Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

 

 

 

 

А.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Ганчимэг,

шүүгдэгч А.Мын өмгөөлөгч Н.Жамъян,

хохирогч “Гацуурт хүнс” ХХК-ийн төлөөлөгч О.Энхзол,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 882 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч А.Мын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1808003020565 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т овгийн А-ы М, 1976 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Гацуурт хүнс” ХХК-д тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан гэх, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......./;

 

А.М нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт хүнс” ХХК-д тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа, 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 6.987.739 төгрөгийг компанийн дансанд тушаалгүй авч, албан тушаалын байдлаа ашиглан, бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан,

мөн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ундрах-Актив” хадгаламж, зээлийн хоршоонд 2014 оны 8 дугаар сараас 2017 оны 5 дугаар сар хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас 27.413.316 төгрөг, нийт 34.401.055 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Мыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 4 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Маас 34.401.055 төгрөг гаргуулж, хохирогч “Гацуурт Хүнс” ХХК-д 6.987.739 төгрөг, “Ундрах-Актив” ХХК-д 27.413.316 төгрөг тус тус олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний нэхэмжлэгч, хохирогч нар гэмт хэргийн улмэас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч А.М давж заалдах гомдолдоо: “...Би хэдийгээр мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгээр өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн боловч анхан шатны шүүхийн зарим дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.          

            Анхан шатны шүүх намайг “албан тушаалын байдлаа ашиглаж” хэмээн яллаж байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүх надад холбогдох энэ хэргийн зүйлчлэл буюу 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн нь зөв гэж дүгнэсэн бөгөөд миний бие болон өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэлийн асуудал дээр маргаагүй болохыг тодорхойлжээ. Хэдийгээр миний бие 2002 оны Эрүүгийн хууль, 2015 оны Эрүүгийн хуулийн аль алийг хэрэглэх тал дээр маргаагүй боловч анхнаасаа прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1 дэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд “албан тушаалын байдлаа ашиглаж” гэж  яллаж байгаад гомдолтой байна.

            “Ундрах Актив” хадгаламж зээлийн хоршоо болон “Гацуурт Хүнс” ХХК-д миний бие тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа захирлын тушаал болон ажлын байрны тодорхойлолтод бэлэн мөнгөний няравын үүргийг давхар хавсран гүйцэтгэх буюу бэлэн мөнгөтэй харьцах, кассын орлогыг авна гэсэн заалт байхгүй бөгөөд кассын орлого авч байсан нь албан тушаалын хувьд биш итгэл хүлээлгэн даалган хийлгэж байсан ажил юм. “Гацуурт Хүнс” ХХК нь орон тооны кассын няравтай бөгөөд няравын ажлын байрыг төв байр луу нүүлгэж, ерөнхий нягтлан бодогч Л.Эрдэнэхөөрхөн надад кассын орлогын баримтын 3 дэвтэр өгч “кассын орлого” авч байхыг даалгасан юм. Холбогдох хууль тогтоомжоор ч нягтлан бодогч нь албан тушаалын хувьд бэлэн мөнгөтэй харьцах албан тушаалтан биш гэдгийг заасан байдаг. Энэ нь гэрч Л.Эрдэнэхөөрхөний мэдүүлгээр нотлогдоно. Иймд “албан тушаалын байдлаа ашиглан” гэдгийг өөрчлөн миний эрх зүйн байдлыг дээрдүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү.

            Гэмт хэргийн хохирлыг тооцохдоо, нягтлан хянаж үзээгүйд гомдолтой байна. Би “Ундрах Актив” хадгаламж зээлийн хоршоонд учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрч байгаа боловч уг хохирлын дүнгээс хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудын дунд байгаа дор дурдсан баримтуудын зардлын дүнгээр хасалт хийж хохирлын бодит дүнг тооцож гаргаагүй. “Фин Аз Аудит” ХХК болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 15 тоот шинжилгээний дүгнэлтийг эс зөвшөөрч байна. Энэ баримтуудын дүнг хасуулах болон гэрчийн мэдүүлэг авахуулах талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч авч үзээгүйд гомдолтой байна.

            “Ундрах Актив” хадгаламж зээлийн хоршооны хохирлоос  2015 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд төлөгдсөн ажлын байрны түрээсийн 4.500.000 төгрөгийг миний учруулсан хохиролд тооцож байгаа нь бодит байдалд нийцэхгүй байгаа бөгөөд 2 талын байгуулсан түрээсийн гэрээ, уг гэрээг байгуулсан “Ундрах Актив” хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирал Д.Чулуунцэцэг, “Хос мөнгөн сувд” ХХК-ийн холбогдох албан тушаалтан нараас мэдүүлэг огт аваагүй. Хоёр байгууллагын байгуулсан түрээсийн гэрээ хавтас хэрэгт байгаа хэдий ч үүнийг аудит болон шинжээчийн дүгнэлтээр авч үзээгүй. Иймээс түрээс авч байсан байгууллагын холбогдох бичиг баримт, тодорхойлолт бусад нотлох баримтуудыг гаргуулж, шинжлэн судлуулах хүсэлтэй байна.

            “Ундрах Актив” хадгаламж зээлийн хоршооны зээлийн хорооны гишүүн Д.М, Д.Батжаргал нарт 2016 онд олгогдсон урамшууллын 260.000 төгрөгийг мөн миний учруулсан хохиролд тооцсон. Хэргийн материалд данс тодруулсан лавлагаа бий.

            “Ундрах Актив” хадгаламж зээлийн хоршооны нэр дээр бүртгэлтэй автобусны смарт карт цэнэглэх төхөөрөмжийг хоршооны гишүүн А.Пунсалдулам хариуцан ажиллуулдаг. Тухайн төхөөрөмжийн эргэлтэнд хоршооноос 400.000 төгрөгийг байршуулсан. Өнөөдрийг хүртэл энэ мөнгийг эргэлтэнд ашиглаж байгаа болно. Гэтэл энэ мөнгийг миний учруулсан хохиролд тооцсон. Хавтас хэрэгт банкны баримт байгаа бөгөөд А.Пунсалдуламаас мэдүүлэг авч тодруулахыг хүсч байна.

            “Ундрах Актив” хадгаламж зээлийн хоршоонд миний нэр дээр бүртгэлтэй 585.000 төгрөгийн хадгаламжийг хоршоонд учруулсан хохирол гэж тооцсон. Энэ мөнгө нь одоо миний хадгаламжинд байгаа учраас хохирлоос хасч тооцуулах хүсэлтэй байна. Дээр дурдсан 4 баримтуудын нийт зардал 5.745.000 төгрөг болж байгаа бөгөөд энэ нь миний хувьд бага биш мөнгө юм.

            Анхан шатны шүүх миний ар гэрийн болон эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргаагүйд гомдолтой байна. Би гэмт хэрэгт холбогдож бусдад хохирол учруулсан гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч, үнэхээр их харамсаж байгаа бөгөөд хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна. Би өндөр настай ээж, өсвөр насны охинтойгоо гурвуулаа амьдардаг. Ээж маань 2014 онд харвалт өгсний улмаас эмчийн байнгын хяналтад байдаг. Охин маань 18 настай. 2017 онд Монгол Улсын Их сургуульд элсэн орсон боловч сургалтын төлбөрөө төлж чадаагүй тул 2 жилийн чөлөө авсан. Өөрийн буруутай үйлдлээс болж өндөр настай ээжийгээ ч асарч чадахгүй, охиныхоо ирээдүйн амьдралын баталгаа болсон мэргэжлийн сургуульд нь ч суралцуулж чадахгүй байгаадаа маш их гутарч байна.

Би эрүүл мэндийн хувьд зүрхний хэм алдагдалтай. Үүнээс болж даралт тогтворгүй байдаг. Цагдан хоригдсоноос хойш ээж, охин хоёртоо маш их санаа зовж, сэтгэл санааны тогтворгүй байдлаас зүрхний хэм алдагдалт нь ойр ойрхон давтамжтай болж байгаад маш их эмээж байна. Энэ байдал минь даамжирч муу зүйл болох вий, үр хүүхэддээ учир зүй нь олдохгүй өр, төлбөр үлдээчих вий гэхээс үнэхээр их айж байна. Ээж маань 280.000 төгрөгийн тэтгэвэртэй боловч бусдын адил сар шинийн баяраар зээлчихдэг. Хүйтний улирал ирсэн энэ үед нэг ч төгрөгийн орлогогүй болохоор түлээ, нүүрс, хоол ундны мөнгө төгрөггүй гэж бодохоор үнэхээр аймаар байна. Би ажил хийхийн зэрэгцээ гурван байгууллагын санхүүгийн тайлан гаргаж, 2017 оны 8 дугаар сараас хэрчсэн гурил, бууз, баншны цех ажиллуулж эхэлсэн боловч 2018 онд  гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаанд ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Гэмт хэргийн улмаас учруулсан 34.401.055 төгрөгийн хохирлыг би өөрийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж болон байгууллага, хувь хүмүүсээс авах авлагаар бүрэн барагдуулах болно. Одоо надад эрхэм шүүгч та бүхнээс өөр итгэж найдах хүн байхгүй байна.

            Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх миний гаргасан гомдлыг тал бүрээс нь хянан, бусад нөхцөл байдлыг минь харгалзан үзэж, миний эрх зүйн байдлыг дээрдүүлэх шийдвэрийг гаргаж өгөхийг хүсч байна. ...” гэжээ.

 

            Шүүгдэгч А.Мын өмгөөлөгч Н.Жамъян шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Мын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Тэрээр түүнд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж зүйлчилж шийдсэн нь эрх зүйн байдлыг нь дордуулж байна гэж давж заалдах гомдолдоо дурдсан байна. Энэ талаар өмгөөлөгчийн хувьд мөн эргэлздэг. 2015 оны Эрүүгийн хуульд “албан тушаалын байдал” гэдгийг яг юу гэж тодорхойлсон тухай албан ёсны тайлбар байхгүй байхад “албан тушаалын байдлыг ашигласан” гэж зүйлчлэлийг хүндрүүлсэн. Шүүгдэгч О.Мын хувьд “Ундрах актив” хадгаламж зээлийн хоршоо болон “Гацуурт хүнс” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоос харахад нягтлан бодогч нар бэлэн мөнгөтэй харьцах үүрэг байхгүй. Удирдлагаас үүрэг өгсний дагуу зээлийн эргэн төлөлт болон дэлгүүрийн орлогын мөнгийг өөрөө бэлнээр авч, кассанд тушаалгүй өөрөө ашигласнаа хүлээн зөвшөөрсөн. “Гацуурт хүнс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “А.Мын хувьд тодорхой мөнгийг өөр дээрээ авах үүрэг байхгүй, өөрт нь өгсөн мөнгийг авч ашигласан” талаар мэдүүлсэн байдаг. “Гацуурт хүнс” ХХК-д учруулсан 6.987.739 төгрөгийн хохирлын хувьд ямар нэгэн маргаан байхгүй, уг хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрч “Гацуурт хүнс” ХХК-ийн холбогдох хүмүүстэй холбогдож хохирлыг бага багаар төлж барагдуулах талаар ярилцсан. Өнөөдрийн байдлаар “Гацуурт хүнс” ХХК-д 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, ойрын хугацаанд үлдэгдэл төлбөрийг барагдуулъя гэж аман байдлаар тохиролцсон. “Гацуурт хүнс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хохирол барагдсан тохиолдолд бид нарын зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй гэдгээ илэрхийлсэн. “Ундрах актив” хадгаламж зээлийн хоршоонд 2014 оны 8 дугаар сараас 2017 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 27.413.316 төгрөг завшсан гэж үзэж анхан шатны шүүхээс ял оногдуулсан. 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хууль 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж заасан. Шүүгдэгч А.Мын “Ундрах актив” хадгаламж зээлийн хоршоонд 2014 оны 8 дугаар сараас 2017 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 27.413.316 төгрөг завшсан гэх үйлдлийн тухайд Өршөөлийн хуульд хамрагдах боломжтой. Шүүгдэгч А.М давж заалдах гомдолдоо хэд хэдэн асуудлыг шалгаж тогтоолгүйгээр хохиролд тооцсон гэж дурдсан. Үүнийг нягталж шалгах нь зүйтэй. Мөн Амарзаяа гэдэг хүн 5.000.000 төгрөгийн зээл авсан, үүнээс А.М 2.500.000 төгрөгийг нь авч үлдсэн. 2.500.000 төгрөгийг н.Амарзаяа өөрөө авч хэрэглэсэн тул хохирлын дүнгээс хасаж тооцох ёстой. Мөрдөн байцаагч нар хэргийг эргэлзээгүй тогтоох үүргээ зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. А.Мын биеийн эрүүл мэндийн байдлын хувьд, зүрхний хэм алдагддаг гэсэн оноштой. Хувийн байдлын хувьд өрх толгойлсон эмэгтэй, өсвөр насны охин болон өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй ээжийн хамт амьдардаг. Шүүх эдгээр байдлыг харгалзан үзнэ үү. ...” гэв.

 

            Хохирогч “Гацуурт хүнс” ХХК-ийн төлөөлөгч О.Энхзол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.М нь манай компанид учруулсан хохирлоос 2.000.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 5.987.739 төгрөг байна. Түүнд оногдуулсан ял шийтгэлийн талаар ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ...” гэв.

           

            Прокурор Д.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл байхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч А.Мын өмгөөлөгч Н.Жамъяны гаргасан саналтай холбогдуулж хэлэхэд хоёр удаагийн шинжээчийн дүгнэлтээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирол тодорхой тогтоогдсон. Баримтаар тогтоогдсоныг хохирлын дүнгээс хасч тооцсон. Шүүгдэгч А.М албан тушаалын байдлаа ашиглаж гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан тухайн ажиллаж байсан байгууллагуудтай хийсэн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажилд томилсон тушаал зэргээр тогтоогдож байгаа. Тэрээр тухайн хадгаламж зээлийн хоршоо болон компанид нягтлан бодогчоор ажиллаж байгаагүй бол хүмүүс түүнд итгэж зээлийн эргэн төлөлт болон дэлгүүрийн орлогоо өгөхгүй, хадгаламж зээлийн хоршоо болон компанид ийм хэмжээний хохирол учрахгүй байсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Мын хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч А.М нь 2014 оны 8 дугаар сараас хойш үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн, энэ хугацаанд хохирол нэг ч төгрөг төлөөгүй, өнөөдөр 2.000.000 төгрөгийн хохирлыг төлж байна. А.Мын нэр дээр хөрөнгө байдаг гэдэг боловч данс, бүртгэлээр гарч ирдэггүй. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч А.М гэм буруугийн талаар маргаагүй, харин давж заалдах гомдол болон түүний өмгөөлөгчийн саналыг сонсоход гэм буруугийн талаар маргасан байгаа тул хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

А.М нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт хүнс” ХХК-д тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа, 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хаягдал ногооны борлуулалтын болон дэлгүүрийн орлогыг бэлнээр авч, кассанд тушаалгүйгээр 6.987.739 төгрөгийг;

мөн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ундрах-Актив” хадгаламж зээлийн хоршоонд 2014 оны 8 дугаар сараас 2017 оны 5 дугаар сар хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байхдаа, зээлдэгч нарын зээлийн эргэн төлөлтийн мөнгийг бэлнээр болон өөрийн дансаар авах, “Ундрах-Актив” хадгаламж зээлийн хоршооны харилцах данснаас өөрийн хувийн харилцах дансруу шилжүүлэн авах зэргээр 27.413.316 төгрөгийг, нийт 34.401.055 төгрөгийг завшсан болох нь:

 

хохирогч “Гацуурт Хүнс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхзолын “...2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс Санхүү, борлуулалтын хэлтэс “Гацуурт” ХХК-ийн төв оффис руу нүүж, Хүнс трейдийн хашаанд байсан үйлдвэрлэлийн хэлтэс үлдэж, төлбөр тооцоог А.М хийж байсан ба тэрээр хаягдал ногооны борлуулалтын орлогыг аваад кассанд тушаахгүйгээр өөртөө төвлөрүүлж байсан. Ажил үүргийн хувиараар А.М нь орлого авч кассанд тушаах үүрэгтэй. Дэлгүүрийн орлогыг худалдагч кассанд тушаах ёстой боловч нягтлан бодогч гэдэг утгаар нь А.Мд өгч байсан. ...2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хаягдал ногооны борлуулалтын орлого болох 3.332.115 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацааны дэлгүүрийн орлого болох 4.174.669 төгрөгийг тус тус кассанд тушаах ёстой байсныг тушаалгүйгээр өөртөө төвлөрүүлэн хувьдаа завшиж компанид 7.206.784 төгрөгийн хохирол учруулсан. ...” гэх мэдүүлэг /1хх 12-13/,

гэрч Л.Эрдэнэхөөрхөний “...Касс төв байрлуу нүүсэн учраас агуулах дээр хаягдал ногооны орлого болон нэрийн барааны дэлгүүрийн орлогыг хэрхэн яаж төвлөрүүлэх талаар ямар нэгэн зохион байгуулалтын арга хэмжээ аваагүй байсан. ...А.М тухайн үед энэ байдлыг ашиглаж хаягдал ногоо авах гээд ирсэн байгууллага, хувь хүнээс орлогын мөнгийг ямар нэгэн хүний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөр дээрээ төвлөрүүлж, мөн нэрийн барааны дэлгүүрийн орлогыг худалдагч нь А.Мд өгч байсныг тэрээр өөр дээрээ төвлөрүүлж байгууллагын касс болон дансанд тушаалгүйгээр хувьдаа завшсан. ...А.М нь хаягдал ногооны орлого болон нэрийн барааны дэлгүүрийн орлогыг өөр дээрээ төвлөрүүлэх эрх байхгүй. Кассын нярав, мөнгөн шилжүүлгийн нягтлан хоёр л бэлэн мөнгөтэй харьцах эрхтэй. ...” гэх мэдүүлэг /1хх 15-16/,

гэрч Л.Чимэдцэрэнгийн “...Би “Гацуурт хүнс” ХХК-нд 2015 оны 4 дүгээр сараас эхлэн нэрийн барааны дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан. 2017 оны 11 дүгээр сарын эхээр манай компанийн санхүүгийн алба “Гацуурт хүнс” ХХК-ийн төв байр луу шилжсэн. Санхүүгийн алба нүүгээгүй байхад нэрийн барааны дэлгүүрийн орлогыг кассанд тушаадаг байсан ба касс төв байр луу нүүснээс хойш нягтлан бодогч Туулаас дэлгүүрийн орлогын мөнгийг хэнд тушаах бэ? гэхэд нягтлан бодогч Мд тушаачих гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 9-нөөс 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны орлогыг М нягтлан бодогчид тушаадаг байсан. ...Нягтлан бодогч Туул над руу утсаар яриад  дэлгүүрийнхээ орлогын тайлангаа яагаад явуулахгүй байгаа юм бэ? гэхээр нь би өдөр бүр нягтлан бодогч Мд өгч байгаа шүү дээ гэж хэлсэн. Туул нягтлан өөрөө ирж Маас 7 хоногийн тайланг өөр дээрээ төвлөрүүлээд дарчихсан байсныг авч яваад орлогын мөнгөнөөс дутсан гэдгийг мэдсэн. ...” гэх мэдүүлэг /1хх 18-20/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 68 дугаартай “...А.М нь “Гацуурт Хүнс” ХХК-д бараа материалын борлуулалтын орлого болох 6.987.739 төгрөгийг 78 удаагийн давтамжаар авсан. ...” гэх дүгнэлт /1хх 43/,

хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /1хх-56-60, 123-125/,

шүүгдэгч А.Мын “...Би 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс “Гацуурт хүнс ХХК-д үйлдвэрийн нягтлан бодогчоор ажилд орж, 9 дүгээр сарын 25-ны өдрийн 134 дугаартай захирлын тушаалаар албан ёсоор томилогдон ажилласан. ...2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр “Гацуурт хүнс” ХХК-ийн оффис төв байр луу нүүж, би үйлдвэр дээрээ үлдсэн. Тухайн үед ангилан савлах үйлдвэрээс хаягдал ногоог борлуулдаг байсан ба орлогыг кассын нярав авдаг байж байгаад касс нь төв оффис нүүж ахлах нягтлан бодогч Эрдэнэхөөрхөн намайг уг орлогыг авч, 7 хоног бүр төв байран дээр очиж кассанд тушааж байгаарай гэсэн. Тэгээд би 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн хаягдал ногоо борлуулсан орлогыг авах болсон. Мөн “Гацуурт” ХХК-ийн нэрийн барааны дэлгүүрийн орлогыг касс нь төв байр луу нүүсэнтэй холбогдуулан би авч байсан ба яг хэзээнээс уг орлогыг авснаа одоо санахгүй байна. Хаягдал ногоо борлуулсны орлого болох 3.591.715 төгрөг тушаахаас 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 478.645 төгрөгийг өөрийн харилцах дансаар “Гацуурт хүнс” ХХК-ийн харилцах данс руу шилжүүлж байгууллагын дотоод хэрэгцээнд 300.000 төгрөгийг зарцуулж, хаягдал ногоо борлуулсны орлого 2.813.070 төгрөгийг тушаалгүй хувьдаа завшсан. Мөн дэлгүүрийн орлого 4.174.669 төгрөгийг кассанд тушаах ёстой байснаас компанийн дансанд тушаалгүй, хаягдал ногоо борлуулсны орлоготой нийт 6.987.739 төгрөгийг хувьдаа завшиж үрэгдүүлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх 49-52/,

 

хохирогч “Ундрах-Актив” ХХК-ийн хуулийн зөвлөх Г.Тамирын “...2017 оны 4 дүгээр  сараас эхлээд манай гүйцэтгэх захирал Баттулга “зээлдэгч нар зээлээ төлөөд байхад өр төлбөр нь яагаад орж ирэхгүй байгаа юм бэ? гээд зээлдэгч нараас асуухад зээлдэгч гишүүд маань бүгд “мөнгөө нягтлан бодогч Мд өгсөн” гэж хэлээд байсан. Захирал нягтлан бодогчтой уулзаад “энэ хүмүүсийн төлсөн мөнгө хаана байгаа юм бэ” гэж асуухад М “би 24.108.352 төгрөгийг хувьдаа ашигласан байгаа, буцаагаад өөрөө төлнө” гэж хэлсэн байдаг. Мөн төмөр сейфэнд байдаг байсан хадгаламж зээлийн хоршооны гишүүдийн хуримтлалын мөнгө болох 4.171.180 төгрөгийг нягтлан бодогч М нь хувьдаа ашигласан гэдгээ өөрөө бас хэлсэн. Мөн "Ундрах Актив" хадгаламж зээлийн хоршооны бүх гишүүдийн анх орохдоо хувь нийлүүлсэн 4.575.000 төгрөгийг бас л хувьдаа ашиглаад үрчихсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрөсөн. …” гэх мэдүүлэг /1хх 129-130/,

гэрч Ч.Батдэлгэрийн “...Намайг ажилд ордог өдөр М гэх өмнөх нягтлан нь ажлаа хүлээлгэж өгөөгүй, ажил хүлээлцэх баланс гаргаж өгөөгүй. Тухайн үед М гэх эмэгтэй нь өөрөө "байгууллагын мөнгөнөөс 28.000.000 төгрөгийн дутагдал гаргасан, би 4 хуваагаад мөнгийг нь төлчихнө" гэж байсан. Тэрнээс хойш дахин ирээгүй. Би ажлаа аваад байгууллагын тооцоо, мөнгө санхүүгийн тулгалт хийж үзэхэд А.М нь 2014 оноос 2017 оны 5 дугаар сар хүртэл ажиллахдаа нийт давхардсан тоогоор 88 иргэнд зээл олгосон бөгөөд өөрөө эргэн төлөлтийн талаар компьютерт файл хэлбэрээр хөтөлсөн байна лээ. Би тухайн файлд ерөөсөө гар хүрээгүй, М надад ерөөсөө ажлаа бүрэн хүлээлцээгүй орхиод явсан. Би байгаа баримтууд дээр нь тооцоо хийж үзэхэд байгууллага, хүмүүсийн хийсэн мөнгөнөөс хүүтэйгээ нийлээд 59.100.000 төгрөг төлөгдсөн байсан. Би яг хэдэн төгрөг дутаад байгааг нягталж сайн үзээгүй. ...” гэх мэдүүлэг /1хх 145/,

гэрч Ц.Амарзаяа, Д.Бэгзжав, Н.Эрдэнэ-Уянга нарын “...зээлийн эргэн төлөлтийн мөнгөө нягтлан бодогч А.Мд өгсөн байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 137-138/,1хх 141-142/,  /1хх 143-144/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай “...Шинжилгээгээр “Ундрах Актив” хадгаламж зээлийн хоршооны нягтлан бодогч А.М нь нийт 27.413.316 төгрөгийн бэлэн мөнгөний дутагдлыг хариуцахаар байна. Уг дутагдал нь 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүртэл хугацааны орлогын баримт, зарлагын баримт, банкны харилцах данс, хувийн харилцах данс, журнал, зээлийн хяналтын карт, зээлийн эргэн төлөлтүүд, кассын тайлангийн баримтаар нотлогдож байна. ...” гэх дүгнэлт /1хх 166-168/ ,

шүүгдэгч А.Мын “...2014 ны 8 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн би "Ундрах Актив" хадгаламж зээлийн хоршоонд нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. ...2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлээс 100.000.000 төгрөгийн санхүүжилт авсан юм. 2015 оны 3 дугаар сараас хоршооны үйл ажиллагаа жигдрэн, бид нар өөрсдөө цалинжиж ажилласан. Манай байгууллагад санхүүгийн программ гэж байгаагүй, би өөрийн компьютер дээр тайлан тооцоогоо хийдэг байсан. Би ерөнхийдөө энэ их мөнгийг хэрэглэх гол үндэс нь Хаан банкны интернэт банкыг хэрэглэх болсноос болсон юм. Зээл гаргах үедээ би дансаар шилжүүлээд үлдэгдлийг нь өөрөө аваад хэрэглээд байсан. 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тайлан гаргахдаа би их хэмжээний мөнгө хэрэглэснээ өөрөө мэдсэн. ...” гэх мэдүүлэг /1хх 94-95/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн Арвандолдугаар бүлэгт “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-ийн шинжийг тогтоон хуульчилсан бөгөөд шүүгдэгч А.М нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт хүнс” ХХК-д тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хүнсний ногооны хаягдал борлуулалтын болон дэлгүүрийн орлогын мөнгийг кассанд тушаалгүй өөрөө авч ашигласан, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ундрах-Актив” хадгаламж зээлийн хоршоонд 2014 оны 8 дугаар сараас 2017 оны 5 дугаар сар хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байхдаа зээлдэгч нарын зээлийн эргэн төлөлтийн мөнгийг бэлнээр болон өөрийн дансаар авах, “Ундрах-Актив” хадгаламж зээлийн хоршооны харилцах данснаас өөрийн хувийн харилцах дансруу мөнгө шилжүүлэн авах зэргээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэг үйлдэж, бусдад 34.401.055 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжтэй байна.

 

Тодруулбал; шүүгдэгч А.М нь “Гацуурт хүнс” ХХК болон “Ундрах-Актив” хадгаламж зээлийн хоршоонд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь “Гацуурт хүнс” ХХК-ийн 2017 оны 9 дүгээр сарын 25-н өдрийн 134 дугартай “Ажилд түр томилох тухай” тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /1хх 56-61/,  “Ундрах-Актив” хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирал Ж.Баттулгатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /1хх 123-125/ зэргээр тогтоогдож байх бөгөөд түүний тухайн байгууллагад эрхэлж буй ажлынх нь хүрээнд буюу нягтлан бодогчоор ажиллаж байгаагийнх нь хувьд хаягдал ногоо авах байгууллага, хувь хүн, дэлгүүрийн худалдагч орлогын мөнгөө бэлнээр өгч, мөн хоршооны гишүүдэд олгох зээлийг хариуцуулан, зээлдэгч нартай хоршоог төлөөлөн харилцаж байсан ба тэрээр ийнхүү ажиллахдаа орлогын болон зээлийн эргэн төлөлтийн мөнгийг бэлнээр болон өөрийн хувийн дансаар шилжүүлэн авах, хоршооны банкин дахь харилцах данснаас гүйлгээний утга нь тодорхойгүй мөнгө шилжүүлэн авч, буцааж байгууллагын кассанд тушаалгүйгээр өөрийн хувийн хэрэгцээндээ хэрэглэх зэргээр албан тушаалын байдлаа ашиглан, итгэмжлэн өгсөн бусдын хөрөнгийг завшжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Мыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

А.Мд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд  тухайн зүйлд заасан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Иймээс шүүгдэгч А.Мын “...хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдээгүй...”, “...хувийн байдлыг харгалзан үзэж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргаж өгнө үү. ..” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч А.Мын “...“Ундрах-Актив” хадгаламж зээлийн хоршоонд учруулсан хохирлыг буруу тооцсон...” гэх гомдлын тухайд, хуульд заасан журмын дагуу шинжээчээр томилогдсон /1хх 166-180/ шинжээчид нь “Ундрах-Актив” хадгаламж зээлийн хоршооны санхүүгийн баримт материалуудыг үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан байх ба уг дүгнэлтэд “...“...“Ундрах-Актив” хадгаламж зээлийн хоршооны санхүүгийн баримтад “Фин Аз Аудит” ХХК аудит хийж, 44.796.281 төгрөгийн дутагдал гаргасан байна. Аудитын дүгнэлт нь тухайн үед ирүүлсэн баримтын хүрээнд үндэслэлтэй байна. Учир нь, шинжилгээ хийх явцад аудитын дүгнэлтээр тавьсан нийт 44.796.281 төгрөгийн дутагдлаас А.Мын өөрийн нэр дээр авсан төслийн зээлийн гэрээ нь санхүүгийн баримтанд ирээгүй тул мөрдөн байцаалтаар тогтоолгохоор, 12.382.965 төгрөг нь санхүүгийн нотлох баримтаар хасагдаж, нийт 27.413.316 төгрөгийн дутагдал тогтоогдож байна. Уг дутагдал нь 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүртэлх хугацааны орлогын баримт, зарлагын баримт, банкны харилцах данс, хувийн харилцах данс, журнал, зээлийн хяналтын карт, зээлийн эргэн төлөлтүүд, кассын тайлангийн баримтаар нотлогдож байна. ...” гэжээ.  /1хх 166-168/

Өөрөөр хэлбэл, санхүүгийн шинжилгээний дүгнэлтээр “Фин Аз Аудит” ХХК аудитын дүгнэлтээр тогтоогдсон 44.796.281 төгрөгийн дутагдлаас санхүүгийн баримтаар тогтоогдсон 12.382.965 төгрөгийг хасч тооцсон байх бөгөөд нягтлан бодогч А.М нь “Ундрах-Актив” хадгаламж зээлийн хоршооны харилцах данснаас өөрийн Хаан банк дахь 5025156103 тоот хувийн харилцах дансанд 5.503.200 төгрөгийг шилжүүлэн авч, хувийн харилцах данс руу шилжүүлсэн уг мөнгийг “Ундрах-Актив” хадгаламж зээлийн хоршооны бэлэн мөнгөний касст тушаасан анхан шатны санхүүгийн баримт байхгүй, касс дахь бэлэн мөнгөний үлдэгдэл 15.899.016 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй, ажил хүлээлцсэн ямар нэгэн баримт байхгүй, “Ундрах-Актив” хадгаламж зээлийн хоршооны банкны харилцах дансаар хэнд, хэзээ олгосон нь тодорхойгүй, зээлдэгчийн нэр, регистрийн дугаар нь тодорхой бус 6.011.100 төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

“Ундрах-Актив” хадгаламж зээлийн хоршооны санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон дээрх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Харин “Ундрах Актив” хадгаламж зээлийн хоршооны зээлийн хорооны гишүүн Д.М, Д.Батжаргал нарт 2016 онд олгогдсон урамшууллын 260.000 төгрөгийн гүйлгээний утга нь “урамшуулал Д.М, Д.Батжаргал” гэж /хх 180/ тодорхой бичигдсэн байх тул нийт хохирлоос хасч тооцохоор шийдвэрлэв.

 

Түүнчлэн шүүгдэгч А.М нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг 2014 оны 8 дугаар сараас 2017 оны 5 дугаар сар хүртэл, 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байх бөгөөд завших гэмт хэргийг үйлдэж төгссөн хугацаа нь 2015 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байгаа төдийгүй дээрх хугацаанд бусдын эд хөрөнгийг завшсан хэд хэдэн удаагийн үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

  Иймд шүүгдэгч А.Мын “...хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдээгүй...”, “...хохирлын хэмжээг буруу тооцсон. ...”, “...хувийн байдлын харгалзан үзэж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргаж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 882 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 34.401.055 төгрөг гаргуулж, хохирогч “Гацуурт Хүнс” ХХК-нд 6.987.739 төгрөг, “Ундрах-Актив” ХХК-нд 27.413.316 төгрөг тус тус олгосугай” гэснийг “ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Маас 34.141.055 төгрөг гаргуулж, хохирогч “Гацуурт Хүнс” ХХК-нд 6.987.739 төгрөг, “Ундрах-Актив” ХХК-нд 27.153.316 төгрөг тус тус олгосугай” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН