| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2017/0602/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/106 |
| Огноо | 2017-04-03 |
| Зүйл хэсэг | 147.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2017/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга: Ц.Золзаяа,
Улсын яллагч: П.Даваасүрэн,
Шүүгдэгч: Т.А, түүний өмгөөлөгч О.Баяраа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ...................... холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 201625022503 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймаг Зүүн бүрэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, ах, эгч нарын хамт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 4-р багт оршин суух хаягтай,
2011 оны 7 дугаар сарын 27-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 8 дугаар сарын 13-нд эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 15 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ....................................
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Т.А нь 2016 оны 09 дүгээр сарын 25 нд Сүхбаатар дүүргийн 13-р хороо Сод-Монгол шатахуун түгээх станцын ойролцоо хохирогч Ж.Батнасангийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүрэм, “Скай” маркийн гар утас 2 ширхэг, бэлнээр 750,000 төгрөг зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэж нийт 840,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Хэрэг гардаг өдөр би Мишээл бааранд орой 22-23 цагийн үед ороод хохирогч Батнасан ах 1 ахын хамт ширээнд суусан. Хамт сууж байсан ах нь хохирогчтой маргаад байгаа бололтой гараад явсан. Тэгээд хохирогч надтай уулзаад 1 шил Сархад архийг хувааж уусан. Тэгээд би хохирогчтой муудалцахад баарны хамгаалагч нь бид 2-ыг гаргасан. Тэгээд хохирогч такси барих гээд зогсож байхаар нь би араас нь очоод муудалцаад далангийн хажуу руу бид 2 унасан. Тэгээд би нүүр рүү нь 1 удаа цохиод хүрмийг нь тайлж аваад зугтаасан. Хүрмэнд нь 750.000 төгрөг байхаар нь авсан. Харин гар утас байсан гэдгийг мэдээгүй. Хохирогч утас байсан талаар хэлсэн байдаг. Тухайн үед нилээд сандарсан байсан учир надад мөнгө баригдахаар нь мөнгийг нь аваад хүрмийг нь хаяад гүйсэн…” гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…тэгэхэд би зүс таних ахын ширээд очиж суусан тэр ах надад дүүд пиво авч өгнө гээд 6 шил нийслэл пиво 0,5л Сархад архи авч өгсөн тэгээд бид ууцгаасан бид хоёр маргалдсан, баарнаас гараад урагшаа чиглэж явсан тэр ах Содмонгол колонкийн чигт такси барих гэж байгаа бололтой зогсож байсан....тэгээд би тэр ах руу очоод заамдалцаж аваад колонкийн урд налуу руу зууралдаад унасан тэр үед миний цамц урагдсан тэгээд би тэр ахын хүрмийг тайлж аваад гудамжаар гүйж явахдаа хүрэмний дотор халаасанд байсан мөнгийг нь аваад хүрмийг нь хаясан ... халаасанд нь гар утас байгааг мэдээгүй хаясан... тэр ахтай бааранд сууж байхад мөнгө, гар утас байхыг харсан...мөнгөтэй больё гэж бодоо л энэ хэргийг үйлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-42, 43/,
Хохирогч Ж.Батнасангийн “...би 2016 оны 09 сарын 24-ний орой 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд Мишээл бааранд ганцаараа орсон тухайн үед 05 литрийн пиво аваад 1 шил архи аваад уусан.тэгтэл үл таних залуу ирж миний хажууд суугаад надтай танилцсан өөрийгөө Азаа гэж байсан би тэрэнд пиво авч өгсөн тэр залуу надаар архи авахуулаад байхаар нь би айлгах санаатай надад цагдаагийн хурандаа ах байгаа гэж хэлсэн...тэгээд би шөнө 02:30 цагийн үед гараад доошоо уруудаад 32-ын тойргийг чиглээд Сод монголын хажуугаар гараад явж байсан чинь араас нэг хүн дуудсан, намайг эргээд харахад Азаа байсан тэгээд чи яасан цагдаагийн хурандаа дүүтэй хүн бэ гээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон, намайг цохиход би духаараа газрын уруу тохойлдоод өвдөглөөд унасан намайг газарт унаад хэвтэж байсан чинь миний хүрэмнээс зулгаагаад чирээд...тэгээд миний хүрмийг аваад явчихсан миний хүрэмний зүүн талын дотор халаасанд бэлэн мөнгө баруун талын халаасанд 2 ширхэг гар утас байсныг бүгдийг нь аваад л аш хурдан гүйгээд явчихсан...би араас нь хөөе гээд хашгираад л үлдсэн...тэгэхэд шөнө орой болчихсон тэнд ямар ч хүн байгаагүй надад нийт 750,000 т төгрөг байсан... миний алдагдсан утаснууд мобикомын “Скай” маркийн нөгөөх нь Скайтелийн "Скай" маркийн гар утаснууд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-10-11/,
Гэрч А.Дарханбаатарын “…Азбаярыг танина аа манай баараар хааяа үйлчлүүлдэг тэр орой манай бааранд орж ирээд 2-р ширээн дээр сууж байсан залуу дээр очоод юм яриад архи пиво уугаад сууж байсан...тэгээд би ажлаа хийж байгаад гадаа гараад үүдэнд зогсож байтал Соёлцэцэг намайг дуудаад Азбаяр нөгөө хүнтэй муудалцаад байна гэхээр ороод тэр хоёрыг салгаад явуулсан...баарнаас гарахдаа нөгөө залуу нь тооцоо хийж…” гэсэн мэдүүлэг /хх-18, 19/,
Гэрч Ч.Соёлцэцэгийн “…2017 оны 09 сарын 25 ны орой 00 цагийн үед Азаа манай бааранд гаднаас орж ирээд 2-р ширээн дээр сууж байсан 40 орчим настай эрэгтэйтэй хамт очиж суусан нөгөө ах Азаад “надад мөнгө байна гэж хэлээд эхлээд. пиво авсан дараа нь 0,5л архи, 2 ширхэг цэвэр ус аваад хувааж уусан тэр 2 ярьж байхад нөгөө ах манай дүү цагдаагийн ерөнхий газар ажилладаг цагдаагийн хурандаа цолтой хүн байдаг гээд Азаатай маргалдсан тухайн үед Азаа тэр ахын нүүрэн тус газар нь гараараа цохиж унагаасан тэр ах босож ирээд тэр хоёрыг барьцалдаж авахаар нь манай эзэн Дарханбаатар салгаад гаргаад явуулсан.тэр ах хүрэмнийхээ зүүн талын энгэрээс арван мянгат гаргаж ирээд тооцоо хийж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-20, 21/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹13438 тоот актын “…Ж.Батнасангийн биед тархи доргилт, дух шанаа, баруун мөр, баруун зүүн тохой, өвдөг ууцны хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-27/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-12, 74/, Т.Аын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-51/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-52, 53/, Т.Аын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-56/, Шийтгэх тогтоолын хуулбар /58, 59, /Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-75, 76/ зэргийг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Т.А нь 2016 оны 09 дүгээр сарын 25-нд Сүхбаатар дүүргийн 13-р хороо, “Сод-Монгол” ШТС-ын ойролцоо хохирогч Ж.Батнасангийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, түүний нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь “…тархи доргилт, дух шанаа, баруун мөр, баруун зүүн тохой, өвдөг ууцны хэсэгт зулгаралт…” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүрэм, “Скай” маркийн гар утас 2 ширхэг, бэлнээр 750,000 төгрөг зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэж нийт 840,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Ж.Батнасан, гэрч А.Дарханбаатар, гэрч Ч.Соёлцэцэг нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹13438 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Т.Аын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Т.Аыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бие махбодид хөнгөн гэмтэл учруулан эд зүйлийг нь авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлыг бүгдийг шалгасан байна.
Хохирогч Ж.Батнасан нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд “…гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Т.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцлоо.
Шүүх шүүгдэгч Т.Аыг ял шийтгэл оногдуулахдаа хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогч нь гомдол саналгүй гэсэн, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.А нь энэ хэрэгт 99 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298, 300 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. ........................ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Т.Ат оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аын цагдан хоригдсон 99 /ерэн ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5.Эрүүгийн 201625021689 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Ж.Батнасан нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. .
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Т.Ат оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.
7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Т.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Ат авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР