Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 85

 

2016.08.12                                                        Дугаар-85


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         Хэргийн индекс: 156/2016/0095/Э 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга                          А.Цэрэндулам
Улсын яллагч                        Я.Сансар 
Шүүгдэгчийн өмгөөлөгчид               Д.Гангантөгс
Шүүгдэгч                                                 Э.Баярхүү, 
                                                                Х.Баярсайхан нарыг оролцуулан

     Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э. Баярхүү, Х. Баярсайхан нарт холбогдох эрүүгийн 201623000110 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 
 
 Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 
 Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 1985 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, 31 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажил малчин, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгоны Гурвалжин гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэл үгүй, Урианхад овогт Энхбаярын Баярхүү /РД: СЧ85112775/
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 1986 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, эрэгтэй, 30 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхийн хамт Улаанбаатар хот Багануур дүүрэг 5 дугаар хороо Их гүний 9-14 тоотод оршин суух, урьд 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Багануур дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйл ангийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Хүрэлбаатарын Баярсайхан /РД: СЧ86060472/

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 
Шүүгдэгч Э.Баярхүү, Х.Баярсайхан нар нь бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг “Сэртэн” гэх газарт нутаглах иргэн С.Түвшинтөрийн 75 тооны хонь, ямаа хулгайлж 5.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Шүүгдэгч Э.Баярхүү, Х.Баярсайхан нар нь бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг “Сэртэн” гэх газарт нутаглах иргэн С.Түвшинтөрийн 75 тооны хонь, ямаа хулгайлж 5.450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч С.Түвшинтөрийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Манайх Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн Баян-Улаан тосгоны Сэртэн гэх газарт Дамдиндорж, Чимэддорж, Мөнх-охин нарын хамтаар 4 айл нэг өвөлжөө нь дээр өвөлжсөн. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын 10-ны орчимд Дамдиндорж, Чимэддорж, Мөнх-Охин нарын 3 айл хаваржаандаа буусан. Тэр үед айл бүр малаа тоолж бүртгэж авсан. Манай хотонд манай 430 ямаа, 180 хонь, 265 үхэр, 42 адуу үдсэн. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өглөө хашааны гадна задгай хоносон 4 ишигтэй ямааны 2 нялх ишиг нь үлдээд эх нь байхгүй байсан тэгээд юу болов, хоёр ямаа бэлчээрт гармааргүй юм гэж бодоод ойр орчмоор хараад олдоогүй. Тэгээд ойр орчмын айлын малаар хайсан боловч олдоогүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 03 хуудас/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 69 хуудас/
Мал хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 35-36 хуудас/
Сэжигтэн яллагдагчаар Э.Баярхүү, Х.Баярсайхан нарын мэдүүлэг /хх-ийн 86-99 хуудас/
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-30 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.


Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон      

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Урианхад овогт Энхбаярын Баярхүү, Боржигон овогт Хүрэлбаатарын Баярсайхан нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Энхбаярын Баярхүүгийн 300.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж 04 сар баривчлах ялаар, шүүгдэгч Хүрэлбаатарын Баярсайханы эд хөрөнгийг хураахгүйгээр 03 сар 10 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

    
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Баярхүүгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 212500 төгрөгийн үнэлгээтэй Мустанг 5 маркийн мотоциклийг хурааж төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй ба Мустанг-5 маркийн мотоцикль битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 01-ний /хх-ийн 41хуу/ өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
    

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

    6.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Энхбаярын Баярхүү, Хүрэлбаатарын Баярсайхан нарт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ГАНЗОРИГ