Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/344

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа, 

улсын яллагч Д.Энх-Оргил,

шүүгдэгч Г.Г ,

хохирогч Н.З  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг морьт овгийн Г.Г д холбогдох эрүүгийн 1711001990011 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Алаг морьт овгийн Г.Г , 1995 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ойн инженер мэргэжилтэй, Устын улиас ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 3, эцэг, дүүгийн  хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-631 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.Г  нь 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-631 тоотод өөрийн хойд ээж болох Н.З тай “эмэгтэй дүүг загналаа” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж улмаар зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй мөрдөн шалгах ажиллагааний үед бүгдийг мэдүүлсэн…” гэв.

Хохирогч Н.З  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр болсон явдал бид хоёрын таарамжгүй байдлаас үүссэн. Би өөрөө нүүрээ маажаагүй, мөн гадуурхая гэж бодоогүй. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Хохирогч Н.З  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэгээд би асгарсан сүүг цэвэрлээд арчиж байхдаа Гантуулыг загнаад өдий том болчихоод сав аваад өгчихгүй балга сүү ч гэсэн савруугаа хийх байсан гээд уурандаа пизда чинь гээд хэлсэн. Тэгсэн Гантуул ямар даварсан авгай вэ гээд хажуудаа байсан хуванцар савыг аваад над руу шидсэн. Уг сандал миний толгойг оносон, тухайн үед толгой өвдөөгүй. Тэгээд би тухайн үед уурандаа миний гэрээс зайлаач гээд хэлсэн чинь Гантуул босоод ирэхээр нь чи цаашаа зайлаач гээд түлхсэн чинь намайг Гантуул үсдэж аваад намайг тонгойлгоод миний нүүрэн тус газар өвдөглөсөн. Тэгээд миний нүүрийг маажсан, намайг тавихгүй нэг гараараа миний нүүр хүзүүг маажаад байсан...” гэжээ /хх-6-7/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 8908 дугаар  дүгнэлтэд

“1. Н.З гийн биед нүүрэнд олон тооны гүн зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алталтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-21/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 30-31/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Г  нь 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-631 тоотод өөрийн хойд ээж болох Н.З тай “эмэгтэй дүүг загналаа” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж улмаар зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулах боломжтой байна гэж дүгнэв.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Г.Г  нь хохирогчид эмчилгээний зардалд 100.000 төгрөг өгсөн бөгөөд хохирогч Н.З  нь шүүгдэгч Г.Г д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Алаг морьт овгийн Г.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Г ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Г  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН