Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2017/ШЦТ/347

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа, 

улсын яллагч Д.Энх-Оргил, 

        шүүгдэгч Р.Э, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овгийн Р.Эд холбогдох эрүүгийн 201725030506 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шарайд овгийн Р.Э, 1972 оны 8 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, иргэний барилгын архитектур мэргэжилтэй, Монголын мэргэжлийн холимог тулааны спортын Чоно холбоонд захирал, ерөнхий дасгалжуулагчаар ажилладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 82 дугаар гудамж, 974 тоотод суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ХН72082815.

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

Шүүгдэгч Р.Э нь 2017 оны 02 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 78-879 тоотод оршин суух иргэн Д.Нэргүйн гэрт хохирогч Г.Бтэй маргалдаж улмаар зодож, мөн үүний дараа гудамжинд дахин зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Р.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш том сануулга боллоо, дахин гэмт хэрэг үйлдэхгүй ээ...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэгээд нэг шил архи ууя гээд бид хоёр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сарандаваагийн сүмийн ард байрлах гудамжны харалдаа байрлалтай жалганы орчим суугаад хамт нэг шил архи ууж байсан. Тухайн үед би нэлээн согтсон байсан бөгөөд Э намайг боосон. Тэгэхээр нь яаж байгаа юм бэ гэхэд Э цохиж авсан, тэгээд ухаан алдсан. Тэгээд нэг ухаан ороход Э миний зүүн гараас татаад жалга руу чирч байсан. Тэгээд би Э болиорой гэхэд миний зүүн талын хавирга орчимд хэд хэдэн удаа өшиглөөд жалга уруудаад явсан. Тэгээд нэг мэдсэн чинь Э миний гэдсэн нэг удаа өшиглөөд унагаан дээр гараад боож байсан. Тэгээд яасан талаар мэдэхгүй байна. Нэг хэсэг би ухаан балартсан байсан сэрээд удаагүй байж байсан чинь Э буцаж ирээд миний гараас чирээд жалганд хаях гээд чирч байсан. Тэгээд Эг хохь чинь шүү гэж хэлсэн чинь миний цээжинд өшиглөөд, тэгсэн машины гэрэл тусаад ирсэн чинь намайг хаяад яваад өгсөн юм. Маргааш өглөө нь босоод ирсэн чинь миний бие нил хөндүүр амьсгал авч чадахгүй байсан. Би бэлэн 200.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Э надад 500.000 төгрөг өгч бид хоёрын дунд ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ /хх-9, 45-46/.

Гэрч Д.Нэргүй мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Батдэлгэр нэг шил архи барьж орж ирээд надтай хувааж уугаад талдаа орж байсан чинь гаднаас Э нэг шил архи барьсан орж ирээд бид гурав хувааж уугаад удаагүй байж байхад Алтангэрэл /бид нар хонь гэж дууддаг/ орж ирсэн юм. Батдэлгэр Алтангэрэлийг нэг удаа цохиж аваад зодоон хий гээд байсан юм. Тэгсэн Алтангэрэлийг Э өмөөрч босч ирээд Батдэлгэртэй муудалцан Батдэлгэрийн нүүрэнд нэг удаа мөргөж, 1-2 удаа цохисон. Батдэлгэр бас Эг цохиж байсан, би яг хаана цохисон талаар хараагүй. Манай гэрээс 23.00 цагийн үед гарч яваад шөнө орж ирээд унтаад өглөө явсан. Хүнд зодуулсан гэж байсан. Би яг хэнд зодуулсан талаар анзаарч сонсоогүй, гудамжинд явж байгаад зодоон хийсэн гэж байсан...” гэжээ /хх-48-49/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн ¹2625 дугаар актын:

“1.      Г.Бийн биед тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хүзүүнд зулгаралт, хамрын үзүүрт шарх, хэвлий, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

        3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

        5. Дээрх гэмтлүүд нь 2017.02.06-нд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-15/. 

Шүүгдэгч Р.Эгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-25/ зэргийг яллах болон өмгөөлөх талууд уншиж сонсгох замаар шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн тухайн хэргийг шүүхээс хянан шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч Р.Э нь 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 78-879 тоотод оршин суух иргэн Д.Нэргүйн гэрт хохирогч Г.Бтэй маргалдаж улмаар зодож, мөн үүний дараа гудамжинд дахин зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүгдэгч Г.Э үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Бийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Б нь “…гомдол, саналгүй…” гэх бөгөөд хохирол нэхэмжлээгүй байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв. 

Шүүх, шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол, саналгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Шүүгдэгч Р.Эгийн үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ…” гэж заасан байх тул прокуророос мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгчид ашигтай байдлаар хууль буцаан хэрэглэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж, мөн хуулийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Шарайд овгийн Р.Эг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Р.Эг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шүүгдэгч Р.Эд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Эд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН