| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 187/2018/0499/Э |
| Дугаар | 33 |
| Огноо | 2019-01-10 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 33
С.С, Ө.О,
Н.Т нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Пүрэвтогтох,
шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Н.Болормаа,
шүүгдэгч Ө.О, Н.Т, тэдгээрийн өмгөөлөгч Д.Батбаяр,
шүүгдэгч Н.Тгийн өмгөөлөгч Т.Даваажав,
нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 548 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Тгийн өмгөөлөгч Т.Даваажав, шүүгдэгч Ө.О, Н.Т нарын өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлоор С.С, Ө.О, Н.Т нарт холбогдох 1810014010552 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн С-ын С, 1989 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Хүннү Молл” худалдааны төвийн үйлчилгээний албаны кассын ажилтнаар ажиллаж байсан гэх, ам бүл 4, нөхөр, хүүхэд, хадам эхийн хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 13 дугаар гудамжны 13 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 114-48 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..../;
2. Бо овгийн Ө-ын О, 1994 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэрэгт холбогдох үедээ “Хүннү Молл” худалдааны төвийн үйлчилгээний албанд хэрэглэгчийн үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан гэх, ам бүл 3, эх дүүгийн хамт Баянгол ............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;
3. М овгийн Н-ийн Т, 1996 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Хүннү Молл” худалдааны төвийн үйлчилгээний албанд хэрэглэгчийн үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан гэх, ам бүл 3, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн .......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........./;
С.С нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү Молл” худалдааны төвийн үйлчилгээний албаны кассын ажилтнаар ажиллаж байхдаа 500.000 төгрөг хувьдаа завшсан,
Н.Т нь 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр болон 2018 оны 5 дугаар сарын 10-наас 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү Молл” худалдааны төвийн үйлчилгээний албаны кассын ажилтнаар ажиллаж байхдаа 578.000 төгрөгийг хувьдаа завшсан,
мөн С.Сийн 2018 оны 4 дүгээр сарын 10-наас 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү Молл” худалдааны төвийн үйлчилгээний албаны кассын ажилтнаар ажиллаж байхдаа завшсан 500.000 төгрөгөөс 165.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж авч ашигласан,
Ө.О нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү Молл” худалдааны төвд хэрэглэгчийн үйлчилгээний ажилтнаар ажиллаж байхдаа тус төвийн кассын ажилтан С.Сийн хувьдаа завшсан 500.000 төгрөг, Н.Тгийн хувьдаа завшсан 578.000 төгрөг тус бүрээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж нийт 255.000 төгрөгийг авч ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Ө.О-ийн үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Н.Тгийн үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт С-ын С, М овогт Н-ийн Т нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
М овогт Нгийн Т, Боржигон овогт Өын О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Сийг 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар, Н.Тг 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Тг 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Ө.Очир-Эрдэнийг 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Н.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 /зургаа/ сарын хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 08 /найм/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг бүгд 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар С.Сд оногдуулсан 08 /найм/ сарын хорих ялыг, Ө.Од оногдуулсан 06 /зургаа/ сарын хорих ялыг, Н.Тд оногдуулсан 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан энэ тогтоолоор С.Сд оногдуулсан 08 /найм/ сарын хорих ялыг, Ө.Од оногдуулсан 06 /зургаа/ сарын хорих ялыг тус тус эдлэхээс чөлөөлж, энэ хэрэгт С.С, Ө.О, Н.Т нар нь цагдан хоригдоогүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, түүний төлөөлөгчөөс хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж,
Н.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах болон М Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Тгийн өмгөөлөгч Т.Даваажав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 548 дугаар шийтгэх тогтоолыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
-Шүүгдэгч Н.Тг 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр болон 2018 оны 5 дугаар сарын 10-наас 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хүннү Молл" худалдааны төвийн үйлчилгээний албаны кассын ажилтнаар ажиллаж байх хугацаандаа 578.000 төгрөгийг завшсан,
мөн С.Сийн 2018 оны 4 дүгээр сарын 10-наас 28-ны хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хүннү Молл" худалдааны төвийн үйлчилгээний албаны кассын ажилтнаар ажиллаж байх хугацаандаа завшсан 500.000 төгрөгөөс 165.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж авч ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Н.Т нь Хэрэглэгчийн үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан ба 5 хоног кассан дээр ажиллахдаа 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 50.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 90.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 66.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 180.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 162.000 төгрөг авсан. 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 18.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 12.000 төгрөгийг Б.Ариунзаяаг цайндаа явсан үед кассан дээр түр ажиллахдаа авсан талаар Н.Тгийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 84-87/, гэрч Б. Ариунзаяагийн “... 2018 оны 5 дугаар сард өвчтэй байсан учраас миний оронд Т ажиллаж байсан. ...2018 оны 5 дугаар сард надаас 30.000 төгрөгийн дутагдал гарсан /хх 46-47/ гэх мэдүүлгээр Н.Т кассан дээр 6 хоног ажилласан, мөн Ариунзаяагийн оронд 2 удаа түр ажиллахдаа 2 удаа 30.000 төгрөг авсан үйлдлийг шалгаж тогтоогоогүй байна. Н.Т нь "Хүннү Молл" ХХК-тай байгуулсан 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 313/17 дугаартай хөдөлмөрийн гэрээгээр "Хэрэглэгчийн үйлчилгээний ажилтан", 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 15/18б дугаартай захирлын тушаалаар "Хэрэглэгчийн үйлчилгээний албаны хэрэглэгчийн үйлчилгээний ажилтан"-ы ажлын байранд томилогдсон. Гэтэл хавтаст хэргийн 198 дугаар талд авагдсан 136/18 тоот хөдөлмөрийн гэрээний хавсралт гэх “Ажлын байрны тодорхойлолт”-оор "Кассын ажилтан" гэх ажлын байранд ажиллахаар тогтоосон байна.
Миний үйлчлүүлэгч Н.Т нь "Хүннү Молл" ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 237/17, 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 313/17 дугаартай хоёр удаа хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэ байдлаас дүгнэлт хийхэд "Хүннү Молл" ХХК Н.Тг хөдөлмөрийн гэрээнд зааснаас өөр ажлын байранд ажиллуулж дээрх гэмт хэрэгт холбогдсоны дараа 136/18 тоот хөдөлмөрийн гэрээний хавсралтыг нөхөн хийж хэрэгт хавсаргасан байна гэж ойлгож байна. Уг ажлын байрны тодорхойлолтод Ажлын байрны нэр-Кассын ажилтан, Ажлын байрны уялдаа шууд удирдах албан тушаалтан-Кассын ажилтан гэсэн байгаа нь уг баримтыг хуурамч гэдгийг нотолж байна. Энэ нь нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийн шинжтэй эсэх асуудлыг шалгуулах шаардлагатай байна.
-Н.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан" гэмт хэргийн субъект биш, тэрээр хөдөлмөрийн гэрээ, захирлын тушаалаар эд хариуцагч биш байхад анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг хянаж үзэлгүйгээр шийдвэрлэсэн.
- Хэрэгт авагдсан Н.Тгийн гэрчээр дахин өгсөн "...2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр касснаас 180.000 төгрөг аваад Сд 80.000, Од 50.000 төгрөг өгсөн. Мөн Стэй касснаас авсан мөнгөнөөсөө хувааж 50.000, 30.000 төгрөг өгдөг байсан. Надад С, О хоёроос өөр мөнгө хувааж авдаг хүн байхгүй" гэх мэдүүлгээс үзэхэд С.С нь "гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж авч ашигласан” гэмт хэрэг үйлдсэн байхад шалгалгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг хэт нэг талыг барьж явуулсан байх тул хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж өгнө үү.
-Н.Т нь анх удаа тохиолдлын шинжтэй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж, хохирлоо бүрэн төлсөн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь торгох, нийтэд тусгай ажил хийлгэх, хорих ялтай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь зөвхөн хорих ял оногдуулахаар хуульчилсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан "Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах"-даа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулна, хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэсэн заалтын дагуу Н.Тд Эрүүгийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 сарын хорих ялыг тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх, торгох ялын аль нэгийг нь оногдуулахаар зохих хуулийн заалтыг хэрэглэж миний үйлчлүүлэгч 22 настай залууг нийгмээс тусгаарлалгүй, хүмүүжих боломжийг олгож, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 548 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ө.О, Н.Т нарын өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 548 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
-Миний үйлчлүүлэгч Нгийн Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь, шүүгдэгч Н.Т, С.С, Ө.О нар нь “Хүннү Молл” худалдааны төвд хамт ажиллаж байсан нь тогтоогдсон. Касснаас илүү гарсан мөнгийг хувааж авах санааг Н.Т анх гаргасан байдаг бөгөөд тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцсон байхад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэж хоёр зүйлээр ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Н.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 548 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 08 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.
Хохирогч “Хүннү Молл” ХХК-ийн захирал Н.Болормаа тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Н.Т нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хүннү Шоппинг Молл" худалдаа, үйлчилгээний төвийн "Хэрэглэгчийн үйлчилгээний алба"-ны хэрэглэгчийн үйлчилгээний ажилтан гэх албан тушаалд ажиллаж байх хугацаандаа мөсөн гулгуурын талбайн кассын ажилтны эзгүйд буюу хуваарийн дагуу орлон ажилласан нь мэдүүлгээр (шийтгэх тогтоолын 13 дугаар хуудас) нотлогддог. Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн байгууллагад өөр ажил хослон гүйцэтгэх болон ажил олгогч ажилтантай тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болно.” гэж заасан нь “Хүннү Молл” ХХК нь Н.Тг хөдөлмөрийн гэрээнд зааснаас өөр ажлын байранд буюу кассан дээр зарим үед ажиллуулж байсан нь хууль зөрчөөгүй болно. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинж нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийг завших буюу тус хөрөнгийг байнга тогтмол хариуцахаас үл хамааран тухайн үед хариуцан ажиллаж байсан субъектэд хамаардаг. Н.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр кассын сургалтад хамрагдан 2018 оны 2 дугаар сарын 6, 8-ны өдөр кассын шалгалт өгч кассын ажилтанг 2018 оны 1 дүгээр сарын 21, 28-ны өдрүүдэд, 2 дугаар сарын 2, 4, 8, 10, 12, 14, 19, 21, 23, 25, 27-ны өдрүүд, 3 дугаар сарын 3, 7, 27-ны өдрүүдэд, 4 дүгээр сарын 8, 18-ны өдрүүдэд, 5 дугаар сарын 10, 12, 14, 16, 18-ны өдрүүдэд түр орлон ажиллаж байсан. Энэ талаар Н.Т болон түүний өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч ярьсан байдаг. Иймд "Хүннү Молл" ХХК нь хууль зөрчсөн аливаа үйл ажиллагаа хийгээгүй бөгөөд касс ажлын байрны тодорхойлолтыг хэрэгт өгснийг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх ямар ч үндэслэлгүй болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоодог. Энэ утгаараа "Хүннү Молл" ХХК нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 548 дугаартай шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, нотлох баримтыг бүх талаас шинжлэн судалж шийдвэр гаргасан гэж үзэж байна. ...” гэжээ.
Шүүгдэгч Н.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хэрэглэгчийн үйлчилгээний ажилтан байсан. Ариунзаяаг чөлөөтэй байх үед 5 хоногийн хугацаанд кассан дээр суухдаа 548.000 төгрөгийг хэн нэгэнд мэдэгдэлгүйгээр кассын орлогоос авсан. Сд 80.000 төгрөг өгсөн бөгөөд энэ талаар хавтас хэргийн 38 дугаар хуудаст миний өгсөн мэдүүлэгт байгаа. Би Б.Ариунзаяаг цайндаа явах хооронд 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 18.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 12.000 төгрөгийг касснаас аваагүй. Энэ мөнгийг авсан болгож мөрдөн байцаалтын шатанд надад тулгасан. Надад оногдуулсан ялыг өөрчилж, хорихоос өөр ял болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч С.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Н.Т надад 80.000 төгрөг өгсөн гэж мэдүүлэг өгч байна. “Хүннү Молл” худалдааны төвийн кассыг ээлжээр барьдаг. Би 4 дүгээр сард мөсөн гулгуурын кассанд сууж байхдаа 500.000 төгрөгийг хувьдаа завшсан гэдэг нь үнэн. Би авсан мөнгөнөөсөө Ө.О, Н.Т хоёрт өгсөн нь үнэн. Харин би 5 дугаар сард ахлах кассчин хийсэн бөгөөд энэ хугацаанд Ө.О, Н.Т хоёртой уулзаагүй. Ахлах касс гэдэг нь өглөө хамгийн эрт ирээд, орой хамгийн орой буудаг. Ө.О, Н.Т хоёр 22 цагт гэртээ харьсан байсан бол би кассын орлогоо тушаагаад шөнийн 23 цаг 30 минутад гэртээ харьдаг байсан. Н.Т яагаад өмнө нь өгсөн мэдүүлгээс буцаж байгаад гайхаж байна. ...” гэв.
Шүүгдэгч Ө.О “...шүүх хуралдаанд тусгайлан гаргах тайлбар байхгүй. ...” гэв.
Шүүгдэгч С.Сийн өмгөөлөгч Н.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.Сийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Ямар нэгэн байдлаар мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл гаргаагүй. ...” гэв.
Прокурор Н.Пүрэвтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Тгийн өмгөөлөгч Т.Даваажав нь түүнийг Ариунзаяагийн оронд түр ажилласан 5 дугаар сарын 20, 22-ны өдрүүдийн 30.000 төгрөгийг шалгалгүй орхигдуулсан гэж гомдол гаргасан. Энэ талаар хавтас хэрэгт шалгасан байгаа. Мөн яллах дүгнэлтэд 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 5 дугаар сарын 22-ны өдрийн хооронд нийт 578.000 төгрөгийг завшсан гэдгээр орсон. 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 548.000 төгрөг байгаа. Сүүлд 5 дугаар сарын 20, 22-ны өдрүүдийн 30.000 төгрөг нэмэгдэж шалгагдсан тул үүнийг орхигдуулсан гэж хэлж байгаа нь үндэслэлгүй юм. Хэрэгт авагдсан баримтаар “Хүннү Молл” ХХК нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж, сургалтад хамруулж, зааварчилгаа өгдөг байсан. Сургалтад хамрагдсан хүмүүсийн ажил үүргийн тодорхойлолтод нэмэлт өөрчлөлт оруулдаг. Үүний үндсэн дээр кассан дээр ажиллуулж байсан нь хавтас хэрэгт авагдсан материал болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгээр тогтоогдсон. Шүүх хуралдаан дээр шүүгдэгч Н.Т, С.С, Ө.О нар энэ талаар мэдүүлж байсан учраас эдгээр хүмүүс тухайн гэмт хэрэг гарах үед кассан дээр ажиллаж байхдаа кассын мөнгөнөөсөө завшсан болох нь тогтоогдсон байдаг. Шүүгдэгч Н.Т “С.Сд 80.000 төгрөг өгсөн” гэж мэдүүлдэг боловч энэ нь дараа дараагийн мэдүүлгээр үгүйсгэгдсэн. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасан. Анхан шатны шүүх хуулийн дагуу шийдвэрлэсэн гэж үзэж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг нь заавал эргэлтэд оруулсан байхыг шаардахгүй. Шүүгдэгч Н.Т кассын мөнгийг С.С нь хууль бусаар авсан гэдгийг мэдсээр байж авсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Сийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү Молл” худалдааны төвийн үйлчилгээний албанд кассын ажилтнаар ажиллаж байхдаа 500.000 төгрөгийг завшсан,
шүүгдэгч Н.Тг 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр болон 2018 оны 5 дугаар сарын 10-наас 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү Молл” худалдааны төвийн үйлчилгээний албанд кассын ажилтнаар ажиллаж байхдаа 578.000 төгрөгийг завшсан,
мөн С.Сийн завшсан 500.000 төгрөгнөөс 165.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж авч ашигласан,
шүүгдэгч Ө.Очир-Эрдэнийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү Молл” худалдааны төвд хэрэглэгчийн үйлчилгээний ажилтнаар ажиллаж байхдаа тус төвийн кассын ажилтан С.Сийн хувьдаа завшсан 500.000 төгрөг, Н.Тгийн хувьдаа завшсан 578.000 төгрөг тус бүрээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж 255.000 төгрөгийг авч ашигласан гэмт хэрэгт тус тус холбогдуулан С.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, Ө.Очир-Эрдэнийн үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, Н.Тгийн үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.
Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
С.С нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү Молл” худалдааны төвийн үйлчилгээний албанд кассын ажилтнаар ажиллаж байсан ба тус худалдааны төвд хамт ажиллаж байсан Н.Т нь түүнд кассын мөнгөнөөс авч хэрэглэх санааг /сэдлийг/ анх хэлж, тэрээр тухайн өдөр бүрийн кассын орлогын мөнгөнөөс Н.Ттэй хуваан авч, энэ үйлдлээ илрүүлэхгүй, бусдад мэдэгдэхгүйн тулд тус худалдааны төвд хэрэглэгчийн үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан Ө.Од уг мөнгөнөөс өгч байсан, мөн Н.Т нь кассын ажилтныг орлон ажиллаж байхдаа кассын орлогын мөнгөнөөс өөрөө авч, зарим өдрийн орлогоос Ө.Од өгч байсан үйл баримт тогтоогджээ.
Дээрх үйл баримтын талаар хэрэгт: Хохирогч Х.Сарантуяагийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр өгсөн “...2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ажилтан хариуцсан мэргэжилтэн Марта Т, О, С гуравтай холбоотой мэдээллийг өгсөн. ...2018 оны 5 дугаар сард Тгийн кассан дээр гарсан камерийн бичлэгийг шүүж үзсэн. Мөн үйлчлүүлж байгаа хүний тоо, бичсэн санамж бичиг, санхүүгийн программын дүнтэй тулгалт хийхэд 528.000 төгрөгийн зөрүү гарч, тэр мөнгийг Т хувьдаа авч хэрэглэсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Камерийн бичлэгийг шүүж үзэхэд үйлчлүүлэгчид НӨАТ-ын баримт өгөхгүй, ихэвчлэн бага насны хүүхэд, эрэгтэй хүмүүст баримтыг нь өгөхгүйгээр кассын бичилт хийхгүй мөнгийг нь аваад шууд талбай руу оруулах, мөн баримтаа авалгүй үлдээсэн хүний баримтыг өөртөө аваад дараагийн баримт нэхсэн үйлчлүүлэгчид өгч байгаа зөрчлүүд илэрсэн. 2018 оны 5 дугаар сараас өмнөх саруудын камерийн бичлэгүүдийг шүүж үзэх гэхээр бичлэг устсан байсан. ...Кассаар ажилласныг нотлох зүйл бол кассын тайлан болох бэлэн мөнгөний орлогын баримт юм, энэ нь кассан дээр ажилласан ажилтан орой орлогын мөнгө ахлах кассчинд тушааж гарын үсэг зурж баталгаажуулалт хийдэг. Т нь 2018 оны 1 дүгээр сарын 21, 28-ны өдрүүдэд, 2 дугаар сарын 02, 04, 06, 08, 10, 12, 14, 19, 21, 23, 25, 27-ны өдрүүдэд, 3 дугаар сарын 3, 7, 27-ны өдрүүдэд 4 дүгээр сарын 8, 18-ны өдрүүдэд, 5 дугаар сарын 10, 12, 14, 16, 18-ны өдрүүдэд гарсан байна. С нь 2018 оны 4 дүгээр сарын 2, 4, 6, 10,14, 16, 20, 22, 24, 26, 28, 30-ны өдрүүдэд ажилласан байна. 6 дугаар сард 11, 19, 21, 23, 25, 27, 29-ний өдрүүдэд, 7 дугаар сарын 3, 5, 7, 9-ний өдрүүдэд гараад дууссан байна. ...Манай байгууллагад нийт 1.078.000 төгрөгийн хохирол учирсан. ...Ер нь бол кассан дээр ажиллаж байгаа ажилтан кассын мөнгөнөөс их хэмжээгээр хувьдаа авч хэрэглэх боломжгүй, яагаад гэвэл ажлын өдөрт орох орлого, амралтын өдрүүдэд орох орлогын хэмжээний мөнгөн дүн дундажлаад санхүүгийнхэнд багцаатай байдаг. ...” гэх мэдүүлэг /1хх 12-15/,
хохирогч Х.Сарантуяагийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн “...С.С 170.000 төгрөг, Н.Т 653.000 төгрөг, Ө.О 255.000 төгрөг, нийт 1.078.000 төгрөг төлөөд хохирлыг бүрэн барагдуулсан. ...Хохирол бүрэн төлөгдсөн учраас гомдолгүй. ...” гэх мэдүүлэг /1хх 16-17/,
Ө.Очир-Эрдэнийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар өгсөн “...Би “Хүннү молл” ХХК-д 2018 оны 1 дүгээр сараас мөсөн гулгуурын сургагч багшаар ажилд орсон. ...2018 оны 4 дүгээр сарын эхээр Т, С хоёроос мөнгө авч эхэлсэн. Надад мөнгийг Т өгдөг байсан, ...нийт 255.000 төгрөг өгсөн. ...Надад мөнгө өгч эхлэх үеэс касснаас мөнгө нууцаар авдаг гэдгийг мэдсэн. ...” гэх мэдүүлэг /1хх 60-64/,
С.Сийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар өгсөн “...Би “Хүннү Молл” худалдааны төвд 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс кассын ажилтнаар орсон. ...Мөсөн гулгуурын кассан дээр 2018 оны 4 дүгээр сараас эхэлж ажилласан. ...Од 165.000 төгрөг, Тд 165.000 төгрөг өгч, би өөрөө 170.000 төгрөг авсан. Нийт 500.000 төгрөг кассны мөнгөнөөс авч хэрэглэсэн. Т касснаас мөнгө авах санааг надад хэлж өгсөн болохоор Тд мөнгөнөөсөө өгч байсан. ...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, дахин ийм зүйл хийхгүй. ...” гэх мэдүүлэг /1хх 72-76/,
Н.Тгийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар өгсөн “...Би “Хүннү молл” худалдааны төвд 2017 оны 10 дугаар сараас эхлэн мөсөн гулгуурын сургагч багшаар ажиллаж эхэлсэн. 2018 он гараад би кассын сургалтад сууж, хааяа кассан дээр суудаг болсон. Би 2018 оны 4 дүгээр сард Сийн оронд кассан дээр 2 удаа суусан, 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Сийн оронд кассан дээр суухдаа 50.000 төгрөг касснаас аваад би өөрөө үрээд дуусгасан. С, О хоёрт өгөөгүй. 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр кассан дээр ажиллаж байхдаа 90.000 төгрөг аваад 10.000 төгрөгийг нь Од өгсөн, өөрөө 80.000 төгрөгөө үрээд дуусгасан. 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 66.000 төгрөг аваад өөрөө үрээд дуусгасан. 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 180.000 төгрөг аваад 60.000 төгрөгийг нь Од өгсөн. Өөрөө 120.000 төгрөгөө үрээд дуусгасан. 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 162.000 төгрөг аваад 20.000 төгрөгийг нь Од өгсөн, өөрөө 142.000 төгрөгөө үрээд дуусгасан. 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Ариунзаяаг цайндаа явсан хойгуур кассан дээр ажиллахдаа 18.000 төгрөг аваад өөрөө үрээд дуусгасан. 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Ариунзаяаг цайндаа явсан хойгуур кассан дээр ажиллахдаа 12.000 төгрөг аваад өөрөө үрээд дуусгасан. Дахин касснаас мөнгө аваагүй, удалгүй ажлаасаа гарсан. ...С кассан дээр 4 дүгээр сард нийт 9 удаа гарсан. ...О мэдчихээд хэн нэгэнд хэлчих байх гэж бодоод чимээгүй байлгах үүднээс мөнгө өгч байсан. ...Сарангэрэлийн касснаас авсан мөнгөнөөс авч байсан. ...буруутай үйлдэл хийснээ мэдэж байна. ...” гэх мэдүүлэг /1хх 84-88/,
Н.Тгийн гэрчээр өгсөн “...Би анх касснаас мөнгө авах санааг гаргасан, хэн нэгэн хүн надад санаа өгөөгүй. ...” гэх мэдүүлэг /хх 36-39/,
гэрч Н.Мартын 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр өгсөн “... 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр манай худалдааны төвийн түрээслэгч “Hot dog” зардаг буфетийн худалдагч Нямдаваа надад “танай кассууд мөнгө идвэл ямар хариуцлага хүлээдэг вэ, ажлаас халдаг юм уу” гээд “танай ажилтантай холбоотой нэг юм хэлмээр байна, гэхдээ одоо хэлэхгүй ээлжин дээр нь хэлье” гэсэн. ...Би энэ мэдээллийг аваад Сарантуяа ахлах менежер рүү утсаар холбогдож хэлсэн. …” гэх мэдүүлэг /хх 20/,
гэрч С.Нямдаваагийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өгсөн “...Энэ хугацаанд Т надад мөсөн гулгуурын касснаас мөнгө идсэн тухай хэд хэдэн удаа хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 21-22/,
гэрч Б.Ариунзаяагийн өгсөн “...2018 оны 5 дугаар сард мөсөн гулгуурын кассан дээр ажиллаж байсан, гэхдээ бүтэн ажиллаагүй, өвчтэй байсан үед миний оронд Т ажиллаж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд касснаас дутагдал гарч байгаагүй, харин 2018 оны 5 сард 30.000 төгрөгийн дутагдал гарсан. ...” гэх мэдүүлэг /хх 46-47/,
С.С, Ө.О, Н.Т нарыг ажилд томилох тухай тушаал, тэдэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, ажлын байрны тодорхойлолт /1хх 132-136, 188-191, 195-201/,
мөсөн гулгуурын талбайн ажилтнуудын бүртгэл, кассын үйл ажиллагааны ажиллах журам, ажилласан хугацааны цагийн бүртгэл, “Хүннү молл” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтууд /1хх 137-138, 139-187, 192-194, 202-203/ зэрэг нотлох баримтууд авагдсан байна.
Эдгээр нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд, шүүгдэгч Н.Т нь касснаас мөнгө авах санааг /сэдлийг/ анх гаргаж, шүүгдэгч С.С нь кассын орлогын мөнгөнөөс Н.Ттэй хуваан авч, энэ үйлдлээ илрүүлэхгүй, бусдад мэдэгдэхгүйн тулд хамт ажиллаж байсан шүүгдэгч Ө.Од уг мөнгөнөөс өгч, мөн Н.Т нь энэ байдлаа үргэлжлүүлэн өөрөө кассан дээр гарсан өдрөө мөнгө авч, энэ мөнгөнөөсөө Ө.Од өгч байсан байна. Өөрөөр хэлбэл, өөрсдийн үйлдлээ гэмт хэргийн шинжтэй болохыг мэдэж байсан, улмаар хүсэж, хамтран нэг гэмт хэрэг үйлдсэнийг бүлэглэсэн гэж ойлгох бөгөөд хамтран оролцогчийн онцлог шинж нь гэмт санаагаа хуваалцан хамтын үйлдэл болгон үйлдсэнээр илэрнэ.
Иймд шүүгдэгч Н.Тг шүүгдэгч С.Сийн завшсан 500.000 төгрөгөөс 165.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж авч ашигласан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, харин түүнийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү Молл” худалдааны төвийн үйлчилгээний албанд кассын ажилтнаар ажиллаж байсан С.Сарангэрэлийн мөнгө завшсан хэрэгт анх касснаас мөнгө авах санааг гаргаж, хамжигчаар оролцон, касснаас 500.000 төгрөг завшсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Тгийн 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр болон 2018 оны 5 дугаар сарын 10-наас 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү Молл” худалдааны төвийн үйлчилгээний албанд кассын ажилтнаар ажиллаж байхдаа 578.000 төгрөгийг хувьдаа завшсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулсан байх тул түүнийг С.Сарангэрэлтэй бүлэглэн касснаас 500.000 төгрөг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхэд хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй /нөлөөлөхгүй/, тодруулбал хоёр зүйлчлэлийг нэг болгох буюу хоёр гэмт хэргийг нэг гэмт хэрэгт тооцож байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байдалд хамаарахгүй гэж үзэв.
Шүүгдэгч С.Сийн завшсан 500.000 төгрөгнөөс 165.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж авч ашигласан гэж Н.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба энэ хэргийг анхан шатны шүүх хэлэлцэж, үйл баримтыг тогтоосон байдал дээр үндэслэн давж заалдах шатны шүүх зүйлчлэлийг өөрчилсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэсэнтэй зөрчилдөөгүй гэж үзнэ.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Н.Т, С.Сарангэрэл нар нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү Молл” худалдааны төвийн касснаас 500.000 төгрөг завшсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, шүүгдэгч Н.Т нь 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр болон 2018 оны 5 дугаар сарын 10-наас 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү Молл” худалдааны төвийн үйлчилгээний албаны кассын ажилтнаар ажиллаж байхдаа 578.000 төгрөгийг завшсан, шүүгдэгч Ө.О нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү Молл” худалдааны төвд хэрэглэгчийн үйлчилгээний ажилтнаар ажиллаж байхдаа Н.Т, С.Сийн нарын завшсан мөнгөнөөс гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж нийт 255.000 төгрөгийг авч ашигласан үйл баримт тогтоогдож байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, Н.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хорих ялыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан оногдуулсан ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.
Энэ талаар гаргасан шүүгдэгч Н.Тгийн өмгөөлөгч Д.Батбаярын гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ө.Очир-Эрдэнийн холбогдсон хэргийн тухайд, тэрээр Н.Т, С.С нарын түүнд өгч байгаа мөнгө нь өөр гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авч, өөрийн хэрэгцээнд зарцуулж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэв.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.С, Ө.О нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тэдгээрт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч Н.Тгийн өмгөөлөгч Т.Даваажав “...Хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт хуурамч, Н.Т нь эд хөрөнгө хариуцагч биш,...2018 оны 5 дугаар сарын 20, 22-ны өдөр кассан дээр ажиллаж байхдаа 30.000 төгрөг завшсан гэх үйлдлийг шалгаагүй, ...С.Сийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж Н.Тгээс мөнгө авсан байхад үүнийг шалгаагүй. ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.
Хавтас хэргийн 198 дугаар талд авагдсан Н.Тгийн кассын ажилтныг орлон гүйцэтгэх ажлын байрны тодорхойлолт, гэрч Б.Ариунзаяагийн өгсөн “...2018 оны 5 дугаар сард мөсөн гулгуурын кассан дээр ажиллаж байсан, гэхдээ бүтэн ажиллаагүй, өвчтэй байсан үед миний оронд Т ажиллаж байсан. 2018 оны 5 дугаар сард 30.000 төгрөгийн дутагдал гарсан...” гэх мэдүүлэг /хх 46-47/, Н.Тгийн “...2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Ариунзаяаг цайндаа явсан хойгуур кассан дээр ажиллахдаа 18.000 төгрөг аваад өөрөө үрээд дуусгасан. 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Ариунзаяаг цайндаа явсан хойгуур кассан дээр ажиллахдаа 12.000 төгрөг аваад өөрөө үрээд дуусгасан...” гэх мэдүүлэг /хх 84-88/, Н.Тгийн гэрчээр өгсөн “...Сд би огт мөнгө өгч байгаагүй, ...би ганцаараа мөнгө авсан гэвэл болохгүй байх гэж бодоод айгаад худлаа ярьсан...” гэх мэдүүлэг /хх 36-39/, С.Сийн “...Би Н.Тгээс мөнгө авч байгаагүй...” гэх мэдүүлэг зэрэг баримтуудыг няцаан үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй.
Иймд шүүгдэгч Н.Тгийн өмгөөлөгч Т.Даваажавын гаргасан “...Хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт хуурамч, Н.Т нь эд хөрөнгө хариуцагч биш, ...2018 оны 5 дугаар сарын 20, 22-ны өдөр кассан дээр ажиллаж байхдаа 30.000 төгрөг завшсан гэх үйлдлийг шалгаагүй, ...С.Сийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж Н.Тгээс мөнгө авсан байхад үүнийг шалгаагүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Тгийн өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан “...Н.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсныг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 08 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 548 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос Н.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Ө.Од оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг...гэсний дараа...Н.Тд оногдуулсан 8 сарын хорих ялыг...” гэсэн нэмэлт оруулсугай.
4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Боржигон овогт Сайнбаярын С, М овогт Нгийн Т нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд, М овогт Нгийн Т, Боржигон овогт Өын О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг “Боржигон овгийн Сайнбаярын Сийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, М овгийн Нгийн Тг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг дангаараа болон бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, Боржигон овогт Өын Очир-Эрдэнийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,
- 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Сийг 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар, Н.Тг 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Тг 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Ө.Очир-Эрдэнийг 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.С, Н.Т нарыг тус бүр 8 /найм/ сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Очир-Эрдэнийг 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,
- 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар С.Сд оногдуулсан 08 /найм/ сарын, Ө.Од оногдуулсан 06 /зургаа/ сарын, Н.Тд оногдуулсан 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.С, Н.Т нарт оногдуулсан 8 сарын хорих ялыг, Ө.Од оногдуулсан 6 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.
5. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Тгийн өмгөөлөгч Т.Даваажавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Тд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг нэн даруй сулласугай.
6. Шүүгдэгч Н.Т нь 56 /тавин зургаа/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН