Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/332

 

 

 

 

 

 

     2018          04            19                                         332

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүүжин,

улсын яллагч Т.Нансалмаа,

шүүгдэгч Д.Лл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Оточ овогт Д.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0064 00348 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Оточ овогт Д.Л, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1975 оны 10 дугаар сарын 13-ны төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа нүүрс, түлээ жижиглэнгээр борлуулдаг ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, Орбитын  дугаар гудамжны  тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЙЙ00000000.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Д.Лл нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Нарангийн голын эцэс гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас А.Итой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Лл мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч А.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр намайг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Нарангийн голын автобусны буудлын эцсийн буудал дээр нүүрс түлээгээ зараад зогсож байхад тэнд нүүрс түлээ зарж зогсдог Д.Лл гэгч нь миний нүүрс түлээ зараад зогсож байгаа газарт нүүрс ачсан портер машинаа ойртуулаад зогсоочихоор нь “чи машинаа холдуулаач газар мундсан биш, цаашаа зогс” гэхэд “чи битгий хуцаад бай, хаана зогсохоо чамаар заалгах юм уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи яахаарай хүн дээрэлхэж байдаг юм бэ” гэж хэлэхэд Д.Лл нь уурлаад намайг заамдаж аваад миний уруул руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд миний уруулнаас цус гараад дээд талын 1 шүд хугарсан, мөн дээд 2 шүд хөдөлсөн байсан...би өдөр нь хоёр лааз пиво уусан болохоор бага зэрэг согтолттой байсан...Тэр үед тэнд нүүрс, түлээ зарж байсан О, Д, Н гэх хүмүүс байсан...Би шүдээ хугалуулсан тул гомдолтой байна. Шүд хийлгэж өгсөн тохиолдолд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11) ,

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1908 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: баруун дээд үүдэн 2-р шүд дунд түвшинд хугарсан, ...баруун дээд 1, зүүн дээд 1, 2-р шүд угаараа нааш цааш ганхаж хөдлөнө, дээд уруул овойж хавдсан, уруулын ирмэгт 1х0,2см хүрэн өнгийн зулгаралттай, уруулын дотор салстад 0.5х0.2, см 3 ширхэг босоо зах ирмэг тэгш бус цайвар цагаан өнгийн язарсан шархтай, Биед өөр ил харагдах гэмтэлгүй...ДҮГНЭЛТ

1.А.Игийн биед баруун дээд үүдэн 2-р шүдний хугарал, баруун зүүн дээд 1-2-р шүдний сулрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, уруулын зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18),

3. Шүүгдэгч Д.Ллгийн мөрдөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр би Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Нарангийн голын автобусны буудлын эцэст өөрийн портер маркийн 93-79 УНЦ улсын дугаартай автомашинаа замын хойд талд зогсоогоод нүүрсээ хагалж шуудайлаад байж байхад миний хажуу талд нүүрс зардаг А.И гэх эмэгтэй хүрч ирээд хажуу талаас шахлаа, чи ганцаараа машинтай юм уу, муусайн баячууд гэх зэргээр хэлж хэл амаар доромжлоод байхаар нь би заамдаж аваад чи яах гээд байгаа юм бэ гээд цааш нь түлхэхдээ  гарынхаа сарвууны ар талаар түүний уруул руу нь цохичихсон чинь А.Игийн амнаас нь цус гарсан... А.И бид хоёр Нарангийн голын автобусны буудлын эцэст замын хажууд хамт зогсож түлээ нүүрс зардаг болохоор хаяа маргалдах асуудал байдаг боловч хэн нэгнийгээ зодож цохиж байсан зүйл байхгүй. Тиймээс бие биедээ өс хонзон санасан зүйл байхгүй...Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Харин А.И согтууруулах ундаа хэрэглэсэн согтолттой байсан...Би өөрийн хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна хохирогчтой эвлэрч учир байдлаа ойлголцсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28),

4. Хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 29),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 32), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 30), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 50), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 37), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 39), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 43),  хувийн байдлын баримт (хавтаст хэргийн 45) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Ллд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Лл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Д.Лл нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Нарангийн голын автобусны буудлын эцсийн зогсоол дээр, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр, хувийн таарамжгүй харьцааны улмаас А.Итой маргалдаж шууд санаатай үйлдлээр, түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

-Хохирогч А.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр намайг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Нарангийн голын автобусны буудлын эцэст нүүрс түлээгээ зараад зогсож байхад ...Д.Ллг ...машинаа холдуулаач газар мундсан биш, цаашаа зогс гэхэд “чи битгий хуцаад бай, хаана зогсохоо чамаар заалгах юм уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи яахаарай хүн дээрэлхэж байдаг юм бэ гэж хэлэхэд Д.Лл нь уурлаад намайг заамдаж аваад миний уруул руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд миний уруулнаас цус гараад дээд талын 1 шүд хугарсан, мөн дээд 2 шүд хөдөлсөн байсан...Би шүдээ хугалуулсан тул гомдолтой байна. Шүд хийлгэж өгсөн тохиолдолд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11) ,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1908 дугаар дүгнэлт ...1.А.Игийн биед баруун дээд үүдэн 2-р шүдний хугарал, баруун зүүн дээд 1-2-р шүдний сулрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, уруулын зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо...3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18),

- Шүүгдэгч Д.Ллгийн мөрдөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.И гэх эмэгтэй хүрч ирээд хажуу талаас шахлаа, чи ганцаараа машинтай юм уу, муусайн баячууд гэх зэргээр хэлж хэл амаар доромжлоод байхаар нь би заамдаж аваад чи яах гээд байгаа юм бэ гээд цааш нь түлхэхдээ гарынхаа сарвууны ар талаар түүний уруул руу нь цохичихсон. ...Би өөрийн хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна хохирогчтой эвлэрч учир байдлаа ойлголцсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл өсвөр насны шүүгдэгч Д.Лл нь хохирогч А.И-гзодсон болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Д.Ллг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Ллг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 455 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3  дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Лл нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Шүүгдэгч Д.Лл нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Нарангийн голын автобусны буудлын эцсийн зогсоол дээр хувиараа түлээ нүүрс жижиглэнгээр борлуулдаг болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул улсын яллагчийн гаргасан торгох ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийн хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455 нэгж буюу 455.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.   

III. Бусад асуудлаар

Эрүүгийн 1808 0064 00348 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Оточ овогт Д.Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай,  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ллг 455 (дөрвөн зуун тавин тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455.000 (дөрвөн зуун тавин таван мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лл нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй,  шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ