| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 106/2018/0851/Э/ |
| Дугаар | 34 |
| Огноо | 2019-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Батжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 34
А.Дд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Батжаргал,
шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан, Б.Энх-Амгалан,
нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 856 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Дд холбогдох 1802004200215 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн А-ын Д, 1982 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн ...... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:......../;
Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 597 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,
Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 2 жил 6 сарын хорих ялаар,
Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 313 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хорих ялаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 354 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан;
А.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “SKA” зочид буудлын өрөөнд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтад багтдаг метамфетамины агууламж бүхий 0.11 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,
2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чикаго” бааранд иргэн Б.Балжиннямтай маргалдаж, улмаар хутгалж эрүүл мэндэд нь баруун гуя, дагзны хуйх, зүүн бугалга, зүүн дал, хэвлийн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: А.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бовогт А Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
А.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар А.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 66 хоногоор тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг 2 жил 66 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Дд оногдуулсан 2 жил 66 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гялгар уутны хамт 0.11 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, 15 см-ийн урттай хуванцар гуурс, амыг нь тайрсан тарианы шил, цэнхэр өнгийн асаагуур, 4 ширхэг тарианы уусмал, 19.5 см урттай, 8.5 см ажлын хэсэгтэй, 2.5 см өргөнтэй улаан хүрэн өнгийн модон бариултай хутга 1 ширхэг зэргийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, А.Д нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, А.Дгийн цагдан хоригдсон 48 хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би өөрт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, У.Сүнжидмаа гэх охин миний байрлаж байсан “SKA” гэх зочид буудалд “мөс” гэх хар тамхийг авчирч, бид хоёр хамт хэрэглэсэн, миний хувьд хадгалсан зүйл байхгүй. Мөн намайг мансууруулах бодис хэрэглэсэн байхад Хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөгч, ахмад н.Сайнжаргал хууль зөрчиж өмгөөлөгчгүй байцаалт авсан тул мэдүүлгийг хүчингүй болгох ёстой. У.Сүнжидмаа нь цагдаа нартай үгсэн хуйвалдаж, намайг хар тамхины гэмт хэрэгт зориуд зохион байгуулалттай холбогдуулж байгаа нь энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн “SKA” зочид буудлын ресепшн Д.Шийрэвдоржийн “...Д гэх эрэгтэй ганцаараа өмнөх өдөр нь буюу 23-ны орой 20 цаг 15 минутын үед буудалд орсон ба намайг ээлжээ хүлээн авах үед дахин нэг хоногоор сунгасан байсан. 21, 22 цагийн үед гаднаас энгийн хувцастай цагдаа нартай таарч, 813 тоот өрөөнд байсан эмэгтэй гадуур хувцасгүй гарч үүдэнд тухайн цагдаа нартай уулзаж түүний байрлаж байгаа өрөөг асууж хамт орсон...” гэх мэдүүлгээр нотлогдож байна. Мөн энэ хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9995 дугаартай дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтэд У.Сүнжидмаа нь мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсоор байхад энэ хэрэгт холбогдуулан шалгаагүй нь хууль зөрчсөн бөгөөд дээрх хуйвалдааныг нотолж байна. Би анх мансуурсан үедээ зочид буудлаасаа гарч “мөс” гэх бодис авчирч буудалдаа эргэж орсон гэж худал мэдүүлсэн ба энэ мэдүүлэгтээ холбогдуулж тухайн зочид буудлын хяналтын камерийн бичлэгийг хуулбарлан авч хавтас хэрэгт хавсаргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэд хийлгүүлэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч А.Дгийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүгдэгч А.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад "...би өглөө буудлаасаа гараад зүс таних нэрийг нь мэдэхгүй хүнтэй уулзаж 0,2 грамм жинтэй мөс гэх мансууруулах бодис авч буудалдаа эргэж орсон.", "...Буудлын өрөөний ширээн дээр байсан гялгар ууттай мөс нь миний хүнээс авсан мөс байсан юм..." гэж мэдүүлсэн байдаг. Харин шүүх хурал дээр "...Намайг хар тамхи хадгалсан гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад хар тамхи хадгалсан зүйл байхгүй. Миний байсан зочид буудлын өрөөнд Ууганбаярын Сүнжидмаа гэх охин гуурс, соруул зэргийг авчирсан. Би түүнийг эмэгтэй хүн, бас өөр хэрэгт холбогдсон болохоор нь өрөвдөөд тухайн үед хар тамхийг минийх гэж хэлсэн. Би тэр зочид буудалд хар тамхи авч ороогүй. Гуурс, соруул, хар тамхи зэргийг Сүнжидмаа авч орж ирсэн..." гэж мэдүүлсэн. Түүний шүүх хурал дээр өгсөн мэдүүлэг нь үнэн зөв байх боломжтой. Учир нь, А.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээс харахад хар тамхийг хэзээ, хэнээс, хаанаас авсан нь тодорхой бус, хэн нэгний өмнөөс хэрэг хүлээх гэж өгсөн мэдүүлэг гэдэг нь тодорхой харагдаж байна. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнийг хэнээс, хаанаас хар тамхи худалдаж авсан талаар тодруулах ямар ч ажиллагаа хийгдээгүй байдаг. У.Сүнжидмаа нь хар тамхитай холбоотой өөр хэрэгт шалгагдаж байгаа нь хэрэгт авагдсан баримтаас харагддаг. Тэрээр А.Дгээс мөнгө авахаар ирсэн гэдгээ мэдүүлсэн. А.Д ч У.Сүнжидмаад мөнгө шилжүүлсэн гэх мэдүүлэг зэргээс үзэхэд У.Сүнжидмаагийн хувьд хар тамхи худалдан борлуулсан байж болзошгүй юм. А.Дгийн хувьд хар тамхи хэрэглэснээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд харин тухайн хар тамхийг У.Сүнжидмаа надад авчирч өгсөн гэдэг. Хэрэв У.Сүнжидмаа үнэхээр тухайн хар тамхийг авчирч өгсөн бол А.Дгийн хувьд хар тамхи хадгалсан гэж үзэхгүй. Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээх, харин У.Сүнжидмаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, эсвэл 2 дахь хэсэгт заасан хариуцлага хүлээх эрх зүйн үр дагавар үүснэ. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг "Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно", мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 /Гэмт хэрэг гарсан байдал/, 1.2 /Гэмт хэргийг хэн үйлдсэн/, 1.3 /Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр/, 1.6 /Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл/ зэрэг нотолбол зохих байдлуудыг тогтоолгүй шийдвэрлэсэн байна. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч А.Дгийн өгсөн мэдүүлгийг тодруулах зорилгоор хэд хэдэн хүсэлт гаргасан боловч шүүхээс "Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгч А.Дгийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах бөгөөд Сүнжидмаа гэх хүнтэй холбоотойгоор шүүхээс ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй тул өмгөөлөгчийн хэргийг прокурорт буцаах саналыг хүлээн авах боломжгүй юм" гэсэн үндэслэлээр миний хүсэлтийг хүлээн аваагүй. Шүүхээс ийнхүү шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. У.Сүнжидмаатай холбогдох өөр хэргийг энэхүү хэрэгтэй шийдвэрлүүлэх бус харин тухайн өдөр хар тамхийг У.Сүнжидмаа А.Дд авчирсан үйлдлийг тодруулах зорилготой ба энэ хэрэгт чухал ач холбогдолтой байсан. Дээрх нөхцөл байдлуудаас харахад анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байгаа тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 856 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч А.Дгийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гомдолд дурдагдсан асуудлууд анхан шатны шүүх хуралдаан дээр яригдсан. Шүүгдэгч А.Д анхан шатны шүүх хуралдаан дээр “хар тамхийг би худалдаж аваагүй, У.Сүнжидмаа гэх эмэгтэй авчирч өгсөн” гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүх "Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгч А.Дгийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах бөгөөд Сүнжидмаа гэх хүнтэй холбоотойгоор шүүхээс ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах” гэх зорилт хангагдахгүй байна. Мансууруулах бодисыг авчирч, худалдсан хүнд ял завших боломжийг олгоод байна уу гэдгийг хэлмээр байна. Шүүгдэгч А.Д болон өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Прокурор Б.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 856 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Д, У.Сүнжидмаа нар адилхан мэдүүлэг өгсөн. Шүүгдэгч А.Д “хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү, би хар тамхины хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “У.Сүнжидмаа хар тамхийг авчирсан” гэж мэдүүлэг нь өөрчлөгдсөн. Шүүгдэгч А.Дгийн хар тамхи хадгалсан үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Өмгөөлөгч Б.Энх-Амгалан тайлбартаа хэргийг мөрдөн байцаалтад буцааж ямар ажиллагаа хийх талаар хэлсэнгүй. ...” гэв
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
А.Д 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чикаго” бааранд иргэн Б.Балжиннямтай маргалдаж, улмаар түүнийг хутгалж түүний эрүүл мэндэд нь баруун гуя, дагзны хуйх, зүүн бугалга, зүүн дал, хэвлийн шарх бүхий хөнгөн зэргийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Балжиннямын 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр өгсөн “...Банзрагч, Билгүүн, Энхсайхан нартай бүжгийн талбай дээр бүжиглэж байхдаа ар талд байсан нэг залуутай бага зэрэг шүргэлцсэн, ...уучлаарай гэж хэлэх гээд эргээд харсан чинь цаашаа харсан байхаар нь за за гээд эргээд нөгөө тийшээ хараад бүжиглэж байхад нөгөө шүргэлцсэн залуу хажуу талд хальт суух шиг болоод биед хүрсэн. Би тэр үед юу ч мэдээгүй бөгөөд намайг яачихав гээд гайхаад хүрсэн газар нь гараараа дарж үзэхэд баруун талын гуянаас цус гарч байсан. ...Банзрагчийн хамт нойлын өрөөнд ороод харахад баруун талын гуя руу хутгалчихсан байсан. ...Би тамхи татах санаатай баарны үүд рүү гарсан чинь намайг хутгалдаг халзан залуу нэг өндөр залуугийн хамт над руу дайрахаар нь өндөр залууг нь цохиод холдоход нөгөө хутгалсан залуу намайг дахин хутгаараа хутгалах гэж оролдоод толгойны ар дагз хэсэгт зүсчихсэн. ...эргээд харахад дахиад хутгаараа чичиж хутгалсан, тэгэхээр нь шууд зугтааж баар луу ороод суусан. ...” гэх мэдүүлэг /хх 133/,
гэрч Б.Банзрагчийн 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр өгсөн “...Балжиннямтай хамт нойл ороод өмдийг нь тайлаад харсан чинь баруун талын гуяндаа хутгалуулчихсан байхаар нь баарнаас гарч цагдаа дуудсан. ...Намайг баарны гадаа зогсож байхад Балжинням гарч ирээд, манай найзууд Балжиннямыг хутгалуулсан гэдгийг мэдээд нөгөө халзан залуутай ноцолдож, зодолдож эхэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 135-136/,
гэрч Ц.Мөнхбаярын 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр өгсөн “...Балжинням, Банзрагч бид гурав бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад Банзрагч, Балжинням хоёр 00-ийн өрөө рүү явахаар нь би хойноос нь орсон ба Банзрагч Балжиннямын өмдийг тайлаад харахад Балжиннямын баруун гуянаас цус гарч байсан. ...” гэх мэдүүлэг /хх 141/,
гэрч Н.Энхсайханы 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр өгсөн “...Араас нь 30 секундын дараа гарахад баарны гадаа үүдэнд нэг залуу хутга барьчихсан, Балжинням зөрөөд хаалгаар орсон. Намайг яасан бэ гэхэд Балжиннямыг хутгалчихлаа шүү дээ гэсэн чинь хутга бариад зогсч байсан залуу зугтаасан. ...” гэх мэдүүлэг /хх 143/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 8371 дугаартай “...Б.Балжиннямын биед баруун гуя, дагзны хуйх, зүүн бугалга, зүүн дал, хэвлийн шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан. ...” гэх дүгнэлт /хх 149/,
А.Дгийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Би бүжгийн талбайд эхлээд Балжиннямыг хутгаараа баруун ташаа орчим нь хальт хутгалсан. ...гадаа гарсан хойно дахиад хүзүү болон зүүн дал хавьд нь хэд хэдэн удаа хальт хатгасан. ...хутгаар тэр хүнийг дүрээгүй, ... тэр хүнд учирсан гэмтлийг би учруулсан нь үнэн. ...” гэх мэдүүлэг /хх 163-164/,
хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 123-126/, “нэг ширхэг хутга”-ыг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 129/ зэрэг нотлох баримтуудаар,
А.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “SKA” зочид буудлын өрөөнд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтад багтдаг метамфетамины агууламж бүхий 0.11 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан болох нь:
А.Дгийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр сэжигтнээр өгсөн “...Би өглөө буудлаасаа гараад зүс таних нэрийг нь мэдэхгүй хүнтэй уулзаж, 0.2 грамм жинтэй мөс гэх мансууруулах бодис авч буудалдаа эргэж орсон. ...Сүнжидмаа надтай уулзаж мөнгө авахаар ирэхээр нь би өөрт байсан мөс гэх бодисоо гаргаж ирээд хамт хэрэглэж байгаад цагдаад баригдсан, буудлын өрөөний ширээн дээр байсан гялгар ууттай мөс нь миний хүнээс авсан мөс байгаа юм. ...Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх 48/,
А.Дгийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Би буудлын өрөөнд мөс гэх нэршилтэй хар тамхи, мансууруулах бодисыг хадгалсан, хэрэглэсэн нь үнэн. ...” гэх мэдүүлэг /хх 53-54/,
гэрч Д.Шийрэвдоржийн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдөр өгсөн “...2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 13 цагт би ресепшн Цолмонгэрэлээс ээлжээ хүлээн авч, хэдэн өрөө хүнтэй байгаа талаар мэдээллийг авахад 813 тоот өрөөнд Д гэх эрэгтэй ганцаараа, өмнөх өдөр нь буюу 2018 оны 9 дүгээр сарын 23-ны орой 20 цаг 15 минутын үед орсон байсан ба намайг ээлжээ хүлээн авах үед дахин нэг хоногоор сунгасан байсан. ...Ээлжээ аваад ажиллаж байх үед 15-16 цагийн үед 813 тоот өрөөнд орсон гэх эрэгтэй ганцаараа өрөөнөөсөө гарч явсан, өрөөнд нь гаднаас хүн байгаагүй гэж бодож байна. Ингээд удалгүй цагдаад хамт баригдсан эмэгтэйгээ дагуулаад буудлынхаа өрөөнд орсон. ...Орой 21-22 цагийн үед гаднаас энгийн хувцастай цагдаа нар орж ирэх үед 813 тоот өрөөнд байсан эмэгтэй гадуур хувцасгүй гарч үүдэнд тухайн цагдаа нартай таарч, түүний байрлаж байгаа өрөөг асууж хамт орсон, ...цагдаагийн байгууллагаас тухайн өрөөнд хэргийн газрын үзлэг хийж, манай үйлчлэгч Байгалмаа эгч бид хоёрыг хөндлөнгийн гэрчээр оролцуулж, эд зүйл хураан авсан. ...” гэх мэдүүлэг /хх 30/,
хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 15-16/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 9991 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 15 см-ийн урттай хуванцар гуурс, дотроо цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон амыг нь тайрсан тарианы шил мэт зүйл, 18 гэж дугаарласан цагаан өнгийн мөс мэт зүйлд метамфетамин илэрсэн. Метамфетамин нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. ...” гэх дүгнэлт /хх 35/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9995 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “Д 2018.09.25” гэж хаягласан шээс, “2018.09.24 23 Ууганбаярын Сүнжидмаа /УШ92042501/” гэж хаягласан шээс бүрт метамфетамин илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно. ...” гэх дүгнэлт /хх 39/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 5-10/, Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөө бодис болох нь тогтоогдсон 1.7*3 см-ийн хэмжээтэй, 15 см-ийн урттай хуванцар гуурс, дотроо цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон амыг нь тайрсан тарианы шил зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 25/ болон бусад нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн Арваннэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийн шинжийг тогтоон хуульчилсан бөгөөд шүүгдэгч А.Дгийн 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Б.Балжиннямтай маргалдаж улмаар түүнийг хутгалж эрүүл мэндэд нь баруун гуя, дагзны хуйх, зүүн бугалга, зүүн дал, хэвлийн шарх бүхий хөнгөн хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Эрүүгийн хуулийн Хорьдугаар бүлэгт “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг”-ийн шинжийг тогтоон хуульчилсан бөгөөд шүүгдэгч А.Дгийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтад багтдаг метамфетамины агууламж бүхий 0.11 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэргийн шинжтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
А.Дд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Д болон түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нар “...Хар тамхи хадгалсан гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Зочид буудлын өрөөнд У.Сүнжидмаа хар тамхи, гуурс, соруул зэргийг авчирсан, түүнийг энэ хэрэгт холбогдуулж шалгаагүй...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.
Шүүгдэгч А.Д нь миний байсан зочид буудлын өрөөнд У.Сүнжидмаа хар тамхи авчирч бид хоёр хамт хэрэглэсэн, хууль зөрчиж надаас өмгөөлөгчгүй байцаалт авсан гэж мэтгэлцэж байгаа ч түүний 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр сэжигтнээр өгсөн “...Би хуульд заасан сэжигтний эрх үүрэгтэйгээ танилцлаа. Одоо өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй. ...” гэх мэдүүлэг, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Би буудлын өрөөндөө мөс гэх нэршилтэй хар тамхи, мансууруулах бодисыг хадгалсан, хэрэглэсэн нь үнэн. ...” гэх мэдүүлэг, түүний байрлаж байсан Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “SKA” зочид буудлын 813 тоот өрөөнд үзлэг хийж, Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөө бодис болох нь тогтоогдсон 1.7*3 см-ийн хэмжээтэй, 15 см-ийн урттай хуванцар гуурс, дотроо цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон амыг нь тайрсан тарианы шил зэргийг хурааж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Шинжилгээнд ирүүлсэн “Д 2018.09.25” гэж хаягласан шээсэнд метамфетамин илэрч байна” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9995 дугаартай дүгнэлт зэргээр гомдлын үндэслэл няцаагдаж байх ба дээрх нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд анхан шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Д болон түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 856 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Д болон түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН