Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00456

 

О.Е-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2019/02393 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1943 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: О.Е-

          Хариуцагч: П.Н.Шастины нэрэмжит улсын гурав дугаар төв эмнэлэгт холбогдох

          Б/266 тоот тушаал үндэслэлгүй болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох,  олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бүртгэл хийхийг даалгах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Бат-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэгт Инженер техник, аж ахуйн албаны слесарь хийж байсан. Гэтэл 2019-05-30-ны өдөр эмнэлгийн даргын Б/266 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 11.3-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Намайг 2019-05-27-ны өдөр ээлжийн ажилтай байхдаа, ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл уусан хэмээн тайлбарлаж хариуцагч нь 2019-05-31-ний хурлын тэмдэглэлийг шүүхэд гаргаж өгсөн. Дээрх хурлын тэмдэглэлд 2019-05-27-ны өдөр ажилтай байхдаа архи уусан мэтээр дурьдаж халах саналыг захиргаанд оруулахаар шийдвэрлэсэн байдал харагдаж байна. Гэтэл О.Е- нь 2019-05-27-ны өглөө 07 цаг 44 минутад ажилдаа ирж, 2019-05-28-ны өглөө 09 цаг 40 минутад ажлаас бууж, буусныхаа дараа 12 цаг 30 минутад байгууллагын гадна үүдний харуулын байранд жижүүр С.Батнасан нарын 5-аас 6 хүний хамт харуулын албаны менежерээр ажиллаж байсан Б-ын гаргаж өгсөн 0,33 граммтай 1 шил архийг хувааж тойруулан уусан ба энэ үе албаны дарга М.М- орж ирсэн байдаг. Дээрхээс үзэхэд О.Е- нь 2019-05-27-ны өдөр ээлжийн ажилтай байхдаа, тэрчлэн ажлын байран дээрээ архи согтууруулах зүйл хэрэглэсэн гэх зөрчлийг гаргаагүй байна. Энэ талаарх хариуцагчийн тайлбар нотлогдоогүй. Мөн Б/266 тоот тушаал 2019-05-30-ны өдөр гарсан байхад О.Е-ыг ажлаас халах саналыг захиргаанд оруулахаар шийдвэрлэсэн Инженер техник, аж ахуйн албаны хамт олны хурлын тэмдэглэл 2019-05-31-ний өдөр гарсан байгаа нь уг тушаал хуулийн үндэслэлгүй, бодит баримт зөрчил дээр тулгуурлаж гараагүй нь харагдаж байна.. ажлын байр гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15-т байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг хэлнэ гэж хуульчлан зааснаас үзэхэд ажлын байр гэдэг нь ажлын өдөр болон ээлжийн давтамжаар гүйцэтгэж байгаа үүргийг хэлдэг болох нь тодорхой байна. Мөн О.Е-ыг 2018-01-31-ний өдөр ажлын байранд архи уусан гэж буруутгасан ба энэ үед ажлын байранд архи уугаагүй, тэр өдөр О.Е- ажилгүй байсан. Байгууллагын шинэ жилийн арга хэмжээ зохиогдсон ба байгууллагын 30 хүн нэг өрөөнд уусан. Бүгд ууж байхад М.М- дарга орж ирээд намайг барьж авсан. Тэгэхээр нь би уугаагүй гэдгээ хэлсэн. Гэтэл заавал баримт гаргаж өг гээд надаа өргөдөл бичүүлж авсан. Иймд П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар эмнэлгийн даргын 2019-05-30-ны өдрийн Б/266 дугаар тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоох, О.Е- намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, уг хугацааны нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, бүртгэл хийхийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлагыг гаргаж байна гэжээ.

       Хариуцагч тайлбартаа: О.Е- нь 2013 онд манай эмнэлэгт Инженер техник, аж ахуйн албанд слесариар ажилд орсон бөгөөд сүүлийн жилүүдэд удаа дараа архи ууж, албаны дарга нь анхааруулга өгөх, өөрөөс нь амлалт авах, хамт олны даалтанд авах зэргээр итгэл үзүүлэн ажиллуулж байсан боловч энэ үйлдэлдээ дүгнэлт хийхгүй 2019-05-27-ны өдөр ээлжийн жижүүрийн слесариар ажиллаж байхдаа ажлын байрандаа архи уусан болно. Мөн 2018-01-31-ний өдөр ажлын байранд архи уусан. О.Е- өөрөө үүнийгээ хүлээн зөвшөөрч дахин ийм зөрчил гаргахгүй гэж амлалт бичиж гарын үсгээ зурсан. Үүнийг нотлохын тулд шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Удаа дараа гэж бичсэн учраас уг баримтыг гаргаж өгөхөөс өөр арга байсангүй. О.Е- нь 2019-02-16, 18 болон 20, 21 ажилтай байхдаа архи уусан, ажил хүлээлцсэн акт зэрэг баримтуудаар нотлогдож байгаа. Мөн 2019-05-28-ны өдөр архи уусан. Харин хурлын тэмдэглэл дээр 05-27-ны өдөр гэж андуурч бичсэн байна гэдгээ гэрч М.М- хэллээ. О.Е- нь ажлын байранд архи уусан явдал нь 3 удаа болж байгаа учраас давтан зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтад урьдчилсан 2 нөхцөл байгаа, 1-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, 2-т хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж байгаа. Эмнэлэг бол онцгой объект юм. Хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулаад хуудас бүрт нь гарын үсэг зуруулсан. Ийм зөрчил гаргавал ажлаас халагдана гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Тиймээс нь О.Е-ын үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т хамааралтай юм. Ноцтой зөрчил гаргасан учраас хуулийнх нь хугацаанд арга хэмжээ авсан байгаа. Өмнө нь удаа дараа архи ууж байсан нь нотлогдсон, баримттай учраас 2019-05-31-ний өдөр тушаалын дугаар авсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч харуулын байрыг ажлын байр биш гэж байна. Харуулын байр ажлын байранд хамаарна, зөвхөн тэр хүний хариуцсан газар бус эмнэлэг тэр чигээрээ ажлын байранд хамаарна. О.Е- нь ажлын байранд удаа дараа архи уусан гэдэг үндэслэл нь хууль болон хөдөлмөрийн дотоод журмын 12.4.2-т, хөдөлмөрийн гэрээний 11.3.3-т тус тус зааснаар нийцэж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 102/ШШ2019/02393 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул О.Е-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсан байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1943 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2019/02393 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурджээ.

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Бат-Өлзий хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ажил олгогчийн Б/266 тоот тушаал нь: О.Е- нь ажлын байранд удаа дараа архи согтууруулах ундаа хэрэглэсэн тул гэсэн үндэслэл зааж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 11.3.3 заалтыг барьж 2019.06.17-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан агуулгатай байдаг. .. 1. ИТА-ны дарга О.М-: 2018.01.31-нд архи уухыг нь хараагүй, үнэртүүлсэн байсан, өөрөө дахиж архи уухгүй гэж бичиг хийж өгсөн, тэр бичгийг төлөөлөгчөөр дамжуулан хэрэгт гаргаж өгсөн гэдэг. Тэр бичиг нь шүүх үнэлэх боломжгүй, хуулбар канондсон зүйл байдаг. Нэхэмжлэгч уг бичгийг зөвшөөрдөггүй. Нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй. 2. Гэрч О.М-: 2019.02.16-нд архи уусныг, согтуу байсныг өөрөө үзээгүй, хүнээс сонсоод Батбаярыг оронд нь гар гэж хэлсэн. 2-р сарын 17-ны өглөө ажил хүлээлцэхэд О.Е- зүгээр эрүүл байсан. Батбаярт: “Би архи: уугаагүй, ажлаа өгөхгүй” гээд өгөөгүй байсан гэж мэдүүлдэг. 3. Гэрч Батбаяр: ...2019.02.16-нд дарга О.М- Е- ажил дээрээ архи уусан байна чи очиж оронд гар гэхээр нь орой ажил дээр ирэхэд О.Е- би архи уугаагүй, ажлаа өгөхгүй гээд өгөөгүй, тэгээд би доод подволд хоносон, архи уусан эсэхийг, согтуу байсан эсэхийг нь мэдээгүй, эсэглүүн зүйл үнэртэж байсан, архи уу өөр зүйл үү гэдгийг мэдээгүй гэж мэдүүлдэг. 4.            Гэрч С.Батнасан П.Батсүх нар: О.Е-ыг 2019.05.27-нд ээлжийн ажилтай байхдаа ажил дээр архи уугаагүй. Харин 05 сарын 28-нд өглөө 9 цаг 40 минутанд ажлаас буусныхаа дараа 12 цагийн үед эмнэлгийн гадаа үүдний харуулын байранд харуулын менежер байсан Б-ын гаргаж өгсөн ЗЗ граммтай 1 шил архийг тэр өглөө ажлаас буусан 5-6   хүн хувааж уусан. Тэгэхэд М- дарга орж ирсэн гэж мэдүүлдэг. Үүнийг хариуцагчийн төлөөлөгч болон ИТА-ны дарга О.М- нар хүлээн зөвшөөрдөг. Хурууны хээний цахим бүртгэлд 27-ны 07 цаг 40 минутанд ирсэнээ. 28-ны өглөө 09 цаг 40 минутанд бууснаа бүртгүүлсэн нь үзлэгээр шинжлэн судалсан. Дээрх гэрчүүдийн мэдүүлгүүд, хурууны хээний үзлэг зэргийг бодитоор үнэн зөв дүгнэвэл 2018.01.31, 2019.02.16-нд архи уусан үйлдэл нотлогдоогүй гэж дүгнэх ёстой. Мөн өөрийнх нь бичиж өгсөн гэх хуулбар баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж дүгнэх ёстой. 2019.05.27-д ээлжийн ажилтай байхдаа ажил дээрээ архи уусан гэх хариуцагчийн тайлбар нотлогдоогүй гэж дүгнэх ёстой. Гэтэл шүүх: 1-рт: О.Е- удаа дараа ажлын баран дээрээ архи уусан нь О.М-, С.Батнасан, Б.Батбаяр нарын мэдүүлгүүд, хурлын тэмдэглэл, өөрийнх нь бичиж өгсөн өргөдөл, хурууны хээний цахим бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож тогтоогдсон гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. 2-рт: Б/266 тоот Тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 11.3.3 гэсэн заалтуудыг удирдлага болгож гаргасан хэдий ч 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан уу? хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан уу? аль нь болохыг тушаалын үндэслэлд тодорхой тусгаагүй. Энэ байдлаар тушаал үндэслэлгүй нь тодорхой байхад шүүхүүд Е-ыг ажлын байран дээр архи уусан, согтуу байсан зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан нотлогдоогүй баримтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 хөдөлмөрийн гэрээний 11.3.3 заалтаар тайлбарласан нь илт хууль буруу тайлбарласан явдал гэж үзэж байна. Хариуцагчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: О.Е-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдгээр халаагүй гэдгээ хэлсэн. Тийм баримт ч хэрэгт байхгүй. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний 11-р зүйлийн 3-т “Сахилгын зөрчил гаргасан тухай бүрт ажил олгогчийн тушаал гаргаж сахилгын шийтгэлийг ноогдуулна” гэж мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т “Сахилгын зөрчил илэрснээс хойш 1 сарын дотор сахилгын зөрчлийг ноогдуулна” гэж заасан байх тул гэрээний болон хуулийн эдгээр заалтын дагуу 2018.01.31, 2019.02.16-нд хамаарах ажлын байранд архи уусан гэх үйлдэлд хөөн хэлэлцэх хугацааны дотор сахилгын шийтгэл оногдуулсан тушаал, баримт хэрэгт байхгүйгээс гадна дээрх 2 үйлдлийн алинд ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул 2019.05.30-нд давтан гэдэг агуулгаар сахилгын арга хэмжээ авах боломжгүй. Тэгээд ч Б/266 тоот тушаалд давтан сахилгын зөрчил гаргасан гэж үндэслэл заагаагүй. Энэ үндэслэлээр халсан гэвэл дээрх байдлаар үндэслэлгүй байна. Нөгөө талаар шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан 2 дахь үндэслэл болох хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзвэл: Хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааг зогсоох ноцтой зөрчлийг нэрлэн заагаагүй байдаг. Хөдөлмөрийн гэрээний 11.3.3-т заасан заалт нь ямар зүйлийг хөдөлмөрийн сахилгын зөрчил гэж үзэхийг, түүнд сахилгын ямар арга хэмжээ авахыг л заасан заалт болох нь тодорхой байна. Хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэл болох ноцтой зөрчлийг нэрлэн заагаагүй байна. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг няцаахдаа хөдөлмөрийн гэрээний 11.3.3-т заасан “сахилгын ноцтой зөрчил” гэж ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын байранд ажлын бус цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийн заалт мөн гэж дүгнэж тайлбарласан нь хууль буруу тайлбарлаж нэг талыг барьсан явдал гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 5-р зүйлд ажлын байр гэдгийг өдөр дутмын ажлын цагийн болон ээлжийн цагийн давтамжаар хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэх явдлыг хэлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж байгаа тэр албан үүргийг ажлын байр буюу Рабочи мест гэж нэрлэдэг байна. Гэтэл шүүх хуулиар ийнхүү тодорхой зохицуулагдсан заалтыг буруу тайлбарлаж ажил үүргээсээ буусан ч эмнэлгийн харуулын байр нь ажлын байранд тооцогдоно гэж дүгнэж байгаа нь илт хууль бусаар хуулийг тайлбарлаж буй явдал мөн гэж үзэж байна. Дээрхээс үзэхэд 2018.01.31, 2019.02.16-нд холбогдох үйлдэл нотлогдоогүй, нотолж сахилгын арга хэмжээ авсан гэж үзэх баримт байхгүй. Дээрх 2 холбогдолд 2019.05.30-нд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-р хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа ч байхгүй байна. Мөн 2019.05.27-нд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа архи согтууруулах зүйл хэрэглээгүй нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон. 2019.05.28-нд ажлаасаа буусны дараа харуулын байранд нэр бүхий 5-6 хүнтэй 1 шил архи уусан нь хөдөлмөрлөх үүрэгтэй нь холбоогүй. Харин хөдөлмөрийн гэрээний 11.3.3-т зааснаар зөвхөн сахилгын 1 удаагийн зөрчилд тооцож болох зөрчил гэж үзэж болохоор байна. О.Е- нь Дээд шүүхийн шүүгчийн 33-р зөвлөмжид заасан шиг байгууллагын хэвийн үйл ажиллагааны ноцтой сөргөөр нөлөөлөх ажил олгогчийн эд хөрөнгийн ноцтой хохирол учруулсан, бизнес үйл ажиллагааны нэр хүндийг гутаасан ноцтой зөрчил гаргаагүй байна. Ийм зөрчлийг л хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж үзэж хөдөлмөрийн гэрээнд нэг бүрчлэн тухайлан заана гэж хууль тайлбарлагч заагаад байна шүү дээ. О.Е- ийм зөрчил гаргаагүй. Шүүх нотлох баримтыг буруу дүгнэж нотлогдоогүй үйл баримтаар хууль тайлбарлаж гэрээнд заасан сахилгын зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил мөн гэж дүгнэсэн нь хууль буруу тайлбарлаж буй явдал мөн. Шүүхийн шийдвэр Магадлал үндэслэлгүй болсон. Иймд Шийдвэр Магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         О.Е- 2019-06-26-ны өдөр П.Н.Шастины нэрэмжит улсын гурав дугаар төв эмнэлэгт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2019-05-30-ны өдөр Б/266 дугаартай тушаал үндэслэлгүй болохыг тогтоолгох, инженер техник аж ахуйн албаны слесарийн ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг ажилгүй байсан хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлж бичилт хийхийг ажил олгогчид даалгахыг шаарджээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “... ажилдаа согтуу ирсэн бол...ноцтойд тооцох талаар тохирсон байна... О.Е- 2018-01-31... 2019-02-16.. 2019-05-28-ны өдөр ажлын байран дээрээ архи уусан нь тогтоогдсон.. 2019-05-28-ны өдөр...архи уусан нь ...сахилгын ноцтой зөрчил гэдэгт ....хамаарч байна...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн байна. 

        Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээхдээ “...ажилтан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон байна..” гэжээ.   

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, П.Н.Шастины нэрэмжит улсын гурав дугаар төв эмнэлгийн дарга 2019-05-30-ны өдөр Б/266 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, эмнэлгийн дүрмийн 4.6.6, дотоод журмын 2.7.7, 3.8, 12.4.2, 3.8, хөдөлмөрийн гэрээний 11.3-т заасныг баримтлан, “...ажлын байрандаа архи,согтууруулах ундаа удаа дараа хэрэглэсэн..” гэж 2019-06-17-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь халсан байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ. 

        а/. Ажил олгогчийн тушаалд “...давтан эсхүл ноцтой эсэх талаар тодорхой тусгаагүй...” гэх гомдол үндэслэлгүйгээс гадна баримтгүй байх тул гомдлыг хангах боломжгүй байна.  

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...удаа дараа архи ууж давтан зөрчил гаргаж байсан..” талаар дурдаад архи уух тохиолдолд нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил мөн гэж мэтгэлцжээ.

        Архи уух нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа, ажилтан уг зөрчлийг гаргасан тул ажлаас нь халсан гэх тайлбарыг ажил олгогч шүүхэд гаргасан байх тул “..ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан..” гэсэн үндэслэлээр хариуцагч нь ажилтныг халсан гэж хоёр шатны шүүх үзсэн нь буруу биш байна.  

        б/. Ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Хөдөлмөрийн гэрээг энэ үндэслэлээр цуцлах тохиолдолд зөрчил гаргасан нь тогтоогдсон байхаас гадна талууд ямар зөрчлийг ноцтойд тооцох талаар гэрээндээ тохиролцсон байх шаардлагатай юм. 

       Ажил олгогч 2019-05-30-ны өдөр Б/266 дугаартай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэг, хөдөлмөрийн гэрээний 11.3 дахь хэсгийн заалтыг баримталсан, талуудын хооронд 2016-03-09-ний өдөр байгуулагдсан гэрээний 11.3-т  ямар зөрчлийг ноцтойд тооцох талаар тусгагдсан, О.Е- 2019-05-28-ны өдөр архи уусан нь тогтоогдсон, тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ.

       в/. Хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцсэн байна. Хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт заасан нөхцөлөөс дордуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна.

       Зохигчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул уг гэрээнд заасан үүргээ зохигчийн хэн аль нь биелүүлэх үүрэг хүлээнэ. Түүнчлэн,талууд хөдөлмөрийн дотоод журмыг биелүүлж, мөрдөх үүрэгтэй талаар хөдөлмөрийн гэрээний 6.1.1-д заасан байна. 

       Ажилтны зөрчил гаргасан газар нь нэхэмжлэгчийн “... ажлын байр..” мөн эсэх талаар дүгнэлт хийхдээ шүүх хөдөлмөрийн гэрээний 6.1.1, 11.3.3., дотоод журмын 4.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.-г зөрчөөгүй байгаагаас гадна энэ нь   “....согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгжийн албан болон үйлдвэрийн байр..газарт согтууруулах ундаа хэрэглэх..”-г хориглох тухай Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2., 13 дугаар зүйлийн 13.3., 14 дүгээр зүйлийн 14.3.3 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ.

        Иймд “...харуулын байр нь нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэх ажлын байр биш тул ажилтны гаргасан зөрчил нь ноцтой зөрчилд хамаарахгүй...” гэх агуулга бүхий гомдол  шийдвэр,магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй юм.  

        г/. Ажилтан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул “..давтан зөрчил гаргасан эсэх...сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн эсэх..” нь хяналтын гомдлыг хангах үндэслэлд хамаарахгүй байна. 

       Хоёр шатны шүүх ажилтан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн байгаа тул давтан зөрчилтэй холбоотой буюу “... 2018-01-31-ний өдөр, 2019-02-16-ны өдөр архи уусан үйлдэл гэрчийн мэдүүлэг болон бусад баримтаар нотлогдоогүй...хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” талаарх гомдол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийн “...ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болох..” тухай зохицуулалтад нийцэхгүй юм.          

        2. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байх тул энэ тухай гомдлоор магадлалыг хүчингүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-г зөрчинө.    

       Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн О.Е-ын бичиж өгсөн гэх тодорхойлолт /хх39/ үндэслээгүй, харин хэрэгт буй бүх баримтуудыг хооронд харьцуулж нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийсэн байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл болон 116 дугаар зүйлийн 116.3-г зөрчөөгүй тул хяналтын гомдол үндэслэлгүй байна.

        3. Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримт, нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн тайлбарын талаар дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2019/02393 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1943 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Бат-Өлзий хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ