Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2015/0170

 

Шт ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э-, хариуцагч Д.С-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б- нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 43 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Д.С-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, Шт ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Д.С-, Ч.О- нарт холбогдох захиргааны хэргийг шүүгчН.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Шт- ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь Д- аймгийн Д- сумын нутаг Өу- нэртэй 63,35 га талбайд MV-**** лиценз бүхий тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд тус талбайд эрэл хайгуул 50,0-ны эрэл хайгуулын ажлаар жоншны хүдрийн нөөц С зэрэглэлээр 120,0 тонн гэж тогтоогдсон бөгөөд ашигт малтмалын тухай одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар ордын нөөцийг А ба В зэрэглэлээр тогтоогоогүй нөхцөлд олборлолт ашиглалт явуулахыг хориглосон тул одоогийн байдлаар дээрх талбайд ашиглалтын үеийн нэмэлт хайгуул хийж байгаа бөгөөд энэ хугацаанд хуулиар зөвшөөрөгдсөн бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүдийн (Хэнтий, Дундговь, Д- аймгууд дахь ) бэлтгэсэн жоншийг худалдан авч экспортлож байна.

Манай компани дараах үндэслэлүүдээр татварын улсын байцаагч 2013.09.04-ний 210286 тоот актыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Үүнд: Татварын шалгалтад хамрагдсан 2008-2012 онуудад Иргэний хуулийн -ийн 33.1 болон Ашигт малтмалын тухай хуулийн 4.1 22-т заасан Монгол улсын Засгийн газрын 2008 оны 71, 72-р тогтоолоор үйл ажиллагаанд зохицуулагдан ажилладаг Бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүдээс бэлтгэсэн жоншийг худалдан авч борлуулж байсан.

Дээрх хуулийн этгээд болох нөхөрлөлүүд нь газрын хэвлийг хөндөж ашигт.малтмалыг ашиглан экспортлогч компаниудад худалдаж байсан тул өөрийн олсон орлогод ноогдох ашигт малтмалын өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр төлөх ёстой. Тэгээд ч Монгол улсын Засгийн газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 заалтын олборлосон худалдсан гэсэн хуулийн заалтыг элт зөрчин 2013-06-16-ны өдөр 286 тогтоол гаргаж уг тогтоолын 1.1 -д Экспортод гаргасан гэсэн нэмэлтийг тодотгож оруулсан нь сангийн яам, Татварын ерөнхий газар өөрсдөө татвар хураамж авах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх өөрсдийн үүргээ биелүүлээгүйн үр дагавар болох ашигт малтмалын өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг бүх ачааллыг дан ганц экспортлогчид үүрүүлсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

2. ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцохдоо бодит үнэ буюу хэлцлийн үнээр бус жишиг үнэ хэмээгч ямар ч үндэслэлгүй үнээр тооцсон нь татвар санхүүгийн бүртгэлийн хувьд буруу гэж үзэж байна.

3. Ашигт малтмалын тухай хуулийн 47 зүйл заалтыг хэрэгжүүлэх тухай ямар нэгэн хуулийн тайлбар гараагүй бөгөөд мөн ашигт малтмалын өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр тооцох ангилал нь тодорхой бус буюу манай экспортолсон бүтээгдэхүүнийг металлургийн баяжмал гэж ангилсан мөртлөө татварын маргаан гарангуут сангийн яам Уул уурхайн яамнаас МБФ-92, МБФ-85 нь хүдэр тул ашигт малтмалын өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр тооцно гэж тодорхойлж байгаа нь ангиллыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Тус компанийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Эрдэс баялагийн улсын байцаагч Д.С- Ч.О- нарын 2013.09.04-ны 210286 тоот актыг хүчингүй болгуулах гэжээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагч Д.С-, Г.О- нар нь Шт ХХК-ийн 2008-2012 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр татварын улсын байцаагчийн 210286 тоот акт үйлдсэн болно. Шт ХХК нь тус актыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд хандсаныг Татварын маргаан таслах зөвлөл хэлэлцээд Татварын улсын-байцаагчийн актыг хэвээр баталсан №10 тоот тогтоол гаргасан болно.

Шт ХХК-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

1. Нэхэмжлэлийн 1 дүгээр хэсэгт: а/ Татвар төлөгч нь Засгийн газрын гаргасан 286-р тогтоол нь Ашигт малтмалын тухай хуулийн заалттай зөрчсөн гэж үзсэн, б/ экспортод гаргасан жоншинд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзжээ.

а/ Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны 286 дугаар тогтоол нь зөвхөн НӨАТ ногдуулахад мөрдөж ажиллахад зориулагдсан аргачлал, харин 2011 оны 06 дугаар сарын 22-ны 193 дугаар тогоол ньашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахад мөрдөж ажиллах аргачлал гэдгийг Засгийн газрын 2013 оны 08 дугаар сарын 16-ны 296 дугаар тогтоолд тодорхой тусгасан байгаа бөгөөд татвар төлөгчийн нэхэмжлэлийн энэ хэсэг нь үндэслэлгүй байна.

б/Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө гэж заасан. Засгийн газрын 2013 оны 08 дугаар сарын 16-ны 296 дугаар тогтоолын 2 дахь хэсэг Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолын Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим аргачлал' хавсралтад дараах агуулга бүхий 1.3 дахь заалт нэмсүгэй: 1.3. Энэхүү аргачлалд заасан ашигт малтмалын бүтээгдэхүүний ангиллыг гагцхүү ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг ногдуулахад ашиглана гэснийг үндэслэн Шт ХХК-ийн 2008 онд экспортод гаргасан 3962.4тн жонш, 2009 онд экспортолсон 6923.6 тн жонш, 2010 онд экспортолсон 3353.5 тн, 2011 онд экспортолсон 7412.0 тн, 2012 онд экспортолсон 8467.2 тн жоншинд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрногдуулсан бөгөөд бичил уурхайчдаас жонш худалдан авч экспортолсон бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахгүй байх хуулийн заалт байхгүй, экспортлогчдод ногдуулахаар хуульчилсан болно.

Нэхэмжлэлийн 2 дугаар хэсэгт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа хэлэлцээрийн үнэ хэрэглээгүй жишиг үнэ гэж үндэслэлгүй үнээр ногдуулсныг зөвшөөрөхгүй гэжээ.

Хэрэв ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэлэлцээрийн үнээр ногдуулсан бол татвар төлөгч зөвшөөрөх байсныг илтгэж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүргээ ойлгож байсныг харуулж байна. Гэвч энэ жишиг үнийг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл 47.2.1-д экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дундажийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан, мөн хуулийн 47.3.2-т энэ хуулийн 47.3.1-д зааснаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувьтай тэнцүү, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна. Мөн Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралт аргачлалын 1.2-т Ашигт малтмалын хүдэр, баяжмал, боловсруулсан эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, түүнийг тооцох зарчмыг тодорхойлохдоо Гаалийн төв лабораторийн шинжилгээний дүнг үндэслэнэ... гэж заасан байдаг. Дээрх заасны дагуу Шт ХХК-ийн экспортолсон жоншинд гаалийн төв лаборатороор шалгуулсан лабораторийн дүгнэлтийг үндэслэн Уул уурхайн яамны албан ёсны вэб сайт дээр зарласан уул уурхайн сар бүрийн жишиг үнээр тооцож АМНАТ-ийг ногдуулж. үнийн өсөлтөөс шалтгаалан Ашигт малтмалын тухай хуулийн 47.5-д зааснаар өсөн нэмэгдэх АМНАТ ногдуулсан болно.

Нэхэмжлэлийн 3 дугаар хэсэгт а/ Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл заалтыг хэрэгжүүлэх хуулийн тайлбар байхгүй, б/ металлургийн баяжмалд өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулахгүй гэж байснаа маргаан гарсны дараа МБФ-92. МБФ-85-ийг хүдэр гэж үзэж Өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулна гэж хэлсэн нь буруу гэж үзжээ. а/ Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл нь хэрэгжүүлэхэд ойлгомжтой заалт бөгөөд эргэлзээтэй асуудлууд байдаггүй болно. Хуулийн 47.2.1-д экспортод гаргасан бол зах зээлийн үнийг баримтална, 47.3.2-т ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5 хувиар ногдуулна, 47.4-т тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр ӨНАМНАТ ногдуулна гээд заасан байгаа. Энэ заалтуудаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийгногдуулсан болно.

б/ Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д баяжмал, хүдэр бүтээгдэхүүн бүгдэд нь өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахаар хуульчилсан байгаа бөгөөд татвар төлөгч баяжмалд өсөн нэмэгдэх татвар ногдохгүй, хүдэрт л ногддог гэсэн буруу ойлголттой байна гэж үзэж байна.

Засгийн газрын 193 дугаар тогтоолын 2.2-д Ашигт малтмалын хүдэрт тавигдах шаардлага, түүнийг тооцох үндсэн зарчмыг дараах байдлаар тодорхойлно: ... Хайлуур жоншны хүдэр - Фторт кальцийн агуулга > 20%

Засгийн газрын 193 дугаар тогтоолын 2.4-д Ашигт малтмалын баяжмалд дараах бүтээгдэхүүнийг оруулна: ...Металлургийн баяжмалын фторт кальцийн агууламж > 55% Флотацийн баяжмалын фторт кальцийн агуулга > 95% гэж тодорхойлдог. Тухайн компанийн экспортолсон жонш нь МБФ-70-92%-ийн агуулгатай учир металлургийн баяжмалд хамаарч байгаа. Гэвч Ашигт малтмалын тухай хуулийн 47.5-д зааснаар өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлнө.

Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр татварын улсын байцаагчийн акт нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 43 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 29 дүгээр зүйлийн 29.1.8 Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21, 47 дугаар зүйлиин 47.1 47.2, 47.8, 47.12-т заасныг тус тус баримтлан татварын улсын байцаагч нарын 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 210286 дугаар актыг хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлжшийдвэрлэжээ.

Хариуцагч Д.С-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасандавж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015.01 дугаар сарын 26-ны өдрийн 0043 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: Шт ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд ашигт малтмалын нөөц болох жоншийг 2008-2012 онуудад худалдахаар ачуулж ашигласан гэдэг нь экспортолсон жоншны мэдээг гаалийн мэдүүлгийн сангаас гаргасан мэдээ, нэхэмжлэгч хариуцагчийн тайлбаруудаар тогтоогдож байна. Мөн Шт ХХК-ийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч гэж үзэн татвар ногдуулсан нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн атлаа өөр шийдвэр гаргасан нь ойлгомжгүй, үндэслэлгүй юм.

Шүүгчийн шийдвэрийн 3-р хэсэгт:

... хууль бус Засгийн газрын тогтоолыг маргаан бүхий захиргааны акт үндэслэн нэхэмжлэгчид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тогтоохдоо жишиг үнийн аргачлалыг ашигласан... гэж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан үнэлгээг буруу хэрэглэсэн, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т дотоод гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зэх зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг ашиглаагүй гэж буруутгасан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 47-р зүйлийн 47.12-т экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана гэж заасан байдаг. Засгийн газар 2007 оны 88 дугаар тогтоолоор Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FОВ үнэ /www.indmin.com/ гэж зарласан бөгөөд, Жишиг үнэ зарлах комисс нь үүнийг үндэслэл болгон уул уурхайн яамны /www.mm.gov.mn/ сайт дээр зарласан. Энэ зарлагдсан үнийг татварын байцаагч нар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох үнэлгээгээ болгон акт бичсэн. Шүүгчийн шийдвэрт дурдагдсанаар дээрх Засгийн газрын 88 дугаар тогтоолыг хууль бус гэж тогтоосон ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа бөгөөд, энэ талаар олон нийтэд зарлагдсан зүйл байхгүй болно. Монгол Улсын Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно. гэж заасан. Одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ЗГ-ын тогтоолыг шүүх хууль бус гэж үзэх эрх зүйн үндэслэл байхгүй болно. Шүүгчийн энэхүү үйлдэл нь өөрөө хууль зөрчиж байгааг харуулж байна гэж үзэж байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 зүйлийн 47.2.3-т ... зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд ... мэдүүлсэн борлуулалтын үнийг... баримтална гэж заасан байдаг, Жишиг үнийн комиссоос жоншны үнийг бүтээгдэхүүний агуулгын хувь хэмжээгээр тодорхой зарласан байгаа учир бид үнэ тодорхойгүй гэсэн шалтгаан зааж, Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3-т зааснаар гэрээний үнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах үнээр авах нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болно гэдгийг энд дурдах нь зүйтэй.

Шүүгчийн шийдвэрийн 4-р хэсэгт:

Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хүчингүй болсон тогтоолын заалтыг баримталсан гэжээ

Татварын байцаагч нар 2008 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт төлөлтөд хяналт шалгалт хийсэн. Хэдийгээр татварын улсын байцаагчийн акт 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гарсан ч гэсэн, шалгалтад хамрагдах хугацаанд буюу зөрчил гаргасан 2008-2012 онуудад Засгийн газрын 193 дугаар тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд 193-дугаар тогтоолын 4, 6-р заалтад 2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон.

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.7 дахь хэсэгт Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт болон хуульд өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно гэж заасан өөрөөр хэлбэл Засгийн газрын 2013 оны 131 дүгээр тогтоол нь 2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөх бөгөөд энэ хугацаанаас өмнө гарсан зөрчилд 193 дугаар тогтоол мөрдөгдөнө.

Шүүх шийдвэртээ 2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өөрчлөлт орж хүчингүй болсон тогтоолын заалтыг хэрэглэж өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан нь хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж шийдвэрийнхээ гол үндэслэл болгон актыг түдгэлзүүлсэн нь хууль тогтоомжид нийцэхгүй байхын зэрэгцээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 46.1. Захиргааны актын биелэлтийг дараах тохиолдолд түдгэлзүүлж болохгүй: 46.1.2.иргэн, хуулийн этгээдээс албан татвар, төлбөр, хураамж гаргуулах тухай акт бол түдгэлзүүлж болохгүй гэсэнтэй нийцэхгүй байна.

Иймд, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 0043 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, татварын улсын байцаагчийн актын биелэлтийг хангуулах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд маргааны үйл баримтын талаар цаашид шалгаж тодруулах шаардлагатай нөхцөл байдал тогтоогдохгүй байхад шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7 дахь заалтыг удирдлага болгон хэргийг шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Монгол Улсын Засгийн газрын хуулийн заалтыг зөрчсөн тогтоол-ыг үндэслэсэн, ...бодит үнээр бус жишиг үнээр татвар тооцсон нь буруу, бүтээгдэхүүний ангиллыг буруу тодорхойлж татвар тооцсон гэсэн үндэслэлээр Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 210286 тоот актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх ...Засгийн газрын хууль бус тогтоолыг маргаан бүхий захиргааны актад үндэслэн нэхэмжлэгчид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцохдоо жишиг үнийн аргачлалыг ашигласан, хүчингүй болсон Засгийн газрын тогтоолын заалтыг хэрэглэж төлбөр ногдуулсан нь Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэн хэргийн нөхцөл байдлыг тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлжээ.

Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч Шт ХХК-д 2008-2012 онд жоншны борлуулалтын орлогод Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй 6069159,3 мянган төгрөгийн зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги төлөхийг актаар хариуцуулсныг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч маргахдаа ...Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан бүх үйл ажиллагаа явагдсан, бүтээгдэхүүний бүх татварыг экспортлогч компанид тавьсан актыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.12-т Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана гэж зөвхөн биржийн нэрийг нийтэд зарлах эрхийг олгосон байхад анхан шатны шүүх Засгийн газар 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад эх сурвалжийг үндэслэн үнийг тогтоосон нь хуулиар эрх олгогдоогүй байхад ийнхүү үнийн эх сурвалж, нэрийг тодорхойлсон нь хуульд нийцээгүй гэж үзжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 88 дугаар тогтоол нь 2007 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр батлагдан, мөн оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн бөгөөд уг тогтоолын 2 дугаар хавсралтын 4 дэх хэсэгт 2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан байх боловч нэхэмжлэгч Шт ХХК-ийн 2008-2012 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, акт үйлдэхдээ тухайн зөрчил гаргасан хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын тогтоолыг баримтлан акт тогтоосныг буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно, 47.2.3-т дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр хуульчилсан ба хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж буй Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу жишиг үнийг тогтоосон байх тул уг хувь хэмжээгээр татвар ногдуулсан нь үндэслэлтэй.

Шүүх хариуцагч нь 2013 оны 05 дугаар сарын 13-аас 08 дугаар сарын 12-ны өдрүүдэд нэхэмжлэгч хуулийн этгээдэд татварын хяналт, шалгалт хийж, маргаан бүхий захиргааны актыг 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гаргахдаа 2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 193 дугаар тогтоол буюу хүчингүй болсон тогтоолын заалтыг баримталсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь маргаан бүхий захиргааны акт, хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч нь Үндэсний татварын албаны 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн томилолтын[1] дагуу нэхэмжлэгч Шт ХХК-ийн 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны татвар төлөлтөд хяналт шалгалт хийсэн байх ба өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны актаар уг хугацаанд хамаарах зөрчилд нөхөн татвар, торгууль, алдангийг ногдуулахдаа тухайн зөрчил гарсан үед үйлчилж байсан шаардлага, зарчмын дагуу тооцоолол хийсэн нь үндэслэлтэй.

Гаалийн ерөнхий газрын 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 03-3/3489 албан бичиг[2], нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...2002 оноос хойш хайгуулын лицензтэй байсан боловч олборлолт хийх боломжгүй байсан, ... энэ хугацаанд хууль журмын дагуу хүлээн зөвшөөрөгдсөн нөхөрлөл, дундын компаниудаас бүтээгдэхүүн авч борлуулж байсан[3] гэх тайлбар болон бусад нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актад дурдсан ашигт малтмалын нөөц ашигласны татвараа тогтоосон хугацаанд тайлагнаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаар маргаагүй болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхэд гаргасан нэхэмжлэлээр тогтоогдож байна.

Иймд Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлөгч болохын хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч Шт ХХК нь ашигт малтмалын нөөцийг 2008-2012 онд худалдахаар ачуулахдаа Ашигт малтмалын тухай хууль, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан эрх зүйн актад заасан хувь, хэмжээ, тооцооллын дагуу татварыг төлөх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн ...татварын улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 210286 тоот актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 43 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 47.8, 47.12 дахь хэсгийг баримтлан Шт ХХК-ийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 210286 тоот актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ