Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/345

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн, 

улсын яллагч Д.Энх-Оргил,

шүүгдэгч Э.Э ,

шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Булганууд овгийн Э.Э , Боржигон овгийн Г.Э  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725030825 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Булганууд овгийн Э.Э , 1989 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 8 дугаар гудамжны 432 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УХ89040723.

2. Боржигон овгийн Г.Э , 1988 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, зохион байгуулагч мэргэжилтэй, Жи-Мобайл ХХК-д үйлчилгээний ажил эрхэлдэг, ам бүл 4, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 9 дүгээр гудамжны 454 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ХМ88031808.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Э.Э  нь 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 9 дүгээр гудамжны 454 тоотод оршин суух иргэн Р.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Э нь 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 8 дугаар гудамжинд иргэн Э.Э тай өөрийн ээж Р.Эыг өмөөрч хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, 450.000 төгрөгийн торгох ялыг төлж барагдуулна, гэхдээ торгуулыг төлөх хугацаа өгөхийг хүсч байна…” гэв.

Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, 450.000 төгрөгийн торгох ялыг төлж барагдуулна, тодорхой хугацаа өгнө үү …” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Хохирогч Р.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...тухайн үед нэг удаа гараараа миний нүүрийг минь маажсан, миний хоёр нүдний доод хэсэгт шалбарсан байсан. Энхмаа намайг цохиж маажихаар нь би зөрүүлээд Энхмаагийн мөрөн дээр цохисон. …Надад гомдол санал байхгүй. Бэр Энхмаа надаас уучлалт гуйгаад ирвэл би хүүхдээ бодоод эвлэрч болно...” гэжээ /хх-16-19/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 4859 дүгээр дүгнэлтэд

“1. Э.Э гийн биед тархи доргилт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 

3. Тархи доргилт гэмтэл дангаараа бусад гэмтлүүд нийлээд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь 2017.4.7-ны өдөр үүссэн байх боломжтой.” гэжээ /хх-21/. 

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 4854 дүгээр дүгнэлтэд

“1. Р.Эы биед дух, зүүн доод зовхи, баруун хацарт зулгаралт, баруун нүдний доод буланд урагдсан шарх тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-25/.

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 39-41, 43/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 91-92/, прокурорын эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар гаргасан санал /хх 97-98/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Э  нь 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 9 дүгээр гудамжны 454 тоотод оршин суух иргэн Р.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Э нь 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 8 дугаар гудамжинд иргэн Э.Э тай өөрийн ээж Р.Эыг өмөөрч хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Э , Г.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Э , Г.Э нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг баримтын хэмжээнд нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус бүр оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрсөн болно.

Хохирогч Р.Э, Э.Э  нар нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болно. 

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Булганууд овгийн Э.Э , Боржигон овгийн Г.Э  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Э , Г.Э нарыг тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Э , Г.Э нарт оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Э , Г.Э нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6. Хохирогч Р.Э, Э.Э  нар нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг тайлбарласугай. 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э , Г.Э нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН