Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/143

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

Нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгч С.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С. Хэд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 08 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: С.Х

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Х нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Ц.Бгийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Хийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : “ Б нь машины астачир гуйж аваад 2 жил болж байгаа юм. 2019 оны 07 сарын 03-ны өдөр дугуй засварын гадаа таарахаар нь астачираа нэхсэн чинь хүн андуурлаа гэсэн.Би машинаасаа буугаагүй байсан, явах гэтэл над руу шороо цацсан. Тэгэхээр нь бууж очоод нүүрэнд нь 1 удаа цохьсон нь үнэн. Тэр үед Бгийн хөмсөгний дээд хэсгээс цус гарч байсан... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ” гэсэн мэдүүлэг

Хохирогч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллаганд өгсөн: “...Би 2019 оны 07 сарын 03-ны өдөр аймгийн төв Гандангаас урагш байдаг дугуй засварын гадаа зогсож байхад машин засдаг Хүрлээ ачааны машинтай ирээд чи надаас авсан машины астачираа яг одоо өг гэж над руу дайрсан. Би хүн андуураад байна гэсэн чинь над руу дайрч миний нүүрэн тус газар гурван удаа баруун гараараа цохисон. Тухайн үед миний зүүн хөмсөгний дээд хэсгээс цус гарч байсан... аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд миний зүүн нүдний дээд хэсэгт язарсан байна гээд 4 оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хуудас/

Шинжээчийн .... дугаартай: “...Ц.Бгийн биед зүүн хөмсөгт шарх, зовхины зөөлөн эдийн няцрал зүүн чих, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 10 дугаар хуудас/

Яллагдагч С.Хийн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...2019 оны 07 сарын 03-ны өдөр ...би машинаас бууж очоод Бгийн хөмсөгний дээд хэсэгт баруун гараараа нэг удаа цохисон. Тэр үед Бгийн хөмсөгний дээд хэсгээс цус гарч байсан... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 35 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-25 дугаар хуудас / зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Х нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутагт Гандангийн урд байх дугуй засварын гадаа иргэн Ц.Бгийн зүүн хөмсөг, нүүр лүү нь 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 07 сарын 03-ны өдөр аймгийн төв Гандангаас урагш байдаг дугуй засварын гадаа зогсож байхад машин засдаг Хүрлээ ачааны машинтай ирээд чи надаас авсан машины астачираа яг одоо өг гэж над руу дайрсан. Би хүн андуураад байна гэсэн чинь над руу дайрч миний нүүрэн тус газар гурван удаа баруун гараараа цохьсон. Тухайн үед миний зүүн хөмсөгний дээд хэсгээс цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч С.Хийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 07 сарын 03-ны өдөр ...би машинаас бууж очоод Бгийн хөмсөгний дээд хэсэгт баруун гараараа нэг удаа цохьсон. Тэр үед Бгийн хөмсөгний дээд хэсгээс цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч С.Хэд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 Иймд шүүгдэгч С. Хийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч С.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хохирол төлбөр/ түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1- д заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч С.Хийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугзүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна” гэж заасан.

 Хохирогч Ц.Б нь шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргаагүй, хуульд зааснаар 72 цагийн дотор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан тул шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдсэн боловч оролцохгүй гэсэн тул хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн болно.

Хохирогч Ц.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч С.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч С.Х нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 25/ тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Х нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэж байна.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С. Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хэд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хэд оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч С.Х нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Хэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН