Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2019/ШЦТ/939

 

 

 

 

 

 

 

 

 

2019           11           13                                        2019/ШЦТ/939

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч В.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас  Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн  эрүүгийн 1903009070406 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ... ХХК-нд эсгүүрчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ...  дугаар хороо ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух,  Баянгол дүүргийн ...  дүгээр хороо ... дугаар гудамж ...  тоотод оршин суух бүртгэлтэй,

Урьд Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 453 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн  2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 906 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 357 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан,  Б-.

 

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч В.Б- нь 2019 оны 07 дугаар сарын 23-наас 24-ний өдөр шилжих шөнө 03 цаг 50 минутын үед Монгол Улсын замын хөдөлгөөний  дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зурагтын эцсийн буудлын замд Toyota Prius 30 маркийн 25-22 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч  Д.Дашзэвэгийг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

Дээрх зам тээврийн ослыг гаргаад мөн дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн  хэрэгслийн гэрчилгээг үзүүлж өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба  түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч В.Б- нь 2019 оны 07 дугаар сарын 23-наас 24-ний өдөр шилжих шөнө 03 цаг 50 минутын үед Монгол Улсын замын хөдөлгөөний  дүрмийн 3.7-д заасан заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зурагтын эцсийн буудлын замд Toyota Prius 30 маркийн 25-22 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.2-д заасан заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Д.Дашзэвэгийг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

Дээрх зам тээврийн ослыг гаргаад мөн дүрмийн 3.5-д заасан заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 7-8 дугаар хуудас/

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэргийн газар дээр үзлэг хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 9-12 дугаар хуудас/

Мөрдөгчийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “1.иргэн Д.Дашзэвэгийн гаргасан Э-119 дугаартай гомдолд камерын бичлэгтэй 1 ширхэгийг дискийг эд мөрийн баримтаар тооцсугай” тогтоол. /хэргийн 17 дугаар хуудас/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “... 04:16:30 цагт доош 2 хөл дээр суухад 04:16:37 цагт тээврийн хэрэгсэл мөргөж урагш тогтоол ус руу өнхөрч унасан нь бичигдсэн байв. /Мөргөсөн тээврийн хэрэгсэл хүнтэй ойртож ирмэгц тормоз гишгэн зүүн тал руу рулийг дарж байгаа нь харагдаж байв/ Тээврийн хэрэгсэл газар унасан хүний хажууд нь очин жолооч нь буулгүй зогсож байгаад урагш хөдлөн явсан нь бичигдсэн байв. ...” тэмдэглэл. /хэргийн 18-19 дүгээр хуудас/

 

Хохирогч Д.Дашзэвэгийн “... Би 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр оройн 22 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас хотод ирсэн. Драгон дээрээс Баянхонгор аймаг явах автомашин олдохгүй болохоор нь Зурагтад байх найз Шараагийн гэрт очиход өөрөө байхгүй найз эмэгтэй Энхмаа нь байхаар нь уулзаад Зурагтын эцэст байх нэг караокед орж үйлчлүүлсэн.

... Шөнийн 03 цаг орчим байх сайн санахгүй байна. Нөгөө караокеноос гарснаа санаж байна. Нэг мэдэхэд автомашин намайг мөргөөд би газар унасан. Замын аль хэсэгт хаана дайруулсанаа санахгүй байна. Ойролцоо байсан хүмүүс эмнэлэг дуудсан байх. Нэг мэдэхэд өглөөний 08 цаг орчим болсон хөл өвдөөд Гэмтлийн эмнэлэг дээр сэргэсэн.

... Өмнөговь аймгийн Цогтцэцийгээс гарахдаа танил 2 жолоочтойгоо гурвуулаа 2 шил 0.75 граммын архи хувааж уун Улаанбаатар хотод ирсэн. Согтуу байж байхдаа Зурагтад дөрвүүлээ 1 шил архи уусан. Караокеноос гарахдаа их согтуу байсан. Салхинд гараад юу болсоныг санахгүй байна.Би мэдэхгүй байна. Мөргүүлсэний дараа тэр хавиар байсан хүмүүс  цагаан өнгийн Т.Prius маркийн автомашин мөргөсөн гэж орилоод байсныг санаж байна.

... Мөргөсөн автомашины жолоочтой уулзаж тохиролцон эмчилгээний зардалд бэлнээр 700.000 төгрөг хүлээн авсан. Одоо миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23-24 дүгээр хуудас/

 

Гэрч Н.Намууны “... 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр найзуудын хамт 3, 4 дүгээр хороолол орчим караокед орж сууж байгаад 23-наас 24-ний өдөр шилжих шөнийн 03 цагийн орчимд караокеноос гараад нэг найзынхаа гэр лүү явахаар такси барин телевизийн эцсийн буудал дээр урдаас хойш явах чиглэлд автобусны буудал дээр зогсож байхад 03 цаг 50 минутын орчим машин тоормослох чимээ гараад хартал замын хойноос урагшаа явах чиглэлд явж байсан цагаан өнгийн 25-22 УНП улсын дугаартай Toyota Prius 30 маркийн автомашин зам дээр байсан хүнийг мөргөөд унагасан. Жолооч нь машинтайгаа нөгөө хүний хажууд зогсож байгаад 1-2 минут орчмын дараа машинаасаа бууж ирэлгүй шууд хөдлөөд хотын төв зүг рүү яваад өгсөн. Тэгэхээр нь би өөрийнхөө утсаар 102, 103 дугаарт дуудлага өгсөн. Нөгөө мөргүүлсэн хүн газар сууж байхад нь замын хажуугаар явж байсан хоёр хүн тэр хүнийг босгон замын хажуу талын сандал дээр суулгасан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 26 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9492 дугаартай:

“1. Д.Дашзэвэгийн биед зүүн шилбэний тахилзуур ясны далд хугарал, нуруунд зулгаралт, зүүн бугалга, тохойн үенд зулгаралтын үлдэц толбо гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 30 дугаар хуудас/

 

Мөрдөгчийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 306 дугаартай:

 “1.Т.Prius 30 маркийн 25-22 УНП улсын дугаартай автомашины жолооч Володягийн Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 3.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийг овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдох бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах”  мөн дүрмийн 12.2-д заасан Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Дорждагвын Дашзэвэг /34 настай, эрэгтэй/- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12-д заасан “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, мөн дүрмийн 5.12 б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн, гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” гэсэн магадлагаа. /хэргийн 45-46 дугаар хуудас/

 

В.Б- нь “2018 оны 12 дугаар сарын 23-аас 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатай эрх  хассан” тухай жолоочийн эрхийн лавлагаа /хэргийн 58 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч В.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасагдсан уг хугацаа дуусаагүй байхдаа автомашин жолоодож яваад Д.Дашзэвэгийг мөргөж хүндэвтэр гэмтэл учруулаад, улмаар хэргийн газраас зориуд зугтаасан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг тус тус заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнийг дээрх гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Бүргэд нь  Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэм хэргийг гэм буруугийн болгоомжгүй, харин  Авто тээврийн  гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр тус тус үйлджээ.

Түүнчлэн дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарахад хохирогч Д.Дашзэвэгийн “Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-д заасан “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, мөн дүрмийн 5.12 б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн, гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэсэн заалтуудыг зөрчсөн” үйлдэл нөлөөлсөн байна.

 

Шүүгдэгч В.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 60 дугаар хуудас/ урьд 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх бөгөөд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 906 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 357 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн байна.

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаарын сарын 24-ний өдрийн 3/23256 дугаартай албан бичигт “...Ялтан В.Б- нь торгох ялаас 150.000 төгрөгийг төлж 350.000 төгрөгийн үлдэгдэлтэй ба нийтэд тустай ажил хийлгэх ялаас огт эдлээгүй байна ...” гэжээ.

Иймд шүүгдэгч В.Б-ын Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 906 дугаартай шийтгэх тогтоолоор, мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 357 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан ялуудыг нэмж нэгтгэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Мөрдөн шалгах явцад хохирогч Д.Дашзэвэг “2019.08.06-нд намайг мөргөсөн жолоочтой уулзаж эмчилгээний зардал болох 700 мянган төгрөг авсан. Одоо миний зүгээс гомдол санал байхгүй тул хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү” гэсэн хүсэлтийг /хэргийн 106 дугаар хуудас/ гаргасан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан, хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, В.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

          Шүүхээс шүүгдэгч В.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Дашзэвэгийн Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хууль бус үйдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, хохирогчид хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Б-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд,

 Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. В.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар хорих ялаар,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан В.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар хорих ялд

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 33 хоногийн хугацаагаар хорих ялыг,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 906 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 350.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 23 хоногийн хугацаагаар хорих ялыг,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 357 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 50 хоногийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 9 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  В.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар В.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, В.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар В.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол В.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.АЛТАНХУЯГ