Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/551

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн

улсын яллагч Г.Ганхөлөг

шүүгдэгч М.М

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1805053730612 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 1-нд Орхон аймагт төрсөн, эмэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, ам бүл 4; эх, дүү, 05 настай хүүхдийн хамт ........ аймгийн ..... сум, ..... баг, ........... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо ганцаараа ......... дүүргийн ...... дугаар хороо, ......... тоотыг түрээслэн амьдардаг гэх, ялгүй, ............. дугаарын регистртэй, А овогт Мгийн М

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч М.М 2018 оны 10 дугаар сарын 6-ны орой Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Н.Оы эзэмшлийн .......... улсын дугаартай, Тоёота Королла роумион маркийн тээврийн хэрэгслийн хойд салхины шилийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 370.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлын 410.000 төгрөгийг маргааш буюу 6 дугаар сарын 21-ний өдөр гэхэд төлөхөөр харилцан тохиролцсон байгаа. Өнөөдөр орой эгч Солонгос улсаас мөнгө явуулна гэсэн. Надад бас 500.000 төгрөгийн торгох ял оногдуулахыг ойлгож байна. Би өмгөөлөгч авах шаардлагагүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Намнандоржийн О "... 2018 оны 10 дугаар сарын 6-ны шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Голден парк хотхон руу найз Энх- Амгалан, Золбаяр нарыг гэрт нь хүргэж өгөх гээд өөрийн эзэмшлийн .......... машинтай 10 дугаар хорооллын төв замаас уг хотхон руу эргэтэл нэг эмэгтэй араас чулуу шидээд машины арын шилийг хагалсан. Манай найз Энх-Амгалан буугаад тэр согтуу эмэгтэйг барьж аваад цагдаад өгсөн. Надад нийт 400.000 төгрөгийн хохирол учирсан” /хх-н 21-22/ гэж,

яллагдагч Мгийн М "... 10 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 10 дугаар хорооллын Нийслэл нэртэй паабад найз Баасанжаргал, Отгонхуяг, Лхагва-Эрдэнэ нарын хамт сууж архи уугаад би согтох гээд байхаар нь түрүүлээд гараад явсан. Тэд нар тэндээ суугаад үлдсэн. Би 10 дугаар хорооллын замын урагшаа зам хөндлөн гараад Сод нэртэй зочид буудлын арын шороон туслах замаар явж байсан. Би өөрөө өсгийтэй гуталтай явж байсан. Тэгтэл хажуугаар зөрсөн Тоёота коррола румион машин намайг шүргээд газар унагаасан. Тэр үед гадаа шавхайтай байсан юм. Би унахдаа хөл эвгүй болохоор нь гартаа баригдсан чулууг аваад шидэхэд Румион машины цонхыг хагалчихсан. Тэгээд хүмүүст нь баригдсан. Намайг шүргэж унагаачихаад инээлдээд байхаар нь чулуу шидсэн юм” /хх-н 35/ гэж тус тус мэдүүлжээ.

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад /бодит байдалд/ нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч М.Мийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч М.Мт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч М.М хохирол төлөхөө илэрхийлсэн, хохирогч Н.О “... Мээс 410.000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн учир Мтэй сайн дураар эвлэрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үҮ’ гэсэн хүсэлтийг прокурорт хүргүүлсэн байна. /хх-н 49/

Шүүгдэгч М.М цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураадсан зүйлгүй болно.

Шүүгдэгч М.М шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Ариунсан овогт Мгийн Мийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
     
  3. М.М торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
  4. М.М цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогчтой эвлэрч 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 410.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсоныг,

энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

  1. Хохирол төлөгдөөгүй тохиолдол Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Мээс 410.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Од олгосугай.
  2. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  3. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Мт урьд авсан "хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

О.ЖАНЧИВНЯМБУУ

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ