн зүйлийн 232.4.-т зааснаар анзын /алданги/ нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй талаар хуульчилжээ. 

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Иргэний хуулийн дээрх зүйл, заалтад хуульчилсан урьдчилсан нөхцөлүүд, тухайлбал “талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үүргийг худалдан авагч тал хэзээ, хэрхэн зөрчсөн эсэх”, “худалдан авагч гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хэдэн хоногоор хэтрүүлсэн эсэх”, “нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн” зэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий үйл баримтууд тогтоогдоогүй, энэ талаар шүүх талуудаас тодруулаагүй байна. Үүнтэй холбоотой хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Талуудын гарын үсэгтэй 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын протоколд дээрх нөхцөл байдлын талаар мэдээлэл тусгагдаагүй бөгөөд уг баримтад худалдан авагч талын төлбөл зохих алдангийн хэмжээг 62.449.447 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т нийцэж байгаа эсэхийг бусад нотлох баримтуудтай харьцуулан шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байхад нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулахгүйгээр маргааныг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй. 

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн зүйлийн 168.3.-т зааснаар дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж, хариуцагчийн “хэдий хугацаанаас, ямар дүнгээс алданги тооцсон, төлбөр хэрхэн барагдсан талаар нотлох баримтгүй тул ... анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416.088 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагчид буцаан олгохоор шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 497 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416.088 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагчид буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

С.ӨМИРБЕК