Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 212/МА2017/00112

 

Б нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 481 дүгээр шийдвэртэй, Б, Т, М нарын нэхэмжлэлтэй, Д, О нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч нар, тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Д, О нараас 236718925 төгрөг гаргуулах тухай. 

 

Нэхэмжлэлд: “Б, М, Х нарын манай 3 айл 2013 онд Д, О нарын барьсан 9 айлын орон сууцанд тус бүр 2 өрөө байр худалдаж авсан. Тухайн үед байрыг нийтийн халаалттай, бохир, цэвэр усанд бүрэн холбогдсон, улсын комисс хүлээж авсан гэж ойлгуулсан учраас бид нар банкнаас 8 хувийн хүүтэй зээл авч уг байруудыг худалдан авч байрандаа орсон. Байрандаа орсны дараа халаалт маш муу байнга цахилгаан халаагуур хэрэглэхээс өөр аргагүй байдаг, цонх мөстөж хөлддөг, хана мөөгөнцөртдөг, бохир үнэртдэг. Энэ байдлын талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандахад тухайн байрыг улсын комисс хүлээж аваагүй, нийтийн бохир усны системд холбогдоогүй болох нь тодорхой болсон. Ийм байдлаар биднийг хууран мэхэлж гэрээ байгуулсан болох нь тодорхой болж байгаа учраас бид нар гэрээгээ цуцлах шаардлагыг тавьж байна. 

Б-ийн хувьд 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 70 м.кв, 2 өрөө байрыг 77000000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд урьдчилгаа 6100000 төгрөг бэлнээр, үлдэгдэл 53900000 төгрөгийг Г банкнаас 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр жилийн 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлдэн авч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Одоогийн байдлаар зээлийн хүүд 9578578 төгрөг төлж хохироод байна. Иймд байрны төлбөр болон хүү төлж хохирсон хохирол нийт 86578578 төгрөг гаргуулж өгнө үү.

М-ийн хувьд 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 59 м.кв, 2 өрөө байрыг 59000000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд урьдчилгаа 2000000 төгрөг бэлнээр, үлдэгдэл 57000000 төгрөгийг Г банкнаас 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр жилийн 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлдэн авч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Одоогийн байдлаар зээлийн хүүд 9302227 төгрөг төлж хохироод байна. Иймд байрны төлбөр болон хүү төлж хохирсон хохирол нийт 68671704 төгрөг гаргуулж өгнө үү.

Х-гийн хувьд 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 60 м.кв, 2 өрөө байрыг 72000000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд урьдчилгаа 22000000 төгрөг бэлнээр, үлдэгдэл 50000000 төгрөгийг Г банкнаас 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр жилийн 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлдэн авч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Одоогийн байдлаар зээлийн хүүд 9468643 төгрөг төлж хохироод байна. Иймд байрны төлбөр болон хүү төлж хохирсон хохирол нийт 81468643 төгрөг гаргуулж өгнө үү. 

Нийт бид гуравт 236718925 /хоёр зуун гучин зургаан сая долоон зуун арван найман мянга есөн зуун хорин таван/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.” гэжээ. 

 

Хариуцагч Д-гийн хариу тайлбарт: “Дээрх нэр бүхий 3 оршин суугчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Миний бие өөрийн дүү П, О нарын хамтаар хуучин 9 дүгээр баазын хашаанд 2013 оны 9 дүгээр сард 3 давхар 9 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан. Уг барилгыг зохих мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл, зөвлөгөө, үйлчилгээ авсны үндсэн дээр чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад оруулсан. Бид худалдан авагч нарт уг байрны холболт, барилгын хийцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч танилцуулсны үндсэн дээр гэрээгээ байгуулан худалдсан. 

Гэтэл дээрх нэр бүхий 3 иргэн тав тухтай шинэ байранд 2 жил 5 сар амьдарсны дараа гэнэт гэрээгээ цуцлахаар шүүхэд хандаж байгааг гайхаж байна. Энэ өвөл маш их хүйтэрч, халаалт олон тийш хуваагдаж, эцсийн хэрэглэгч нарт хангалттай халаалт хүрээгүй байхыг үгүйсгэхгүй. Бид 2015 оны намар бүх халаалтын хэрэгслийг сольж өгсөн. Харин хана мөөгөнцөртдөг, бохир үнэртдэг, цонх мөстөж хөлддөг гэдэг нь ор үндэслэлгүй худал зүйл. Эдгээр 3 оршин суугчийн хэнийг ч тулган шаардаж, худал хэлж, хуурч мэхлэн гэрээ байгуулаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 481 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 59 дүгээр зүйлийн 59.2, 221 дугаар зүйлийн 221.3, 221.6, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Д нэхэмжлэгч Х нарын, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Д нэхэмжлэгч О нарын, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч О нэхэмжлэгч М нарын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож гэрээг цуцалж, хариуцагч О-оос 57000000 (тавин долоон сая) төгрөгийг нэхэмжлэгч М-д, хариуцагч Д-гээс 55000000 (тавин таван сая) төгрөгийг нэхэмжлэгч Х-д, мөн 58800000 (тавин найм сая найман зуун мянган) төгрөгийг нэхэмжлэгч Б-д тус тус гаргуулан олгож, нэхэмжлэгч нарын илүү нэхэмжилсэн 65918925 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 481 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар “хариуцагч нар нэхэмжлэгч нарт 9 айлын орон сууц худалдахад уг орон сууцыг ашиглалтад оруулах улсын комисс хүлээж аваагүй гэдгийг мэдсээр байж нуун дарагдуулж хууран мэхэлж худалдсан нь тогтоогдлоо. Нэхэмжлэгч нар уг 9 айлын орон сууцаас, орон сууц худалдан авахад улсын бүртгэлийн хэлтсээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосноор орон сууцыг улсын комисс хүлээж авсан гэж итгэсэн байх ба хожим уг орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй болохыг мэдэж Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар тухайн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж гэрээг цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй гэж байна” гэж үзээд хариуцагч Д-гээс 113 сая 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүх Иргэний хуулийн 254.6, 255.1-д заасан зохицуулалтыг нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж дүгнээд зөвхөн Иргэний хуулийн 56, 59 дүгээр зүйлийн зохицуулалтыг үндэслэн шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэр шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гарна гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасан зохицуулалтыг зөрчиж шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл хэргийн оролцогчид шүүх хуралдаанаар гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж маргалдаагүй, талуудын хоорондох хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж ямар нотлох баримтыг үндэслэж буй нь тодорхой бус.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан  шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх хэргийн  оролцогчдыг оролцуулж үзлэг хийж тэмдэглэл үйлдэх зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна. Маргаан бүхий орон сууц 2013 онд ашиглалтад орсон ба нэхэмжлэгч нар орон сууцанд 2 жил 8 сар амьдарсны дараа доголдол илэрсэн гэж нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч нар шинэ орон сууцанд ороод тодорхой хугацаанд амьдраад шинэ орон сууцанд элэгдэл үүссэн байхад шүүх элэгдэл хорогдлын үзлэг хийж шийдвэр гаргах байсан. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж бусад ажиллагаа хийхгүйгээр элэгдэл хорогдол тооцохгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. 

Иймд 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 481 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү.” гэжээ. 

 

Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 сарын 05-ны өдрийн 481 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Тухайн шийдвэрийг 2017 оны 8 сарын 01-ний өдөр гардаж авсан болно.

1. Хууран мэхэлж худалдах-худалдан авах гэрээ хийж, орон сууц борлуулсан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Бид байраа зарахдаа бохир шингээлттэй, халуун ус цахилгаан халаагчаар халдаг, халаалт цэвэр ус төвийн шугамд холбогдсон, улсын комисст хүлээлгэж өгөх шатандаа явж байгаа, Улсын бүртгэлийн гэрчилгээтэй байр гэдгийг худалдан авагч нарт хэлж тайлбарлаж байсан. Ийм ч учраас тухайн үеийн зах зээлийн ханшаас 1 м.квадратын үнэ 400000 төгрөгөөр хямд үнээр борлуулсан.

2. Банк ипотекийн 8 хувийн зээл олгохдоо маш нарийн шалгадаг. Хэрэв хууль бус барилга байсан бол энэ хүмүүст банк зээл олгохгүй байсан.

3. Энэ хүмүүс Мэргэжлийн хяналтын газарт хандаж дүгнэлт гаргуулсан байдаг. Энэ үндсэн дээр гэрээгээ цуцлахыг хүссэн. Гэтэл У аймгийн Захиргааны хэргийн шүүхээс Мэргэжлийн хяналтын газрын уг дүгнэлтийг хүчингүйд тооцсон байтал энэ шийдвэрийг тооцохгүй байгааг зөвшөөрөхгүй байна.

4. У аймгийн ГХБХБ-ын газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн "Ус Рашаан Эрдэнэ" ХХК-д гэсэн албан бичиг, 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн техникийн нөхцөл зэргийг нотлох баримтаас хассаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн үед ГХБХБ-аас манай талд "Ус Рашаан Эрдэнэ" ХХК-д өгсөн шиг тодорхойлолт өгсөн бол бид комиссын бүрэлдэхүүн гаргаад өөрсдөө хүлээлгээд өгөх боломжтой. Яагаад гэвэл 151/3-т 3 дугаар ангиллын барилга байгууламж инженерийн шугам сүлжээний 3.2-т хамаарах бөгөөд комиссын гишүүд захиалагч, нарийн бичиг, архивын байгууллагын төлөөлөл, ашиглалт хариуцах байгууллагын төлөөлөл тус тус хүлээж авдаг. Бид өөрсдөө захиалагч, архивын төлөөлөл нь зөвхөн баримтжуулах үүрэгтэй, З дугаарт ашиглалт хариуцсан төлөөлөл болох барилгын туслан гүйцэтгэгч, техникийн нөхцөл олгосон Онцгой байдлын газар, Дулаан, Цахилгаан, цэвэр бохир усны төлөөлөл хүлээж авах ёстой. Энд ГХБХБ-ын газрын төлөөлөл Мэргэжлийн хяналтын газрын барилга хариуцсан байцаагч нар оролцох ёсгүй. Бид хэлээд байхад яагаад адилтгасан баримтыг хасаж байгааг зөвшөөрөхгүй байна.  

5. Б, Т, М нар банкнаас их хэмжээний илүү мөнгө авч үүнийгээ төлж чадахгүй болохоороо биднээс мөнгө нэхэмжилж байгааг шүүх тогтоохгүй байна гэж үзэж байна. Үүнийг Баян-Өлгий аймаг дахь анхан шатны шүүхэд бидний өгсөн банкны хуулга шилжүүлэг шүүгчийн асуултаар нотлогдож банкнаас илүү мөнгө хууран мэхэлж авснаа хүлээн зөвшөөрсөн. М надаас 2 сая төгрөг авч над руу шилжүүлж өгснийг өөрөө бэлнээр өгснөөр шүүхэд мэдүүлж байснаа мөн л үнэнээ хүлээсэн. Ийм хүмүүсийн үгээр биднийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Эцэст нь хэлэхэд 4 жил орчим амьдарсан байраа ямар ч элэгдэл хорогдолгүй буцаан өгч үндсэн мөнгөө авч болдог юм бол Монгол улсад энэ их маргаантай байгаа барилгын асуудлууд юу болж хувирах бэ. Зөвхөн барилга орон сууц ч биш мал эд хөрөнгө, машин техникийг буцааж болох уу. Эрхэм шүүгчдийг үнэн зөв шийдвэр гаргахыг хүсье.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын шаардлага тус бүрийн үндэслэлийг зөв тодорхойлоогүй, Иргэний хууль, Барилгын тухай хуулийн холбогдох заалтыг маргааны үйл баримтад буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. 

Нэхэмжлэгч Б, М, Х нар нь хариуцагч Д, О нарт холбогдуулан нийт 236.718.925 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “худалдаж авсан орон сууцны халаалт маш муу, байнга цахилгаан халаагуур хэрэглэдэг, цонх мөстөж хөлддөг, хана мөөгөнцөртэй, бохир үнэртдэг, улсын комисс хүлээж аваагүй, нийтийн бохир усны шугамд холбогдоогүй, хууран мэхэлж гэрээ байгуулсан тул гэрээг цуцлах шаардлага тавьж байна” гэж тайлбарлан, Б-ийн хувьд Д-гээс орон сууцны үнэ 77.000.000 төгрөг, хохирол буюу банкнаас авсан орон сууцны зээлийн хүү 9.578.578 төгрөг, нийт 86.578.578 төгрөг, М-ийн хувьд О-оос орон сууцны үнэ 59.000.000 төгрөг, хохирол буюу банкнаас авсан орон сууцны зээлийн хүү 9.302.227 төгрөг, нийт 68.671.704 төгрөг, Х-гийн хувьд Д-гээс орон сууцны үнэ 72.000.000 төгрөг, хохирол буюу банкнаас авсан орон сууцны зээлийн хүү 9.468.643 төгрөг, нийт 81.468.643 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч Д нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд хариу тайлбар гаргажээ. 

 

Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ нотлохоор мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 20/07/030/526, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 20/07/030/692 тоот дүгнэлтүүд, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн М, Б нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ, М-ийн худалдаж авсан У аймгийн Г сумын 2 өрөө байрны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн М-ийн Г банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээ /57.000.000 төгрөг/, мөн өдрийн тус банктай байгуулсан ипотекийн гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б, Д нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ, Б-ийн худалдаж авсан У аймгийн Г сумын орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б-ийн Г банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээ /53.900.000 төгрөг/, 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Х, Д нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ, Хгийн худалдаж авсан У аймгийн Г сумын орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Х-гийн Г банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээ, мөн өдрийн ипотекийн гэрээ, фото зургууд зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ. 

 

Анхан шатны шүүх Б, М, Х нарын худалдаж авсан орон сууц тус бүрийн эд хөрөнгийн байдлыг, тодруулбал нэхэмжлэлийн үндэслэл болсон “орон сууцны халаалт муу, байнга цахилгаан халаагуур хэрэглэдэг, цонх мөстөж хөлддөг, хана мөөгөнцөртэй, бохир үнэртдэг, улсын комисс хүлээж аваагүй, нийтийн бохир усны шугамд холбогдоогүй” зэрэг эд хөрөнгийн доголдлын шинж тухайн орон сууц тус бүрд байгаа эсэхийг нэг бүрчлэн дүгнээгүй, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл тус бүрийг зөв тодорхойлж, тодруулахгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихээр худалдаж авсан орон сууц нь (1) эд хөрөнгийн доголдолтойгоос гадна (2) улсын комисс хүлээж аваагүй орон сууцыг хууран мэхэлж гэрээ хийсэн гэсэн үндэслэлүүдийг дэвшүүлсэн бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын гагцхүү хоёр дахь үндэслэлд илүү ач холбогдол өгч, Б, М, Х нарын худалдаж авсан орон сууц тус бүр эд хөрөнгийн доголдолтой эсэх талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан шаардлагыг хангаагүй байна. 

 

Дээрх нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан үзвэл, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан эд хөрөнгийн доголдлын талаар шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байхад, анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах журмыг алдагдуулжээ. 

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 20/07/030/526 тоот, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 20/07/030/692 тоот дүгнэлтүүдэд “тухайн барилгын үндсэн даацын хийцүүд бат бэх байдлаа алдаагүй хэдий ч тагтанд хазайлт үүссэн, дотор халаалтын шугам, халаах хэрэгсэл цоорч ус алддаг, бохирын шугамаас үнэр гардаг”, “барилга нь ... газар хөтлөлтийн 8 баллыг тэсвэрлэн, бат бэх, тогтвортой байх нөхцөлийг алдагдуулсан” зэрэг эд хөрөнгийн доголдлыг тодорхойлох шинжүүд тогтоогдсон боловч дээрх хоёр дүгнэлтийг У аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 43 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, эцэслэн шийдвэрлэсэн байна. Иймээс нэхэмжлэгч нар 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр анхан шатны шүүхэд хандаж, худалдаж авсан орон сууцууд нь хүн амьдрах барилгын стандарт, шаардлагыг хангаж байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагаар шинжээч томилуулан тогтоолгож, тухайн байр нь бохирын нэгдсэн шугамд холбогдсон эсэх, бохир үнэртэж байгаа нь стандарт,  дүрэм, журамд нийцэж байгаа эсэх, хана, цонх мөстөж, мөөгөнцөр үүссэн байгаа нь хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломж хангагдсан эсэх, дулааны шугам стандартын дагуу хийгдсэн эсэх зэргийг тодруулахыг хүссэн байна. 

Гэтэл анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1539 дүгээр шүүгчийн захирамж, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар шүүхийн тогтоолоор Б, М, Х нарын дээрх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3.-т заасан шинжээч томилуулахаар хүсэлт гаргах эрх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан шинжилгээ хийлгэх тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх журмыг тус тус зөрчжээ. 

 

Хэрэгт авагдсан фото зургууд нь Б, М, Х нарын худалдаж авсан чухам аль орон сууцных гэдэг нь тодорхойгүй бөгөөд шинжээч томилж, худалдаж авсан орон сууцуудад нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан эд хөрөнгийн доголдол байгаа эсэхийг тогтоох нь маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Анхан шатны шүүх зохигч талуудыг “тухайн орон сууц бүхий барилгыг улсын комисс хүлээж аваагүй” талаар маргаагүй тул энэ үйл баримт тогтоогдсон гэж үзжээ. Талуудын хооронд байгуулагдан худалдах-худалдан авах гэрээнүүдийг “хууран мэхэлж хийсэн хэлцэл” хэмээн дүгнэж /гэрээ тус бүрээр нь тухайлан дүгнэлт хийгээгүй/, барилгыг улсын комисс хүлээж аваагүй гэх үйл баримтыг анх хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдалд тооцон, уг нөхцөл байдлыг хариуцагч нар нуун дарагдуулсныг нөгөө тал /нэхэмжлэгчид/ хожим мэдсэн гэж үзэж Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2.-т заасан зохицуулалтыг хэрэглэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслээгүй байна. Түүнчлэн орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой маргаанд үл хамаарах Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2. дахь заалтын урьдчилсан нөхцөлүүдийг нотлох баримтад тулгуурлахгүйгээр хэрэглэсэн нь үндэслэл муутай болжээ. Шүүх Б, М, Х нарын худалдаж авсан орон сууц бүхий барилгыг улсын комисс хүлээж аваагүй нь талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл болж байгаа эсэхийг нэхэмжлэгч нараас тодруулсны эцэст уг үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгөх байжээ. Учир нь нэхэмжлэлийн үндэслэлд Б нар талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг цуцлах талаар шаардлага гаргасан байна. 

 

Нэхэмжлэлийн үндэслэлээс үзвэл, нэхэмжлэгч нар худалдаж авсан орон сууц нь халаалт муу, цонх мөстөж хөлддөг, хана мөөгөнцөртэй, бохир үнэртдэг, нийтийн бохир усны шугамд холбогдоогүй буюу эд хөрөнгийн доголдолтой гэж үзсэнээс гадна улсын комисс хүлээж аваагүйг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдах үед худалдагч нуун дарагдуулсан гэжээ. Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзээд, тухайн барилгыг улсын комисс хүлээж аваагүй гэх нэхэмжлэлийн үндэслэлд илүү их ач холбогдол өгснөөс тухайн орон сууцууд эд хөрөнгийн доголдолтой эсэх, нэхэмжлэгч тал худалдаж авсан эд хөрөнгийн доголдлын талаарх шаардах эрхээ хууль, гэрээнд заанаар хэрэгжүүлсэн эсэхийг дүгнэхдээ Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1, 255.2.-т заасан зохицуулалтыг үндэслэлгүйгээр “нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй” гэж буруу тайлбарлаж хэрэглэжээ. 

 

Нэхэмжлэгч нар 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн М, Б нарын хооронд, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б, Д нарын хооронд, 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Х, Д нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээнүүдийг цуцалсантай холбогдуулан Б-д учирсан хохирол буюу банкнаас авсан орон сууцны зээлийн хүү 9.578.578 төгрөг, Мөд учирсан хохирол буюу зээлийн хүү 9.302.227 төгрөг, Х-д учирсан хохирол буюу зээлийн хүү 9.468.643 төгрөгийн тус тус хариуцагч нараас гаргуулахаар шаарджээ. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч нар байрны үнийг төлөхийн тулд Г банкны У аймаг дахь салбартай орон сууцны зээлийн гэрээ байгуулсан нь хариуцагч нартай байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээний улмаас учирсан хохирол биш” гэж дүгнэхдээ хууль хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар /Б, М, Х нарын Г банктай байгуулсан зээлийн гэрээ/ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна. 

Түүнчлэн шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэн, Б, М, Х нарын худалдаж авсан орон сууцны үнийг Д, О нараас гаргуулахаар шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн БГ6200001329 дугаартай ипотекийн гэрээгээр У аймгийн Г сумын Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө, 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн БГ6200001096 дугаартай ипотекийн гэрээгээр У аймгийн Г сумын Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгүүд тус тус банканд барьцаалагдсан ба шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулжээ. 

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн зүйлийн 168.3.-т зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагч нарын өмгөөлөгчийн “хэргийг дахин шийдвэрлүүлэх” тухай давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442950 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагч нарт буцаан олгохоор шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 481 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442950 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагч нарт буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

С.ӨМИРБЕК