Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2019/0665

 

2019 оны 10 сарын 09 өдөр Дугаар 128/ШШ2019/0665 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч:  Э-Ө ХХК

 Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.А, Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Ж.Э нар

Гомдлын шаардлага: Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Нийгмийн хамгаалал Хяналтын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн Шийтгэлийн хуудас 0066476 дугаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай, Шийтгэлийн 0066477 дугаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярмаа, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ю.С, хариуцагч Ж.Э, Г.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гомдол гаргагч э.ө ХХК-ийн захирал Т.Х шүүхэд гаргасан гомдолдоо:  Э-Ө ХХКнь 2008 онд Эрчим хүч, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Компани байгуулж үйл ажиллагаа явуулж ирсэн цагаас эхлэн Сүхбаатар дүүргийн татвар, нийгмийн даатгалтай харьцдаг.

 

Манай байгууллага нь татвар болон нийгмийн даатгалд ямар нэгэн асуудал гаргалгүйгээр өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Гэтэл манай ажилчин байсан Цэрэндулам овогтой Хуягбаатар гэгч тус дүүргийн мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргаснаар СБД-ийн МХХ-ийн Нийгмийн хамгаалал Хяналтын улсын байцаагч Ж.Э, Г.А нар нь 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдөр манай компани дээр ирж Шийтгэлийн хуудас бичиж орхисныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

1. Шийтгэлийн хуудас дугаар 0066476 зөрчилд шийтгэл оногдуулах тухай... Э-Ө ХХКийг олгосон цалин хөлснөөс НДШ шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр тайлагнаагүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шимтгэл ногдох орлого нуусан гэсэн үндэслэлээр 3000 нэгжээр буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгосныг дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

а/ Ц.Хуягбаатар нь манай компанид 2014 оны 06 дугаар сарын 01-ны өдрийн 38/2014 дугаар захирлын тушаалаар засварчнаар ажилд орсон.

 

Энэ хугацаанд байгууллагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлэхдээ муу ажлын туршлаг байхгүй зэрэг олон асуудал байсан ч бид түүнийг нийгэмшүүлэе нэг ч гэсэн хүнийг ажил амьдралтай болгоё гэж бодон ажиллуулж байсан бөгөөд ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ажил тасалсан үндэслэлээр 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19/2017 дугаар захиралын тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тиймээс Ц.Хуягбаатар нь манай компанийн ажилчин биш түүний цалин хөлснөөс нийгмийн даатгалын суутгалыг тухайн цаг хугацаанд нь суутгал хийж тайлан мэдээг цаг хугацаанд нь гаргаж өгсөн /2014 оны 06 дугаар сараас 2017 оны 12 сар дуустал тайланг хавсаргав/

 

б/ Ц.Хуягбаатарт 2018 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэл ямар нэгэн цалин хөлсний маргаан байхгүй. Манай компанид ажлаагүй учир цалин болон ямар нэгэн шимтгэл суутгал хийгдээгүй болно.

 

2. Шийтгэлийн хуудас дугаар 00664477 зөрчилд шийтгэл оногдуулах тухай... Э-Ө ХХКнь иргэн Хуягбаатарын гаргасан өргөдөл гомдлын дагуу цалин хөлс цаг хугацаанд нь олгоогүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар цалин хөлс хугацаанд нь олгоогүй гэсэн үндэслэлээр 5000 нэгжээр буюу 5.000.000/таван сая/ төгрөгөөр торгосныг дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

а/ Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь иргэний гомдлыг шалгахдаа байгууллагын санхүүгийн баримтыг дутуу үнэлж хийсвэр дүгнэлт гаргасан. Ялангуяа Ц.Хуягбаатар нь тус компанид хэдээс хэдэн он хүртэл ажилласан. Хэдэн оны цалин хөлс олгогдоогүй болохыг судлан шалгаагүй, тогтоогоогүй.

 

б/ Ц.Хуягбаатар нь 2017 оны цалингийн үлдэгдэлтэй байсан бөгөөд түүнийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлаас халахдаа түүний ажиллаж байх үеийн цалингийн үлдэгдлийн тооцоог хийж уг тооцооны дагуу компаниас олгох ёстой мөнгийг олгож байсан бөгөөд улсын байцаагч ирсэн буюу 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр үлдэгдэл тооцоо болох 1.437.582 төгрөгийг бүрэн төлж дуусгасан.

 

3. Хуягбаатар цалингаа цаг хугацаандаа аваагүй байсан боловч энэ нь 2017 оны зөрчлийн хуулиар зөрчил шалган шийдвэрлэх хугацаа өнгөрсөн байна гэж үзэж байна.

 

4. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйл Хөөн хэлэлцэх хугацаа. 1.Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй.

 

5. Тус хуулийн 1.2-д энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил гэж заасан байх.

 

6. Мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид зөвхөн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар заасан бол торгох шийтгэлийн хэмжээг арав дахин багасгаж энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин багасгаж энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээтэй дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно гэж заасан байх тул улсын байцаагчийн зөрчил гэж үзээд байгаа зүйл маань 2017 оны 12 дугаар сарын 28-наас эхэлсэн гэж үзвэл 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс зөрчил үйлдсэн нэг жилийн хугацаа буюу хөөн хэлэлцэх хуулийн хугацаа дууссан байна гэж үзэж байна.

 

Иймд дээрх нөхцөл байдлыг хянан үзэж 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн Шийтгэлийн хуудас 0066476 дугаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай, Шийтгэлийн хуудас 0066477 дугаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Ж.Э, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.А нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

 

1. Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст иргэн Ц.Ганхуягбаатараас ирүүлсэн ажилласан хугацааны цалин хөлс олгоогүй, нийгмийн даатгалын дэвтэр бөглөн баталгаажуулаагүй тул шийдвэрлэж өгнө үү гэсэн өргөдлийн дагуу тус дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж буй –ЭӨ ХХК-д Монгол улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актууд, дүрэм, журам, стандартын холбогдох заалтын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, холбогдох арга хэмжээ авч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, зохих шаардлагыг хангуулахад чиглэгдсэн шалгалтыг 2019 оны 03 дугаар сарын 06-нд хийж гүйцэтгэсэн.

 

Иргэн Ц.Х нь 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Захирал Б. Т.Х нарын удирддаг В ХХК-д том оврын авто машины жолоочоор ажилд орсон бөгөөд тухайн аж ахуйн нэгж дампуурсан гээд 2014 оны 06 дугаар сарын 01 ний өдрөөс  Э-Ө ХХКдээр 2014/38 тоот тушаалаар Засварчин албан тушаалд ба нийгмийн даатгалын дэвтэрт том оврын машины жолооч гэсэн тушаалаар 2014 оны 06 сараас эхлэн дэвтрийг баталгаажуулж эхэлсэн байна.

 

Иргэн Ц.Хуягбаатарыг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19/2017 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн гэх боловч энэ талаар иргэн Ц.Хуягбаатар нь мэдээгүй бөгөөд тухайн ажил үүргээ 2018 лны 10 сар хүртэл гүйцэтгэсэн байна. Шалгалтын явцад гомдолд дурьдсан ажилласан хугацааны цалин хөлсийг цаг хугацаандаа олгоогүй асуудал нь Э ХХК-ийн нягтлан бодогч Д.Б-ийн цалингийн үлдэгдлийн хүснэгт болон гүйцэтгэх захирал Б.Б-ын өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

 

Мөн  Э-Ө ХХКнь 2017 оны 12 дугаар сарын 28-ний өдрөөр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан боловч 2018 оны 6, 7 сарын нийгмийн даатгалын дэвтрийг бөглөн баталгаажуулсан нь ажилтан ажлаа хийж байсан гэдгийг нотолж байна.

 

Иргэн Ц.Хуягбаатарт 2018 оны 01 дүгээр сарын 31-нд 40,000 төгрөг, 02.02-нд 1,000,000 төгрөг, 03.08-нд 279,000 төгрөг, 04.11-нд 300,000 төгрөг, 05.31-нд 200,000 төгрөг 07.08-нд 1,200,000 төгрөг, 09.03-нд 1,000,000 төгрөг буюу нийт 1, 2, 3, 4, 5, 7, 9 саруудад 4019,000 төгрөгийн цалин олгосон нь Э ХХК-ны нягтлан бодогч Д.Б-ийн гаргасан цалингийн хүснэгт болон Ц.Х-ын дансны хуулга зэрэг баримтаар нотлогдож байна.

 

Гэтэл Э Ө ХХК-ын 2018 оны Нийгмийн даатгалын тайлан болон иргэн Ц.Ху-ын нийгмийн даатгалын лавлагаагаар зөвхөн 6 дугаар сард 240,000 төгрөгөөр 7 дугаар сард 236,842 төгрөгөөр тайлагнасан байна. Хяналт шалгалтын явцад  Э-Ө ХХКнь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар нийгмийн даатгалын байгууллагад 23,352,899 төгрөгийн шимтгэлийн өртэй байсан нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1244 тоот албан бичгээр баталгаажсан болно.

Хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо Зөрчлийн тухай хуулийн 1.5 зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн, 1.5 зүйлийн 3 дахь хэсэгт Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно зэргийг үндэслэсэн.

 

2. Иймд Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дах хэсэгт заасан ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалтийг зөрчсөн, мөн хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дах заалт буюу нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээдийн удирдах гүйцэтгэх албан тушаалтан нийгмийн даатгалын шитгэл ногдох орлого нуусан, эсхүл худал мэдүүлсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас эцэслэн тогтоосон төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгуулийг төлөхөөс зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэх заалтын дагуу тус тус шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр гомдол гаргагч Э ХХК-иас Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.А, Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Ж.Э нарт холбогдуулж гаргасан улсын байцаагч Ж.Э, Г.А нарын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0066476, 0066477 дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нийгмийн хяналтын улсын байцаагч Ж.Э 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0066476 дугаар шийтгэлийн хуудсаар  Э-Ө ХХКнь /РД 5207886/-д гаргасан гомдол гаргагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нийгмийн даатгалын санд төлөөгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгийн шийтгэл ногдуулж, улсын байцаагч Г.Аын 0066477 дугаартай шийтгэлийн хуудсаар ажилчдын цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.3 дах хэсэгт зааснаар хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 5.000.000 /таван сая/ төгрөгийн шийтгэл тус тус ногдуулж шийдвэрлэсэн байна.

 

Харин гомдол гаргагчаас улсын байцаагч ЭӨ ХХК-ийн нийгмийн даатгалын төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 0066476 дугаар шийтгэлийн хуудсаар 3000 нэгжээр буюу /гурван сая/ төгрөгөөр торгосныг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Х нь манай компанид 2014 оны 06 дугаар сарын 01-ны өдрийн 38/2014 дугаар захирлын тушаалаар засварчнаар ажилд орсон.

 

Энэ хугацаанд байгууллагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлэхдээ муу, ажлын туршлага байхгүй зэрэг олон асуудал гаргадаг байсан боловч бид түүнийг нийгэмшүүлье нэг ч гэсэн хүнийг ажил амьдралтай болгоё гэж бодон ажиллуулж байсан бөгөөд ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн, ажил тасалсан үндэслэлээр 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19/2017 дугаар захирлын тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тиймээс Ц.Хуягбаатар нь манай компанийн ажилчин биш бөгөөд түүний цалин хөлснөөс нийгмийн даатгалын суутгалыг тухайн цаг хугацаанд нь суутгал хийж тайлан мэдээг цаг хугацаанд нь гаргаж өгсөн.

 

0066477 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Ц.Хуягбаатарт цалин хөлсийг нь цаг хугацаанд нь олгоогүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар цалин хөлс хугацаанд нь олгоогүй гэсэн үндэслэлээр 5000 нэгжээр буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь иргэний гомдлыг шалгахдаа Ц.Хуягбаатар нь тус компанид хэдээс хэдэн он хүртэл ажилласан. Хэдэн оны цалин хөлс олгогдоогүй болохыг шалгаагүй, Ц.Хуягбаатар нь 2017 оны цалингийн үлдэгдэлтэй байсан бөгөөд түүнийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлаас халахдаа түүний ажиллаж байх үеийн цалингийн үлдэгдлийн тооцоог хийж уг тооцооны дагуу компаниас олгох ёстой мөнгийг олгосон. 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр үлдэгдэл тооцоо болох 1.437.582 төгрөгийг бүрэн төлж дуусгасан.

 

Ц.Хуягбаатар цалингаа цаг хугацаандаа аваагүй байсан боловч энэ нь 2017 оны Зөрчлийн тухай хуулиар зөрчил шалган шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж үзэж байна.

 

Өөрөөр хэлбэл зөрчил гээд үзээд байгаа зүйл маань 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлсэн гэж үзвэл 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс зөрчил үйлдсэн нэг жилийн хугацаа буюу хөөн хэлэлцэх хуулийн хугацаа дууссан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Дараах

 

 

 

хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна...Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цалин хөлс, мөн хуулийн 55, 56, 57, 59, 64, 66, 69 дүгээр зүйлд заасан олговороос.... нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахаар заасан байна.

 

Гэтэл гомдол гаргагч  Э-Ө ХХКнь дээрх хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаагүй болох нь дараах байдлаар нотлогдож байна. Үүнд:

 

1. Иргэн Ц.Х нь 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн захирал Б.Б, Т.Хнарын удирддаг Виваланд ХХК-д том оврын авто машины жолоочоор ажилд орсон бөгөөд тухайн аж ахуйн нэгж дампуурсан гээд 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс  Э-Ө ХХКдээр 2014/38 тоот тушаалаар засварчин албан тушаалд 1.000.000 төгрөгийн үндсэн цалинтай ажиллуулахаар захирал Т.Х-ны тушаал гарч Ц.Х-ын нийгмийн даатгалын дэвтэрт том оврын машины жолооч гэсэн тушаалаар 2014 оны 06 дугаар сараас эхлэн дэвтэрийг баталгаажуулж эхэлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

2. Мөн Ц.Х-ыг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19/2017 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн гэх боловч Ц.Х нь 2018 оны 6, 7 дугаар сарын нийгмийн даатгалын дэвтрийг бөглөн баталгаажуулсан баримтаас үзвэл ажилтан ажлаа хийж байсан гэж үзэхээр байх бөгөөд тухайн ажил үүргээ 2018 оны 10 дугаар сар хүртэл гүйцэтгэсэн болох нь манай байгууллагаас хийсэн шалгалтаар илэрч тогтоогдсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Тухайлбал: Ц.Х-т 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 40,000 төгрөг, 02 дугаар сарын 02-нын өдөр 1.000.000 төгрөг, 03 сарын 08-ны өдөр 279,000 төгрөг, 04 сарын 11-ний өдөр 300,000 төгрөг, 05 сарын 31-ний өдөр 200,000 төгрөг, 07 сарын 08-ны өдөр 1,200.000 төгрөг, 09 дүгээр сарын 03-ны өдөр 1,000.000 төгрөг нийт 7 сарын 4,019,000 төгрөгийн цалин олгосон нь Э-Ө ХХК-ийн нягтлан бодогч Д.Б-гийн гаргасан цалингийн хүснэгт болон бусад баримтаар нотлогдож байх бөгөөд Э ХХК-ийн 2018 оны Нийгмийн даатгалын тайлан болон иргэн Ц.Ху-ын нийгмийн даатгалын лавлагаагаар зөвхөн 6 дугаар сард 240,000 төгрөгөөр, 7 дугаар сард 236,842 төгрөгөөр тайлагнасан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Түүнчлэн  Э-Ө ХХКнь ажилчдын цалинг хугацаандаа төлж байгаагүй болох нь Ц.Х-ын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19/2017 дугаар захирамжаар захирлын тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн учраас манай ажилтан биш Ц.Х  нь 2017 оны цалингийн үлдэгдэлтэй байсан бөгөөд түүнийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлаас халахдаа түүний ажиллаж байх үеийн тооцоог хийж 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 1.437.582 төгрөгийг бүрэн төлж дуусгасан, манай компани цаг тухайд нь цалингаа өгч чадаагүй байсан учраас сар бүр цалингийн өглөг үүссэн байсан... гэх тайлбараар нотлогдож байна.

Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2-т Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлого нуусан, эсхүл худал мэдүүлсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас эцэслэн тогтоосон төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгуулийг төлөхөөс зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, мөн хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2д ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй эсхүл саатуулсан, 9.3-т ажилтны буруугүйгээс үүссэн сул зогсолтын олговрыг олгоогүй, эсхүл түүнийг хуулиар тогтоосон хэмжээнээс доогуур тогтоож олгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг зөрчсөн гэж үзэж Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 0066476, 0066477 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус ногдуулсан нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Мөн гомдол гаргагч  Э-Ө ХХКнь 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Нийгмийн даатгалын байгууллагад 23,352,899 төгрөгийн шимтгэлийн өртэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн, мөн зүйлийн 3 дахь хэсэгт Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна гэж шүүх үзсэн болно.

Иймд гомдол гаргагч э.ө ХХК-ны 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн Шийтгэлийн хуудас 0066476, 0066477 дугаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай албан тушаалтны шийтгэлийг хүчингүй болгуулахыг хүссэн гомдол гаргагчийн шаардлагыг хүлээн авч шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 10.16 дугаар зүйлийн 9.2, 9.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч  Э.Ө ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Нийгмийн хамгаалал Хяналтын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн Шийтгэлийн хуудас 0066476 дугаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай, Шийтгэлийн 0066477 дугаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 О.ОЮУНГЭРЭЛ