Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1964

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

2020          11           10                                        2020/ШЦТ/1964

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

Улсын яллагч Б.У

Нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М д холбогдох эрүүгийн 2006 00000 2462 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

М , Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М нь 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хужирбулангийн 4 дүгээр хэсгийн 44 дүгээр гудамж 1580 тоот хашааны гадна Н хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт өвдгөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг[1],

 

Шүүгдэгч Н.М  яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өөрийн хийсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч мөн хохирогч Нямбатын зүгээс надаас надаас нэхэмжилсэн 1,200,000 төгрөгийг нь төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг[2],

 

Хохирогч Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 22:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 4а хэсэг 44 дүгээр гудамжны 1580 тоот гэртээ иртэл, манай хашааны машин ордог хаалгыг мөнгөлөг саарал өнгийн “приус 30” маркийн машин таглаад зогссон байсан. Би тухайн машин дээрээс жолоочийнх нь утсыг хайсан боловч, уг тээврийн хэрэгсэл дээр ямар нэгэн утасны дугаар тэмдэглэгдэж үлдээгээгүй байсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг ирэхийг хүлээж ойролцоогоор 20 орчим минут хашааныхаа гадаа байж байтал манай урд талын айлаас үл таних Мягмарсүрэн гэх залуу гарч ирсэн нь өнөөх “приус 30” маркийн машины жолооч байж байсан. Тэгээд би өнөөх үл таних Мягмарсүрэн гэх залууд хандаж айлын хашааны хаалга яахаараа машинаараа таглаад тавьчихдаг юм бэ? гэж хэлээд тэр үл таних Мягмарсүрэн гэх залуу бид хоёр маргалдаж, хоорондоо барьцалдаж аваад, хоёр биенээ заамдаад зогсож байтал нөгөө залуугийн гарч ирсэн хашаанаас  бас нэг үл таних нүүрэн дээрээ сорвитой, нүдэндээ давхраа оёулсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой, архи  үнэртүүлсэн хүүхэн гарч ирээд Мягмарсүрэнтэй барьцалдаад зогсож байсан над руу дайрч, миний цээжин тус газар 2 гараараа түлхсэн. ...Мягмарсүрэн над руу дайрч миний толгой, шилэн хүзүү хэсэгт гараараа доош нь дарж тонгойлгож байгаад миний нүүрэн тус газар өвдгөөрөө өвдөглөж цохиод, намайг дээш гэдийх үед толгойгоороо мөн миний нүүрэн тус газар мөргөж, гараараа 1-2 удаа нүүр лүү бас цохисон.” гэх мэдүүлэг[3],

 

Гэрч Ж.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Н гэх залуутай барьцалдаж аваад тэр залуугийн нүүрэн тус газар нь хөлөөрөө өвдөглөж цохичихсон юм” гэх мэдүүлэг,[4]

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 10766 дугаартай:

“1. А.Н-н биед хамар ясны хажуу хана зөрөөтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд уруул, баруун ядам хуруунд зулгаралт, доод уруул, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт[5],

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа[6],

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,[7]

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[8] зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

 Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М нь 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хужирбулангийн 4 дүгээр хэсгийн 44 дүгээр гудамж 1580 тоот хашааны гадна Н хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт өвдгөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Шүүгдэгч Н.М яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өөрийн хийсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч мөн хохирогч Нямбатын зүгээс надаас  надаас нэхэмжилсэн 1,200,000 төгрөгийг нь төлж барагдуулсан...” гэх[9],

 Хохирогч Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мягмарсүрэн над руу дайрч миний толгой, шилэн хүзүү хэсэгт гараараа доош нь дарж тонгойлгож байгаад миний нүүрэн тус газар өвдгөөрөө өвдөглөж цохиод, намайг дээш гэдийх үед толгойгоороо мөн миний нүүрэн тус газар мөргөж, гараараа 1-2 удаа нүүр лүү бас цохисон.” гэх[10],

Гэрч Ж.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Нямбат гэх залуутай барьцалдаж аваад тэр залуугийн нүүрэн тус газар нь хөлөөрөө өвдөглөж цохичихсон юм” гэх мэдүүлгүүд,[11] Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 10766 дугаартай дүгнэлт[12] зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч М нь хохирогч Нэрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч А.Н Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 10766 дугаартай дүгнэлтээр “хамар ясны хажуу хана зөрөөтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд уруул, баруун ядам хуруунд зулгаралт, доод уруул, хүзүүнд цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч М нь хохирогч Нэрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Н.М үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчид хохирол төлбөрийг барагдуулсан, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Н.М үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч А.Н нь “миний нэхэмжилсэн 1,200,000 төгрөгийг өгсөн, гомдол санал байхгүй тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү”[13] гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, М уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Шүүх шүүгдэгч Н.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Н.Мягмарсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.М 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1,200,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                        М.ТҮМЭННАСТ        

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 133 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 14 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 33 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 38 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 42 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 43 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 72 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 133 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 14 дүгээр хуудас

[11] Хавтаст хэргийн 33 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 38 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 140 дүгээр хуудас