Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/164

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Хохирогч А.*******,

Шүүгдэгч Я.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 160 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******гийн *******д холбогдох эрүүгийн 2107000000225 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол улсын иргэн, ******* өдөр Улаанбаатар хот ******* төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ******* ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* тоотод оршин суух бүртгэлтэй,

         Урьд Баянгол дүүрийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 715 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан уг  ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ял авч байсан, *******гийн ******* /РД:*******/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Я.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ******* тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий төрсөн охин А.*******ийг тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас битүү чанагчийн саваар нүүрэн тус газар нь цохиж биед нь баруун дээд хоёр дугаар шүдний хугарал, баруун бугалганд шарх, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Я.******* шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр эхнэр бид хоёр 0.75 литрийн 1 шил архи хувааж уусан. Тухайн үедээ их согтолттой байсан. Эхнэртэйгээ маргалдаад манай эхнэр гэрээс гараад явсан. Би араас нь гарах гэсэн чинь охин гаргахгүй гээд намайг буцаж гэр лүү оруулсан. Охин архи уулаа гээд загнаад, орилоод байхаар нь согтуудаа битүү чанагч аваад өөдөөс нь түлхчихсэн байна. Энэ гэм буруугаа хүлээж байна” гэв.

Хохирогч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өглөө гэрт унтаж байгаад 09 цаг өнгөрөөд боссон чинь аав, ээж хоёр архи уугаад сууж байсан. Гадаа гараад хэрэлдэж, маргалдаад байсан. Ээж гараад явсны дараа аав араас нь гарах гээд байхаар нь одоо унтаж амар гээд гэр лүү оруулсан. Тэгээд бид хоёр маргалдсан. Аав над руу битүү чанагч аваад түлхсэн чинь миний шүдэн дээр таараад шүд хугарсан” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Я.*******гийн өгсөн: “...Гэрт орсон хойноо би буцаад эхнэрийнхээ хойноос гэрээс гарах гэтэл охин намайг гаргахгүй над руу орилоод загнаад байсан.  Тэгэхээр нь би согтуу уурандаа гал тогооны тавиур дээр байсан битүү чанагчийг аваад тэрүүгээр охиноо айлгах гээд түүний толгой хэсэг рүү хальт түлхчихсэн чинь охины үүдэн шүдийг цохиж, шүдийг нь унагаачихсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 27 дугаар тал/

 

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор А.*******ийн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 04-ний өглөө 09 цагийн орчимд ******* тоот гэртээ сэртэл гэрт манай аав Я.*******, ээж Б. хоёр 0.75 литрийн Хараа архи 1 шилийг дундаа тавьчихсан хуваагаад ууж байсан. Тэгтэл аав, ээж хоёр хоорондоо согтуудаа хэрэлдэж маргалдаад эхэлсэн. Яг юунаас болж хоорондоо хэрэлдсэн болохыг нь мэдэхгүй байна. Удалгүй аав уурандаа ээжийг цохих гэж дайраад байсан. Тэгсэн аав, ээжээс айгаад гэрээс гараад зугтаасан чинь аав, ээжийн араас гараад гүйсэн. Тэгэхээр нь би аавыг болиулж гэрт оруулах гээд гэрийн үүдэн дээрээс аавыг хүчээр загнаж байгаад гэрт оруулсан. Тэгээд би тухайн үед аавдаа уурлаж гомдсондоо болоод аав руу “та наад архиа болиоч, зүгээр унтаж амар” гэж хэлсэн чинь аав гал тогооны тавиур дээр байсан битүү чанагчны савыг аваад миний нүүр лүү түлхэж цохих үед миний дээд үүдэн шүд уначихсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 10 дугаар тал/

 

3. Шүүх эмнэлгийн шинжээч эмч ы №08 шэ/514 дүгээр: “А.*******ийн биед баруун дээд 2 дугаар шүдний хугарал, баруун бугалганд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт

/хх-ийн 17 дугаар тал/

 

4. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 2-4 дүгээр тал/

 

            5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 28 дугаар тал/

 

            6. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,

            /хх-ийн 48-50 дугаар тал/

 

            7. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт,

            /хх-ийн 51-55 дугаар тал/

           

            8. Я.*******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 34-47  дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн “...Ял шийтгэлийн асуудал тухайн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу эрүүгийн хариуцлага, ял шийтгэлийн талаарх санал гаргахдаа  харгалзан үзнэ. Өмнөх ял шийтгэлтэй байсан эсэхийг яллах дүгнэлтдээ бичих шаардлагагүй...Шүүгдэгч Я.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч А.******* нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч Я.******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэрэг байдлыг харгалзан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******д 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, энэ торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Я.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдуулж, эд мөрийн баримтаар хураагдсан битүү чанагч, нэг ширхэг шүдийг устгуулж, шүүгдэгч Я.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Я.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Я.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 09-10 цагийн хооронд 5 дугаар гудамжны 9 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн охин А.*******ийг “эхнэрийн араас гаргахгүй, орилж загналаа” гэх шалтгаанаар битүү чанагчийн саваар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун дээд хоёрдугаар шүдний хугарал, баруун бугалганд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч  Я.*******гийн: “...эхнэрийнхээ хойноос гэрээс гарах гэтэл охин намайг гаргахгүй над руу орилоод загнаад байсан.  Тэгэхээр нь би согтуу уурандаа гал тогооны тавиур дээр байсан битүү чанагчийг аваад тэрүүгээр охиноо айлгах гээд түүний толгой хэсэг рүү хальт түлхчихсэн чинь охины үүдэн шүдийг цохиж, шүдийг нь унагаачихсан...Охин архи уулаа гээд загнаад, орилоод байхаар нь согтуудаа битүү чанагч аваад өөдөөс нь түлхчихсэн байна...” гэх,

Хохирогч А.*******ийн  “...Аав над руу битүү чанагч аваад түлхсэн чинь миний шүдэн дээр таараад шүд хугарсан... аав руу та наад архиа болиоч, зүгээр унтаж амар гэж хэлсэн чинь аав гал тогооны тавиур дээр байсан битүү чанагчны савыг аваад миний нүүр лүү түлхэж цохих үед миний дээд үүдэн шүд уначихсан” гэх мэдүүлгүүд,

Шүүх эмнэлгийн шинжээч эмч ы №08 шэ/514 дүгээр: “А.*******ийн биед баруун дээд 2 дугаар шүдний хугарал, баруун бугалганд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Я.*******г бусдын бие махбодод халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Я.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Я.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.******* нь “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа холбогдох саналыг хавтаст хэргийн хамт 3 хоногийн дотор прокурорт шилжүүлнэ.”,  мөн хуулийн 32.4 дүгээр зүйлд Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос гаргах шийдвэрийн 2 дахь хэсгийн 2.7-д эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх гэж хуульд тус тус заасан байхад яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн өмнөх хэсэгт “Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Ч.Анхбаяр нь...хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр...шүүхэд шилжүүлэх санал гарган,...” гэж  бичжээ.

Мөн улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Ял шийтгэлийн асуудал тухайн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу эрүүгийн хариуцлага, ял шийтгэлийн талаарх санал гаргахдаа  харгалзан үзнэ. Өмнөх ял шийтгэлтэй байсан эсэхийг яллах дүгнэлтдээ бичих шаардлагагүй” гэх тайлбар гаргав.

Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т “яллагдагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, биеийн байцаалттай холбоотой бусад мэдээлэл”, 

Мөн Улсын ерөнхий прокурорын 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А67 дугаар тушаалаар баталсан Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан  зааврын 16.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “яллагдагчийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, биеийн байцаалттай холбоотой бусад мэдээлэл: нас, хүйс, регистрийн дугаар, иргэний харьяалал, эзэмшсэн боловсрол, мэргэжил, эрхэлсэн ажил, ял шийтгэлийн байдал, оршин суугаа газрын хаяг зэргийг тусгана гэж тус тус заажээ. Иймд улсын яллагчийн ял шийтгэл бичих шаардлагагүй” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Цаашид дээрх зөрчлүүдийг арилгаж дахин гаргахгүй байх нь зүйтэй.

 

Бусад асуудлаар

Энэ   хэрэгт  эд  мөрийн   баримтаар   хураагдан ирсэн 1 ширхэг шүд, 1 ширхэг битүү чанагчийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Я.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******г  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Я.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг шүд, 1 ширхэг битүү чанагчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.

 

  6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ