Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 86

 

2016.08.15 ДУГААР-86
                                                         

 


         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:  156/2016/0098/Э                    
    Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга: Б.Алтансувд
Улсын яллагч: Я.Сансар 
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Оюунцэцэг,
       Шүүгдэгч: Б.Эрдэнэхуяг нарыг оролцуулан 

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр  зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б.Эрдэнэхуягт холбогдох 201623000190 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв. 
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1978 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Айргийн энгэр гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй Боржигон овогт Бямбабаатарын Эрдэнэхуяг /РД: СЗ78032716/

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурьдсанаар/
 Шүүгдэгч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт Айргийн 14-04 тоотод оршин суух Б.Эрдэнэхуяг нь хувийн таарамжгүй харьцаанаас иргэн А.Ууганбаяртай маргалдаж баруун нүдэн тус газар нь цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Эрдэнэхуяг нь хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн А.Ууганбаяртай маргалдаж баруун нүдэн тус газар нь цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:
Хохирогч А.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 06 дугаар сарын 13-ны шөнө 20 цаг өнгөрч байх үед манай сумын Эрдэнэхуяг гэж жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй залуутай хамт би Баатарсайхан гэх хүний гэрт очсон. Тэндээс Баатарсайханг аваад Эрдэнэхуяг гэх айлд очиж 2 шил ерөөл нэртэй 0.75 гр цагаан архи уусан. Тэгж байгаад Эрдэнэхуяг гэх хүн намайг чи хөдөө гэрээс ирэхдээ намайг авч яваагүй хаяад хүлээхгүй явсан гээд тэрнээс болоод бид хоёр хэрэлдэж маргаж тэр үед 00 цаг өнгөрч байсан. Эрдэнэхуяг намайг гэрээс гаръя гээд авч гарсан. Гадаа гараад “намайг машиндаа суулгаж ирээгүй” гээд байсан. Тэгж маргалдаж байгаад буцаж гэрт ороход намайг Эрдэнэхуяг гараараа зүүн талын нүдэн тус газар 2 удаа цохиж миний нүдийг хавантай болгож мөн толгойн арлуу нэг удаа цохисон. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-20хуу/
Гэрч Н.Баатарсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 06 дугаар сарын 13-ны орой би 18 цагийн үед А.Ууганбаяртай Баяраа гэх хүний дэлгүүрийн гадаа таарсан. Тэр үед Ууганбаяр архи уусан байсан. Тэндээс би Ууганбаярын машиныг жолоодож Сод-2 гэх дэлгүүр орж тэндээс Ууганбаяр 0.5 гр ерөөл нэртэй цагаан архи авсан. Тэгээд зүүн хороололд манай ах Мөнхсайхан гэх хүний гэрт очсон. Манай ахын гэрт тэгэхэд Мөнхсайхан ах Эрдэнэхуяг нар байсан. Тэр хоёр тэнд бас архи уусан байсан. Тэгээд Ууганбаяр авч очсон цагаан архи гаргаад тэр архийг Мөнхсайхан, Эрдэнэхуяг, Ууганбаяр нар уусан. Би архи уугаагүй. Тэгж байтал Ууганбаяр Эрдэнэхуяг хоёр маргалдаж эхэлсэн. Эрдэнэхуяг нь Ууганбаярыг чи хөдөөнөөс ирэхдээ намайг машиндаа суулгаагүй хаяж ирсэн гэж байсан. Тэгээд маргаж байгаад гадаа гарч зодолдон гээд гэрээс гарсан. Тэгээд удаагүй орж ирэхэд Ууганбаярын баруун талын нүд их том хөхөрч хавдаж хөмсөгнөөс нь цус гараад тогтохгүй байсан. Тэгээд Эрдэнэхуягийн гэрт очсон. Тэнд хөвөн байгаа гэж байсан. Тэгээд тэнд би хамт очоод Ууганбаярын нүдийг боосон. Тэгэхэд цус нь тогтохгүй байхаар нь би дагуулаад сумын эрүүл мэндийн төвд очсон. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27хуу/
Шүүгдэгч Б.Эрдэнэхуягийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Ууганбаяр нь чи намайг цохилдоо гээд байхаар нь би Ууганбаярыг гараараа цохисон. ...” гэсэн мэдүүлэг.
Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн шинжээчийн:
“А.Ууганбаярын биед баруун нүдний дээр зовхины язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь баруун нүдний дээд зовхинд үүссэн байна.
Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Эрдэнэхуягийн хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн А.Ууганбаяртай маргалдаж баруун нүдэн тус газар нь цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
       Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.
Энэ гэмт хэргийн улмаас бусдын биед хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
 Шүүгдэгч Б.Эрдэнэхуяг нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн зэрэг түүний хувийн байдлыг нь харгалзан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон      

ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Бямбабаатарын Эрдэнэхуягийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэхуягт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй  болохыг дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
5. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Эрдэнэхуягт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.ГАНЗОРИГ