Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/09

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа

Улсын яллагч Я.Амарзаяа

Шүүгдэгч Ж.Батжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Я.Амарзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ж.Батжаргалд холбогдох 2132000050003 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Завхан аймаг Отгон суманд 1982 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн № 33 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Улаанбаатар тээвэр ХХК-д жолооч ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Уваши овогт Жамъяны Батжаргал. /РД:ИЙ82091017/

 

           Шүүгдэгч Ж.Батжаргал нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шөнийн 22-23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Дуушийн гудамжинд эхнэр Б.Оюунтунгалагийг нүүр лүү нь цохих, үсдэж чирэх зэргээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Батжаргалын өгсөн …. ... 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр найз Энхзулын төрсөн өдөр болоод эхнэр Оюунтунгалагийн хамт оройн 19 цагийн үед очсон. Тэгээд шөнийн 22 цагийн үед тэднийхээс гарсан. Замдаа эхнэртэйгээ маргалдаад нүүрэн тус газарт нь цохиж үснээс чирч цохиж зодсон. Мөн гараараа нуруу луу нь цохисон. Тэгээд удалгүй гэртээ ирсэн. Гэртээ ирээд дахин маргасан чинь хүүхэд цагдаа дуудсан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Б.Оюунтунгалагийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Орой 19 цагийн үед Батжаргалын найзынх нь төрсөн өдөр гэхээр нь хамт явсан. Айлд байхдаа найзтайгаа мөнгөнөөс болоод маргаад байхаар нь би нөхрийгөө хүнтэй маргалдаад байх юм болиоч гэсэн миний үгэнд орохгүй болохоор нь би түрүүлээд яваад өгсөн. Тэр айлаас гараад дуушийн гудамжинд ганцаараа явж байхад Батжаргал араас ирээд намайг зодсон. Гудамжинд ганцаараа явж байхад араас хүрч ирээд самарт яваад биеэ үнэлж байгаад ирсэн үү гээд уурлаад байсан..... Гудамжны үзүүрт Батжаргалд зодуулж байгаад хэсэг ухаан балартсан. Нэг сэрэхэд газар дөрвөн хөллөчихсөн хэвтэж байсан. Хажууд Батжаргал чи газар уначихсан байна ш дээ би чамайг зодоогүй ш дээ гээд байсан. Тэндээсээ босоод гэр лүүгээ орох гээд явж байхад Гандангийн гудамжны үзүүрт өмсөж явсан цамцаар хоолой боогоод үстээд чирсэн. Чи болиоч ээ гээд байхад чамайг алчихаад 3 хүүхэд рүү чинь аваад орчихъё гээд орилоод байсан. Би гэр лүүгээ яаж орсноо санахгүй байна, нэг сэргэхэд эмнэлэгт байсан... Батжаргалд ингэтлээ зодуулсандаа гомдож байгаач хүүхдүүдээ элэг бүтэн амьдруулах хүсэлтэй болохоор учиргүй гомдол гаргаад яваад байх бодол надад байхгүй...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 10-13 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч О.Бат-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Өчигдөр шөнө гэртээ байж байхад аав гаднаас согтуу ганцаараа ороод ирсэн. Гарч ээжийгээ ав гэхээр нь босч хувцсаа хальт мульт өмсөөд араас нь гүйгээд гарахад Гандангийн гудамжинд аав ээжийн хувцаснаас нь зулгаачихсан ээжийн хамар амнаас нь цус гарчихсан, хамаг хувцас нь урагдчихсан байдалтай байсан. Аав ээж хоёрыг арай гэж гэр лүү оруулахад аав ээж рүү агсраад зодох гээд дайраад байсан. Тэгэхээр нь аавын 2 гарнаас нь барьж аваад ээжээс холдуулаад цагдаа дуудсан гэх мэдүүлэг /Хх-н 15 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн № 16 ...... Дүгнэлт:

1.Б.Оюунтунгалагийн биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 23-24 дүгээр хуудас/

Ж.Батжаргал нь Гандангийн № 33 тоотод ам бүл 5 оршин суудаг гэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Баянсуудлын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 37 дугаар хуудас/

Ж.Батжаргалын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 33 дугаар хуудас/

Ж.Батжаргал нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 40 дүгээр хуудас/

Хохирогч Б.Оюунтунгалагийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан Ж.Батжаргалд ямар нэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийддвэрлэхэд тусгайлан гаргах саналгүй гэсэн хүсэлт /Хх-н 77 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ж.Батжаргал нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шөнийн 22-23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Дуушийн гудамжинд эхнэр Б.Оюунтунгалагийг нүүр лүү нь цохих, үсдэж чирэх зэргээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Ж.Батжаргалын хохирогч Б.Оюунтунгалагийг цохиж зодсон  үйлдэл нь самарт явж бие үнэлээд ирсэн үү гэсэн хардалтын хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ж.Батжаргалын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилтай байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 03 сарын хугацаанд 3 хувааж сард 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Б.Оюунтунгалаг нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ж.Батжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Уваши овогт Жамъяны Батжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Батжаргалыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Батжаргал нь 450000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Батжаргал нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ж.Батжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Батжаргалд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Б.ХЭРЛЭН.