Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2017/00549

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2017/00549

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багт оршин суух, Ахтай овогт Т.Н ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багт оршин суух, Ботахара овогт С.Д д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ержан, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Өвөлжөөний эзэмшигчээр тогтоолгож, хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг шаарджээ.

Нэхэмжлэгч Т.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.Н нь Ногооннуур сумын 7 дугаар багт эцэг Тн хамт амьдардаг бөгөөд Ж.Т гэгч Казакстан улс руу шилжих үед түүний эзэмшлийн тус сумын Хүйтэн олон овоот гэх газарт буй өвөлжөөг миний аав Т 100000 төгрөгөөр худалдан авсан билээ.

Уг өвөлжөөг бид сэргээн засварлаж, байнга мал маллан өвөлжсөөр ирсэн бөгөөд Ногооннуур сумын Засаг даргын 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 06 дугаар бүхий захирамжаар миний бие Нурбекийн эзэмшилд шилжүүлэн өгч 30 жилийн хугацаатай газар эзэмших гэрээ байгуулан газар эзэмших гэрчилгээ олгож өгсөн.

Иймд энэхүү өвөлжөөний хууль ёсны эзэмшигч Т.Н би юм. Манай энэхүү өвөлжөө бидэнтэй хөрш зэргэлдээ орших С.Д гэгчийн өвөлжөөтэй их ойрхон оршдог бөгөөд энэхүү байдлыг далимдуулан бидний газарт малаа бэлчээрлэж биднийг өвөлжөөнөөс хөөж, сүүлийн 2 жил өвөлжөөндөө өвөлжиж чадахгүй хөөгдөж явна.

С.Д нь хаанаас авсныг мэдэхгүй нэг гэрчилгээ үзүүлэн дээрх өвөлжөөг миний эзэмшлийн өвөлжөө хэмээн элдвээр дарамталж биднийг өвөлжөөнд буулгахгүй байна. Энэ талаар сумын хэсгийн төлөөлөгч болон сумын эрх бүхий албан тушаалтнуудад өргөдөл гарган миний өвөлжөөг авч өгч, С.Ды хууль бус үйлдлийг таслан зогсоож өгөхийг хүссэн боловч ямар ч арга хэмжээ авсангүй. Харин шүүхэд хандаж эрхээ хамгаалуулахыг зөвлөсөн.

Иймд Ногооннуур сумын 7 дугаар багийн Хүйтний олон овоот гэх газарт буй өвөлжөөний жинхэнэ эзэмшигч миний бие Т.Н мөн болохыг тогтоож, С.Ды хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг түүнд даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Хариуцагч С.Д гэдэг хүн миний хашаа хороонд суулгахгүй хөөж туусан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр надад би шүүхийг худалдаж авна, 1000 толгой малтай гэж дарамталсан. Энэ бол миний хашаа хороо учраас Ногооннуур сумын 5 дугаар багийн Хүйтний олон овоот гэх газарт буй өвөлжөөний газрын эзэмшигчээр тогтоолгож өгөхийг хүсэж байна гэв

Хариуцагч С.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Т.Нийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж үзээд энэ хэргийн хариуцагч би биш бөгөөд уг өвөлжөө нь Ногооннуур сумын уугуул одоо Өлгий сумын 11 дүгээр багт амьдарч байгаа М.Күрисхан гэгчийн нэр дээр баримт бичигтэй, түүний эзэмшилд байдаг өвөлжөө юм. М.Күрисхан нь ах дүүгийн хувьд уг өвөлжөөг харж хандаж байхыг надаас хүссэнээр би түр эзэн болж байгаа юм. Түүнээс биш уг өвөлжөөний асуудал надад огт хамааралгүй. М.Күрисхан нь 2000 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 6 дугаар захирамжийг сумаас гаргуулан уг өвөлжөөг эзэмших эрхийн гэрчилгээ авч гэрээ байгуулсан байдаг. Уг өвөлжөөний жинхэнэ эзэмшигч Күрисхан юм. Иймд би энэ асуудлыг хариуцахгүй гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Т.Н нь Ногооннуур сумын 7 дугаар багийн Хүйтний олон овоот гэх газар буй өвөлжөөний газрыг жинхэнэ эзэмшиг болохыг тогтоож, уг газрыг С.Ды хууль бус эзэмшлээс чөлөөлж өгөхийг хүссэн байх ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь газрыг С.Ды хууль бус эзэмшлээс чөлөөлж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, зөвхөн Ногооннуур сумын 7 дугаар багийн Хүйтний олон овоот гэх газар буй өвөлжөөний газрын жинхэнэ эзэмшигч болохыг тогтоож өгөхийг хүссэн байна.

Хариуцагч С.Д нь уг өвөлжөөний асуудал надад огт хамааралгүй бөгөөд уг өвөлжөөг миний бие Күрисхан гэдэг хүний хүссэнээр түр эзэн болж байгаа болно гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Т.Н нь Ногооннуур сумын 7 дугаар багийн Хүйтний олон овоот гэх газрын 700 м.кв газрын хууль ёсны эзэмшигч болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 06 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжаар 4 иргэнд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ба уг захирамжийн хавсралтад Ахтай овгийн Т.Нт Ногооннуур сумын 7 дугаар баг, Хүйтний олон овоотод байршилтай 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 30 жилээр эзэмшүүлсэн байна.

Нэхэмжлэгч Т.Нт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 06 дугаартай шийдвэрийг үндэслэн 700 м.кв газрыг 30 жилийн хугацаатай Ногооннуур сумын 7 дугаар баг, Хүйтний олон овоотод байршилтай өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын газрын даамлаас 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 000476417 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын газрын даамал болон нэхэмжлэгч Т.Н нарын хооронд 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд Ногооннуур сумын 7 дугаар баг, Хүйтний олон овоотод байршилтай 700 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр тусгаж, уг гэрээг 30 жилийн хугацаатай байгуулжээ.

Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч Т.Н нь Ногооннуур сумын 7 дугаар баг, Хүйтний олон овоотод байршилтай өвөлжөөний зориулалттай 700 м.кв газрын хууль ёсны эзэмшигч болох нь тогтоогдож байх ба Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасантай нийцэж байна.

Иймд Т.Н нь Ногооннуур сумын 7 дугаар баг, Хүйтний олон овоотод байршилтай өвөлжөөний зориулалттай 700 м.кв газрын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоож, газрыг С.Ды хууль бус эзэмшлээс чөлөөлж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг аймгийн Орон нутгийн олон нийтийн радиогаар дамжуулан хариуцагч С.Дд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан Т.Н нь Ногооннуур сумын 7-р баг, Хүйтний олон овоотод байршилтай өвөлжөөний зориулалттай 700 м.кв газрын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоосугай.

2. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д зааснаар газрыг С.Ды хууль бус эзэмшлээс чөлөөлж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК