Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Гэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Дэлгэрмаа,

яллагдагч Э.Г, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 2073 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Б.Дэлгэрмаагийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлээр Э.Гэд холбогдох 1808038500375 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

С овгийн Э-ын Г, 1989 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Завхан аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Хера Экуйпмент” ХХК-д мэргэжилтэн, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......../;

 

Э.Г нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны орой 20 цаг 58 минутын үед, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хорооллын замд “Тоуоtа Prius” загварын........... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Аыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Э.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Э.Гэд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр шүүхэд шилжүүлсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар нэг жилийн хугацаагаар тэнсэж, "оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх" үүрэг хүлээлгэх, "согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох" эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх  санал гаргаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл шаардлагын хүрээнд Эрүүгийн хариуцлагын талаарх санал гаргаж ирүүлэх нь зүйтэй гэж үзээд Э.Гэд холбогдох 1808038500375 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

            Прокурор Б.Дэлгэрмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульчлагдсан бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбоотой мөрдөн шалгах, прокурорын хяналт, шүүхийн шатны бүх тусгай журмууд энэ бүлэгт хуульчлагдсан. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргах эрхийг яллагдагчид олгосон бөгөөд хэргийг хялбаршуулахад яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн буюу нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрсэн байхыг хуулиар шаардаж байгаа. Яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна" гэж заажээ. Өөрөөр хэлбэл, яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргахад түүнийг яллагдагчаар татсан зүйл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн аль заалтад хамаарч байгаа болох, түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт заасан ялыг хэрхэн хуульд зааснаас доогуур хөнгөрүүлэх боломжтой болон хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журам, ач холбогдлын талаар танилцуулна.

Хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж прокурорын хяналтад хэрэг ирсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор хэрэгт хяналт тавихдаа, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг хянаж, хэрэв дээрх нөхцөл байдал тогтоогдож байгаа тохиолдолд хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ. Шүүхэд шилжүүлсэн хэрэгт шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаж, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана. Хуулийн дээрх зохицуулалтуудаас харахад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үйл явц нь хорих ялтай хэргийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлтэй холбогдож ирэх бөгөөд прокурор хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж хэргийг шүүхэд шилжүүлэхээр байна.

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж хэргийг шүүхэд шилжүүлэхэд шүүх "ял оногдуулахгүйгээр зөвхөн тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр санал гаргаж ирүүлсэн нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байна" гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс прокурорын яллагдагчтай тохиролцсон эрүүгийн хариуцлагын талаарх саналыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын хэмжээнээс доогуур хэмжээгээр эсхүл тус ялыг шууд тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргаж байгаа нь хууль буруу хэрэглэсэн, прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх ёсгүй гэж үзэж байна.

Түүнчлэн прокурор эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхгүйгээр тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор тохиролцож хэргийг шүүхэд шилжүүлсний дараа, шүүх хуралдааны үед шүүгдэгч "би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлоо төлсөн, надад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг шүүхээс хэрэглэж, оногдуулах ялыг хөнгөрүүлж өгөөч" гэсэн өмгөөллийн үг явуулахад прокурортой тохиропцсон ялаасаа санал зөрсөн, хүсэлтээсээ татгалзсан гэсэн байр сууринаас асуудалд хандаж байна.

Прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхээр "шүүхийн эрх хэмжээнд халдсан, хууль буруу хэрэглэсэн" гэж, мөн эрүүгийн хариуцлагын саналыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор тохиролцож, шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглүүлэхээр өмгөөлөлийн үг явуулахад "эрүүгийн хариуцлагын саналаасаа зөрсөн, хүсэлтээсээ татгалзсан" гэх байр суурийг шүүх илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэн, хэзээ, хаана, яаж хэрэглэхийг ойлгомжгүй, тунхаг төдий заалт болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх олон улсын жишиг хандлага болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ойлголтыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхгүй байх үйл явц болгож байна. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар "хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулна" гэсэн заалтад тусгагдсан эрүүгийн хариуцлагыг шүүхээс шууд ялтай холбон ойлгож байгаа нь хуулийг буруу хэрэглэж байгааг харуулж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ" гэж заасан бөгөөд хорих ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь эрүүгийн хариуцлага гэсэн ойлголтод бүрэн хамаарахаар байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 2073 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Яллагдагч Э.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор надад “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээнд халдсан асуудал болох учраас заавал 6 сарын хорих ял болгох юм байна” гэж хэлсэн. Манай өмгөөлөгч  надад “энэ санал чамд ашиггүй санал байна” гэж хэлсэн  учраас зөвшөөрөөгүй. ...” гэв.

 

Яллагдагч Э.Гийн өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нэг жилийн хугацаагаар тэнсэх санал гаргахад прокурор, Э.Г бид 3 хамт байж тохиролцоод хэргийг шүүхэд шилжүүлсэн. Дараа нь тухайн саналыг 6 сарын хорих ял болгон засах үед би байгаагүй. Хэрвээ би шүүх хуралдаанд оролцсон бол бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх мэт хөнгөрүүлэх нөхцөл байдал хавтас хэрэгт хангалттай байгаа учраас хорих ялаас чөлөөлүүлэх, ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авч өгөөч гэсэн байр суурьтай оролцох байсан. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тухайн саналаас татгалзсан. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, яллагдагч Э.Г нь “...хохирлоо төлж барагдуулсан, гэм буруугийн талд маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргаж, прокурор хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар мөн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар нэг жилийн хугацаагаар тэнсэж, "оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх" үүрэг хүлээлгэх, "согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох" эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх. ...” гэж ялын санал гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус зааснаас үзвэл уг зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн бүрэн эрхэд хамаарч байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэх прокурорын эрх хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... яллагдагчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна”, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл, мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлийн хүрээнд гарсан байх учиртай.

 

Хууль тогтоогч тэнсэх зохицуулалтыг Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын төрөлд хамааруулаагүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал гаргах эрх прокурорт байхгүй. Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... яллагдагчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай ... танилцуулна”, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх ... Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж тодорхой заасан байхад прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу нэг жил тэнсэх санал гаргаж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт, прокурор 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан боловч яллагдагчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын санал дээр маргаж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ. /хх126/

 

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Дэлгэрмаагийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Анхан шатны шүүх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, яллагдагчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй гэжээ. Хэрэгт яллагдагч Э.Гийн 833696 дугаартай жолооны үнэмлэхийг  хавсаргаж ирүүлсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 2073 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Дэлгэрмаагийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН