Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 143

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Батаа, шүүгч Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Р.Энхтуяа,

Иргэдийн төлөөлөгч Д.Энхтуяа,

Шүүгдэгч С.Мөнхсамбуу, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, Ж.Яринпил нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Мөнхсамбууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2016 2601 0290 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1968 оны 7 дугаар сарын 05-ны Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын 1-23 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Алаг адуут овогт Сэдийн Мөнхсамбуу, РД:НН68070591

 

Шүүгдэгч С.Мөнхсамбуу нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын 1 дүгээр гудамж 22 тоот хашааны гадаа талийгаач Ж.Баянзулыг түүний ойр дотны хүн болох төрсөн дүү Ж.Баянчулууны дэргэд хутгалж, түүнчлэн талийгаачийг согтуугаар биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :    

Шүүгдэгч С.Мөнхсамбуу шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 18 цагийн үед тогоо, бүрхээр авах гээд хойд талын хашаа руу орсон. Хойд талын хашаанд 3 айл байдаг. Эхний айлд ороход гэрийн зүүн хойд талд нэг залуу, зуухны зүүн хажууд өөр нэг залуу нийт хоёр хүн байсан. Зуухны хажууд байсан залуу мах эвдээд сууж байсан. Тэгээд бид таних, танихгүй хүн, нүүрс түлээ ярьж байгаад хоорондоо маргалдсан. Надад архи аяганд хийж өгсөн. Би архи уухгүй гэж хэлсэн чинь чи яагаад уудаггүй юм, архи голлоо, томорлоо гээд миний толгой руу шилтэй архиар нэг удаа цохисон. Тэгээд бид гурав зууралдаж байгаад гэрээс гарсан. Тухайн гэрт байсан хоёр залуу гэрээс гарч ирснээ буцаад гэр лүүгээ орсон. Би тухайн айлын хашааны хаалгаар гараад явж байхад араас талийгаач гартаа хутга барьсан гүйж гарч ирсэн. Хутгаа зүүн гартаа барьсан байх шиг харагдсан. Намайг ална гээд заналхийлж байсан. Би намайг алхана гэж бодоод хутганд өртөхгүйг хичээгээд хутагтай гартай нь зууралдаад барьцалдсан. Тэгээд ноцолдож байгаад тухайн залуу унасан. Би хэсэг хугацааг сайн мэддэггүй юм. Нэг мэдсэн хашааныхаа дээд талын хаалгаар гараад гүйж байсан. Би хашааны голд гудамжинд нуугдаад тамхи татаад байж байхад Нэмэх гэх залуу эхнэртэйгээ явж байсан. Тэгээд намайг та юу хийсэн юм бэ танай үүдэнд цагдаа нар байна гэхээр нь би мэдэхгүй байна зодоон болсон байх гэж хэлсэн. Би хэрэг хийсэн юм шиг санагдаад очиж чадаагүй Нэмэхийн гэрт очсон. Нэмэхийн эхнэр нь шилтэй архи гаргаж ирж байсан. Тухайн архинаас уусан, уугаагүй гээ сайн мэдэхгүй яаж ууснаа мэдэхгүй байна. Тэгээд Нэмэх цагдаа дуудаад, энгийн хоёр хувцастай цагдаа ирж намайг баривчилж явсан. Тухайн үед би хүн алсан гэж бодоогүй. Өглөө нь байцаагч, өмгөөлөгч хоёр хүн нас барсан гэж хэлсэн гэв.  

С.Мөнхсамбуугийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:…2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өглөө босоод гэртээ буузны мах татсан. Гэрт охин Оюунханд, хүргэн Баатарцолмон, бага насны хүү Иш-Очир, зээ хүү Төгс-Очир, зээ охин Үүрийнцолмон нар байсан. 12 цаг өнгөрч байхад манай тэндэхийн Жагаа, Мөнхөө 2 орж ирээд та махаа удаан татаж байнаа, бид 2 татаж өгье гээд татсан. Буузны мах нялцгай байна гээд тэр 2 татахаа болиод гараад явсан, би араас нь гарахад гадаа Нямаа байсан, бид 2 алхаад Нямын зарах гэж байгаа модонд дээр ирсэн, Ням тэндээ үлдээд би эргээд гэртээ ирэхэд манай гадаа Жагаа, Мөнхөө 2 Давка гэдэг залуутай зогсож байсан. Бид нар 100 айлын тийшээ такси бариад гүйдэг төхөөрөмж үзэхээр очтол ажиллаагүй байхаар нь эргээд манай гэрийн хойд талд байдаг Пирамид дэлгүүрийн тэнд буусан. Жагаа Мөнхөө 2 салаад явсан Давка нэг шил 0.75 гр-ын Хараа архи авсан. Бид 2-ыг дэлгүүрээс гараад явж байтал Жагаа Мөнхөө 2 эргээд тааралдсан, бид 4 манайд жижиг өрөөнд орсон. Охин Оюунханд намайг архи уух гэлээ гэж загнахаар нь аав нь уух гэсэн юм алга, махаа татна гэж байтал охин ээж ярья гэж байна гээд утас өгсөн. Манай эхнэр Алтанцэцэг утсаар цагаан сар дөхчихөөд байхад юун хүмүүс гэрт архи уулгаад байгаа юм, наад хүмүүсээ явуул, би одоо очлоо гэсэн, тэр хэд архиа задлаад тал хүртэл л уусан байх, би л лав уугаагүй архиа аваад тэр хэд манайхаас гарсан. Үүд рүү гарч явтал манай худ Наранхүү, Ганаа 2 хөдөөнөөс ирж байна гээд манайд ирсэн. Би худуудтайгаа зөрж гараад тэр хэдтэй Пирамид дэлгүүрийн тэнд очсон. Тэнд байж байтал охин Оюунханд, хүргэн Баатарцолмон 2 машинтай хүрч ирээд “явья ааваа аав, ээж 2 явах гээд байна” гэж хэлсэн.  Би “аав нь одоохон очлоо миний хүүхдүүд явж бай гэж хэлээд” хүүхдүүдээ явуулчихаад 5 минутын дараа гэрлүүгээ орох гээд ганцаараа алхаад явж байтал манай хажуу айлын хашааны хаалга онгорхой, гэрийнх нь хаалга ч онгорхой харагдсан, хажуу айл болохоор нь ямар нэг санаа зорилгогүй орсон гэрт 2 залуу байсан, би зуухных нь баруун талд нь гарч зогссон чинь хэнийг нь мэдэхгүй байна нэг залуу нь “чамайг Баянхонгорт байхад би ганцаараа гэрээ барьж байхад энэ ах надад тусалж гэр барилцаж өгсөн” гэж нөгөө залуудаа хэлсэн. Тэгтэл нөгөө залуу нь наадах чинь тагнуул байхгүй юу хашааны эзэнд дандаа матаж байдаг юм гэсэн утгатай юм хэлсэн. Газар 0.75 гр-ын шилтэй архи байсан. Би баруун талд нь байж байгаад босоод иртэл хэнийг нь мэдэхгүй нэг нь архины шилээр толгойны баруун хэсэгт цохисон. Би зугтаж гэрээс нь гарч гүйсэн, хашааны үүдээр гараад цаашаа явахад нөгөө 2 залуу хоёулаа гараад ирсэн, нэг нь хутгатай байсан, нэг залуугийнх нь солгой гарт хутга байсан, би айгаад ухаан алдчихсан байна лээ, хутга хараад яаснаа мэдэхгүй байна лээ. Би эрүүл байсан болохоор хүрэн иштэй хутга гэж харсан, надад их том харагдсан, баруун гартаа биш зүүн гартаа харагдсан, тэр хутга барьсан хүн ална хядна гээд хутгатайгаа над руу дайраад ирсэн, би хутга гэж мэдээд л, мэдэхгүй байна, би гуд татаад унагасан болов уу гэж санаад байна. Би хөрш айлдаа ороод тэр 2 залуутай юу ярьсан талаараа мэдэж байгаа, яриа таарахгүй гэрээс нь гарснаа ч мэдэж байгаа, гэрээс нь гараад явж байхад хутга бариад гарч ирэхээр нь айсандаа болоод өөрийгээ хамгаалсан үйлдэл хийсэн…гэжээ. /1хх-204-206/...тэр залуу гэрээсээ хутга бариад намайг ална хядна гээд дайрсан учраас би хутганаас маш их айсан учраас биеэ хамгаалсан...над руу тэр залуу хутга бариад дайрахад бид 2-ын хажууд хүн байгаагүй дүү нь гэх залуу байгаагүй...хутгатай гараас нь бариад өөрөөсөө зайлуулаад цааш түлхсэн шиг санагдаад байна тухайн үед маш их айж сандарсан байсан.../1хх-210-211/,...талийгаач миний хүзүү хавиас хувцаснаас зуураад гаргахгүй гээд татахаар нь би буцаж орж болохгүй орох юм бол зодуулах юм байна гэж бодоод тэр чигээрээ гарах гэж зүтгэсэн чинь талийгаач надад чирэгдээд гэрээсээ гарсан...тэгтэл талийгаач хашааны дунд хэрд очоод намайг тавиад гэр лүүгээ гүйгээд орчихсон...тэгэхээр нь би хашаанаас нь дөнгөж гартал талийгаач гэрээсээ гүйж гарч ирээд хашааны хаалган дээр намайг гүйцсэн...би тэгэхээр нь эргээд хартал зүүн гартаа хутгатай намайг алнаа гээд далайгаад дайрахаар нь би хойшоогоо ухраад биеэ зайлаад хутгатай гарыг нь барьж аваад түлхээд газарт унагаасан...гэжээ /1хх-212-213/,

С.Мөнхсамбуугийн мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгт: ...тэгэхээр нь би гэрээс гараад мөн хашаанаас нь гараад зугттал ах дүү 2 миний араас гүйж гарч ирээд надтай барилцаад ноцолдсон...гэтэл ах нь гартаа хүрэн иштэй хутга барьсан байсан...хутгаар хатгаснаа мэдээгүй...харин хутгийг нь булааж авснаа санаж байна...газар хэвтээд ноцолдож, зууралдаж байсан.../1хх-198-199/,

Хохирогч Ж.Баянчулуун мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:“...Манай талийгаач ах бид 2 Чингэлтэй дүүргийн 17 хороо сурагчийн 36-407б тоотод хашаа байшинтай байсан бөгөөд намайг Баянхонгор аймагт ажлаар явж байхад 2015 оны 09 дүгээр сард байшин маань шатаад ах маань сая амьдарч байсан газраа буюу Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын 1-22 тоот айлын хашаа түрээслэж байсан, гэрээ бол ах бид 2 мөнгө нийлүүлж худалдаж авсан...Би Баянхонгор аймгаас 12 сард ирээд ерөнхийдээ ажилгүй байсан, ах маань цайз захад харуулаар түр ажиллаж байсан, талийгаач ах маань 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ажилдаа яваад 01 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн үед ажлаасаа бууж ирэхдээ цалингаа авсан гээд гэртээ идэж уух юм, хажуу айлын авгайгаас мах авлаа, авгай нь “чи манай нөхөртэй нийлж битгий архи уугаарай” гэж хэлсэн, урд өдөр нь Мөнхсамбуу гэдэг хүн гэрт орж ирээд 0.33 л архи аваад гудамжинд надтай уусан юм, талийгаач бид 2 царай төрхөөр их адилхан болохоор Мөнхсамбуугийн авгай нь андуураад манай ахад нийлж архи уугаад хэрэггүй гэж хэлсэн юм шиг байна лээ. Би урд өдөр нь архи уусан байсан болохоор ахад “ганц юм уучих уу” гэхэд ах “за за” гэхээр нь би дэлгүүр гарч 0.75 граммын Арвай нэртэй архи ойр зуурын юм аваад эргэж орж ирэхэд ах авчирсан хонины хаа гуяа эвдээд зуухний хажууд сууж байсан, би архиа задлаад бид 2 архинаа талыг уучихсан байхад 18 цагийн үед хажуу айлын Мөнхсамбуу гэх хүн гэрт ганцаараа орж ирсэн, би ах наанаа суучих, 100 татчих гэхэд Мөнхсамбуу би айлын үүдэнд суудаг гар биш ээ гээд гэрийн хойморт очоод куртик, цамцаа тайлаад газар завилаад суусан. Ах маань босож очоод чи яахаараа гэр орон доромжлоод томроод байгаа юм бэ гээд хэрэлдээд байсан, тэр 2-ыг хэрэлдээд байхаар нь би дундуур нь ороод салгаад Самбуу ахаа 100 татаад гэртээ харьчих аа гээд архинаас хийгээд өгсөн, ахдаа ч өгсөн, би өөрөө ч уусан ах тэр 2 хоорондоо атаман танина гэх мэтээр маргалдаад Самбуу ах ахын өмнөөс салаавч гаргаад байсан, Самбуу ах гэрийн хойморт, ах маань өөдөөс нь хараад зуухны хойд талд сууж байснаа гэнэт шалан дээр байсан архины шилээ аваад Самбуу ахын толгой руу цохьсон, архины шил нь хагараад Самбуу ахын зүүн талын хөмсөгнөөс цус гарсан, би тухайн үед зурагтны зүүн талд сууж байгаад ахыг салгаад 00-ын цаасаар Самбуу ахын хөмсөгний цусыг тогтоож өгөөд  ахыг яаж байгаа юм уучлалт гуйчих аа  гэж ахдаа хэлсэн. Самбуу ахыг манай ахтай хэрэлдээд байхаар нь гэрээсээ гаргасан, тэр 2-ыг хэрэлдээд байхаар нь дахин зодоон болж магадгүй гэж бодоод Самбуу ахын хувцсыг өмсгөлгүй гэрийн хаалгаар гаргаад хаалгаа хаагаад “ах одоо боль” гэж хэлээд зогсож байхад Самбуу ах гэрийн хаалгыг онгойлгож толгойгоо цухуйлгаад “та 2-ыг ална, газар дээр нь амьтан болгоноо, гэрт 6 хүн байна дагуулж орж ирээд алж өгнөө гэж хэлээд хашаагаар гүйгээд гарсан. Энэ үгийг хэлэхдээ гэрт орж ирээгүй, би ахад Самбуу ахыг тайвшруулаад ирье гээд ганцаараа хашааны хаалгаар гартал Самбуу ах өөрийнхээ хашааны хаалгыг хоёр гараараа нүдээд “гараад ир гараад ир намайг зодож байна” гэхээр нь би очоод Самбуу ахаа та гэртээ орчих согтуу байна ш дээ гэтэл Самбуу ах баруун гараараа миний зүүн шанаа руу 2-3 удаа цохиод гэдэс рүү өшиглөхөд нь би газар уначихсан. Би босоод “за уучлаарай больё Самбуу ахаа” гээд ухарсан чигээрээ хашаа руу явж байхад Самбуу ах давшлаад “би орж хувцсаа авъя халаасанд нь утас байгаа” гээд яваад байсан. Манай хашаа руу дөхөөд ойролцоогоор 4 метр зайтай явж байхад  талийгаач ах гарч ирээд хашааны хаалган дээрээс “өө яагаад байна аа” гэхэд Самбуу ах гүйж очоод хашааны хаалгыг хүчтэй хааж талийгаач ахыг савж цохиод манай ахын нүүр лүү гараараа цохиод цээж рүү нь хөлөөрөө тийрээд газар унагаасан, би очоод та 2 согтуу байна ш дээ больчихооч дээ” гэж хэлсэн...гэтэл “аав аа гэл үү ах аа “ гэл үү юу болоод байгаа юм бэ гэхээр нь насаар надаас нилээн дүү 170 см орчим өндөр нуруутай, урт хар өнгийн малгайтай куртиктэй хүүхэд гэмээр насыг нь хэлж мэдэхгүй эрэгтэй зогсож байсан, би тэр эрэгтэй хүүхдийг Самбуу ахын хүүхэд нь байна гэж ойлгоод тэр хүүхэд дээр очоод “ахын дүү аавыгаа аваад орчих согтуу байна, ах нь ахыгаа аваад гэртээ орлоо гэтэл миний урдаас хараад зогсож байсан тэр хүүхэд “та хүн хутгалчихлаа ш дээ” гэхээр нь эргээд хартал Самбуу ахын баруун гарт нь хутга байсан, манай ах газар дээшээ хараад хэвтсэн байсан...Ахыг сугадаад гэр лүү орох гээд 2 алхахад ах “ээ” гэж авиа гаргаад элгээрээ урагшаа газар унасан. Талийгаач ах маань тухайн үед мах эвдээд дээгүүрээ цээж нүцгэн гэртээ байсан, ахыгаа хутгалуулсны дараа Самбуугийн гарт хутга байхыг харсан, гэхдээ ямар иштэй хутга байсныг анзаарч хараагүй, сүүлд үзэхэд талийгаач ахын маань мах эвдэж байсан бор иштэй, дунд зэргийн хэмжээтэй хутга байхгүй байна лээ. Оршуулгын зардалд 2.500.000 төгрөг нэхэмжилнэ гэжээ. /1хх-80-84/,

Гэрчээр Ж.Баянчулуун мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:...Самбуу ах танай гэрээс чинь куртик хантааз утсаа авъя гээд араас ирж байтал, манай ах Баянзул хашаанаас дээгүүрээ шалдан гарч ирээд Самбуу руу хандан чи ер нь яагаад байна манай дүүг гэсэн чинь Самбуу манай ахын толгой руу нэг гараараа цохиод цээж рүү нь нэг тийрээд газар унагаасан...намайг хажуу тийш нь түлхчихээд манай ахыг газар уначихсан байхад нь дээрээс нь гараараа цохиод байж байтал Самбуугийн хүүхэд бололтой өндрийг нь мэдэхгүй байна ямарч байсан надаас арай өндөр нуруутай хар өнгийн дунд зэргийн урт куртиктэй цайвар царайтай нэг хүүхэд ааваа яасан бэ гээд хүрээд ирэхээр нь нөгөө хүүхэд дээр очоод аавыгаа аваад гэр лүүгээ орчих манай ахтай муудалцаад байна, би ахыгаа аваад гэр лүүгээ орчихье уучлаарай гээд яриад байж байхад Самбуу чи яасан их хутга барьдаг гар вэ гэж байх шиг байсан...тэгтэл нөгөө хүүхэд ааваа та хүн хутгалчихлаа ш дээ гэтэл эргээд хартал Самбуу ахын дээр нь хагас суучихсан баруун гараараа барьж байсан хутгаа саваад шидчихээд босоод миний хажуугаар хүүхэд рүүгээ явсан...би ах дээрээ очтол ахыг нь хутгалчих шиг боллоо гээд цээжээ бариад босож ирсэн...Би яг хутгаар дүрж байхыг нь хараагүй.../хх-ийн 87-88-р хуудас/,

Гэрч О.Амартүвшин мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн өглөө 11 цагийн орчим би гэрээсээ гараад ээж рүү очих гэж байтал хойд аав Мөнхсамбуу буузны мах хэрчээд бас гаднаас орж ирсэн 25-30 орчим насны манай гэрийн ойролцоо амьдардаг зүс таних  2 залуу, эгч Оюунханд, 0-3 насны 2 хүүхэдтэйгээ тэд нар гэрт үлдсэн. Би ээж Алтанцэцэгийн ажил буюу Эх нялхсын эмнэлгийн ойролцоо байдаг “Зурагт” худалдааны төв дээр байж байтал ээж Оюунханд эгч рүү залгаад Мөнхсамбуу гэртээ байна уу гэж асуутал аав өглөө гараад явсан, гэртээ ирээгүй байна. Иш-Очирыг харах хүнгүй байна, би нөхөр хүүхдийн хамт хөдөө явах гээд байна гэхээр нь би 17 цагийн үед гэртээ ирэхэд манай эгч 2 хүүхэд, нөхөр Баатарцолмон нарын хамт Төв аймгийн Цээл сум руу хадмынх руугаа явцгаасан, би гэртээ 4 настай дүү Иш-Очирын хамт үлдсэн. Аав ирээгүй, би гэртээ дүүгийнхээ хамт унтаж байтал хэдэн цагийг нь мэдэхгүй байна. 19 цагийн орчим байсан баахаа манай байшингийн хаалгыг хүн нүдэхээр нь онгойлготол 2 цагдаа орж ирээд аавыг хаана байна, хүн хутгалчихлаа, гар утастай яваа юу гэж асуусан. Энэ тухай би ээжид шууд утсаар хэлсэн. Аав нээх архи уугаад байдаггүй, сүүлийн 3 хоног дараалан архи ууж байгаа юмаа. Би 23 настай, 180 см өндөртэй, ногоон болон хар өнгийн куртик өмсдөг, хар өнгийн куртик нь үстэй малгайтай, урдуураа цахилгаантай урт куртик юмаа  гэжээ. /1хх-89-91/,

Гэрч Д.Алтанцэцэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

“Би 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 09 цагийн үед гэрээсээ гараад зурагт худалдааны төвд байх махны лангуун дээрээ очиж ажилласан, манай гэрт охин Оюунханд, хүргэн Баатарцогт, 2-3 насны хоёр хүүхэд нь, манай нөхөр Мөнхсамбуу, 4 настай хүү Иш-Очир нар үлдсэн. Цагийг нь сайн санахгүй байна 18 цагийн үед байхаа манай хүү Амартүвшин надруу залгаад аавыг цагдаа нар хайгаад байна зодоон цохион хийсэн юм шиг байна гэхээр нь такси бариад гэртээ ирсэн... миний хувьд яагаад ийм хэрэг үйлдсэн талаар мэдэх зүйл алгаа, тухайн хэрэг болсон гэх өдөр хөрш айлын залуу /яг хэнийг нь мэдэхгүй, тэр 2 хоорондоо их адилхан/ хоол хүнс цуглуулаад манай лангуугаар явж байхаар нь та нар битгий ууж идээд чимээ шуугиан гаргаад байгаарай гэж хэлсэн” гэжээ. /1хх-92-94/,

Гэрч Р.Гунаасүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

…Би 2016 оны  01 дүгээр сарын 29-ний өдрийн 18 цаг 17 минутын үед  Нэмэх гэдэг хэвийн боов хийдэг залуугийнд очиж 10 ширхэг хэвийн боов хийлгэх санаатай ортол Нэмэхээ, Мөнхдаваа нар байж байсан, Нэмэхээд 10 ширхэг хэвийн боов хийлгэх юм гэтэл за за болноо гэсэн, би тэдний гэрээс Мөнхдаваатай цуг гараад явж байтал гудамжинд манай эгчийн хүүхэд Бат-Оргил замд тааралдаад надад Самбуу ах доор зодолдоод байх шиг байна гэж хэлсэн. Мөнхдаваа харихаар явсан, би доошоо яваад хартал талийгаачийн дүү гэх залуу надтай засмал замын дэргэд тааралдаад ийм юм болчихлоо ш дээ одоо яах юм бэ самбуу хутгалчихлаа ш дээ гэж хэлээд талийгаачийн дэргэд орилоод дэвхцээд зогсож байсан. Талийгаач өөрийнхээ амьдардаг хашааны гадна талд дээшээ хараад газар хэвтчихсэн. Цээжин хэсгийг нь хөнжлөөрөө хучсан, дэргэд нь цус ихээр гоожсон байсан. Би талийгаачийн дүүгийн гар утсаар 102 луу залгаж цагдаад мэдэгдсэн. харин өөрийнхээ гар утсаар 103 луу залгаж түргэн дуудсан. Би Мөнхсамбууг сайн танина, хашаанд нь машинаа тавьдаг юм, 2 жилийн өмнөөс мэдэх болсон,ааш зангийн хувьд гайгүй,архи бага зэрэг хэрэглэдэг. Тэр хавийн хэдэн залуустай нийлж архи уудаг, тэр өдөр би 12 цаг өнгөрч байхад Мөнхсамбуутай тааралдсан. Тухайн үед Даваасүрэн, Мөнхдаваа, Ууганжаргал, Мөнхсамбуу нар гудамжинд зогсож байсан. Би тэд нар дээр яваад очиход Даваасүрэнгээс бусад нь халамцуу байдалтай байсан, тэд нар хоорондоо ярилцаад зурагтын эцэс явна гэж байсан гэжээ. /1хх-102/,

Гэрч Э.Сайнбилэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 08-20 цагийн хооронд ахлах ахлагч Мөнхбаатарын хамт Сонгинохайрхан дүүргийн 10, 28 дугаар хороо, Ачит-118 чиглэлд  машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад орой 18 цаг 39 минутад хэлтсийн жижүүрээс “Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын 1-22 тоотын гадаа хутгалуулсан хүн байна” гэсэн дуудлага өгсөн, дуудлагыг хүлээн аваад хэргийн газар очиход Хонхорын 1-22 тоот хашааны харалдаа гадна гудамжинд дээгүүр нь куртикээр цээж хэсгийг нь бүтээсэн хүн хэвтэж байсан, ойр орчимд нь талийгаачийн дүү гэх залуу, мөн дуудлага өгсөн гэх эрэгтэй хүн 2 байсан. Талийгаачийн хэвтэж байсан газраас баруун урагшаа ойролцоогоор 3 алхмын зайнд  хүрэн өнгийн иштэй, дунд зэргийн хэмжээтэй хутга байсан, ойр орчмын цас нь нилэнхүйдээ цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсан. Талийгаачийн дүү гэх залуугаас юу болсон талаар асуухад  тэр залуу “хонхорын 1-23 тоот хашаа руу заагаад энэ айлын эзэн манай ахыг хутгалчихлаа” гэхээр нь уг хүнийг хаана байгааг асуухад “тэр залуу гэр лүүгээ орсон” гэж хэлсэн. Тэгээд 1-23 тоот хашаанд байх байшингийн хаалгыг цохиж онгойлгуулаад ороход 23-24 орчим насны эрэгтэй хаалга онгойлгож өгөхөөр нь “танай аав чинь байна уу” гэж асуухад тэр залуу байхгүй, түрүүн орж ирээд гараад явсан гэж хэлсэн, гэрт нь орж үзэхэд бага насны хүүхэд унтаж байсан. Талийгаачийн дүү гэх залуу хэрэг болох үед хамт байсан гэсэн, тэр залуугаас архи үнэртэж байсан, ухаан алдталаа согтуу байгаагүй, хүний асуусан асуултанд хариулж байсан, биед нь ил харагдах гэмтэл байгаагүй” гэжээ. /хх-104/,

Гэрч М.Ууганжаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 12 цагийн үед Даваасүрэн, Мөнхдаваа бид 3 явж байгаад Самбуу ахын гэрийн үүдэн дээр Самбуу ахтай тааралдсан. Бид дөрөв 100 айл явж гүйлтийн тоглоомын шарик үзэж сонирхохоор явсан боловч дэлгүүр нь хаалттай байсан, тэгээд эргээд нөгөө таксигаараа Баянхошуу орж би Самбуу ахын үүдний орчим буугаад гэр лүүгээ явсан. Нөгөө 3 тэндээ үлдсэн, энэ өдөр архи дарс уугаагүй, эрүүл байсан, энэ өдрөөс хойш Самбуу ахтай уулзаагүй, сүүлд Даваасүрэн ахаас Самбуу ахыг хүн хутгалсан гэж сонссон”  гэжээ. /1хх-107/,

Гэрч Ц.Гантулга мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

“2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 18 цагийн үед яг хэдэн цаг болж байгааг анзаараагүй Зурагтад байх найзындаа оччихоод цаашаа Баянхошуунд байдаг том хадам ахынх руу буюу Мөнхсамбуу ахын хашааных нь арын хаалгаар ороод байшингийн нь хаалгыг нүдэхэд хаалгаа тайлахгүй хүн байхгүй юм шиг байхаар нь хүлээгээд зогсож байтал Мөнхсамбуу ахын хойд талын хашааны гэрээс Мөнхсамбуу ах араас нь 2 залуу хашгиралдаад гараад ирсэн, тэгэхээр нь би хашааных нь үүдэнд гараад ирэхэд Мөнхсамбуу ахын араас гартаа нэг гялалзсан юм барьчихсан, /би тэрийг нь хутга байсан эсэхийг мэдэхгүй гялалзсан юм л харагдсан /жижигхэн шар залуу ална шудна гээд орилоод дайраад гараад ирсэн чинь Мөнхсамбуу ах тэр залуугийн барьсан юмыг угзраад цааш түлхсэн чинь тэр залуу газар уначихсан, Мөнхсамбуу ах намайг цаашаа байгаарай гээд зугтсан, би ч танихгүй хүмүүстэй хэрүүл маргаан зодоон цохион хийгээд яахав гэж бодоод Мөнхсамбуу ахын араас явсан чинь Мөнхсамбуу ах хойд хаалгаараа гараад алга болчихсон гэжээ. /1хх-115-116/,

Гэрч С.Нэмэхбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

“2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 19 цагийн үед эхнэртэйгээ гэр лүүгээ орох гээд явж байхад Мөнхсамбуу ах манай гудамжинд намайг дуудахаар нь би явж очоод танай хажуугаар явсан чинь эмнэлэг, цагдаа ирээд бөөн юм болж байна,та юу хийчихсэн юм бэ гэхэд цаад хүн нь зүгээр үү гэхээр нь би яаж зүгээр байдаг юм та тэнэг юм уу гэхэд намайг яв гэхээр нь би гэр лүүгээ явчихсан, тэгээд намайг гэртээ байхад Мөнхсамбуу ах нилээн айж сандарсан байдалтай орж ирээд  хөргөгч налж суугаад ах нь ёстой муухай юм хийчихлээ, миний хүүг харж хандаж байгаарай гээд байсан, Тэгэхээр би та яг юу хийчихсэн юм бэ гэхээр их эвгүй юм болчихлоо гээд тодорхой юм ярихгүй байсан, эхнэрт мөнгө өгөөд архи аваад ир гэж гаргатал 0.5 л архи оруулж ирэхээр нь 2 аягыг хийж өгөхөд ус ууж байгаа юм шиг уучихсан. Тэр үед би гараад урд хашаагаар очоод та нарын хайж байгаа хүн манай гэрт байгаа гэж хэлсэн чинь энгийн хувцастай 2 хүн манай гэрт ороод Мөнхсамбуу ахыг бариад явсан,../1хх 117-118/, ...намайг эхнэрийгээ тосохоор явж байхад нэг залуу залуу манай ах хутга барьж гарч ирээгүй бол ийм зүйл болохгүй байсан юм гээд орилоод байсан юм гэжээ. /1хх-119/,

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн № 278 тоот акт. Дүгнэлт:

1.Талийгаач Ж.Баянзулын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр Цээжний баруун хэсгийн цээжний хөндийд нэвтэрч баруун уушигны доод дэлбэнг гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх нүүрний зулгаралт, хурц цус алдалт, Цээжний баруун хөндий дэх цусан хураа, Дотор эрхтнүүдийн хурц цус багадалт, Зүрхний ховдол хоорондын таславчийн зүүн ханан дах Минаковын толбо, тархины хаван зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Талийгаач Ж.Баянзул нь цээжний баруун хэсгийн цээжний хөндийд нэвтэрч баруун уушигний доод дэлбэнг  гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдалтын шокт орж нас баржээ

4. Задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдоогүй

 5. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой байжээ

6.Талийгаач нь АВО системээр  /I/  бүлгийн цустай байжээ

7.Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байна гэжээ. /1хх-123/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1829 дугаартай актад

1. Мөнхсамбуугийн биед духны зөөлөн эдийн няцрал, дух, зулай, баруун хөмсөгний дээд хэсэгт өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрхи шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Мөнхсамбуу нь дунд зэргийн согтолттой байна. 7. Мөнхсамбуу нь 1-р бүлгийн цустай байна гэжээ. /хх-152/,

Шүүх сэтгэц гэм судлалын 209 дугаартай магадлагааны дүгнэлтэнд:

1.С.Мөнхсамбуу нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. 2. С.Мөнхсамбуу нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна. 3. С.Мөнхсамбуу нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй байсан байна.  4. С.Мөнхсамбуу нь хэрэг хариуцах чадвартай байна. 5. С.Мөнхсамбуу нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэжээ. /1хх-168/,

Шинжээч эмч М.Энхбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...талийгаач Ж.Баянзулын цээжний баруун хэсгийн цээжний хөндийд нэвтэрч баруун уушигны доод дэлбэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн, 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх бөгөөд ямар байрлалд үүссэн болохыг шинжилгээгээр тогтоох боломжгүй...хэсэг хугацаанд үйл хөдлөл хийнэ...гэмтэл авсан даруйдаа /5-10 минут/ эмнэлгийн яаралтай тусламж авсан бол амьд гарах боломжтой байсан...хүнд зэргийн согтолттой хүн өөрийнхөө хийж буй үйлдлээ ухамсарлах чадваргүй байна...гэхдээ рефлекст үйлдлийг хийж болно...тухайлбал өөрийн олон жил хийж дадсан үйлдлээ хийх, гэрээ олох, агсам согтуу тавих, хэрүүл маргаан үүсгэх зэрэг гэжээ. /хх-182/,

- Шүүгдэгч С.Мөнхсамбуугийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-216/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хувцас эд зүйл болон биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-18-32/, С.Мөнхсамбуугийн бие болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-36-38/,   

- Мөнхсамбууг сэжигтнээр байцааж байгааг бичлэгийг CD-нд хуулбарласныг хураан авсан тэмдэглэл /1х, х-64/,  

- шүүгдэгчийн өмгөөлөгчийн уг CD бичлэгийг цаасанд буулгасан баримт,  

-             Ж.Баянзулд холбогдох шийтгэл тогтоол /1х, х-235/ зэрэг болно.   

 

Хэрэг цугларсан бүхий л нотлох баримтыг шинжлэн судлахад дараах бодит үйл явдал, нөхцөл байдал сэргээн тогтоогдож байна.  Үүнд:    

1. Шүүгдэгч Д.Мөнхсамбуу, амь хохирогч Ж.Баянзул нар Ж.Баянзулын гэрт харилцан маргалдсан энэ явцад Ж.Баянзул нь Д.Мөнхсамбуугийн толгой хэсэг рүү  архины шилээр цохьсон, үүний улмаас Д.Мөнхсамбуугийн биед хөнгөн гэмтэл учирсан байна,  

2. Д.Мөнхсамбуу архины шилээр цохиулсны дараа тухайн гэрээс гарч явсан боловч Ж.Баянзул түүний араас гартаа хутга барин, “ална” гэж  заналхийлэн, довтолжээ.     

Энэ талаар шүүгдэгч....Би тухайн айлын хашааны хаалгаар гараад явж байхад араас талийгаач гартаа хутга барьсан гүйн гарч ирсэн, ална гэж заналхийлж дайрсан тухай мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн,  

Гэрч Ц.Гантулга...тухайн үед Мөнхсамбуу ахын хашааны арын хаалгаар ороод байшингийнх нь хаалгыг нүдээд...зогсож байтал Мөнхсамбуу ахын хойд талын хашаан дахь гэрээс Мөнхсамбуу ах, араас нь 2 залуу хашгиралдаад гарч ирсэн...хашааных нь үүдэнд гарч ирэхэд Мөнхсамбуу ахын араас гартаа нэг гялалзсан юм барьчихсан жижигхэн шар залуу “ална, шудна” гээд орилоод гарч ирсэн... /1х, х-115-116/ гэж,

Ж.Баянчулуун хохирогчийн төлөөлөгчөөр...Самбуу архины шилээр цохиулж гарч явсныхаа дараа...“би орж хувцсаа авъя, халаасанд нь утас байгаа” гээд...манай хашаа руу дөхөөд ойролцоогоор 4 метр зайтай явж байхад талийгаач ах гарч ирсэн...гэж мөн

гэрчээр...ах Баянзул хашаанаас дээгүүрээ шалдан гарч ирээд Самбуу руу хандан “чи ер нь яагаад байна” гэсэн...Самбуу чи яасан их хутга барьдаг гар вэ гэж байх шиг байсан...гэж /1х, х-87-88/ мэдүүлсэн байна.

3. Ж.Баянзул хутгалуулсны улмаас нас барсан.

Шинжээчийн дүгнэлт: Ж.Баянзул нь цээжний баруун хэсгийн цээжний хөндийд нэвтэрч баруун уушигний доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдалтын шокт орж нас барсан байх ба Ж.Баянзулыг үхэлд хүргэсэн гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хүчтэй үйлчлэлээр үүсгэгдсэн буюу С.Мөнхсамбуугийн үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь гэрэл зургийн үзүүлэлт, задлан шинжилгээний акт зэргээр тогтоогдсон.   

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт:…Намайг ална гээд заналхийлж байсан. Би намайг “алах нь” гэж бодоод хутганд өртөхгүйг хичээгээд хутагтай гартай нь зууралдаад барьцалдсан. Тэгээд ноцолдож байгаад тухайн залуу унасан. Би хэсэг хугацааг сайн мэддэггүй юм. Нэг мэдсэн хашааныхаа дээд талын хаалгаар гараад гүйж байсан...тухай, мөрдөн байцаалтад:...нэг залуугийнх нь гарт хутга байсан, би айгаад ухаан алдчихсан байна лээ, хутга хараад яаснаа мэдэхгүй...би хутга гэж мэдээд л, мэдэхгүй байна, би гуд татаад унагасан болов уу гэж санаад байна.../1хх-204-206/...тэр залуу хутга бариад намайг ална хядна гээд дайрсан учраас би хутганаас маш их айсан...над руу тэр залуу хутга бариад дайрахад бид 2-ын хажууд хүн байгаагүй дүү нь гэх залуу байгаагүй...хутгатай гараас нь бариад өөрөөсөө зайлуулаад цааш түлхсэн шиг санагдаад байна тухайн үед маш их айж сандарсан байсан.../1х, х-210-213/ тухай мэдүүлсэн,   

Гэрч Ц.Гантулга...Мөнхсамбуу ах тэр залуугийн барьсан юмыг угзраад цааш түлхсэн чинь тэр залуу газар уначихсан, Мөнхсамбуу зугтсан.../1х, х-115-116/ тухай мэдүүлсэн,  

Ж.Баянчулуун хохирогч, гэрчээр мэдүүлэхдээ...Ж.Баянзул гэрээс хутга барьж гарч ирсэн эсэх, Ж.Баянзул хэрхэн хутгалагдсан эсэхийг огт мэдээгүй, хараагүй, хутгалагдсаныг дараа нь мэдсэн болохоо мэдүүлсэн байна.   

4. С.Мөнхсамбуу хэрэг явдлын дараа айлд орж архи уусан.

Шүүгдэгч энэ талаар шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн байцаалтад мэдүүлсэн,

Гэрч С.Нэмэхбаяр...манайд Мөнхсамбуу ах нэлээн айж сандарсан байдалтай орж ирээд, хөргөгч налж суугаад ах нь ёстой муухай юм хийчихлээ, миний хүүг харж хандаж байгаарай гээд байсан...0.5 л архи өгөхөд ус ууж байгаа юм шиг уучихсан.../1х, х 117-118/ гэж мэдүүлсэн.

5. Ж.Баянзул хүнд зэргийн согтолттой, С.Мөнхсамбуу дунд зэргийн согтолттой болохыг шинжээч тогтоосон.

Гэхдээ С.Мөнхсамбуугийн согтолтын зэрэг нь гэмт хэрэг үйлдэх үед эсхүл үйлдэгдсэний дараа айлд орж архи уусантай холбоотой эсэхийг ялган зааглах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон.  

6. Хүнд зэргийн согтолттой хүн өөрийнхөө хийж буй үйлдлээ ухамсарлах чадваргүй байна...гэхдээ рефлекст үйлдлийг хийж болно...биеэ удирдан жолоодох чадвар байсан ч ухамсарт үйлдэл хийж байгаагаа мэдрэхгүй.../хх-182/,

Дунд зэргийн согтолттой хүн үйлдэл хөдөлгөөн хийх чадвартай, өөрийн үйлдлийн учир холбогдлыг бүрэн ухамсарлах чадвар буурсан, сэтгэл хөдлөлийн өөрчлөлттэй, өөртөө шүүмжлэлтэй хандах чадвар багассан байдаг болох тухай шинжээч мэдүүлсэн /1х, х-182, 183/,

7. Ял шийтгэлийн хувьд Ж.Баянзул өмнө нь 2002, 2004 онуудад ял шийтгэгдсэн, С.Мөнхсамбуугийн хувьд ял шийтгэлгүй /1х, х-235-237, 216/

8. С.Мөнхсамбуугийн сэжигтнээр өгсөн мэдүүлгийн зарим мэдээлэл /1х, х198-199/ нь СD бичлэгт бичигдсэнээс нь зарим утга агуулга, найруулга зөрүүтэй байгаа эсэхийг CD сонсох, сонсгох, харьцуулах аргаар шалгахад...СD бичлэгт: хутгыг булааж авах гээд ноцолдсон гэж байхад...цаасан хэлбэрт буулгасан мэдүүлэгт:...ноцолдож байгаад хутгыг булааж аваад хоорондоо ноцолдсон гэх мэтээр зөрүү үүссэн зэрэг болно.

Дээрх үйл явдал, нөхцөл байдлыг нотолсон нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд шүүгдэгч С.Мөнхсамбууг хохирогч Ж.Баянзулыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэж үзэх үндэслэл бүхий хангалттай нотлох баримт байхгүй харин “санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл бүхий нотлох баримттай байна.   

Шүүгдэгчид анхнаасаа бусдыг алах гэмт санаа, зорилго байгаагүй, уг хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн хууль бус ноцтой үйлдэл шууд нөлөөлсөн байна.

Хохирогч Ж.Баянзул согтуурсан үедээ С.Мөнхсамбуугийн толгой руу архины шилээр цохиж, гэмтэл учруулсан улмаар хутга барьж, ална хэмээн заналхийлэн довтолсон хууль бус ноцтой үйлдлийг үргэлжлүүлэн хийсэн нь хүнд хор уршиг учруулах бодит аюулыг бий болгосон байх ба тухайн агшинд шууд тулгарсан довтолгооны ноцтой аюул, түүний үр дагавараас С.Мөнхсамбуугийн айсан айдас, цочирдол, түгшүүрт байдал нь түүний оюун ухаан, санаа сэтгэлийг гэнэт хүчтэй цочирдуулан хэвийн бус байдлыг нь алдагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул  С.Мөнхсамбуу нь Ж.Баянзулыг хутгалсан тухайн үйлдлийг урьдчилан төлөвлөөгүй харин санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед гэнэт үүссэн гэмт санааны хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.         

Хохирогч Ж.Баянзул нь С.Мөнхсамбуугийн толгойн тус газар архины шилээр цохьсон, улмаар хутга барьж, заналхийлэн довтолсон нь богино цаг хугацаанд үргэлжилсэн мөн тухайн довтолгооны аюул шууд тулгарсан тэр цаг мөчид шүүгдэгч нь Ж.Баянзулыг хутгалсан үйлдэл нь гэнэт, хоромхон зуурт болж өнгөрсөн байх ба энэ байдал нь Ж.Баянчулууны гэрч, хохирогчоор өгсөн...эхлээд ах түүнийг шилээр цохьсон, дараа нь гэрээс гарч ирсэн гэхдээ гартаа хутга барьсан эсэх, хэрхэн хутгалсан эсэхийг хараагүй, дараа нь мэдсэн тухай мэдүүлэг, мөн амь хохирогчийн биед нэг удаа хутгалагдсан шархтай, өөр гэмтэл байхгүй гэх баримт, гэрч Ц.Гантулга, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг эх сурвалжтай байна.    

Ж.Баянчулууны гэрчээр өгсөн мэдүүлгээр...Мөнхсамбуу нь архины шилээр цохиулан гэрээс нь явсныхаа дараа гэрт нь мартсан куртик, хантааз, утсаа авъя авах гэхэд нь Ж.Баянзул өөдөөс нь гарч ирсэн, эсхүл Мөнхсамбуугийн мэдүүлгээр...Ж.Баянзул нь С.Мөнхсамбуугийн толгойн тус газар архины шилээр цохичихоод гэрээс нь гарахад  араас нь хутга барьж, заналхийлэн довтолсон эсэхийн эргэлзээ, мөн хохирогч, шүүгдэгчийн согтуурлын ялгаатай байдал зэрэг нь шүүгдэгчийг цочирдуулсан үндэслэл, нотолгоо, нөхцөл байдлыг болон шүүгдэгчийн сэтгэл санаа нь цочирдсон үе дэх гэм буруутай үйлдлийг тус тус үгүйсгэх үндэслэл болохгүй байгааг тэмдэглэв.      

Шүүгдэгч С.Мөнхсамбуу нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан тухайн нөхцөлд Ж.Баянзулын гарт байсан хутгыг булаан авсан байх ба энэ үед хохирогчид учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл буюу хүнд хор уршиг учирсан нь шүүгдэгчийн идэвхтэй, ухамсарт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчид учирсан гэмтлийн гэрэл зургийн үзүүлэлт, задлан шинжилгээний акт зэргээр тогтоогдсон, энд эргэлзээтэй зүйлгүй байх тул “шүүгдэгч нь хохирогчийн хутгатай гарыг нь түлхэн унагаахад гэмтэл учирсан байж болох тухай” шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал үндэслэлтэй биш, мөн шүүгдэгчийн гэмт үйлдлийг үгүйсгэх үндэслэл, баримт  тогтоогдоогүй болно.            

Иймд С.Мөнхсамбууг хохирогчийн хууль бус үйлдлээс өөрт нь хүнд хор уршиг учирч болох байснаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.     

Хохирогчийн төлөөлөгч Ж.Баянчулуунаас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.500.000 төгрөг нэхэмжилсэн /1х, х-84/ боловч Ж.Баянчулуун хохиролд 2.200.000 төгрөг авч, нэхэмжлэх зүйлгүй тухай баримтыг шүүхэд ирүүлсэн байна.     

          Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хийсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байгаа нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.  

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулан, уг ялыг биечлэн эдлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэв.  

          Эд мөрийн баримтаар ирүүлсэн: нийт 262 мм урттай, ажлын хэсэг нь 123:25 мм хэмжээтэй, бариул хэсэг нь 128:25 мм хэмжээтэй бор модон бариултай хутга 1 ширхэг, талийгаач Ж.Баянзулын өмсөж явсан хар өнгийн гадуур өмд 1ширхэг, хар эрээн өнгийн дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, саарал өнгийн хос оймс, бор хүрэн өнгийн хагас түрүүтэй хос гутал, С.Мөнхсамбуугийн өмсөж явсан цэнхэр өнгийн жинсэн хүрэм 1 ширхэг, цэнхэр өнгийн подвалк 1 ширхэг, цэнхэр өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар хөх өнгийн ноосон өмд 1 ширхэг, цагаан өнгийн дотуур өмд 1 ширхэг, хүрэн өнгийн дотоож 1 ширхэг, хөх өнгийн 1 хос оймс, хүрэн өнгийн богино түрийтэй хос гутал, хэргийн газрын үзлэгээр хураагдсан шаргал өнгийн жижиг аяга 1 ширхэг, ундааны сав 1 ширхэг, архины шилний хагархайнууд, дотор талдаа саарал, гадна талдаа хар хөх өнгийн хөнжил 1ширхэг, шаргал өнгийн алчуур 1 ширхэг, хар өнгийн малгай 1 ширхэг, эссэ тамхины хайрцаг 1ширхэг, хар өнгийн фудволк 1 ширхэг, бор судалтай хөнжил 1 ширхэг, улаан өнгийн хөнжил 1 ширхэг, бинтэнд шингээн бэхжүүлсэн дээж 2 ширхэг, шаргал өнгийн нэхий куртик 1ширхэг, бор шаргал өнгийн хантааз 1 ширхэг зэргийг тус тус устгаж, 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээв.

           Шүүгдэгч нь 2016 оны 02 дугаар сарын 02-ны /1хх-184/ өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 227 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй.  

         

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:    

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар шүүгдэгч С.Мөнхсамбууд холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 болгон өөрчилсүгэй.     

2. Шүүгдэгч С.Мөнхсамбууг хохирогчийн хууль бус үйлдлээс өөрт нь хүнд хор уршиг учирч болох байснаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар С.Мөнхсамбууг 4 жил хорих ялаар шийтгэсүгэй.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Мөнхсамбууд оногдуулсан 4 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар    С.Мөнхсамбуугийн цагдан хоригдсон 227 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.  

6. Шүүгдэгч нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.  

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар уг тогтоолын тогтоох хэсэгт нэрлэн заасан тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD-нээс бусад эд зүйлийг бүгдийг устгаж,  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримт болох нэг ширхэг CD-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.   

8. Шүүгдэгч С.Мөнхсамбууг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.     

10. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.          

11. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Мөнхсамбууд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ГАНБААТАР

 

             ШҮҮГЧ                                 Б.БАТАА

 

                                                                Г.МӨНХЗУЛ