| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2017/01590/И |
| Дугаар | 183/ШШ2017/01869 |
| Огноо | 2017-09-07 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2017/01869
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.М
Нэхэмжлэгч: Л.П
Нэхэмжлэгч: М.Э
Нэхэмжлэгч: М.Д
Нэхэмжлэгч: М.О нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Т-д холбогдох
2012 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Итгэмжлэлийг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М*******, Л.П*******, М.Э*******, М.Д*******, М.О******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай гэр бүлийнхэн Б******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ны тоотод 1999 оноос хойш амьдарч ирсэн бөгөөд байрны өмчлөгчдөөр манай гэр бүлийн бүх гишүүд буюу 8 хүний нэр дээр бүртгэлтэй байдаг юм. Гэтэл 2012 оны 1 сарын 29-ний өдөр манай эгч болох Т нь уг байрыг зээлийн барьцаанаас чөлөөлөөд өгнө гэхээр нь бид бүгдээрээ орон сууцыг зээлийн барьцаанд бариулах итгэмжлэл хийж өгсөн юм. Энэ хугацаанд бид Тийг аль хэдийн төлөөд дуусгасан байх гэж бодож байсан боловч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй, улмаар зээл авсан “М” ББСБ нь шүүхэд өгсөн болохыг шүүхийн шийдвэр гэрт ирэх үед мэдсэн билээ. Бидний зүгээс Тийн уг байрыг барьцаанд тавих итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай хийж өгсөн итгэмжлэлийн хугацаа дууссан, мөн бидний олгосон итгэмжлэл дээр барьцаагаар үүргийг хангуулах гэсэн өгүүлбэр ороогүй билээ.
Иймд 2012 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр М.Тт олгосон байрыг зээлийн барьцаанд тавих итгэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Миний бие нас өндөр болсон, байраа алдах гэж байгаа учраас энэ нэхэмжлэлийг Тт холбогдуулан гаргасан. Тт 2012 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр итгэмжлэл хийж өгсөн нь бол үнэн. Гэхдээ байрыг маань ингээд алдах дээрээ хүрнэ гэж бодоогүй. Итгэмжлэлийг гаргаад олон жил болсон, итгэмжлэлд бичигдсэн хугацаа нь дууссан тул бидний Тт олгосон итгэмжлэлийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2012 онд Т нь зээл авч хувиараа хөдөлмөр эрхэлж байсан. Зээлийн үүргийг хугацаандаа төлж явж байсан боловч 2015 онд нөхөр нь нас бараад зээлээ төлөхөд хэцүү болсон. Нэхэмжлэгч нар хариуцагчийг зээлээ төлөөд яваад байгаа байрыг суллаж өгөх байх гэтэл шүүхийн шийдвэр гарсан гэж мэдсэн. Итгэмжлэлээр зээлийн гэрээ, барьцааны гэрээнд гарын үсэг зурахыг л итгэмжлэлээр олгосон, барьцаагаар үүргийг хангуулахаар олгоогүй. Мөн итгэмжлэлийг 3 жилийн хугацаагаар олгосон, тиймээс 3 жил нь өнгөрсөн байх тул нэхэмжлэгч нарын хариуцагч М.Тт холбогдуулан гаргасан 2012 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэлийг хүчингүйд тооцуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “М ББСБ” ХХК-ийн захирал О. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М.Т өөрийн эзэмшлийн Б******* дүүрэг, ******* хороо, , , тоот, 2 өрөө орон сууц барьцаалж зээл авсан бөгөөд байрны хамтран эзэмшигч нар бүгд нотариат дээр очиж М.Тт байр барьцаалж зээл авах итгэмжлэлийг хуулийн дагуу олгосон байсан бөгөөд үүний дагуу зээл олгож нотариатаар батлуулж үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлж зээл олгосон болно. Гэвч Т зээл төлөхгүй удааширч сүүлдээ хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Энэ хугацаанд бид барьцаанд байсан байшин дээр очиж М******* гуай болон түүний эхнэр хүүхдүүдэд зээл төлөхийг байнга шаардаж мэдэгдэх хуудас шаардлагыг байнга хүргүүлж байсан. Гэвч зээл төлөгдөөгүй учраас 2016 оны 8 сарын 11-нд шүүхэд хандаж нилээд удааширч байгаад анхан шат, нийслэл, хяналтын шатны шүүхийн шийдвэр эцэслэж гарсан болно. Энэ шүүх хуралд Тийн өмгөөлөгч оролцож байсан бөгөөд итгэмжлэлийн талаар ямар ч асуудал хөндөгдөж байгаагүй болно. М******* гуай ч өөрөө энэ тухай мэдэж байгаа гэж бодож байна. Хууль зөрчсөн зүйл байхгүй.
Иймд М*******ы нэхэмжлэлийг хүчингүй буюу хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид Тийн зээлийн асуудалд хангалттай хүлээцтэй хандсан болно.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч манай байгууллагын эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж байна. Итгэмжлэлд дурдагдсан орон сууц нь шүүхийн шийдвэрээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан, гурван шатны шүүхийн шийдвэр гарсан. Энэ талаар нэхэмжлэгч нар болон хариуцагч аль аль нь мэдэж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад мэдсээр байж ийм нэхэмжлэл гаргасанд гайхаж байна. Бид зээлээ төл гэсэн шаардлага тавьж байгаа, зээлээ л төлчихвөл заавал байрыг авна гэхгүй гэж хэлсэн. Шударга байх хэрэгтэй гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М*******, Л.П*******, М.Э*******, М.Д*******, М.О******* нар нь хариуцагч М.Тт холбогдуулан 2012 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэлийг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нар нь хариуцагч М.Тт орон сууцыг зээлийн барьцаанд тавиулах эрх олгосон итгэмжлэлийг 2012 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр олгосон боловч итгэмжлэлд барьцаагаар үүргийг хангуулахаар заагаагүй, мөн итгэмжлэлд заасан хугацаа дууссан тул хүчингүйд тооцож өгнө үү гэсэн.
Хариуцагч нь 2012 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр олгосон итгэмжлэлээр орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан, зээлийг буцаан төлөөгүй тул уг орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа талаар маргаагүй бөгөөд итгэмжлэлийн хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарласан.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “М ББСБ” ХХК нь хариуцагч М.Т нь 2012 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр олгогдсон итгэмжлэлээр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан боловч үүргээ гүйцэтгээгүйн улмаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шүүхийн шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа тул манай эрх ашиг хөндөгдөж байна гэсэн.
Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлөх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно” гэж зааснаар нэхэмжлэгч М.Д*******, Б.М*******, Д.П*******, М.Э*******, М.О******* нар нь 2012 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэлээр Баянзүрх дүүргийн ******* хороо, , байрны тоот Ү-26 дугаар гэрчилгээтэй 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд бариулах, гэрээ хэлцэл болон барьцааны гэрээнд төлөөлөх гарын үсэг зурах үйлдэл хийх эрхийг хариуцагч М.Тт олгосон байна. /хэргийн 10-р хуудас/
Зохигч талууд 2012 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэлийг олгосон талаар хүлээн зөвшөөрсөн бөгөөд талуудын хооронд хийгдсэн 2012 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д заасан шаардлага хангаж байгаа талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч нар нь уг итгэмжлэлийн хугацаа дууссан тул хүчингүйд тооцож өгнө үү гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийн хууль болон гэрээнд заасан хугацаа дууссан тул хүчингүйд тооцогдоно гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан 2012 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэлд “энэхүү итгэмжлэл нь олгосон өдрөөс эхлэн 3 /гурав жил / хугацаанд хүчинтэй болно” гэж заасан байх бөгөөд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д “тодорхой хугацаагаар олгох итгэмжлэл гурван жилээс илүүгүй хугацаагаар, хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна” гэж заажээ.
Мөн Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.6-д “бүрэн эрх хэрэгжүүлэх хугацаа дууссан” тохиолдолд төлөөлөл нь дуусгавар болохоор заасан байх тул хариуцагчид олгосон 2012 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэлийн бүрэн эрхийн хугацаа нь дууссан байна.
Иймд итгэмжлэл нь хуульд зааснаар дуусгавар болсон тул нэхэмжлэгч нар нь түүнийг хүчингүйд тооцуулах шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна гэж үзэв.
Харин Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.4-т зааснаар “төлөөлөгч нь бүрэн эрх дуусгавар болсныг мэдмэгц итгэмжлэлийг төлөөлүүлэгчид буцааж өгөх үүрэгтэй” болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж” гаргахаар заасан боловч хариуцагч М.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэв.
Учир нь хариуцагч нь 2012 оны 1 дүгээр сарын 30-ний өдөр “М ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж 25 000 000 төгрөгийг шилжүүлэн авч, зээлийн барьцаанд Б******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, байрны тоот 2 өрөө Ү-26 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан байна.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №183/ШШ2016/01329 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 457 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2017/00626 тогтоолоор “М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй М.Тт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 51 240 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 45******* зүйлийн 453.1 дэх заасныг баримтлан хариуцагч М.Тээс 40 703 614 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс 10 536 386 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь сайн дураар үүргээ биелүүлээгүй бол барьцааны зүйл болох Б******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, байрны тоот орон сууцыг албадан худалдаж орон сууцны үнээс үүргийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд үүрэг болгож шийдвэрлэсэн байна.
Уг тогтоолын дагуу “М ББСБ” ХХК-ний хүсэлтээр 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 183/ШЗ2017/079 дүгээр “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж”, 183/ГХ2017/00740 дугаартай “гүйцэтгэх хуудас” бичигдэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно.
Итгэмжлэлд дурдагдсан Б******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, байрны тоот орон сууцыг албадан худалдахаар гаргасан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Хариуцагч М.Тт дээрх орон сууцыг зээлийн барьцаанд тавих итгэмжлэлийг нэхэмжлэгч нар нь өөрсдийн хүсэл зоригоор хийгээгүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч нар нь өөрийн хүсэл зоригоос гадуур үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгч Б.М*******, Л.П*******, М.Э*******, М.Д*******, М.О******* нарын хариуцагч М.Тт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.М*******, Л.П*******, М.Э*******, М.Д*******, М.О******* нарын хариуцагч М.Тт холбогдуулан гаргасан 2012 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэлийг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН