| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2022/00010Э |
| Дугаар | 154/2022/00011 |
| Огноо | 2022-02-24 |
| Зүйл хэсэг | 11.7.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 154/2022/00011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож
Улсын яллагчаар хяналтын прокурор Т.Өсөхболд
Хохирогч А.Алтанцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр
Шүүгдэгч Б.Очирбат нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2137000520053 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, ******* овогт *******гийн*******/РД:БД80062317/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.Очирбат нь согтуугаар Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт орших өөрийн гэртээ 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр, 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, 2022 оны 01 дугээр сарын 11, 12-ны өдрүүдэд мөн 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн Үенч сумын Цагаангүнгэ багийн нутагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Алтанцэцэгтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнтэй харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийллийг байнгын шинжтэй үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Очирбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Сэтгэл санааны хүнд байдлаас болж архи уудаг. 2 банканд 30 сая төгрөгний зээлтэй байснаас одоо 10 сая төгрөг үлдсэн байгаа. Би архи таарвал уучихдаг. Архи уусан үедээ гэр бүлдээ агсам тавьдаг. Тэр үйлдэлдээ би гэмшиж байна гэв.
Хохирогч А.Алтанцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б.Очирбат нь байнга л архи уудаг. Эрүүл байсан ч надтай болон хүүхдүүдрүү агсам тавьж, хэл амаар доромжилдог. Том хүү О.Пүрэвжавтай байнга л зодолдож, би шороонд орж, чи шоронд орно гэж хэлдэг. Сэтгэл санааны хувьд маш хүнд байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Очирбатын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шуудайн модонд айлын торны гадас суулгаж байтал мотоцикльтой 2 залуу ирсэн юм. Тэр 2 залуу 1 шил 75 грамтай ерөөл нэртэй архи авч ирж задалсан. Тэгээд тэр архинаас нь уугаад торыг нь янзалж дуусаад гэртээ ирсэн чинь манай 3 хүүхэд байсан юм. Тэгээд би та нар цагдаад өгөөд байна би байнга цагдаа шүүхээр явж байна гэж хэлээд уйлсан. Тэгж байтал цагдаа орж ирээд намайг авч явсан юм. Манай хүүхдүүд дуудлага өгөөгүй гэж хэлсэн. Дуудлага өгсөн хүнийг мэдмээр байна. Банкинд 30 сая төгрөгийн зээлтэй, тухайн зээлийн хүүгийн хүү гээд замбараагүй нэмэгдээд бөөн өрөнд орчихсон байгаа юм. Тэгээд эхнэрийг Үенчид хийж байгаа ажлаа орхиод энд айлын мал маллая гэж хэлэхээр ирэхгүй байгаа юм. Одоо Есүсийн сүмийнхэн надад ногооны үр авч өгөөд газар олж тарвас тариалах боломж олгож байгаа юм. Тэгээд би сүүлийн хэдэн хоног тэнд ажиллаад архи уухгүй байсан. Баяраа, Жоржаа гэх хүмүүстэй тариалах гэж байгаа юм. Би гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулахад татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч А.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”... 2022 оны 01 дүгзэр сарын 11-ний өдөр манай нөхөр Б.Очирбат нь өглөө гэрээс гарч яваад орой 19 цагийн үед гэртээ согтуу ирээд би өөрийгөө хутгалж үхнэ гээд хутга аваад байхаар булааж авсан. Тэгтэл надад чи намайг цагдаад өгдөг, би шоронд орж, чи шороонд орно янхан энэ тэр гээд доромжилж сууж байгаад миний баруун гарын шуу хэсгийг хазсан юм. Тэгээд хүүхдүүд унтуулсан, тэгтэл өнөөдөр өглөө гарч яваад орой 18 цагийн үед согтуу орж ирээд хоол идэх гэж байсан чинь хоолыг атгаж амандаа хийгээд, намайг бас л янхан би чамайг шоронд оруулна, ална гэж хэлээд, халуун индүүгээр өөрийгөө тамлан, галруу орж өөрийгөе шарж үхнэ гэж дарамталж тарчлааж, шүлс, нусаа гэрт хаяаад, намайг цохих гэж оролдоход манай хүүхдүүд байсан учир салгаж зодуулаагүй. Бид нар аргалж унтуулах гэсэн боловч унтахгүй байхаар цагдаад дуудлага өгсөн юм. Би Б.Очирбаттай 2003 онд гэр бүл болсон юм. Одоо 5-16 насны 4 хүүхэдтэй, зан байдлын хувьд догшин, гэр бүл болсноос хойш байнга архи ууж агсам тавьдаг юм. Бид нар гэр бүл болоод Улаанбаатар хот орж амьдарсан юм. Тэгтэл байнга архи ууж агсам тавиад болохгүй болохоор би 4 хүүхдээ аваад Ховд аймгийн Булган суманд 2018 онд шилжиж ирж амьдрах болсон юм. Тэгтэл Б.Очирбат 2019 онь 03 дугаар сард араас хүрч ирсэн. Улаанбаатар хотод амьдарч байхад надруу 2 удаа хутга авч дайрч байсан. Нүүр амруу цохиж хөхрүүлэх нь наад захын байнгын цагдаад өгдөг байсан юм. Булган суманд ирсэн хугацаанаас хойш цагдаагийн байгууллагад зодох үеэр дуудлага өгч 2 удаа торгуулах, 2 баривчлуулж байсан юм. Би тухайн он цаг хугацаануудыг одоо санахгүй байна. Хамгийн сүүлд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний үеэр шүүхээр орж 25 хоногийн баривчлах ял авч он гараад ирсэн юм. Бид нар архи ууж ирсэн өдөр манаж хонодог юм. Ах дүү нар нь одоо бүгд зайгаа барьсан...” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч О.Пүрэвжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг бага байхад зоддог байсан, архи уух бүрдээ надтай зодолддог, би зарим үед шөнөжин дарж унтуулдаг боловч заримдаа бүр болохгүй болохоор нь цагдаад өгдөг. Манай ээжийг бол зоддог, архи ууж ирэхээрээ та нар намайг ийм болгосон та нарыг ална гэж үргэлж хэлдэг..." гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч О.Хулангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай аав 18 цагийн үед гэрт согтуу ирсэн. Гэрт орж ирээд аав ээжрүү чи намайг цагдаад өгдөг ална, өнөөдөр би үхнэ нэг бол та нарын нэг нь үхнэ гээд ээжрүү дайраад хоол хийж өгсөн чинь идээд сууж байснаа галруу би орж шатаж үхнэ гээд галруу явахаар нь би галаас холдуулаад татаад авсан чинь аав ээжрүү чиний охин чинь ингээд надруу дайрч байна гээд ээж рүү дахиад дайраад байхаар нь би дараад авсан чинь удалгүй хоёр цагдаа орж ирсэн. Тэгээд цагдаа аваад явсан. Манай аав 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөн согтуу 18-19 цагийн хооронд гэртээ ирсэн. Орж ирээд ээжрүү дайраад хэрэлдээд байсан бөгөөд ээж тухайн үед оёдлын машинаар юм оёж байхад нь гарын хазсан байсан. Бид нар нөгөө өрөөнд байхад ээж орилоод явчихлаар нь өрөөнд явж ортол аав ээжийн гарнаас хазсан байж байсан. Бид нар цохиж байж арай гэж ээжийг салгаж авсан. Гэтэл аав хүүхдүүд чинь намайг зодлоо гээд босож ирээд хутга авах гээд байхгүй болохоор ээжийн юм хайчилж байсан хайч авахаар нь бид нар арай гэж булааж авсан. Тэгээд нэлээд хэсэг хэрүүл хийж байгаад шөнийн 01 цагийн үед бид нар дарж унтуулсан. Манай аав бол ер нь архи байнга уудаг. Уугаад ирэхээрээ ээжтэй байнга маргалдаж зарим үед ээжид гар хүрдэг. Манайх Улаанбаатар хотод байхад ээжид их гар хүрдэг байсан. Ховд аймгийн Булган суманд манай 2019 онд ирсэн бөгөөд энд ирээд зарим согтуу ирсэн үед ах бид хоёртой маргалдаж зодолдож байсан. Манай ахыг маажиж гэмтээж байсан. Намайг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр аймаг руу ээжтэй сургуульд явах гэж байх үед согтуу ирээд ээжтэй маргалдаж аяга шидээд намайг алгадаад зүүн талын шанаа хавдаад би хичээлдээ явж чадахгүй 7 хонож байсан. Манай ахтай аав их өшиж занадаг бөгөөд хэд хэдэн удаа зодолдож байсан ...” гэх мэдүүлэг
Гэрч А.Алимаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Очирбат гэдэг айл манай байрны нөгөө талд 2020 онд орсон. Орсон үеэс бид нарын хувьд мөн тайван байж чадахгүй байна. Яагаад гэхээр архи ууж ирдэг бөгөөд шөнө орой согтуу ирж эхнэр хүүхдээ зодож уйлуулаад хэцүү байна. Архи их ууна асуудал ихтэй. Би 2021 онд цагаан сарын өмнө шөнө 03 цагийн үед бүр зодоон цохион болоод амраахгүй болохоор нь орсон чинь согтуу хэрүүл маргаан хийгээд байж байсан. Тэгээд би дараа нь нэг эрүүл үед нь Б.Очирбатад өөрт нь хүртэл чи ингэж асуудал гаргахаа боль гэж хэлсэн. Тэгсэн чинь өөрийн буруугаа хүлээхгүй урдаас сонин юм яриад байсан. Дараа нь буюу 2021 оны 09 дүгээр сард өөрийн том хүүтэйгээ гадаа зодолдож байхаар нь би цонхоор хараад салгах гээд гартал Б.Очирбат зугтаад яваад өгсөн бөгөөд хүүхдээс нь юу болсон талаар асуухад согтуу ирээд асуудал гаргаад байна гэж хэлсэн. Эхнэр нь ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан хийгээд байх хүн биш шиг санагдсан. Би нэг уулзахад эрэгтэй хүүхдэдээ санаа зовж байна согтуу ирээд маргаж янз бүр болж байгаад хэрэгт оруулах юм байна гэж хэлж байсан. Минийхээр бол энэ хүн байнга архи ууж байгаа. Эхнэр нь зарим үед архи ууж ирээд хутга авч дайрлаа гэж хэлсэн зарим үед хэрүүл гараад дуу нь чанга дугарахаар би согтуу ирээд эхнэр хүүхдээ алах бий гэж их санаа зовдог...” гэх мэдүүлэг,
Хохирогч А.Алтанцэцэгийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 117 дугаартай дүгнэлтэд:
1. А.Алтанцэцэгийн биед баруун гарын тохой хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. А.Алтанцэцэгийн биед учирсан дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2015 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт,
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл
- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл
- аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэл
- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл
- Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэврүүд
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Очирбат нь Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн нутаг дэвсгэрт 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Алтанцэцэгтэй хэрүүл маргаан үүсгэсэн, Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн гэртээ согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хүү О.Пүрэвжавыг зодсон, 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өөрийн гэртээ согтуугаар хэрүүл маргаан үүсгэсэн, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр согтуугаар өөрийн гэртээ агсам тавьж, гэр бүлийн амгалан тайван байдал алдагдуулж, эхнэр А.Алтанцэцэгийн хүсэл зоригийн эсрэг үйлдэл хийсэн, 2022 оны 01 дүгээр сарын 11,12-ны өдрүүдэд согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Алтанцэцэгтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар дээрхи зөрчлүүд байнга давтагдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэврүүд болон хохирогч А.Алтанцэцэг, насанд хүрээгүй гэрч О.Пүрэвжав, О.Хулан нарын мэдүүлэг, аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нарын амьдралын нөхцөл байдал, шүүгдэгч Б.Очирбат нь архи ууж согтуурсан үедээ олон удаагийн үйлдлээр гэр бүлийн гишүүдээ гутаан доромжилж сэтгэцийн байнгын дарамтад оруулж харьцдаг, амгалан тайван амьдрах нөхцөлийг алдагдуулсан болохыг гэрч, хохирогч нар зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь байнгын дарамт, айдас түгшүүртэй байдаг болохыг Аюулын зэргийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-иар хамгаалагдаж буй харилцааны агуулга нь “гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх”-д оршино гэсэн зорилгоор тодорхойлогдох бөгөөд уг хуулийг зөрчсөн этгээдэд Зөрчил, эсхүл Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх асуудлыг үйлдлийн давтамжийг харгалзан шат дараалж хүндрүүлсэн нь хууль тогтоогчийн үзэл санаа юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэг болон Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шинжүүдийн давхардаж буй хэсгүүд нь гэмт хэргийн шинжийг тодорхойлох үндэслэл болох бөгөөд аль нэг үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа, эсхүл нийтдээ гурав ба түүнээс дээш удаа байх аль ч тохиолдол гэмт хэргийн шинжийг хангана.
Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн бүрэлдэхүүний объектив талын үндсэн шинж нь “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”-ийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэсэн 4 шинжээр үйлдэгдэх ба эдгээрийн аль нэгийг эсхүл хэд хэдэн шинжийг үйлдсэн нь нийт 3 удаа байх тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Ийнхүү олон удаагийн үйлдлээр (байнга) өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилж, заналхийлж, агсам согтуу тавьж сэтгэл санааны дарамтад оруулж, амгалан тайван ажиллаж, амьдрах нөхцөлийг алдагдуулахад зориудаар хүргэж буй Б.Очирбатын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.
Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хохирогч А.Алтанцэцэг нь гэмт хэргийн улмаас хохирол нэхэмжлээгүй бөгөөд энэ талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Очирбат нь хохирогчийг байнга сэтгэл санааны дарамтад оруулан харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх байдлаар амьд явах, амгалан тайван амьдрах эрхэд нь халдаж өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, хохирогчийг байнгын айдас түгшүүртэй байлгасан зэргийг харгалзан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж шүүгдэгчийн эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлаж, цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Очирбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан төрөл, хэмжээний дотор 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч Б.Очирбат нь 38 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт*******гийн Очирбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Б.Очирбатыг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Очирбатад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Очирбатын 38 /гучин найм/ хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Очирбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ