Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/999

 

 

 

 

 

 

 

 

 

2019           12           09                                        2019/ШЦТ/999

 

 

     

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Г.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас  Б-од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905039951128 дугаартай хэргийг  2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамж ...  тоотод оршин суух, Хан-Уул дүүргийн ... дугаар хороо .. дугаар байр ... тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 281-ө дугаартай захирамжаар  эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 27 хоногийн хорих ялаас 2 жилийг хасч, үлдэх 1 сар 27 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,  Б-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тото” караокед иргэн Ш.Алтангэрэлтэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Ш.Алтангэрэлийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Г.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Г.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тото” караокед иргэн Ш.Алтангэрэлтэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Ш.Алтангэрэлийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хохирогч Ш.Алтангэрэлийн “2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Оюу толгойгоос ирээд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Тото зочид буудалд амрахаар болсон. Тэгээд найзуудтайгаа Модны хоёрт Paris бааранд орж үйлчлүүлж байгаад буудал дээрээ ирсэн. Ирээд буудлын 1 давхарт байрлах нийтийн 00 өрөө рүү орсон чинь нэг эмэгтэй хүн эрэгтэй 00 өрөөнд байсан. Намайг ороход тэр эмэгтэй хүн миний гараас барьж аваад нуруугаар тэвэрч аваад уруул дээр үнссэн. Тэгээд намайг үнсэж байхад 00 өрөөнд гаднаас нэг залуу орж ирээд миний найз охиныг оролдлоо гээд миний нүүр лүү цохисон. Тэгээд би газар унахад дээрэс 20 минут орчим өшиглөөд цохиод байсан. Яг хэдэн удаа юугаар цохисныг мэдэхгүй байна. Би нэг цохиулаад ухаан балартаад унаад өгсөн. Цагдаа нар ирж байж болиулсан.

          ... Хоёр нүд хөхөрч хавдсан. Нүүр хавантай хамар хугарсан. Урд хоёр хиймэл шүд унасан. Нуруу хөндүүрлэсэн байна. Намайг зодож байсан залуугийн найз нь байсан. Хажууд нь байсан залуу хэд хэдэн удаа өшиглөж байсан. Тэгэхдээ цагаан хувцастай нь намайг их зодож цохисон. Намайг зодож байхад нэг найз эмэгтэй нь наадах чинь яагаач үгүй гэж байна, одоо болио гэхэд энэ мууг алсан ч яадаг юм бэ гээд үргэлжлүүлээд зодоод байсан. Эмчилгээний зардал хэрэгтэй байна. Мөн Тото зочид буудлын 00 өрөөний хаалга эвдэрсэн байсныг би өөрийнхөө мөнгөөр 130.000 төлсөн. Тэрийгээ мөн авмаар байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 37-38 дугаар хуудас/

 

          Гэрч П.Цэлмүүний “ ... Ажлын газрынхаа хажуу талын Лиманы нэртэй лоунжид зохион байгуулагч Манлайцэцэг, зохион байгуулагч Баагий, зөөгч Намуундарь, Бат-Оргил, Хулан, Батхишиг нарын хамтаар сууж хүн хүний 1 шил пиво уусан юм. Ингээд лоунжаас 2019 оны 10 дугаар сарын 08-наас 09-ний өдөр шилжих шөнө 02 цаг 30 минутын орчимд гараад бөөнөөрөө караокед орж дуулъя гэж ярилцаад Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 25 дугаар эмийн сангийн замын урд байрлах Тото караоке нэртэй газарт очиж өрөөний тоотыг мэдэхгүй байна, өрөөнд орж суусан юм. Ингээд караокед шөнийн 03 цагийн үед очсон ба хүн хүний 2 шил пиво уусан юм.

          ... Ингээд нойлд бие засчихаад  гараад иртэл нойлын өрөөнд үл таних 30 орчим насны эрэгтэй хүн зогсож байсан. Би анх нойлын өрөөнд орохдоо эрэгтэй эмэгтэй нойл нэг байдаг эсэхийг мэдээгүй. Ямар ч байсан хүн байхгүй байхаар нь орсон. Тэгээд би хажуу талын эрэгтэй нойл руу орох гэж байгаа  юм байх гэж бодоод хажуу талаар нь гарах гэтэл хаалга нь онгойхгүй байсан. Түгжсэн байсан эсэхийг мэдээгүй. Тэгээд хаалга онгойхгүй хаалгаар гарах гээд байж байтал үл таних залуу миний хажуу талд зогсож байснаа чамайг гаргахгүй гээд надтай маазраад тоглоод байгаа юм шиг байсан. Тэгэхээр нь би ажлын газрынхаа хүмүүстэй явж байна, гаръя гэхэд гаргахгүй гээд өмсөж байсан хар өнгийн бомберын цахилгааныг тайлсан. Тэгэхээр нь би өөрөө холдуулаад түлхтэл өөдөөс тэвэрч авах гээд дайраад байсан. Тэгээд би болиочээ гээд хэрэлдэж маргалдсан бөгөөд энэ үед хамт явж байсан зохион байгуулагч Баагий сонсоод хаалгыг онгойлгох гэсэн. Тэгтэл үл таних залуу хөлөөрөө тулчаад хаалгыг онгойлгохгүй байсан. Энэ үед үл таних залуу над руу  дайрч бид хоёр нэг нэгнийгээ түлхэж байх үед миний өмдийг доош нь өвдөг хэсэг хүртэл тайлсан. Дотуур хувцсыг бол тайлаагүй. Тэгээд би өмдөө эргүүлж дээшээ татчихаад байж байтал Баагий нь гаднаас хаалгыг түлхээд ороод ирсэн. Тэгээд би шууд зөрөөд гараад явах үед Баагийтай хамт зөөгч Хулан, зохион байгуулагч Манлайцэцэг нар байж таарсан байсан ба би Хулан, Манлайцэцэг нарын хамтаар нойлын өрөөнөөс холдоод зогсож байсан. Тэгэхэд нойлын өрөөнд үл таних залуу, Баагий хоёр үлдсэн бөгөөд дотор юу болсоныг би мэдэхгүй. Хол зогсож байсан. Тэгээд л Хулан, Манлайцэцэг нарт болсон асуудлыг тайлбарлаж өгөөд зогсож байтал Баагий нойлын өрөөнөөс хоорондоо уурлаж хэрэлдсэн байдалтай уурлаад гараад ирсэн ба араас нь үл таних залуу хамарнаас нь цус гараад, хавдчихсан харагдаж байсан. Тэгээд би ажлын газрын хүмүүстэй болсон үйл явдлын талаар хэлээд цагдаагийн байгууллагад хандахаар болсон юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 4-5 дугаар хуудас/

          “... Миний биед ямар нэгэн гэмтэл байхгүй. Миний өмсөж явсан хувцасанд ямар нэгэн урагдал цоорол гэмтэл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 29 дүгээр хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12263 дугаартай:

          “1. Ш.Алтангэрэлийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, дух, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, дээд, доод уруулд язарсан шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 19 дүгээр хуудас/

 

          Гэрч П.Бат-Оргилын “... Тэгэхээр нь би очсон чинь хаалганы завсараар манай ажлын найз Цэлмүүний өмд нь хагас шувтарсан байдалтай нойлын угаалтуур түшсэн байдалтай харагдсан. Баагий ах тэрийг мэдээд дайрч ороход нөгөө залуу нь бас өмдөө татаж байсан. Баагий ах шууд тэр залуутай яаж байгаа юм гээд шууд зодолдсон. Цэлмүүнийг Манлай, Хулан хоёр аваад тайвшруулаад гарсан. Би тэр үед Баагийн ахыг тэр залуутай зодолдож байхыг харсан. Нээх удаан зодолдоогүй. Баагий ах тэр залууг дараад цагдаа нар ирэхийг хүлээсэн. Төд удалгүй цагдаа нар ирээд Баагий ах Цэлмүүн, нөгөө залууг аваад явсан.

          ...Би ерөнхийдөө болсон үйл явдлыг бүгдийг нь харсан. Анх Баагий ах нойлын хаалга онгойлгож ороход нөгөө залуу хаалга дарж байсан. Тэгээд Баагий ахыг урдаас нь цохисон. Тэгтэл Баагий ах нөгөө залууг мөргөөд нэг удаа нүүр лүү нь цохиод бас мөргөөд унагаад дараад цагдаа дуудаж байсан. ... Баагий, Цэлмүүн нар согтолтын хэмжээ гайгүй байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 31 дүгээр хуудас/

 

          Г.Б-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... 04 цагийн үед караоке хаахаар нь тооцоогоо хийчихээд гарахаасаа өмнө ариун цэврийн өрөө ортол Цэлмүүн танихгүй нэг залуутай хамт байсан ба Цэлмүүний өмд хагас шувтарчихсан байхаар нь хөөе гээд хаалгыг нь түлхээд орох гэтэл урдаас хаалга түлхээд байхаар нь би хаалгыг нь түлхэж ороод танихгүй залууг нь заамдаад яаж байгаа юм гээд толгойгоороо нүүр лүү нь мөргөтөл нөгөө танихгүй залуу миний толгой руу гараараа цохихоор нь би уурлаад нүүр лүү нь гараараа 3-4 удаа цохиод газар унагаад цагдаа дуудаад цагдаа ирэхээр нь учрыг нь олно гээд газар дарж байлгаж байгаад цагдаа ирэхээр нь болсон асуудлыг хэлээд хамт цагдаа дээр ирсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 49-50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Г.Б-ын дээрх үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч  Ш.Алтангэрэл нь “ЭМЖЖ” эмнэлэгт үзүүлсэн төлбөрийн баримтыг гарган өгч хэрэгт хавсаргажээ. /хэргийн 22 дугаар хуудас/

Иймд энэ үзлэгийн төлбөр 35.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах  нь зүйтэй.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Б- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.0000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б- нь торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Г.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.Б-оос 35.000 төгрөг гаргуулж Завхан аймгийн Их-Уул сум 3 дугаар багт  оршин суух Барга овогт Шагдарын Алтангэрэлд /РД:ИЗ87031416/ олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ