Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 84

 

Дугаар-84                               2016.08.12

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         Хэргийн индекс: 156/2016/0092/Э 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга                         Б.Алтансувд
Улсын яллагч                       Я. Сансар 
Шүүгдэгчийн өмгөөлөгч                 С.Нарангэрэл
Шүүгдэгч                                                Б.Нармандах, 
                                                                Г.Буянбаатар нарыг оролцуулан

     Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2, 155 дугаар зүйлийн 155.1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гомбо овогт Ганболдын Буянбаатар, Боржигон овогт Баатархуягийн Нармандах нарт холбогдох эрүүгийн 201623000118 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 
 
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
 Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1980 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, 36 настай, бага боловсролтой, операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо Булагийн 20-113 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Гомбо овогт Ганболдын Буянбаатар /РД: НА80092776/
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, эрэгтэй, 25 настай, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Баян-Адарга суманд оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Баатархуягийн Нармандах /РД: СЕ91083110/

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 
Шүүгдэгч Г.Буянбаатар нь 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт иргэн С.Баяржавхлангийн малыг итгэмжлэн хариуцаж байхдаа давтан үйлдлээр 24 тооны хонь, 1 тооны ямааг завшиж 3.820.000 төгрөгийн хохирол учруулсан
 Шүүгдэгч Б.Нармандах нь 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл шүүгдэгч Г.Буянбаатарын давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авч 3.820.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.


ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Буянбаатар нь 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт иргэн С.Баяржавхлангийн малыг итгэмжлэн хариуцаж байхдаа давтан үйлдлээр 24 тооны хонь, 1 тооны ямааг завшиж 3.820.000 төгрөгийн хохирол учруулсан
 Шүүгдэгч Б.Нармандах нь 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл шүүгдэгч Г.Буянбаатарын давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авч 3.820.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч С.Баяржавхлангийн мөрдөн байцаалтанд өгсөн “... Буянбаатар нь надад хэлэхдээ 25 хонь, 1 ямаа дутаасан түүнийг Нармандахад өгч оронд нь архи пиво авч уусан гэж хэлсэн. Ер нь Буянбаатар миний хонийг албан ёсоор хариуцаж байгаа болохоор 25 хонь, 1 ямааг авсан. Би түүнд гомдолгүй гэдэг бичгээ хийж өгсөн. ... Одоо надад гомдол тэмцэл байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирлоо бүрэн барагдуулсан. Буянбаатар ч гэсэн надаас дутаасан хонио төлсөн байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 27 хуудас/

Сэжигтнээр О.Цэрэнчимэдийн мөрдөн байцаалтанд өгсөн “... Буянбаатар өөрийнхөө хонийг өгч байна. Манай хамт байгаа хүнд хэлээд хэрэггүй, манай эхнэрт хэлээд асуудал болно гэж байсан. Тэгээд би өөрийнхөө малыг л эхнэрээсээ нууж архинд өгч байна гэж бодоод энэ талаар асуудал болгоогүй чимээгүй л Буянбаатарыг дагаж түүний Нармандахад өгсөн 5, 5 хонийг туулцаад Нармандахаас архи авч уусан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 117 хуудас/

Сэжигтнээр Ж.Ганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн “... Би тэр хүнийг малтай үгүйг мэдэхгүй, өөрөө малаа хараад бэлчээр дээрээ хонио дагаад явдаг байсан. Би хүний малнаас өгч байна гэж бодоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 121 хуудас/

Шүүгдэгч Г.Буянбаатарын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “... Нармандах хулгайн мал гэдгийг мэдэж байсан. ...Би хүний мал харж цалин хөлс аваад айлын малчин хийж байхдаа Баяржавхлан гэдэг хүний малыг итгэмжлэн хариуцаж байхдаа түүнд хэлэлгүйгээр Нармандах гэдэг хүнд удаа дараа худалдан борлуулж мөнгөний оронд архи, пиво авч ууж байсан буруугаа хүлээж байна. ...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 111 хуудас/
Шүүгдэгч Б.Нармандахын мөрдөн байцаалтанд өгсөн “... би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би С.Баяржавхлан гэдэг хүний малчингаас 25 тооны хонь, 1 тооны ямааг Баяржавхланд хэлэхгүйгээр авсан. Буянбаатар надад авчираад зарахаар нь би архиар сольж авч байсан. Буянбаатарыг хүний мал надад зарж байна гэдгийг мэдэж байсан боловч өөрөө малчин нь юм гайгүй байлгүй дээ гэж бодсон. Би хүний малыг эзнээс биш хариуцаж байсан малчин нь зарна гээд аваад ирэхээр нь архи болон пивоор худалдан авдаг буруугаа хүлээж байна. ...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 98 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүгдэгч Г.Буянбаатарын 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт иргэн С.Баяржавхлангийн малыг итгэмжлэн хариуцаж байхдаа давтан үйлдлээр 24 тооны хонь, 1 тооны ямааг завшиж 3.820.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2,
 Шүүгдэгч Б.Нармандахын 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл шүүгдэгч Г.Буянбаатарын давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авч 3.820.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 3.820.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч нь хохиролоо барагдуулж авсан одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Нармандах нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн байдал болон түүний хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс М.Буянбаатарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.


Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон      

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Гомбо овогт Ганболдын Буянбаатарыг бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж байхдаа завших гэмт хэргийг давтан үйлдсэн 
Шүүгдэгч Боржигон овогт Баатархуягийн Нармандахыг бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нармандахад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нармандахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ганболдын Буянбаатарыг 02 жил 06 сарын хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Буянбаатарт оногдуулсан 02 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй ба шүүгдэгч Г.Буянбаатар нь 14 хоног цагдан хоригдсон, Б.Нармандах нь 3 хоног баривчлагдсан болохыг дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Буянбаатарт оногдуулсан 02 жил 06 сарын хорих ялыг тэнсэж 02 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Буянбаатар, Б.Нармандах нарт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ГАНЗОРИГ