Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2020/0409

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 15 өдөр           Дугаар 128/ШШ2020/0409             Улаанбаатар хот

                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Г.Ц

Хариуцагч: Оюуны өмчийн газар

Гуравдагч этгээд: Баянхонгор аймгийн түүх угсаатны зүй, байгалийн түүхийн музей

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянхонгор аймгийн түүх угсаатны зүй, байгалийн түүхийн музей нэр дээрх унагаа дээрээ зогсоосон хос морины дүрс бүхий 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай “Унагаа дээрээ зогсоосон хос морины дүрс бүхий барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, гуравдагч этгээдийн төлөөлөгч А.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Цолмонгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: 2010 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн түүх угсаатны зүй, байгалийн түүхийн музей нь "Унагаа дээрээ зогсоосон хос морины дүрс бүхий цутгамал"-д анхдагчаар тэмдэг авч, Оюуны өмчийн мэдээлэл сэтгүүлийн 2010 оны 12 дугаарт хэвлэгдэн гарсан.

Дээрх "Унагаа дээрээ зогсоосон хос морины дүрс бүхий цутгамал" нь Баянхонгор аймгийн Баянхонгор сум, 4 дүгээр баг, Угалз 11 гудамж 63 тоот хаягт оршин суух Г.Ц-д өв дамжин уламжлагдан ирсэн. Ц-ийн аав Г нь дээрх цутгамлыг өөрийн төрсөн хүү болох Ц-д үе дамжуулан шүтэж яваарай гэж захин үлдээсэн байдаг. Ц өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн шүтээнээ хадгалж хамгаалж 20 жилийг өнгөрөөсөн. Дээрх цутгамал нь Ц болоод өвөг дээдсээс нь үлдээсэн түүхийн хосгүй үнэт бүтээл юм. Гэвч Г.Ц-ийн хууль зүйн мэдлэг, мэдээлэл дутуу байдлыг ашиглаж, Баянхонгор аймгийн түүх угсаатны зүй, байгалийн түүхийн музей, тухай үеийн музейн ажилтан Адъяа гэх хүн удаа дараа ирж "Танайд энэ хос хүрэл морь байж болохгүй, таарахгүй, музейд байх ёстой гэж" сүрдүүлж байгаад цутгамлыг авсан байдаг. Энэхүү хууль зөрчиж авсан “Унагаа дээрээ зогсоосон хос морины дүрс бүхий” цутгамалд Баянхонгор аймгийн түүх угсаатны зүй, байгалийн түүхийн музей нь Оюуны өмчийн газар анхдагчаар бүртгүүлэн тэмдэг авсан байна.

Музейгээс бидэнд хос хүрэл морийг Оюуны өмчийн газарт бүртгүүлж
байгаа талаар огт мэдэгдээгүй болно. Мөн бид хөдөө аймагт мал маллаж
амьдардаг тул энэ талаарх мэдээллийг авч чадаагүй байсан. Хос хүрэл морийг Г.Ц-с авсныг музейн үе үеийн удирдлагууд мэдэж байсан бөгөөд Оюуны өмчийн газарт бүртгүүлэхдээ Г.Ц-ийн нэр дээр бүртгүүлэх боломжтой байсан. Баянхонгор аймгийн түүх угсаатны зүй, байгалийн түүхийн музей нь Г.Ц-ийн өмчлөлийн хосгүй үнэт бүтээлийг хууран мэхэлж авсан гэж үзэж байна.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 5.2.5 дахь хэсэгт "Бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй" тохиолдолд барааны тэмдгийг бүртгэхгүй гэж зааж өгсөн байдаг. Иймд гарал үүслийн хувьд эргэлзээтэй байхад тэмдэг олгосон нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэж бид Оюуны өмчийн газарт хандсан. Гэвч Оюуны өмчийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2/763 тоот албан бичгээр маргаан шийдвэрлэх комиссоор шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн.

Иймд Оюуны өмчийн газрын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн **** дугаартай “Унагаа дээрээ зогсоосон хос морины дүрс бүхий барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “Унагаа дээрээ зогсоосон хос морины дүрс бүхий" барааны тэмдэгийг анхдагчаар авч, Оюуны өмчийн мэдээлэл сэтгүүлийн 2010 оны 12 дугаарт хэвлэгдэн гарсан” гэж дурдсан байх бөгөөд “Оюуны өмчийн газарт анхдагчаар бүртгүүлсэн болохыг хэзээ мэдсэн болох нь тодорхойгүй байна” гэх тухайд Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шүтээнээ эргүүлэн авах 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн түүх угсаатны зүй, байгалийн түүхийн музей дээр очиж уулзахад музей нь уг Унагаа дээрээ зогсоосон хос морины дүрс бүхий цутгамлыг “Оюуны өмчийн газарт анхдагчаар бүртгүүлсэн” гэдгийг мэдсэн.

Бид дээр дурьдсанчлан Унагаа дээрээ зогсоосон хос морины дүрс бүхий цутгамлыг Оюуны өмчийн газарт анхдагчаар бүртгүүлсэн гэдгийг мэдээд уг асуудлаар шууд шүүхэд хандахаар болж өмгөөлөгчид хандсан. Гэвч өмгөөлөгчийн зүгээс энэ асуудлаар эхлээд заавал “Оюуны өмчийн газар” хандах ёстой гэж зөвлөсөн. Ингээд өмгөөлөгчийн зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр барааны тэмдэгтийг хүчингүй болгуулах гомдол гаргасан. Уг гомдолд Оюуны өмчийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2/763 дугаартай албан бичгээр "...Унагаа дээрээ зогсоосон хос морины дүрс бүхий барааны тэмдэгтийг Баянхонгор аймгийн түүх угсаатны зүй, байгалийн түүхийн музей 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн анхдагч огноотойгоор бүртгүүлж, эрхийн хамгаалалт хийлгэсэн байна. Уг бүртгэлд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн байх тул Маргаан шийдвэрлэх комиссоор хэлэлцүүлэх боломжгүй байна” гэх хариуг өгсөн. Уг хариуг гардаж аваад 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хөөн хэлэлцэх хугацааны тухайд: 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн түүх угсаатны зүй, байгалийн түүхийн музейгээс талархлын батламж гардуулж өгсөн. Бидний гэр бүлийн зүгээс энэхүү талархлын батламжийг бидэнд хос хүрэл морио музейд хадгалуулсан болохоор өгч байна л гэж ойлгож байсан. Иймд батламж гардуулах үед бид Оюуны өмчийн газарт анхдагчаар бүртгүүлсэн гэдгийг мэдээгүй байсан болно.

Иймд нэхэмжлэлийг хүлээн авч Оюуны өмчийн гарын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн **** дугаартай “Унагаа дээрээ зогсоосон хос морины дүрс бүхий” барааны тэмдгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянхонгор аймгийн түүх угсаатны зүй, байгалийн түүхийн музейн хүсэлтийн дагуу Оюуны өмчийн газар “Унагаа дээрээ зогсоосон хос морины” дүрс бүхий барааны тэмдгийг 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн анхдагч огноотой, олон улсын бараа үйлчилгээний 41 дүгээр ангиллаар эрхийн хамгаалалт хийж **** тоот гэрчилгээ олгосон байна.

Нэхэмжлэгч тал уг бүртгэлийг хүчингүй болгуулахаар 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комисст бүртгэлийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт ...заасныг үндэслэн гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн байна.

Гомдолд дурдагдсан барааны тэмдгийг бүртгэх шийдвэр гаргасан барааны
тэмдгийн шинжээч Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар
зүйлд заасны дагуу шүүлт хийхэд бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй болон гарал үүслийн хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар илэрц илрээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч А.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай музей нь 1949 онд байгуулагдсан. Тус музей нь 10567 үзмэртэй. Манай нийт үзмэрийн 80-90% нь сайн санаат иргэдийн хандив, бэлэглэлээр бүрдэж музейд өгсөн тухайн иргэдийн нэрээр сурталчлагдаж, иргэд олон түмнээ соён гэгээрүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээхээр хадгалан хамгаалж байгаа болно.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04
дүгээр сарын 27-ний өдрийн 1/3449 дугаартай албан бичгийн хариу

1. Г.Ц нь 2010 онд танай музейн зүгээс “Хос морины дүрс бүхий” үзмэрийг хууран мэхэлж авсан эсэх, барааны тэмдгийн бүртгэлийг Г.Ц хэзээ мэдсэн талаар болон түүний танайд хандаж гаргасан өргөдөл, гомдол, түүнд өгсөн

Хариу тайлбар:

Хос хүрэл морь үзмэрийн Г.Ц гуайгаас 2010 онд хууран мэхэлж
аваагүй. Харин музейн тайлбарлагчаар ажиллаж байсан Д.Адъяа нь 1980 оны 01
дүгээр сарын 01-ний өдөр нутгийн найз Г.Ц-оос Хос хүрэл морины дүрс бүхий олдворыг бэлэглэлээр авчирч улсын сан хөмрөгт бүртгэн Монгол улсын төрийн өмч болгон, улсын хамгаалалтад авч 40 жил иргэдийг соён гэгээрүүлж,
сурталчилж, хадгалж хамгаалахдаа тухайн үзмэрийг хаяг тайлбарт Г.Ц
нэрээр сурталчилж байгаа. Тус музейн бүртгэл мэдээллийн сангийн 1986 оны
үзмэрийн бүртгэлийн дэвтэрт Бууцагаан сум 4 дүгээр бригад Уул хайрханаас олдсон гэх бүртгэлтэй байдаг ба Г.Ц-д 2006 онд мөнгөн урамшуулал, 2017 оны 4 дүгээр сард музейн захиргаанаас урамшуулж алдаршуулах зорилгоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Соёрхол одон, мөнгөн шагнал гардуулах үеэр өөрийн өгсөн яриа тайлбарт мөн дурдсан нь бичлэгт хадгалагдан үлдсэн байдаг. /тус бичлэгт Г.Ц-ийн ярианаас “Манай аавын аав Уул хайрханаас олсон гэсэн гэх” Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 он
дүгээр сарын 27-ний өдрийн 1/3449 дугаартай албан бичгийн хариу

Уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд 2019 оны 08 дугаар сарын 09- ний өдөр Г.Ц-д гардуулсан талархлын батламжийг ямар үндэслэлээр олгосон.

Хариу тайлбар: Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 40 дүгээр зүйл, 40.1 дэх заалт, Аймгийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 42-44 дэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Түүх угсаатны зүй, байгалийн түүхийн музейгээс улсын сан хөмрөгийг баяжуулж үзмэр эд өлгийн зүйлсийг музейд бэлэглэсэн иргэдийг хойч үед нь алдаршуулахад зориулан талархлын батламжийг 2017 оноос хойш өнөөг хүртэл 120 иргэнд олгосны нэг нь Г.Ц юм.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн нэхэмжлэлээс

1. Музейгээс бидэнд хос хүрэл морийг Оюуны өмчийн газарт бүртгүүлж байгаа талаар огт мэдэгдээгүй болно. Мөн бид хөдөө аймагт, мал маллаж амьдардаг тул энэ талаарх мэдээллийг авч чадаагүй байсан. Хос хүрэл морийг Г.Ц-с авсаныг музейн үе үеийн удирдлагууд мэдэж байсан бөгөөд Оюуны өмчийн газарт бүртгүүлэхдээ Г.Ц-ийн нэр дээр бүртгүүлэх боломжтой байсан. Баянхонгор аймгийн түүх угсаатны зүй, байгалийн түүхийн музей нь Г.Ц-ийн өмчлөлийн хосгүй үнэт бүтээлийг хууран мэхэлж авсан гэж үзэж байна.

Хариу тайлбар:

“Хос хүрэл морь” олдворыг аймгийн музейн сан хөмрөгийн /1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Монгол улсын соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэгдэж/ 80.1.3 хувийн дугаартай үзмэр, Монгол улсын өмч болохын хувьд 2003 оны 07 сарын 03-ны өдрийн №28 тоот музейн захирлын тушаалаар байгууллагын лого болгосон боловч, зарим бизнесийн байгууллагууд ашиг олох зорилгоор хос хүрэл морины дүрсийг бараа ажил үйлчилгээний лого-д зөвшөөрөлгүйгээр ашиглах зөрчил, удаа дараа үүссэн тул Монгол улсын Оюуны өмчийн газарт хүсэлт уламжлан “Монгол улсын тэргүүн шадар сайдын 2010 оны 89 дугаар тушаалаар №**** дугаартай барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийн зөвшөөрсөн гэрчилгээ авч холбогдох хууль, эрх зүйн актаар баталгаажуулан ашиглагдаж байгаа болно..” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баянхонгор аймгийн түүх угсаатны зүй, байгалийн түүхийн музей нь Оюуны өмчийн газарт 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлэг гаргаж “Хос хүрэл морины хүрэл цутгамал”-ын барааны тэмдгийг бүртгүүлэхээр хүсэлт гаргасныг үндэслэн тус газраас Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д ““шүүлт” гэж тухайн барааны тэмдэг, газар зүйн заалт энэ хуулийн 5, 20 дугаар зүйлд заасан шаардлага хангасан эсэхийг тогтоож, дүгнэлт гаргах оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг”, 3.1.17-д ““бараа, үйлчилгээний ангилал” гэж 1957 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Ниццийн хэлэлцээрээр баталсан “Бараа, үйлчилгээний олон улсын ангилал”-ыг”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдлийг хянаж, анхдагч огноог тогтоосны дараа тухайн барааны тэмдэг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхэд шүүлт хийж, дүгнэлт гаргана”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийг бүртгэх шийдвэр гаргасан бол түүнийг барааны тэмдгийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно” гэж тус тус заасны дагуу мэдүүлэг гаргасан өдрийн анхдагч огноотойгоор **** дүгээр улсын бүртгэлийн дугаартай, барааны тэмдгийн дүрсийн 19.05.22 дугаар дүрсийн ангилал, бараа үйлчилгээний олон улсын 41 дүгээр ангиллын дагуу барааны тэмдгийн бүртгэлийг хийсэн нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн зүгээс “...1980 онд тухайн үеийн музейн ажилтан н.Адъяа нь надад өвөг дээдсээс уламжилж ирсэн хүрэл цутгамлыг хууран мэхэлж авсан...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлах бөгөөд энэ нь хариуцагчийн гаргасан маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““барааны тэмдэг” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Барааны тэмдэг нь үг, дүрс, үсэг, тоо, гурван хэмжээст дүрс, өнгө, дуу авиа, үнэр, эсхүл тэдгээрийг хосолсон байдлаар илэрхийлэгдэж болно” гэж тус тус зааснаас үзэхэд гуравдагч этгээдийн зүгээс Оюуны өмчийн газарт хандаж “барааны тэмдгийн дүрс”-ийг бүртгүүлсэн бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн тайлбарлаж буй “өмчлөх эрхийн бүртгэл” биш байна.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд “барааны тэмдгийг бүртгэхгүй байх” үндэслэлийг заасан байх бөгөөд маргаан бүхий бүртгэл нь хуулийн дээрх заалтад хамаарахгүй юм.

Нэхэмжлэгчээс уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5-д “бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй” гэх заалтад хамааруулан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлах хэдий ч хос хүрэл морины дүрс нь бараа, үйлчилгээнд хэрэглэгдэж, улмаар хэрэглэгчийг гарал үүслийн хувьд төөрөгдөлд оруулсан дүрс биш байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон гуравдагч этгээд Баянхонгор аймгийн түүх угсаатны зүй, байгалийн түүхийн музейгээс ирүүлсэн нотлох баримтуудаас дүгнэхэд Оюуны өмчийн газар нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн холбогдох заалтыг зөв хэрэгжүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн зүгээс хос морины дүрс бүхий хүрэл үзмэрийн өмчлөлийн асуудлаар маргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Ц-с Оюуны өмчийн газарт холбогдуулан гаргасан “Оюуны өмчийн газрын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн **** дугаартай Унагаа дээрээ зогсоосон хос морины дүрс бүхий барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                                                               

ШҮҮГЧ                                Ц.ОДМАА