Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 130/ШШ2017/00552

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 130/ШШ2017/00552

Баян-Өлгий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Капитал банкны Баян-Өлгий салбар /захирал Ө.Марат/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар баг, Хөх толгой, 32-10 тоотод оршин суух, Хурман майтах овогт С.А,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар баг, Хөх толгой, 32-10 тоотод оршин суух, Хурман майтах овогт Х.С нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Перизат, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 7270000 төгрөг, хүү 755643 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24359 төгрөг 71 мөнгө, нийтдээ 8050002 төгрөг 71 мөнгө гаргуулах, зээлдэгч нар зээлээ төлж чадаагүй тохиолдолд барьцааны хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах тухай.

Нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.А, хамтран зээлдэгч Х.С нар 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр тус банктай №ЗГ479 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 20000000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, сарын 2,2 хувийн хүүтэй, жижиг дунд бизнесийн зээлийн зориулалтаар авсан. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар баг, хөх толгой 32 гудамж, 10 тоот хаягт байршилтай 100 м.кв талбайтай өвийн сууц болон 600 м.кв талбайтай эзэмших эрхийн газар, Өлгий сумын 9 дүгээр багт байршилтай 700 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар болон BEIBEN улсын дугаар 2179 БӨТ 25 тн ачааны машины барьцаалсан. Зээлдэгч С.А, хамтран зээлдэгч Х.С нар нь өнөөдрийг хүртэл үндсэн зээл 12730000 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээлээс 7270000 төгрөг, зээлийн хүү 703000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3100 төгрөг, нийт 7976100 төгрөг төлөгдөөгүй байна. Бид удаа дараа уулзаж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан боловч төлөлгүй өдий хүрлээ. Иймд иргэн зээлдэгч С.А, хамтран зээлдэгч Х.С нартай байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр тус банктай №ЗГ479 тоот зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, С.А, хамтран зээлдэгч Х.С нараас үндсэн зээл 7270000 төгрөг, зээлийн хүү 703000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3100 төгрөг, нийт 7976100 төгрөгийг орлогоос нь суутгаж мөн зээлдэгч нарын барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгийг нь худалдан борлуулж зээл төлүүлэх шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий салбарын захирал Ө.Марат шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн хүсэлтэд: Тус банк нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр С.А, хамтран зээлдэгч Х.С нараас үндсэн зээл 7270000 төгрөг, зээлийн хүү 703000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3100 төгрөг, нийт 7976100 төгрөг гаргуулах тухай Баян Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Гэвч 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 7270000 төгрөг, хүү 755643 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24359 төгрөг 71 мөнгө, нийт 8050002 төгрөг 21 мөнгө болж нэмэгдсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ

Нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Перизат шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Зээлдэгч С.А, хамтран зээлдэгч Х.С нар Капитал банкнаас 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 20 сая төгрөгийн зээлийг 2,2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай сар бүр тэнцүү төлөлтийн нөхцөлөөр авсан. Гэхдээ зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, сар бүр хугацаа хэтрэлт гаргасан. Улмаар зээлдэгч нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж 2017 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн байдлаар үндсэн зээл 727000 төгрөг, хүү 755643 төгрөг, нэмэгдүүлсэн 24359,71 төгрөг, 805002,71 төгрөг гаргуулах Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагын дагуу хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Х.С шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хүү болох Архалых бид хоёр 2014 онд 20 тн даацтай Бенз Норт шинэ машиныг 20000000 төгрөгөөр барьцаалж 2000000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Уг зээлийг 3 жилд төлөх ёстой байсан бөгөөд уг машины бичиг баримт, техникийн паспортыг уг банк хураан авсан байсан. 2016 онд 2 сарын зээл төлөгдөөгүй байсан гэж хашаанд оруулан хурааж авсан. Түүнээс хойш зээл төлөгдөөгүй. Машиныг дуудлага худалдаанд оруулж 20000000 дээш үнэтэй машиныг 11000000 төгрөгөөр худалдсан байв. Зээлийн эргэн төлөлтийг Архалых хариуцах бөгөөд тодорхой тайлбарыг Архалых өгнө гэжээ.

Хариуцагч С.А шүүхэд гаргасан тайлбартаа: Тус банкнаас 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан сарын 2,2 хувийн хүүтэй 20 сая төгрөгийн зээл авч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан. Өөрөөр хэлбэл банкнаас зээлдсэн мөнгөөрөө 25тн даацтай том оврын автомашин худалдан авч түүгээр хол замын тээвэрлэлт хийж олсон орлогоороо зээлээ төлж байсан. Уг авто машин Капитал банкны өмчөөр бүртгэгдэн тэдний эзэмшилд байсан бөгөөд би тэрхүү машинаар тээвэрлэлт хийгээд банкнаас итгэмжлэл авч замд гарч хөдөлгөөнд оролцдог байлаа. 2015 оны сүүлээр зээлийн өргөн төлөлтийн хугацааг 1,6 сараар хэтрүүлсэн учраас банк миний орлого олдог байсан ганц машиныг 2016 оны 1 дүгээр сарын дунд үед хураан авч моралийн элэгдэлд оруулан байлгаж байгаад 2017 оны 2 дугаар сард 11 сая 500 мянган төгрөгөөр худалдсан. Миний мэдэхээр машиныг хураан авах үед буюу 2016 оны 01 дүгээр сард зээлийн үлдэгдэл хүүгийн хамт 14 сая 600 мянган төгрөг үлдсэн байсан. Уг үлдэгдлээс машины үнэ болох 11 сая 500 мянган төгрөгийг хасахад 2 сая 100 мянган төгрөг үлдэх ёстой. Ийм учраас би нэхэмжлэлд дурдсан мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Банк нь зээлийн гэрээнд заасан эрхийнхээ дагуу 2016 оны эхээр гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлийн хүүг зогсоох байтал үргэлжлүүлэн хүү бодсон нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болат шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Удаа дараагийн шүүх хуралдаанд энэ асуудал яригдаж, судлагдаж, дүгнэлт хийгдсэн байх тул олон юм ярих шаардлагагүй гэж үзэж байна. Капитал банк хариуцагч С.А, Х.С нараас нэхэмжилсэн үндсэн зээл 7270000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх бүрэн үндэслэлтэй. Учир нь энэ бол төлөгдөөгүй зээл. Харин зээлийн хүү 755643 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24359 төгрөг, нийт 780002 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл хариуцагч С.Аын Капитал банканд барьцаалсан барьцаат хөрөнгө болох том оврын ачааны машиныг үл маргах журмаар Капитал банк 2016 оны 02 дугаар сард хураан авч, орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдээр зарлаж худалдах үйл ажиллагаа явагдсан учир 2016 оны 02 дугаар сараас эхлээд хариуцагч С.А, Х.С нар Капитал банкнаас авсан зээлээ буцааж төлөх боломжгүй болсон гэдгийг мэдсээр байж зээлийн хүүг үргэлжлүүлэн тооцож 2017 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр буюу анхан шатны шүүхийн шийдвэр гаргах өдөр хүртэлх хүүг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Капитал банк нэгэнт 2016 оны 02 дугаар сараас эхлэн зээл төлөгдөх боломжгүй гэдгийг мэдсэн учир тэр өдрөөс эхлэн нэг талын буюу банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн хүүг зогсоох ёстой байсан гэсэн агуулга бүхий хариуцагч нарын удаа дараагийн тайлбар байгаа. Капитал банкны үндсэн зээл болох 727000 төгрөгийг төлөх болно, харин хүү, нэмэгдүүлсэн хүү болох 780002 төгрөгийг төлөх боломжгүй гэж хариуцагч нар үзэж байгаа гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий салбарын үндсэн зээл 7270000 төгрөг, хүү 755643 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24359 төгрөг 71 мөнгө, нийт 8050002 төгрөг 71 мөнгө гаргуулах, зээлдэгч нар зээлээ төлж чадаагүй тохиолдолд барьцааны хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч С.А, Х.С нар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болат шүүх хуралдааны шатанд Капитал банкны нэхэмжлэлийн шаардлагын хүү 755643 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24359.71 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, хүүг төлөхгүй гэж маргаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч хариуцагч нарт хуулинд заасан эрх, үүргийн танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэлээ өөрөө нотолж, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлийн талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргийг хүлээсэн боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болат ...Капитал банк хариуцагч С.А, Х.С нараас нэхэмжилсэн үндсэн зээл 7270000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх бүрэн үндэслэлтэй. Учир нь энэ бол төлөгдөөгүй зээл. Харин зээлийн хүү 755643 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24359 төгрөг, нийт 780002 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Капитал банкны Баян-Өлгий салбар нь нэг талын санаачилгаар гэрээг цуцлах эрхтэй байсан боловч зээлийн гэрээг цуцлахгүй нэг жил гаруй хугацаанд байлгаж, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй учир хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж тайлбарлаж байгаа боловч талууд зээлийн гэрээг цуцлах талаар санал санаачилга гаргаагүй, зээлийн гэрээ нь тухайн үед цуцлагдаагүй үргэлжилсэн байх тул Капитал банкны Баян-Өлгий салбарын зээлдэгч нартай 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан №ЗГ-479 тоот Зээлийн гэрээний 3.10-д зааснаар талууд зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарийг гэрээний хавсралт 1-д ... төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна гэж зааснаар зээлдэгч нар уг хугацааны зээлийн хүүг төлөх үүргээсээ чөлөөлөгдөхгүй ба Иргэний хуулийн 222.5-д зааснаар мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй байна.

Зээлдэгч С.А, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.С нар нь Капитал банкны Баян-Өлгий салбараас 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 20000000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, сарын 2,2 хувийн хүүтэй, жижиг дунд бизнесийн зориулалтаар зээл авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №ЗГ-479 Зээлийн болон барьцааны гэрээ, 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан №ЗГ479 дугаартай зээлийн гэрээний хавсралт, зээл, хүүгийн төлбөрийг буцаан төлөх хуваарь зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Хариуцагч С.А, хамтран зээлдэгч Х.С нар нь банктай харилцан тохиролцож, зээлийн гэрээнд гарын үсэг зурж хүлээн зөвшөөрсөн нь Капитал банкны Баян-Өлгий салбарын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №ЗГ-479 тоот Зээлийн гэрээний 3.10-д зааснаар талууд зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарийг гэрээний хавсралт 1-д харилцан тохиролцож, баталгаажуулсан бөгөөд зээлдэгч хуваарийн дагуу тухай бүр төлөх үүрэг хүлээсэн, мөн зээлдэгч гэрээнд заасан хугацаанд хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх ерөнхий болон хэсэгчилсэн хугацааны эцсийн өдрийн дараах өдрөөс төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна, 4.2.1-д зээлдэгч үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлнө, 7.3-д зээлдэгчийн хамтран зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээний хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүгийн төлбөрийн хуваарийн дагуу хэсэгчилсэн төлбөрөө гүйцэтгэхээ үүгээр баталсан, 8.3.1-д зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн эс биелүүлсэн, 8.3.2-т зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь хавсралт 1-д заасны дагуу төлөөгүй бол банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр, хураамж, хохирол шаардах эрхтэй гэж заасан байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байна.

2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №ЗГ-479 Барьцаат гэрээгээр барьцаанд байсан BEIBEN улсын дугаар 2179 БӨТ, 25 тн ачааны машиныг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 11490000 төгрөгөөр худалдсан болох нь Капитал банкны Баян-Өлгий салбарын Депозит дансны харилцагчийн хуулгаар, мөн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 20-ны хооронд С.Аын зээлийн эцсийн үлдэгдэл нь үндсэн зээл хүүгийн хамт 7379007 төгрөг 91 мөнгө байсан нь 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Зээлийн дансны хуулгаар тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий салбар нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус тус зээл хүүг төлөх мэдэгдэл хуудсыг хариуцагч үндсэн зээлдэгч С.Ат удаа дараа явуулж байсан ба хариуцагч С.А нь мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурж байсан байна. Мөн Нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий салбар нь зээлдэгч С.Аын зээлээ хугацаанд төлөөгүй шалтгаан нөхцөлийн талаар зээлдэгчийн хяналтын хуудсанд тухай бүр бичиж тэмдэглэж байсан байна.

Нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий салбар нь нэг талын санаачилгаар 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч С.А, Х.С нартай байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №ЗГ-479 Зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлдэгч С.Ат мэдэгдсэн болох нь Гэрээг цуцлах тухай мэдэгдэх хуудсаар нотлогдож байна.

Иймд Капитал банкны Баян-Өлгий салбарын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №ЗГ-479 Зээлийн болон барьцаат гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргийг үндэслэн зээлдэгч С.А, хамтран зээлдэгч Х.С нараас үндсэн зээл 7270000 төгрөг, хүү 755643 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24359 төгрөг 71 мөнгө, нийт 8050002 төгрөг 71 мөнгө гаргуулан Капитал банкны Баян-Өлгий салбарт олгох нь зүйтэй байна.

Мөн хариуцагч С.А, Х.С нар нь зээлээ төлж чадаагүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-ийг баримтлан 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №ЗГ-479 Барьцааны гэрээний дагуу үндсэн зээлдэгч Х.С, М.Бахира, С.А нарын гурван хүний өмчлөх эрхийн гэрчилгээтэй №000086009, Өлгий сумын 6 дугаар багт байршилтай, хууль ёсны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0213003671 дугаартай, өвлийн сууцны зориулалттай 100 м.кв талбайтай, зургаан өрөө үл хөдлөх хөрөнгө, мөн Х.Сийн эзэмших эрхийн гэрчилгээтэй №0236906, нэгж талбарын дугаар №031302769 бүхий Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт Хайролын хашааны баруун талд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай 600 /0,06/ м.кв талбайтай газар, мөн С.Аын өмчлөх эрхийн гэрчилгээтэй №000158555, нэгж талбарын дугаар №031303814, хууль ёсны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0213003173 дугаартай Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр баг Хөх хадад байршилтай 700 м.кв талбайтай газрыг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А, Х.С нараас 143750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг баримтлан хариуцагч Хурман майтах овогт С.А, Хурман майтах овогт Х.С нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 8050002 төгрөг 71 мөнгө /найман сая тавин мянга хоёр төгрөг далан нэгэн мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий салбарт олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-ийг баримтлан хариуцагч С.А, Х.С нар зээлээ төлж чадаагүй тохиолдолд 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №ЗГ-479 Барьцааны гэрээнд заасан Х.С, М.Бахира, С.А нарын гурван хүний өмчлөх эрхийн гэрчилгээтэй №000086009, Өлгий сумын 6 дугаар багт байршилтай, хууль ёсны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0213003671 дугаартай, өвлийн сууцны зориулалттай 100 м.кв талбайтай, зургаан өрөө үл хөдлөх хөрөнгө, мөн Х.Сийн эзэмших эрхийн гэрчилгээтэй №0236906, нэгж талбарын дугаар №031302769 бүхий Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт Хайролын хашааны баруун талд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай 600 /0,06/ м.кв талбайтай газар, мөн С.Аын өмчлөх эрхийн гэрчилгээтэй №000158555, нэгж талбарын дугаар №031303814, хууль ёсны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0213003173 дугаартай Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр баг Хөх хадад байршилтай 700 м.кв талбайтай газрыг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А, Х.С нараас 143750 /нэг зуун дөчин гурван мянга долоон зун тавин/ төгрөгийг гаргуулан Капитал банкны Баян-Өлгий салбарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН