Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Халамханы Мейримбек |
Хэргийн индекс | 130/2017/00432/И |
Дугаар | 130/ШШ2017/00551 |
Огноо | 2017-09-05 |
Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 130/ШШ2017/00551
2017 оны 09 сарын 05 өдөр | Дугаар 130/ШШ2017/00551 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, Төлек овогт Н.С ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Нэг удаагийн тэтгэмжийн мөнгө 1500000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.
НэхэмжлэгчН.С ы шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Н.Сы би хот хооронд тээвэр хийдэг юм. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 18-ний өдөр Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг рүү өөрийн автомашинаар ачаа ачиж явахад тухайлбал Ховд аймгийн Зэрэг суманд автомашин маань шатаж дахин ашиглагдахгүй болсон юм. Уг автомашин маань 2445 БӨТ улсын дугаартай ВЕIВЕN ND 1250 маркийн автомашин юм. Тухайн автомашинаар манайх өрх ам бүл 4, бага насны 2 хүүхэдтэй ба хүүхдүүд Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа, эхнэр маань О.А нь тодорхой эрхэлсэн ажилгүй юм. Манай өрхөд гаднаас орох ямар ч орлогогүй, шатсан автомашинаар тээвэр хийж амьдарлаа залгуулж байсан юм. Ингээд өнөөдрийн байдлаар амьдрал маань маш хүнд байдалтай байна. Тухайн тэтгэмжийг олгох журамд өрхийн амьжиргааны эх үүсвэр болж байсан мал амьтан8 тээврийн хэрэгсэл, өрхийн үйлдвэрлэлийн байр, таримал ургамал /жимс жимсгэнэ, цэцэг, нарийн ногоо, өрхийн хүлэмж гэх мэт/ болон тэдгээртэй адилтгах орлогын эх үүсвэрээ алдсан тухай мэргэжлийн онцгой байдлын асуудал хариуцсан хэлтэс зэрэг байгууллагын тодорхойлолтыг үндэслэх ёстой юм.
Н.С ы миний өмчлөлийн 2445 БӨТ улсын дугаартай ВЕIВЕN ND 1250 маркийн автомашинд гарсан гал түймрийн талаар Ховд аймгийн Онцгой байдлын газар, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Гал түймрийн хохирлын тухай № 02\162\03 дугаар бүхий акт гарсан юм.Н.Сы надад Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т зааснаар амьжиргааны эх үүсвэрээр алдсан тээврийн хэрэгсэл гал түймэрт өртөж дахин ашиглагдахгүй болсон тул нэг удаагийн тэтгэмж олгох ёстой юм байна. Гэтэл би Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт нийгмийн халамжийн сангаас 1200000 төгрөг гаргуулах тухай холбогдох материалыг өгсөн боловч өгөхгүй чирэгдүүлж байгаа явдалд гомдолтой байна. Одоо өөртөө учирсан эдийн хохирлыг арилгуулах үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Засгийн газрын 2012 оны 184 дүгээр тогтоолоор Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийгмийн халамжийн сангаас 1500000 төгрөг гаргууланН.Сы надад олгох тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг руу ачаа ачиж яваад Ховд аймгийн Зэрэгт суманд шатаж дахин ашиглагдахгүй болсон. Уг автомашин маань 2445 БӨТ гэсэн улсын дугаартай бенз маркийн машин юм. Манайх ам бүл 4, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хоёр хүүхэд маань ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Эхнэр би эрхэлсэн тодорхой ажилгүй. Манай өрхөд гаднаас ямар ч орлого ордоггүй. Энэхүү шатсан машинаар тээвэр хийж амьдралаа залгуулж байсан. Ингээд өнөөдрийн байдлаар амьдрал маань маш хүнд байдалтай байна. Тухайн тэтгэмжийг олгох журамд ерөнхий амьжиргааны эх үүсвэр болж байсан мал амьтан, тээврийн хэрэгсэл, өрхийн үйлдвэрлэл, байр, таримал жимс жимсгэнэ гэх мэт болон тэдгээртэй адилтгах орлогын эх үүсвэр алдсан тухай мэргэжлийн онцгой байдлын асуудал хариуцсан хэлтэс зэрэг байгууллагын тодорхойлолтыг үндэслэх ёстой юм. Миний өмчлөлийн 2445БӨТ гэсэн улсын дугаартай бенз маркийн машин гарсан гал түймрийн талаар Ховд аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн гал түймрийн хохирлын тухай 026203 дугаар бүхий акт гарсан. Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т амьжиргааны эх үүсвэр алдсан, тээврийн хэрэгсэл гал түймэрт өртөж дахин ашиглагдахгүй болсон тул нэг удаагийн тэтгэмж олгох ёстой юм. Гэтэл би Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт нийгмийн халамжийн сангаас 1500000 төгрөг гаргуулах тухай холбогдох материалыг өгсөн боловч өгөлгүй чирэгдүүлж байгаад гомдолтой байна. Одоо өөртөө учирсан эдийн хохирлыг арилгуулах үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргасан юм гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийг үйлчилгээний газрын дарга Б.Сьезхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суудаг Төлек овогт Н.Сын гаргасан нэхэмжлэлтэй танилцаж үзлээ. Н. Сергазы нь өөрийн өмчлөлтэй БӨТ 2445 улсын дугаартай ВЕIВЕN 1250 маркийн автомашин нь шатсан тухай Ховд эймгийн ОБЕГазрын гамшгаас хамгаалах улсын байцаагчийн акт бусад холбогдох мматериалуудын хамт манай байгууллагад хүсэлт гаргасан билээ. Уг хүсэлтийг хуулийн хүрээнд хянан үзээд Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.5.1 дэх заалтыг хангахгүй байгаа тул олгох боломжгүй талаар мэдэгдсэн болно.
Нийгмийн халамжийн тухай 13.5.1 заалтад: Гэнэтийн аюул осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэр алдсан өрхөд олгоно гэсэн заалттай мөн Монгол Улсын Засгийн Газрын 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан тэтгэвэр тэтгэмж олгох журмын 6.3.3 заалтад зөвхөн гэнэтийн аюул ослын улмаас гэр оронгүй болсон өрх иргэнд мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргахаар тодорхой заасан байдаг. Хууль болон түүнийг хэрэгжүүлэх журмын болзол шаардлагыг хангахгүй байгаа тул Сергазын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөгхийг хүсье.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалтанд онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж гэж заасан байдаг. 13.5-д онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг дор дурдсан өрх, иргэнд олгоно гэсэн. Тэгвэл 13 дугаар зүйлийн 13.5.1-д гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрхөд олгохоор хуульчилсан байдаг. Энэ хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дүгээр зүйлийн 4.17-д Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.5.1-д заасан тэтгэмж олгохдоо гамшгийн улмаас гэр оронгүй болсон, эсхүл гэр, орон нь цаашид амьдрах боломжгүй болсон, өрхийн амьжиргааны эх үүсвэр болж байсан мал, амьтан тээврийн хэрэгсэл, өрхийн үйлдвэрлэлийн байр, таримал ургамал /жимс, цэцэг, нарийн ногоо, өрхийн хүлэмж гэх мэт/ болон тэдгээртэй адилтгах орлогын эх үүсвэрээ алдсан тухай мэргэжлийн /онцгой байдлын асуудал хариуцсан хэлтэс зэрэг/ байгууллагын тодорхойлолтыг үндэслэнэ гэжээ.
Н.Сын хавтаст хэрэгт авагдсан материалд Ховд аймгийн Онцгой байдлын газрын гаргасан дүгнэлтэд тухай хуулийн заалтад холбогдолтой нэг ч үг өгүүлбэр байхгүй, мөн аймгийн Прокурорын газар хэрэг үүсэхээс татгалзахад халуун тогооны хуванцар янданд хүрсэн байна гэсэн ба энэ нь онцгой байдлын дүгнэлттэй адил гарсан. Энэ бол жолоочийн цэвэр хариуцлагатай холбоотой мөн жолооч бүрэн бус техникээр замд гарсныг гэрчилж байна.
Харин Сергазын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 184 дүгээр тогтоолоор гэнэт осолд нэрвэгдсэн тохиолдолд 1500000 төгрөг олгох ёстой гэжээ. Уг тогтоол нь 2012 оны 5 дугаар сарын 30-нд гарсан тогтоол үүний дараа Засгийн газраас 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 136 дугаар тогтоол гарч, 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 184 дүгээр тогтоол нь хүчингүй болсон байна.Н.Сын машин байгалийн ямар нэгэн гамшгаас болж гал гараагүй зөвхөн жолоочийн хариуцлагаас болсныг хэрэгт авагдсан материалуудаас үзэхэд тодорхой байна.
Иймд Халамжийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор гарсан журам дүрмийн дагуу бүх асуудлыг шийдвэрлэх ёстой тул 1500000 төгрөг хүчингүй болсон. 1200000 төгрөгийг олгох боломжгүй тул эрхэм шүүгч уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. НэхэмжлэгчН.Сы нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийгмийн халамжийн сангаас 1500000 төгрөг гаргуулж өгөхийг шаарджээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ миний бие хот хооронд тээвэр хийдэг бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг руу өөрийн автомашинаар ачаа ачиж явахад Ховд аймгийн Зэрэг суманд автомашин маань шатаж дахин ашиглагдахгүй болсон ба манай гэр бүл уг шатсан автомашинаар тээвэр хийж амьдарлаа залгуулж байсан. Эхнэр болох Айнагүл нь эрхэлсэн ажилгүй, бага насны 2 хүүхэдтэй, өрхөд гаднаас орох орлогогүй ба машин шатсаны улмаас амьжиргааны эх үүсвэрээ алдсан тул дээрх нэхэмжлэлийг гаргаж байна гэж тайлбарлажээ.
Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан байдал нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасан шаардлагыг хангаагүй байгаа, машин шатсан асуудал нь жолоочийн хариуцлагатай холбоотой гэж маргажээ.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлд нийгмийн халамжийн тэтгэмж нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн төрөлтэй болохыг заасан бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрх, иргэнд олгохоор зохицуулжээ.
Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 136 дугаартай тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай тогтоолын хавсралтын 6-д гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрхөд олгох тэтгэмжийн хэмжээг 1200000 төгрөгөөр тогтоож, нэг удаа олгохоор баталсан байна.
Хэрэгт авагдсан дараах нотлох баримтаас үзэхэд Ховд аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 02/162/03 дугаартай гал түймэр гарсан тухай актаар гал түймэр гарахын өмнөх байдал, гал түймрийг илрүүлсэн байдал, гал түймрийг унтраасан байдал, гал түймрийн улмаас учирсан хохирол зэргийг тогтоосон байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 5/12 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолд иргэнН.Сын тээврийн хэрэгслийг хэн нэгэн санаатайгаар галдан шатаагаагүй болох нь гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчийн уг тээврийн хэрэгслийн халуун тогооны түлшний шланк моторын янданд ойрхон байрлаж байснаас удаан хугацаагаар явж яндан халж түүнд хуванцар шланк цоорсны улмаас халуун яндангаас түлш асгарч гал гарсан байх магадлалтай,Н.Сын машинд ямар нэгэн гадны нөлөөнөөс болж гал гараагүй, явж байсан машин тогны маснаас болж гал гарсан гэж бодож байна. Халуун тогооны утсыг шууд аккумлятороос тог аваад өгчихсөн байсан юм гэсэн мэдүүлгүүдийг дурдаж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.
Дээрх нотлох баримтууд болон машины шатах үеийн фото зургууд, Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын тамгын газрын даргын тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээрН.Сын эзэмшлийн 25-45БӨТ улсын дугаартай, Норд бенз маркийн машин шатсан нь тогтоогдож байгаа боловч уг машин нь гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар шатсан гэж үзэх боломжгүй бөгөөд техникийн холбогдолтой гэмтлийн улмаас шатсан байна гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
ИймдН.Сын Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийгмийн халамжийн сангаас 1500000 төгрөг гаргуулж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү нэхэмжлэл нь тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэл байх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33400 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг хариуцагч байгууллагын дарга Б.Сьезханд мэдэгдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсгийг нь зуруулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.3, 13.5.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг баримтланН.Сын Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийгмийн халамжийн сангаас 1500000 төгрөг гаргуулж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33400 төгрөгийг буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК