Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/891

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул  хөтлөн

улсын яллагч Н.Энхболд

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, холбогдох эрүүгийн 1905000001037 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

******* нь “Хуурч, эд зүйл, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр иргэн С.Т-гаас 213.000 төгрөгийн үнэ бүхий “Huawei p9 lite” загварын гар утсыг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Би өөрийн бурууг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид утсыг нь буцааж өгөөд хохирогчтой эвлэрсэн. Прокурортой ял тохирсон. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.  

 

        Хавтаст хэргээс:

Хохирогч С.Т-гын мөрдөн байцаалтанд: 2019 оны 9 дүгээр сарын 21-ний шөнө 00 цагийн үед  Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Их Сургуулийн төв байрны урд гэрлэн дохионы тэндээс нэг залууг машиндаа суулгаж Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Монголын Үндэсний Их Сургуулийн буудал дээр буулгах үед тэр залуу миний гар утсаар яриад өгье миний гар утасны цэнэг дуусчихсан байна гэхээр нь би өөрийнхөө утсыг өгсөн юм. Тэгээд тэр залуу миний гар утсаар нэг хүнтэй яриад чи хаана явж байна би энд байна би чамайг харчихлаа гээд машинаас бууж ярьж байснаа би АТМ ороод ирье гээд миний гар  утсыг авч яваад иргэж ирээгүй. Би 20 гаруй минут хүлээгээд хүний утсаар өөрийнхөө дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд би дахиад 20 орчим минут хүлээгээд ирэхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан юм. /хх-ийн 13-14/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар ******* мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 9 дүгээр сарын 21-ний 00 цагийн үед Монгол Улсын Их Сургуулийн хойд талд байрлах автобусны буудлаас хар өнгөтэй Приус маркийн тээврийн хэрэгсэлд суугаад Монголын Үндэсний Их Сургуулийн автобусны буудал дээр зогссон. Тэгээд миний гар утас асаж унтраад байсан учраас тухайн тээврийн хэрэгслийн жолоочоос утсаар чинь нэг яриад өгье гэж хэлээд тээврийн хэрэгслээс бууж худлаа утсаар нь ярьсан дүр үзүүлж байгаад жолоочид АТМ ороод ирье гэж хэлээд булан эргээд яваад өгсөн. Би тухайн тээврийн хэрэгслийн төлбөрийг өгөөгүй. Би гар утсанд нь өөрийнхөө симийг хийгээд ашиглаж байсан. Би тэр гар утсыг өөрөө ашиглах гэж л худлаа хэлээд аваад явсан. Би энэ үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Дахин ямар нэгэн гэмт хэрэгт холбогдохгүй. Би нөгөө хүн гар утсыг буцаагаад өгсөн. Ийм учраас надад холбогдох хэргийг түргэн шуурхай, хөнгөн шийдвэрлэж өгнө үү. /хх-ийн 32/ гэх мэдүүлэг,

 

Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ны 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ТХҮ-719/272 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Huawei p9 lite3 загварын гар утас, “мемори карт /16gb/”, “виза карт /Хаан банк/” зэрэг эд зүйлсийг 213.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 23-25/,

 

 Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 33/,

 *******ын “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 50/, хохирогч С.Т-гын “...сайн дураараа эвлэрч хохирлоо барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 51/ болон шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотойгоор түүний  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 40/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                              

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******  2019 оны 9 дүгээр сарын 21-ний шөнө иргэн С.Т-гын автомашинд зорчин явахдаа “гар утсаар чинь яриад өгье, АТМ ороод ирье” гэж худал хэлж хуурч “Huawei p9 lite” загварын гар утсыг нь залилан авсан   гэмт хэргийг үйлдсэн болох нь:

         хохирогч С.Т-гын мөрдөн байцаалтанд”...тэр залуу миний гар утсаар яриад өгье миний гар утасны цэнэг дуусчихсан байна гэхээр нь би өөрийнхөө утсыг өгсөн ...АТМ ороод ирье гээд миний гар  утсыг авч яваад эргэж ирээгүй...”/хх-ийн 13-14/ гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас *******ыг “ Хуурч, бусдын эд зүйлийг залилан авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч *******ыг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч *******т гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “дөрвөн зуун тавин нэгжээр торгох” ял оногдуулах саналыг *******т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

                                                                                         

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

 

4. ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ