Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1963

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2020          11           10                                        2020/ШЦТ/1963

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

Улсын яллагч Б.Д

Нарийн бичгийн дарга А.Х

Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д овогт Г. А холбогдох эрүүгийн 2003 00000 0370 дугаартай хэргийг 2020 оны  11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Д. овогт Г.А, /

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.А нь  2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 09 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Хүнс хөдөө аж ахуйн яамны урд талын замд “Mercedes benz c-200” маркийн 34-44 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Л.С мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Г.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, урьдчилсан хэлэлцүүлэгт хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.[1],

 

Шүүгдэгч Г.А яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 09 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад Шар хад орох гээл Хүнс хөдөө аж ахуйн яамны урд замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байсан, тэгтэл явган хүний гарц ойртон ирж байсан, тухайн үед зорчих хэсгийн нэг, хоёрдугаар эгнээнд явж байсан машинууд хурдаа хассан, тэгэхээр нь би дагаад хурдаа хассан тэгтэл гэнэт хоёрдугаар эгнээнд явж байсан автомашины урдуур нэг эмэгтэй хүн гүйгээд гараад ирсэн, тэгэхээр нь би шууд тоормос гишгэсэн боловч зам нойтон байсан учир гулгаж очоод нөгөө хүнийг мөргөөд газар унагасан, тэгээд би шууд машинаа зогсоогоод аваарын гэрлээ асаагаад машинаас буугаад нөгөө хүн дээр очтол хөгшин нэг эгч байсан, зүүн хөл нь гишгэж болохгүй байсан, тэгэхээр нь тухай үед сандраад эхлээд эмнэлэг орж үзүүлье гэж бодоод гэмтлийн эмнэлэг рүү явсан, гэмтлийн эмнэлэг дээр очоод эмчид үзүүлээд зургийг нь авахуулахад зүүн хөлний шилбэ хэсгээр хугарсан байна гэж хэлсэн, тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдэх хэрэгтэй гэж бодоод гэмтлийн эмнэлгийн цагдаад болсон асуудлын талаар хэлсэн, тэгээд нөгөө хүнийг хагалгаанд оруулах шаардлагатай гэж үзээд эмнэлэгт хэвтүүлсэн, тэгээд над руу замын цагдаагаас залгаад осол болсон газар руу очиж үзлэг хэмжилт хийсэн” гэх мэдүүлэг[2],

 

Хохирогч Л. С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 13-ны өглөө 9 цагийн үед гэрээсээ гараад Баянзүрх зах руу ороод ногоо авчхаад буцаад гэр лүүгээ харих гээд Хүнс хөдөө аж ахуйн автобусны буудлын хойд талын автобусны буудлаас автобусанд суух гээд зохицуулдаггүй явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарч байсан, тэгтэл зүүн гар талаас нэг машин ирээд намайг мөргөх шиг болсон би шоконд ороод тэрнээс хэсэг хугацаанд юм санахгүй байна. Тэгээд нэг мэдтэл жолооч намайг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан, эмнэлэг дээр очоод жолоочийн гар утсаар охин руугаа залгаж болсон асуудлыг хэлсэн, удалгүй охин Булганаа над дээр ирсэн. Эмчид үзүүлэхэд намайг гэмтлийн эмнэлэгт хэвтэж хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн тул шууд эмнэлэгт хэвтсэн. Би гэмтлийн эмнэлэг 4 хоногийн хугацаанд эмчилгээ хийлгээд хагалгаанд ороод гарсан” гэх мэдүүлэг[3],

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 10743 дугаартай:

“1. Л.С н биед зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал, ууцны 4-р нугалмын хугарал, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт,[4]

 

Мөрдөгчийн “1. Mercedes Benz c-200  маркийн 34-44 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г. овогтой А. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Л. овогтой С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.” гэх магадлагаа,[5]

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа[6],

Жолоодох эрхийн лавлагаа,[7]

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[8]

Тээврийн хэрэгслийн лавлагаа[9] зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

 Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.А нь  2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 09 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Хүнс хөдөө аж ахуйн яамны урд талын замд “Mercedes benz c-200” маркийн 34-44 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Л.С мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Шүүгдэгч Г.А яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байсан, тэгтэл явган хүний гарц ойртон ирж байсан, тухайн үед зорчих хэсгийн нэг, хоёрдугаар эгнээнд явж байсан машинууд хурдаа хассан, тэгэхээр нь би дагаад хурдаа хассан тэгтэл гэнэт хоёрдугаар эгнээнд явж байсан автомашины урдуур нэг эмэгтэй хүн гүйгээд гараад ирсэн, тэгэхээр нь би шууд тоормос гишгэсэн боловч зам нойтон байсан учир гулгаж очоод нөгөө хүнийг мөргөөд газар унагасан” гэх[10],

Хохирогч Л.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “зохицуулдаггүй явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарч байсан, тэгтэл зүүн гар талаас нэг машин ирээд намайг мөргөх шиг болсон би шоконд ороод тэрнээс хэсэг хугацаанд юм санахгүй байна.” гэх мэдүүлгүүд[11],

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 10743 дугаартай дүгнэлт,[12] Мөрдөгчийн магадлагаа[13] зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний  аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг зааж өгчээ.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

 

Шүүгдэгч Г.А нь “Mercedes benz c-200” маркийн 34-44 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монголын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч Л.С Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 10743 дугаартай дүгнэлтээр “зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал, ууцны 4-р нугалмын хугарал, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.А нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монголын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасныг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэхүү үйлдлийн улмаас хохирогч Л.Сарантуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл буюу хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Г.АЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.А нь хохирогч Л.Схохиролд 6,622,000 төгрөгийг төлсөн, хохирогч Л.С нь хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг зөвшөөрсөн[14] хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Мөн хохирогч нь цаашид өөрт учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич шүүгдэгч Г.А нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Г.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын саналыг танилцуулж, Г.А уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Шүүх шүүгдэгч Г.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Г.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д. овогт Г.А “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүрийг шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 6,622,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Л.С нь гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                        М.ТҮМЭННАСТ     

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 68  дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас

[4] Хавтас хэргийн 44-45 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 60 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 82 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 83 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 81 дүгээр хуудас

[9] Хавтаст хэргийн 88 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 68  дугаар хуудас

[11] Хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас

[12] Хавтас хэргийн 44-45 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 60 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 95-96 дугаар хуудас